Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2024/00006

 

 

С.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133/ШШ2024/00054 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............. сумын ... дүгээр баг, .............. ... - ... тоотод оршин суух, Ж овогтой С.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Э.О, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С овогтой Б миний бие 2001 оны 11 дүгээр сарын ... -ны өдөр анх Ардын дуу бүжгийн “А” чуулгад дагалдан дуучнаар орж, мөн 2011 онд уртын дуучин мэргэжлээр төгсөж тус байгууллагад найрал дуу, дуучны мэргэжлээр ажиллаж амьдарч ирсэн. Энэ хугацаанд буюу өнөөдрийн байдлаар Э.О даргаас 4 удаа халагдах тушаалыг хүлээн авч байна. Тухайн өдөр би архи уугаагүй байсан. 1 дүгээр ангийн хүүхдийнхээ хичээлийг хийлгээд сууж байхад н.Ц дарга орж ирээд чи ингэж хүүхдэд хичээл заамааргүй байна, би насаараа хүүхдэд хичээл заасан, ингэж хичээл заахгүй гэж уурлахаар нь би бухимдаж Ц даргатай маргалдсан. Түүнээс Э.О даргатай маргалдаагүй, архи уугаагүй. Э.О дарга архи уусан гэх шалтгаанаар намайг ажлаас халсан, тухайн өдөр би ямар нэгэн байдлаар архи уугаагүй. Гэтэл ажил олгогч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг дахин давтан гаргасан, цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл оруулан харилцааны ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж ажлын хариуцлага алдсан гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Иймд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, найрал дуу, дуучны ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсны хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: С.Б нь 4 удаа халагдсан гэж байна. 2 удаа халагдсан болов уу? 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа хийж байхад ангийн багшаас зурвас ирсэн. Зурвасыг нотлох баримтаар хэвлэж өгсөн. С.Б-ыг хамт олон Б гэж дууддаг. Зурвасаар Б согтуу ирсэн байна. Та ороод ирээч гэж хэлсэн. Зурвасын дагуу найрал дууны ангид очсон. Намайг ороход С.Б хэл ам нь ээдэрсэн, өндөр дуутай, илт согтуу байдалтай байсан. Намайг ороход С.Б сууж байсан, н.Ц дарга гараад явсан байсан. Та согтуу байна явж амар гэсэн шаардлагыг тавьсан. Тухайн үед хүүхдээ дагуулаад явж байсан. Би ангиас нь дагуулж гаргаад явж амар гэхэд би эрүүл байна яахаараа явдаг юм гэж хэлсэн. Шатан дээр надтай маргалдсан. Би 2 давхраас 1 давхар руу буулгахад нохойн гөлөг гэж хэлээд бууж явсан. Нохойн гөлөг гэсэн яриа жижүүрийн камерт бичигдсэн байгаа. Жижүүрийн камер дуу дүрстэй нь бичдэг. Үүдэнд байдаг камер зөвхөн дүрс бичдэг. Тийм учраас нохойн гөлөг гэсэн яриаг бичиж баталгаажуулсан байгаа. Согтуу байсан гэдгийг ангийн багш болон жижүүр, би өөрөө батална. Мөн жижүүрийн дэвтэрт бичигдсэн байгаа. Ер нь байгууллагын дарга, байгууллагын уран сайхны зөвлөл эрүүл байхад нь ажлаас нь чөлөөлсөн гэсэн ойлголттой байгаад байна гэдэг харамсалтай байна. Миний тухайд бүр ч байхгүй. Ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа хүнийг Хөдөлмөрийн хууль болон дотоод журмыг буруу ашиглаад өөрөө буруу шийдвэр гаргаж байна гэсэн ойлголттой байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би 10 жил “А” чуулгын даргын ажлыг хийж байна. Ер нь байнгын архины асуудал яригддаг. 2020 оноос хойш 7 удаа сахилгын шийтгэл оногдуулсан 8 дахь удаад нь ажлаас нь чөлөөлсөн байгаа. Урьд 4 удаагийн амлалтыг бичиж өгч байсан. Амлалтаа биелүүлэхгүй бол ажлаасаа шууд чөлөөлөгдөнө гэж бичсэнийг хэрэгт хавсаргасан байгаа. Уран сайхны зөвлөлийн 100 хувийн саналаар 13-ны хурал дээр ярилцаж, санал нийлж ажлаас чөлөөлсөн. 2023 оны 10 дугаар сарын 03-ны бичлэг CD-д байгаа. Үүнд жижүүртэй түлхэлцээд согтуу гарсан бичлэг байгаа. Жижүүр дэвтэр дээр тэмдэглээд маргааш нь надад танилцуулж байсан. Би мэдэж байсан ч зүгээр өнгөрөөсөн. Мөн сарын дараа энэ асуудал гарсан учраас би ажлаас чөлөөлсөн. 10 дугаар сарын 03-ны асуудлыг яагаад зүгээр өнгөрөөсөн гэхээр энэ хүний бүх сахилгын шийтгэл нь тулчихсан. Сануулсан, цалингийн хувь авсан, дагалдан дуучин болсон. Дараагийн арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх л байсан. Эхний асуудал нь яригдаж дуусаагүй байхад 11 дүгээр сарын 09-нд дахин дээрх үйлдлийг гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж овогтой С.Б-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын дуучны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,002,116 (дөрвөн сая хоёр мянга нэг зуун арван зургаа) төгрөгийг гаргуулан Ж овогтой С.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч С.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад даалгаж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 4,002,116 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 78,984 төгрөг, нийт 149,184 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Өмгөөлөгч Ж.М миний бие Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын даргын хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалахаар “Хууль зүйн туслалцааны гэрээ” байгуулан өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133/ШШ2024/00054 дугаар шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьж хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч С.Б нь Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж ажлын цагаар ажлын байр нь дээр архи согтууруулах ундаа хэрэглэн удаа дараа зөрчил гаргаж байсан нь өөрийнх нь бичиж өгч байсан амлалтууд болон хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн жижүүрийн дэвтэр, хурлын тэмдэглэл, шүүх хуралдаан дээр оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр бүрэн дүүрэн нотлогдож байхад шүүхээс хэтэрхий нэг талд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч байна. С.Б нь удаа дараа ажлын байр нь дээр архи ууж, бусадтай зүй бус үг хэллэгээр бусдыг доромжилдог, ажил таслаад явдаг энэ байдлыг нь хамт олноороо ярилцаад С.Б нь өөрөө эрүүл болж ирээд хамт олноосоо уучлалт гуйгаад маш олон удаа зүгээр өнгөрөөж байсан.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133/ШШ2024/00054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн төлөөлөгч Э.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

9. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М нь “...Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133/ШШ2024/00054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

10. Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын дуучны ажилд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эгүүлэн томилогдож, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгаас нөхөн төлөх, нэхэмжлэгч С.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн татгалзахаар эвлэрэн хэлэлцэхээр тохирчээ.

 

11. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133/ШШ2024/00054 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С.Б нэхэмжлэлтэй, тус аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид “нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын дуучны ажилд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эгүүлэн томилогдож, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгаас нөхөн төлөх, нэхэмжлэгч С.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн татгалзахаар” эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 17,550 төгрөг, хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгаас 17,550 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

                         ШҮҮГЧИД                          Ш.Б

                                                                          Ц.О