Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар баг Хүрэмтэд оршин суух Гавьжийнхан Цэрэнгийн Эрдэнэбатын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цэрэнгийн Эрдэнэбат нь 1964 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Бигэр сумд төрсөн. 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд малчнаар ажилласан билээ. 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн хуудас урагдсан шалтгаанаар архивын газарт хандсан юм. Архивын лавлагаа авсан боловч нэр зөрсөн учир зарим он жилүүдийн хугацааг нотлоход бэрхшээлтэй байна. Учир нь миний албан ёсны нэр Ц.Эрдэнэбат гэхээс гадна тухайн үед намайг Должин гэж авгайлдаг байсан юм. Тухайн үеийн тоо бүртгэгчийн алдаанаас болж энэ 2 нэрээр бүртгэгдсэнээс гадна Ц.Эрдэнэбат нь Ц.Бат-Эрдэнэ, Должин нь Долгор болсон байх юм. Иймд миний 1983 оны 05 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Бигэр суманд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 05 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай архивын лавлагаанд “”...Тус аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол хэсэгт малчин байсан Цэрэн овогтой Долгор нь 1984 оны 1-12 сард 1873 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн 82 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол, Хүрэмт хэсэгт малчин байсан Цэрэн овогтой Бат-Эрдэнэ нь 1985 оны 1-12 сард 2045 төгрөг, 1990 оны 2, 5-12 сард 3016 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай архивын лавлагаанд “”...Тус аймгийн Бигэр сумын  Эрх  чөлөө  нэгдлийн  Бор  гол хэсэгт малчин байсан Цэрэн овогтой Эрдэнэбат нь 1986 оны 1-12 сард 2630 төгрөг, 1987 оны 6-12 сард 1259 төгрөгний цалин авч байсан байна..” гэсэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол хэсэгт малчин байсан Цэрэн овогтой Должин нь 1989 оны 2-12 сард 2045 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 299 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Бор гол хэсэгт малчин байсан Цэрэн овогтой Эрдэнэбат нь 1990 оны 3-12 сард 2723 төгрөгний цалин авч байжээ” гэсэн, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай тушаалд “нярай хүүхдээ 6 сар хүртэл бойжуулсан хугацааны тэтгэмжийг Бор гол бригадын хоньчин Ц.Эрдэнэбат ...нарт олгосугай...”, мөн нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаартай тушаалд “...Хүрэмтийн хэсгийн хоньчин Ц.Эрдэнэбат ...нарт нярай хүүхдээ 6 сар хүртэл бойжуулсан хугацааны тэтгэмжийг зааврын дагуу бодож олгохыг нэгдлийн ерөнхий ня-бо Т.Цэндэд зөвшөөрсүгэй...” гэсэн мөн тус нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тушаалд “Хүрэмт хэсгийн малчин ..Ц.Бат-Эрдэнэ нарт хүүхдээ 6 сар хүртэл бойжуулах хугацааны тэтгэмжийг зааврын дагуу бодож олгосугай...” гэсэн Бор голын хэсгийн Ц.Бат-Эрдэнийн 1983 онд хийсэн ажлын тооцоо, 1984 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар Галдан Ц.Долгор, 1985 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар Д.Галдан, Цэ.Бат-Эрдэнэ, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар Д.Галдан, Цэ.Должин, 1990 оны Д.Галдан, Эрдэнэбат нарын цалингийн хүснэгт болон Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 434 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №105/001248 дугаартай Далхжавын Сүрэнхорол, Цэрэнгийн Эрдэнэбат нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №129/001161 дугаартай Сүрэнхоролын Амгалангийн, №129/001163 дугаартай Сүрэнхоролын Азжаргалын төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх болсон үндэслэл нь хэдийгээр баримтуудад Бор гол хэсгийн малчин Ц.Эрдэнэбат, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Долгор, Ц.Должин гэж өөр өөр нэрээр байгаа боловч Далхжавын Сүрэнхоролыг Далхжавын Галдан нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 434 дүгээр шийдвэр байгаа нь Д.Галдан нэрээр бүртгэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн баримтууд дээрх гэр бүлийн хүн гэх Ц.Должин, Ц.Эрдэнэбат, Ц.Долгор, Ц.Бат-Эрдэнэ нар нь нэг хүн буюу Ц.Эрдэнэбат болох нь нотлогдож байгаа болно.

Иймд Гавьжийнхан Цэрэнгийн Эрдэнэбатыг  1983 оны 05 дугаар сарын 01-ний 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэх замаар үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гавьжийнхан Цэрэнгийн Эрдэнэбатыг  1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН