Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2024/00872

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00872

 

 

З.Б , С.У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00788 дугаар шийдвэртэй,

З.Б , С.У нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.М д холбогдох,

48,916,910 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

36,760,400 төгрөг гаргуулах, Хулан гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: З.Б , С.У нар нь Б.М тай 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж * байр , - тоот хаягт байрлах Ү-* дугаартай * м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг үсчин гоо сайхны чиглэлээр 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай нэг сарын 2,500,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа байрны ашиглалтын зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.1. Түрээслэгч Б.М нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаандаа түрээс болон ашиглалтын зардлаа төлөхгүй, удаа дараа төлбөр тооцоо хийхийг шаардсан боловч тооцоо нийлэхгүй, утсаа авахгүй, уг байрны ханыг зөвшөөрөлгүй нурааж, шалыг хуулан эвдэж эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулж байна.

1.2. Иймд хариуцагч Б.М гаас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,500,000 төгрөг, гэрээний 6.3-т заасны дагуу алданги 6,750,000 төгрөг, байрны ашиглалтын зардал 1,466,910 төгрөг, засварын зардалд 18,200,000 төгрөг, нийт 48,916,910 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,535 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие З.Б тай 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууц түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд Рапид хороолол * дүгээр байр, -р орцны * давхарын * м.кв талбай бүхий 3 орон орон сууцыг ажлын байрны зориулалтаар түрээсэлж, гэрээний 5.2-т заасны дагуу хөлсийг төлөхөөр тохиролцсон.

2.1. Тухайн үед эхний 3 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, барьцааны төлбөр 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг З.Б-т төлсөн.

2.2. Гэрээний зүйлийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авах үед орон сууцны зориулалттай байсан бөгөөд түрээслүүлэгч З.Б засвар хийх 5 хоногийн хугацаа олгосны дагуу засвар хийж улмаар үсчин, гоо сайхны зориулалтаар тохижуулан 2020 оны 08 дугаар сард дуусгаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 3 сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсад корона вирусийн анхны тохиолдол бүртгэгдэж Засгийн газрын шийдвэрээр 2 сар хатуу хол хорио тогтоосноор гоо сайхны салоны үйл ажиллагаа бүрэн зогссон. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөл хорио цуцлагдсанаар гоо сайхны салоныг үргэлжлүүлэн ажиллуулсан.

2.3. Коронавируст халдварын үед үйл ажиллагаа явуулаагүй 3 сарын түрээсийн төлбөрт нийт 6,000,000 төгрөгийг З.Б-т төлсөн. Харин 2021 оны 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг З.Б авахгүй гэж тохирсон. 2020 оны 07 дугаар сараас хойш 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал нийт түрээсийн төлбөрт 39,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар түрээслүүлэгч З.Б нь гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн төлбөрийг сарын 4,500,000 төгрөг болгон нэмсэнтэй холбоотойгоор цаашид үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож худалдана гэж тохиролцсон боловч ...м.кв-ын үнэ өссөн байхад ийм үнээр чамд зарах боломжгүй гэж дарамтлан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ноцтой зөрчсөн.

2.4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, зардалтай холбоотой нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна. Түүнчлэн, талуудын хоронд байгуулагдсан гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзэх бүрэн боломжтой байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Би З.Б-т ай 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууц түрээсийн гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд-Рапид хорооллын * дүгээр байрны * дүгээр орцны 1 давхарын * м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түрээслүүлэгчийн хууль бус шаардлага, буруутай үйлдлээс болж түрээслэхээ больсон.

3.1. Түрээсийн зүйлд засвар үйлчилгээ хийж, надаас зарлагын баримтаар 18,780,700 төгрөг, дансны хуулгаар 6,179,000 төгрөг, ажлын хөлс 9,000,000 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын хөлс 2,800,000 төгрөг зэрэг зарлыг хохиролд тооцож гаргуулна. Энэхүү сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй хохирол нь хариуцагч нарын өмчлөлийн түрээсийн зүйлд нэхэмжлэгч миний хийсэн салган авч болохгүй засан сайжруулалтын үнэ бөгөөд Иргэний хуулийн 287, 288, 289 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд хөрөнгөд хийсэн салган авч болохгүй эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

3.2. Нэхэмжлэгч нар нь миний хөрөнгийг бусдад түрээслүүлж, ашиглуулж байгаа тул дараах хөрөнгүүдийг гаргуулан авна. Үүнд: үсчний суудал 3 ширхэг, толь 3 ширхэг, зурагт интернэттэй, гэрлийн бүх абажур 7 ширхэг, бүх лед гэрэл, лед гэрэлтэй толь, үсний угаалтуур, тек, текний сандал, иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц, гоо сайхан ор 2 ширхэг,шилэн тавиур 3 ширхэг, шкаф, хүлээлгийн том сандал, хувцасны шкаф, цайны ширээ, сандал, цагаан үсчний толь 1 ширхэг, том абажур 1 ширхэг, үүдний 3 хар абажур, жижиг буйдан 3 ширхэг, тэргэнцэр 3 ширхэг, жаазтай зураг гэх мэт эд зүйлс нь Б.М миний өмчлөлийн зүйлс бөгөөд өөрийн өмчлөлийн эд зүйлсээ эзэмшиж, ашиглаж чадахгүй хохирч байна. Хэрэв хариуцагч нар миний эд хөрөнгийг өгч чадахгүй гэсэн тохиолдолд үнийг нэхэмжлэх болно.

3.3. Иймд хариуцагч З.Б , С.У нараас хохиролд 36,760,400 төгрөг гаргуулах, Хулан гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг худалдан аваагүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөрийн бизнесийн ажиллагаанд зориулан, орон сууцны зориулалтыг өөрчилж, эд хөрөнгийг эвдэж сүйтгэн, түрээслүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Талууд түрээсийн орон сууцыг өөрчлөх, засварлах талаар тохиролцсон зүйлгүй бөгөөд түрээслэгчийн зүгээс түрээслүүлэгчид учруулсан гэм хор, хохирол байхгүй тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрх зүйн хамгаалалт хийх боломжгүй. Талууд гэрээний стандарт нөхцөлөө харилцан тохирч, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед түр өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд нь эзэмшигч байна гэж заасан байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт шударга эзэмшигч нь эд хөрөнгийг эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зорилгоор зарцуулсан зардлыг шаардах эрхтэй болохоос биш гэрээний талуудын тохиролцоогүй асуудалд өөрөө дур мэдэн аж ахуйн үйл ажиллагаандаа зориулж зассан зардлыг гэм хор, хохиролд тооцон сөрөг нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг орлого олсон зүйл байхгүй, эд хөрөнгөө хурдан авч яаралтай агуулах, савыг чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М гаас түрээсийн төлбөрт 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, орон сууцны СӨХ-ны төлбөрт 763,970 төгрөг, ашиглалтын зардалд 124,402 төгрөг, нийт 19,638,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Б , С.У нарт олгож, нэхэмжлэлээс 36,416,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч З.Б , С.У нараас 2,049,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, сөрөг нэхэмжлэлээс 34,711,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хэзээ, ямар шалтгаанаар дуусгавар болсон болон үүрэг дуусгавар болсноос үүдэн гарах эрх зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийн талаар буруу дүгнэлт хийх замаар талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхдээ алдаатай дүгнэлт хийснээс болж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагч Б.М 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нарт түрээсийн төлбөрт нийт 44,000,000 төгрөгийг төлж, гэрээ дуусгавар болсон байхад анхан шатны шүүхээс түрээсийн гэрээний үүрэгт 2022 оны 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй.

6.2. Шүүх талууд түрээсийн төлбөрийг 2,000,000 төгрөг байхаар тохиролцсон байхад юуг үндэслэж түрээсийн төлбөрт 2,500,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хэрэв түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж шүүхээс дүгнэж байгаа тохиолддолд түрээсийн төлбөрийн тооцоолыг буруу хийсэн ба түрээсийн төлбөрийн тооцоолол зөв хийгдсэнээр алдангийн тооцоолол өөрчлөгдөх боломжтой. Энэ үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.3. Нэхэмжлэгч нь түрээсийн орон сууцанд засвар хийхийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ дээрх гэрээний хүрээнд түрээслүүлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр засвар үйлчилгээ хийсэн байна гэх агуулгаар дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.4. Нэхэмжлэгч З.Б , С.У нар нь хариуцагч Б.М ы хийсэн засан сайжруулалт, тохижолтоор бусад этгээдүүдэд үргэлжлүүлэн түрээслүүлж ашиг орлого олж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлаа буюу салган авч болохгүй засан сайжруулалтын үнийг буцаан гаргуулахаар харицагч талаас шаардсан сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Нэхэмжлэгч нар нь түрээсийн зүйлээс салган авах боломжтой эд хөрөнгүүдийг дур мэдэн тээвэрлэн зөөж өөр газар хадгалсан, түрээсийн зүйлээс эд хөрөнгө хүлээлцээгүй. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд ирүүлсэн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлыг гаргуулах шаардлага гаргахдаа хууль зүйн үндэслэлтэй нотлох баримт бүрдүүлж, хуульд нийцүүлэн гаргасан. Хариуцагч тал дур мэдэн орон сууцны зориулалтыг өөрчлөн засвар хийлгүй орхиж, түрээсийн байрыг хүлээлгэн өгөөгүй. Хариуцагч талын өмгөөлөгч хуурамч нотлох баримтуудаа шүүхээр үнэлүүлэх гэж мэтгэлцэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн орон сууцанд байсан үсчингийн тоног төхөөрөмжийг авч явсан бөгөөд овор ихтэй нэр бүхий эд хөрөнгийг орхиж яваад одоо хүртэл авахгүй 2 жил болж байна. Уг эд хөрөнгүүдийг гараашид хураасан байгаа. Хариуцагч нь үнэ хөлс төлөхгүйгээр гараашид санаатай байлгаад байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч З.Б , С.У нар нь хариуцагч Б.М д холбогдуулан 48,916,910 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 36,760,400 төгрөг гаргуулах, Хулан гоо сайханы салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Эдгээр нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлож, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн байна./2хх66/

Тус шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр үйлдсэн боловч бичгээр гаргасан шүүх хуралдааны тэмдэглэл нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, шүүхийн шийдвэр нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэж огноо зөрүүтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн огноо зөрүүтэй нь шүүх хуралдааныг нээлттэй, тасралтгүй, ил тод явуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсаныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгахаар зохицуулжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа талаарх агуулгыг тусгах ба шүүхээс шүүх хурал товлосон 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр шүүхийн шийдвэрийг үйлдсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл хоёр хоорондоо 1 хоногоор зөрүүтэй байгаагаас хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00788 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,907 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН