Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Оюуны түлхүүр” бага сургуульд холбогдох

Төлбөрийн үлдэгдэл 1.183.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 1.189.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Оюуны өргөө сургууль нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл Оюуны өргөө сургууль нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2013 оны 10 сард 1.171.000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Говь-Алтай аймгийн Оюуны өргөө сургуулиас төлбөрийн үлдэгдэл болох 1.183.000 төгрөг, нотариатын зардалд 6.000 төгрөг, нийт 1.189.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн “Оюуны түлхүүр” бага сургууль тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Оюуны түлхүүр сургуулийн багш ажилчид Скайтел ХХК-ий үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж гар утас зээлээр авсан. Тухайн үед миний бие Улаанбаатар хотруу ажлаар явсан байсан. Энэ хугацаанд Скайтел ХХК нь нягтлан бодогч А.Бүрэндэлгэртэй тохиролцон ажилчидтай гэрээ байгуулж утсыг зээлээр авч утасны төлбөрийг сар болгон цалингаас тодорхой хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байсан. Улаанбаатараас ирээд уг гэрээнд гарын үсэг нөхөж зурсан, гарын үсэг зурах үед нягтлан бодогч А.Бүрэндэлгэрт тооцоог хугацаанд нь бүрэн барагдуулах үүрэг өгсөн, сар болгон төлбөрийг хураан авч Скайтел ХХК-д шилжүүлж байсан. 2013 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний улмаас уг өр үүссэн байна. Энэхүү тооцоог барагдуулах талаар хүн бүртэй 2-3 удаа уулзсан ба төлбөр барагдуулахыг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Утасны төлбөрийн тооцоог тухайн ажилчдын цалин дээрээс шууд суутгаж авах боломжгүй. Тооцооны үлдэгдлийн талаарх баримт нь А.Бүрэндэлгэрт байгаа. Хэн нь хэдэн төгрөг төлснийг би сайн мэдэхгүй байна. Үлдэгдэл тооцоо 1,183,000 мянган төгрөгийн тооцооны задаргааг нягтлан бодогч байсан А.Бүрэндэлгэрээс тодруулна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гурван талт гэрээний үүрэг 1.183.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 1.189.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Оюуны түлхүүр бага сургууль” шүүхэд ирүүлсэн тайлбартаа “..энэхүү тооцоог барагдуулах талаар хүн бүртэй 2-3 удаа уулзсан ба төлбөр барагдуулахыг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Утасны төлбөрийн тооцоог тухайн ажилчдын цалин дээрээс шууд суутгаж авах боломжгүй. Тооцооны үлдэгдлийн талаарх баримт нь А.Бүрэндэлгэрт байгаа. Хэн нь хэдэн төгрөг төлснийг би сайн мэдэхгүй байна. Үлдэгдэл тооцоо 1,183,000 мянган төгрөгийн тооцооны задаргааг нягтлан бодогч байсан А.Бүрэндэлгэрээс тодруулна уу...” гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №001/150 дугаартай гэрээний хавсралтаар тус байгууллагын багш ажилчид болох О.Алтантуяа, Ж.Өнөрмаа, Б.Дугар, Ю.Должин, Ж.Даваажаргал, А.Бүрэндэлгэр, Н.Отгончимэг, Л.Цэрэннадмид нар нийт 3.831.000 төгрөгний гар утас худалдан авсан бөгөөд уг төлбөрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 2.648.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.183.000 төгрөг үлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “...нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй...” гэж заасан тул хариуцагч байгууллага дээрх багш ажилчдыг уг иргэний хэрэгт хариуцагчаар татан оролцуулах хүсэлт ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганзориг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх нэхэмжлэгчийг зөвшөөрөөгүй байхад уг багш ажилчдыг шүүх хариуцагчаар татан оролцуулах боломжгүй байна.

Скайтел компани нь Оюуны түлхүүр бага сургуулийн 8 багш ажилчдад 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 6 сарын хугацаатай 3.831.000 төгрөгийн гар утас зээлээр худалдсан бөгөөд талуудын хооронд иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, мөн өдөр тус сургуулийн захирал Б.Банзрагч дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг тус сургуулийн багш ажилчид гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгч Скайтел ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүргийг хүлээн иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заагдсан батлан даалтын гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээ нь бичгээр байгуулах болон хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас шаардах боломжгүй тул нотариатын зардал 6.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Оюуны түлхүүр бага сургууль нь гар утсыг зээлээр худалдан авсан багш ажилчид болох О.Алтантуяа, Ж.Өнөрмаа, Б.Дугар, Ю.Должин, Ж.Даваажаргал, А.Бүрэндэлгэр, Н.Отгончимэг, Л.Цэрэннадмид нараас үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Оюуны түлхүүр бага сургуулиас гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.183.000 төгрөгийг гаргуулан Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэлээс нотаритын зардал 6.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 33.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Оюуны түлхүүр бага сургуулиас  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 1.183.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгох үндэслэлтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оюуны түлхүүр бага сургууль /РД:3245497/-иас төлбөрийн үлдэгдэл 1.183.000 төгрөгийг гаргуулж Скайтел ХХК /РД:2576376/-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардал 6.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 33.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Оюуны түлхүүр бага сургуулиас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 1.183.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  нэхэмжлэгч,  хариуцагч,  тэдний  төлөөлөгч,  өмгөөлөгч  нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН