Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2024/00007

 

 

                          “......................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2024/00062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “......................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбогдох,

Гэм хорын хохиролд 9,819,895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,819,895 (есөн сая найман зуун арван есөн мянга найман зуун ерөн таван) төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Авто Тээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20060621313 дугаартай Тээврийн хэрэгслийн Төгс даатгалын гэрээгээр “.............” ХХК-д даатгуулсан, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж явсан Монгол Улсын шадар сайд Ц.Э-ийн ажлын хэсгийн цуваанд явсан ... ... УНУ улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркийн тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч ахлагч Д.Н нь ...... дугаар ангийн улсын дугааргүй өөрөө ачигч ковш машиныг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутагт жолоодон явах үедээ мөргөж зам тээврийн осол гаргасан.

Тус осолд буруутай жолооч Д.Н нь жолооны үнэмлэхгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан ба осол болох ойр орчимд нь замын тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Тэрээр урдаа байсан дохиочны дохиог хараагүй бөгөөд ард нь байсан тээврийн хэрэгслийн удаа дараа өгсөн дуут дохиог сонсоогүй ухрах үйлдэл хийж даатгалын зүйлд хохирол учруулсан.

Нэхэмжлэгч нь даатгуулагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу 9,819,895 төгрөгийг даатгуулагчид олгож учирсан дээрх хохирлыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар буруутай этгээд буюу хариуцагчаас шаардах эрх үүссэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч, ахлагч Д.Н-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч, даатгуулагчид учирсан хохирол 9,819,895 төгрөгийг даатгалын гэрээний дагуу барагдуулсан тул тус төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбар: Тус анги нь Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байсан. Тухайн үед ..... дугаар анги гэж түр анги байсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Монгол Улсын шадар сайд Ц.Э-ийн ажлын хэсгийн цуваа явж өнгөрсөн.

Түүний дараа буюу 16 цаг 30 минутын үед цуваанаасаа хоцроод явж байсан ...  ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 км тутамд 40 километр цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдгийг зөрчиж ажил үүргээ гүйцэтгэж байсан шанагат ачигчийн ард очиж зогссон байдаг. Тухайн үед тоосжилт их байсан учраас харагдах орчин маш муу байсан. Улмаар шанагат ачигч замын ажлыг гүйцэтгэж дуусаад хойшоо ухрахад тухайн тээврийн хэрэгсэл илтэд болгоомжгүй хандан хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс болж мөргүүлсэн.

Бүтээн байгуулалтын талбайд ажиллаж буй техник 50 метр дотор ажил үүргээ саадгүйгээр гүйцэтгэх эрхтэй гэж Хөдөлмөрийн аюулгүй байдлын журамд тусгасан байдаг. Мөн тээврийн хэрэгсэл нь техникийг бүрэн зогссоны дараа яван өнгөрөх үүрэгтэй. Харин цуваанаасаа хоцорч явж байсан тээврийн хэрэгсэл эдгээр дүрэм журмыг баримтлалгүй осол гаргасан. Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил явагдаж байх үед хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр өглөө бүр зөвлөгөө өгч, бүтээн байгуулалтын талбай дээр тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан байгаа. Хууль дүрмийнхээ дагуу бүх тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан. Мөн Д овогтой Н нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 09 дүгээр сард зохион байгуулсан мэргэшсэн операторын сургалтад хамрагдаж мэргэжлийн гэрчилгээ авсан. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар “тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг ойлгоно гэж заасан. Манайх зэвсэгт хүчний анги тул байлдааны дугаартай байдаг. Бүтээн байгуулалтын ажил хийж байх хугацаанд манай байлдааны дугаар машин дотроо байсан юм билээ. Мөн нэхэмжлэгч “......................” ХХК-тай ямар ч иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдгийг хэлмээр байна.

Тухайн үеийн цагдаагийн газрын тодорхойлолт нь ослын хар зураг байхгүй, ямар нэгэн хэмжилт хийлгүйгээр гарсан. Манай анги нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын ............ ХХК-тай байгуулсан 2006061213 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг манай байгууллага өгөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбогдох Гэм хорын хохиролд 9,819,895 (есөн сая найман зуун арван есөн мянга найман зуун ерөн таван) төгрөг гаргуулах тухай “......................” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,069 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “......................” ХХК-ий гүйцэтгэх захирал С.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа:

 

Нэхэмжлэгч “......................” ХХК, хариуцагч “Зэвсэгт хүчний ... дүгээр анги”-д холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, эрх бүхий албан тушаалтны гаргасан үндэслэл бүхий нотлох баримтуудыг нотлох баримт биш гэж үзсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангалгүй гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2024/00062 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т “Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Зэвсэгт хүчнии ... дүгээр ангийн жолооч Д.Н гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч Д.Н-н хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “......................” ХХК-д гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Т.У-ын 2020 оны 06 сарын 20-ны өдөр гаргасан тодорхойлолтуудыг үгүйсгэхгүй байх бөгөөд даатгуулагчид хохирол учирсныг шүүх тогтоосон ба нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-т “Нэхэмжлэгч тал нотлох баримтаар “Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Т.У-ын: “2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилтай танилцаж явсан шадар сайдын цуваанд явж байсан ... ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний ... -р ангийн Longgong /ковш/ маркийн механизм нь хөдөлгөөнд оролцож явах үед ухрах хөдөлгөөн хийж урд талаас мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь үнэн болно” гэх тодорхойлолтоор Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч Д.Н-г гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн осолтой холбогдуулан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын 2020 оны 06 сарын 20-ны өдөр гаргасан тодорхойлолт болон даатгуулагчийн өргөдөл зэргээр нотлогддог.

Мөн эрх бүхий албан тушаалтан өөрийн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд осолтой холбогдуулан тодорхойлолт гаргасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг.

Харин хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан эсэх, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч маргасан эсэх баримтуудаа гаргаж өгөөгүй юм.

 

Гурав. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-т “Нөгөө талаар зам тээврийн осол нь нийтийн эзэмшлийн зам талбайд замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас үйлдэгддэг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар тухайн үйл баримт болсон орчин нь нийтээр зорчих зориулалт бүхий зам түүний орчин биш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байсан бүс болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам тээвриин осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд тухайн осол хаана, ямар зам орчинд гарахаас үл хамааран тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн гарсан нь нотлогддог тул үндэслэлгүй байна. Мөн Зэвсэгт хүчний ... дугаар ангийн жолооч Д.Н нь тухайн ослыг гаргахдаа жолооны үнэмлэхгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан нь нотлогддог ба энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна” гэж заасны а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), в/ жолоочийн даатгалын баталгаатай байна гэж заасныг тус тус зөрчсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“......................” ХХК-ий нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

 Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын илтгэх хуудас нь Ц.Э-аас 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад гомдол мэдээлэл гаргасныг хүлээн авч, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулсан баримт бичиг байна.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Э-ын “Т-Рradо ... ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын засварын газарт засварлуулах шаардлагатай байна. Уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осол хэрэгт холбогдсон нь үнэн болно.” гэсэн албан бичиг нь ахлагч Д.Н-г зам тээврийн осолд гэм буруутай гэдгийг нотлохгүй байна.

Мөн ахлах дэслэгч А.Э-ын гаргасан албан бичиг, дэслэгч Т.У-ын илтгэх хуудсанд тус тус дурдагдсан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зам тээврийн осол гарсан газар нь бүгд зөрүүтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг болохгүй байна гэж үзэж байна. Мөн Д овогтой ахлагч Н нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулсан мэргэшсэн операторын сургалтанд хамрагдаж 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “АSIA EQUPMENT” ХХК-аас мэргэжлийн гэрчилгээ олгосон.

Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар “......................” ХХК-тай байгуулсан 20060621313 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. “Зэвсэгт хүчний ... дүгээр анги” болон “......................” ХХК-тай гэрээний болон эрх зүйн харилцаа үүсээгүй.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. “......................” ХХК нь Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 9,819,895 (есөн сая найман зуун арван есөн мянга найман зуун ерөн таван) төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3. Хариуцагч Зэвсэгт хүчний ... дүгээр анги нь гэм хорын хохиролд шаардаж буй 9,819,895 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж татгалзжээ.

 

4. “......................” ХХК болон Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хооронд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай, ... ... УНУ улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж даатгалын эрх зүйн харилцаа үүссэн болох нь Тээврийн хэрэгслийн Т даатгалын гэрээгээр тогтоогдож байна.

 

5. “......................” ХХК нь Зэвсэгт Хүчний ... дүгээр ангийн жолооч, ахлагч Д.Н-г 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Зэвсэгт хүчний замын ... дугаар түр анги буюу уг ангийн эрх, үүргийг шилжүүлэн авсан Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн улсын дугааргүй өөрөө ачигч ковш машиныг жолоодон явах үедээ Авто тээврийн үндэсний төвийн ... ... УНУ улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн “М” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 9,819,895 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Авто тээврийн үндэсний төвд шилжүүлсэн байна.

 

6. Улмаар “......................” ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу Авто тээврийн үндэсний төвийн зам тээврийн ослын улмаас өөрт учирсан эд хөрөнгийн гэм хорыг буруутай этгээдээр арилгуулахаар шаардах эрхийг шилжүүлэн авсан байна.

 

7. Зэвсэгт хүчний замын ... дугаар түр анги буюу уг ангийн эрх, үүргийг шилжүүлэн авсан Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч, ахлагч Д.Н нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутагт, тус ангийн эзэмшлийн улсын дугааргүй өөрөө ачигч ковш машиныг жолоодон ухрах үйлдэл хийж байх явцад  Авто тээврийн үндэсний төвийн ... ... УНУ улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркын тээврийн хэрэгсэл мөргөгдөж зам тээврийн осол гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

8. Харин Зэвсэгт хүчний ... дугаар түр анги буюу уг ангийн эрх, үүргийг залгамжлан авсан ... дүгээр ангийн өөрөө ачигч ковш машины жолооч, Авто тээврийн үндэсний төвийн ... - ... УНУ улсын дугаартай Тоёота ланд круйзер 70 маркийн авто машины жолоочийн хэнийх нь гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Нэхэмжлэгч “......................” ХХК нь: “Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн өөрөө ачигч ковш машины жолооч Д.Н-н буруутай үйлдлийн улмаас тухайлбал Д.Н нь жолооны үнэмлэхгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан, ойр орчимд замын тэмдэг тэмдэглэгээ байгаагүй, урдаа байсан дохиочны дохиог хараагүй, ард нь байсан тээврийн хэрэгслийн дуут дохиог сонсоогүйн улмаас уг зам тээврийн осол болсон. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Т.У-ын 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор ухрах үйлдэл хийсэн гэдэг нь батлагдаж байгаа. Эрх бүхий албан тушаалтны энэ магадлагаанд аль аль талаас гомдол гаргаагүй. Тиймээс Зэвсэгт хүчний ... дугаар анги уг магадлагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Д.Н-н буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэвч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан тул “......................” ХХК нь жолооч Д.Н-г ажиллуулж байсан Зэвсэгт хүчний ... дүгээр ангиас өөрт учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

10. Харин хариуцагч Зэвсэгт хүчний ... дүгээр анги: “Тухайн үеийн цагдаагийн газрын тодорхойлолт нь ослын хар зураг байхгүй. Ямар нэгэн хэмжилт хийлгүйгээр гарсан.

Цагдаагийн илтгэх хуудас, тодорхойлолтод манай машины хариуцлагагүй үйлдлээс болж осол гарсан гэх зүйл тусгагдаагүй.

Цуваанаасаа хоцорсон ... ... УНУ дугаартай тээврийн хэрэгсэл нь 2 км тутамд 40 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон тэмдгийг зөрчиж, тоосжилттой, харагдах орчин маш муу байх үед ажил үүргээ гүйцэтгэж байсан шанагат ачигчийн  ард зогсож, илтэд болгоомжгүй хандаж, хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс мөргүүлсэн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг манай байгууллага өгөх боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын “......................” ХХК-тай байгуулсан 2006061213 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргажээ.

 

11. Энэ даатгалын гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь “......................” ХХК-ий Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд “......................” ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах таван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбогдуулан нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.    

 

12. Нэхэмжлэгч нь “Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн өөрөө ачигч ковш машины жолооч Д.Н-н буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарч, эд хөрөнгөд нь гэм хор учирсныг нотлохоор Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ц.Э-ы тус компанид гаргасан “Д.Н нь урдаа байсан дохиочны дохиог хараагүй бөгөөд ард нь байсан тээврийн хэрэгслийн удаа дараа өгсөн дуут дохиог сонсоогүйгээс тус байгууллагын ... - ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  зам тээврийн осолд орсон тул гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгохыг хүссэн” агуулгатай хүсэлт /хх 11/,

 

13. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Э-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн: “2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ... ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол хэрэгт холбогдсон бөгөөд Улаанбаатар хотод засварлуулах шаардлагатай” талаарх тодорхойлолт /хх 12/,

 

 14. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад иргэн Ц.Э-аас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт шороон зам дээр шадар сайдын цуваанд явж байсан ... - ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ковш маркийн механизм урд талаас нь мөргөсөн гэх гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн” тухай илтгэх хуудас /хх13/,

 

15. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилтай танилцаж явсан шадар сайдын цуваанд явж байсан ... - ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Longgong /Ковш/ маркийн механизм нь хөдөлгөөнд оролцож явах үед ухрах хөдөлгөөн хийж урд талаас нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх14/, осолд орсон тээврийн хэрэгслүүдийн гэрэл зураг /хх 18-26/  зэрэг нотлох баримтуудыг гаргажээ.

 

16. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч Д.Н өөрийн буруугаас осол гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тул зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Авто осолд жолооч Д.Н буруутай нь цагдаагийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоогдож байгаа” гэсэн агуулга бүхий тайлбар хийж мэтгэлцэж байна.

 

17. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болох боловч тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болохоор заасан байна.

 

18. Гэвч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дээрх тодорхойлолтыг эрх бүхий албан тушаалтны магадлагаа гэж үзэхээргүй байна.

 

19. Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ц.Э-ы хүсэлт нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор “......................” ХХК-д гаргасан бөгөөд хүсэлтэд авагдсан мэдээллийн эх сурвалж тодорхойгүйн дээр хариуцагчийн зүгээс үгүйсгэж байгаа, иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

 20. Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Э-ын тодорхойлолт нь зам тээврийн осол гарсан тухай, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын илтгэх хуудас нь зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай, гэрэл зургууд нь зам тээврийн осол болсны дараах тээврийн хэрэгслүүдийн байр байдлын талаарх ерөнхий мэдээллүүдийг агуулсан байна.

21. Тиймээс эдгээр баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлож байна гэж үнэлэх боломжгүй.

  22. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд   зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, 5 өдрийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх юм уу гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргаж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр заасан байна.

 

23. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр заасан байна.

24. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан эдгээр ажиллагаа хийгдэж, жолооч Д.Н нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

25. Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У-ын 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “... - ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Longgong /Ковш/ маркийн механизм нь хөдөлгөөнд оролцож явах үед ухрах хөдөлгөөн хийж урд талаас нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь үнэн болно” гэсэн тодорхойлолтыг эрх бүхий албан тушаалтны хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд авагдсан нотлох баримт гэж үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

26. Тиймээс зөвхөн уг эргэлзээтэй тодорхойлолтод үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч Д.Н-н хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “......................” ХХК-д гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

28. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн жолооч Д.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас “......................” ХХК-д гэм хорын хохирол учирсан болохыг тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй боловч эдгээр байдлыг нотлож чадаагүй байна.

29. Харин хариуцагчийн гаргасан “Цагдаагийн илтгэх хуудас, тодорхойлолт зэрэг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баимтууд нь манай машины жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж осол гарсан болохыг нотлохгүй” гэсэн агуулга бүхий татгалзал үндэслэлтэй байна.

30. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн бөгөөд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

31. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2024/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “......................” ХХК-ий гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 173,269 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

               ШҮҮГЧИД                            Ц.О

                                               Ч.Э