Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2024/00865

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00865

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01332 дугаар шийдвэртэй, Ц.Э-ын нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох, 317,983,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, О.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ц.Э нь Т ХХК -ийн захирал О.Б-тэй 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ОС38/14 дугаартай орон сууц захиалгах, захиалга гүйцэтгэх гэрээгээр Т ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн гудамж, * дугаар дунд сургуулийн баруун хойд талд * давхар 68.7 м.кв талбайтай орон сууцны 1 м.кв-ыг 1,455,600 төгрөгөөр тооцон 99,999,720 төгрөгөөр захиалж бариулах, Ц.Э нь орон сууцны төлбөрт Багшийн дээдийн хажууд байрлаж байсан 450 м.кв талбайтай канад модон барилгыг буулгаад Т ХХК -ийн ажлын хашаанд зөөсөн бөгөөд рестораны иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэж өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

1.2. Т ХХК -ийн захиалсан 2 өрөө орон сууцыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээлгэж өгөөгүй. Иймээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасны дараа дээрх орон сууцыг Т ХХК -ийн зүгээс бусдын өмчлөлд шилжсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Нэгэнт тухайн орон сууц өөр этгээдийн нэр дээр шилжиж, хариуцагч гэрээнээс татгалзсан тул гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 317,983,965 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Ц.Э тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ОС-38/14 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт захиалагч нь захиалсан орон сууцны төлбөрт 450 м.кв талбайтай, канад модон барилгыг тооцож өгөхөөр тохиролцов. гэж төлбөрийн нөхцөлийг тодорхой заасан боловч нэхэмжлэгч тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Т ХХК-д шилжүүлж өгөөгүй, гэрээ байгуулагдсанаас хойш харилцаа холбоогүй өнөөдрийг хүртэл манай хашаанд буулгасан эд зүйлийг нь хадгалж, хамгаалж байгаа.

2.2. 2015 онд захиалгын барилгыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Гэтэл 10 жилийн дараа Ц.Э нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргасан нь үндэслэлгүй. Хэрвээ арилжааны гэрээг биелүүлэх хүсэл сонирхол байсан бол барилга ашиглалтад орох үеэс буюу 2015 оноос шаардах эрх нээлттэй байхад эрхээ хэрэгжүүлээгүй.

2.3. Бидний зүгээс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ОС-38/14 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг зөрчих үүргээ биелүүлэхгүй байх сонирхол байхгүй. Иймд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзснаас учирсан хохиролд 317,983,965 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК -аас 317,983,965 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,905,820 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,905,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.а. Нэхэмжлэгч нь хариуцагчийн заасан байршилд рестораныг буцаан барьж, угсрах ажлыг хийх үүргээ биелүүлээгүй байна гэдгийг шийдвэрийн 6 дэх хэсгээр хүлээн зөвшөөрсөн атлаа шийдвэрийн 8 дэх хэсгээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна гэж шүүх дүгнэж байгаа нь хэргийн үйл баримт зөрүүтэй байхад логик алдаатай үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.1.б. Нэхэмжлэгчийн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй. Шүүх нэхэмжлэгч гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсанаас учирсан хохирол гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлон маргаж байхад хариуцагчийг гэрээнээс яагаад татгалзсан үндэслэлийг тодруулж татгалзсан нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр хохирлыг урьдчилан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоход нөлөөлсөн. Шүүх дээрх нотлох баримтыг мөн буруу үнэлж шийдвэрийн 9 дэх хэсэгт: Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хариуцагч Т ХХК өгөөгүй бөгөөд тухайн орон сууцыг бусдад худалдсан болохоо хариуцагчийн өмгөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, орон сууцны өмчлөгчөөр иргэн Ш.Б, Ж.Д нар бүртгэгдсэн нь тогтоогдож байна гэж шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй.

4.1.в. Шүүх үнэлгээний тайланд тусгагдаагүй үйл баримтад тулгуурлаж хохирлыг шийдвэрлэсэн. Итгэл эстимэйнт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Итгэл эстимэйнт ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд хэрэглэгддэг суурь аргачлалаар тооцоолж гаргасан байдаг бөгөөд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө аль болохыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй нь үнэлгээний тайланг үндэслэж шийдвэр гаргахад учир дутагдалтайг илэрхийлдэг. Харин үнэлгээний тайлангаар 2015 оны зах зээлийн ханшаар 317,983,965 төгрөгөөр үнэлэгдэх, төлөв байдлын тухайд чанар байдал сайн, цаашид 25 жил хэвийн ашиглах боломжтой гэж тус үнэлгээний тайланд тусгагдсан байна. Гэтэл дээрх үнэ цэнэ бүхий эд хөрөнгө хадгалагдаж байна гэж тус үнэлгээний тайлангаар тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлын талаар тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-т зааснаар эд хогшлыг дутааж, гэмтээсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэт нэг талын байр сууринаас үндэслэлгүй шийдвэрлэсэн.

4.2. Шүүх холбогдох хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Талууд хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ32021/15894 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Э , хариуцагч Т ХХК -тай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ОС-38/14 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэнд талууд маргаагүй. Шүүх хариуцагчийн захиалсан хугацаанд заасан байршилд рестораныг буцаан барьж, угсрах ажлыг хийгээгүй буюу өмчлөлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, өмчилж болохуйц нөхцөлийг бүрдүүлээгүй байхад хохирол шаардаж нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Талуудын байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нь арилжааны гэрээ бол Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч Ц.Э нь хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхад тус үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүх зөрчлийг гаргасан тал нь хариуцлага хүлээх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч Ц.Э нь гэрээнээс татгалзаагүй бөгөөд хариуцагч харин нэхэмжлэгчийг гэрээний үүргийг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул татгалзсан гэдэг тайлбарыг шүүх хуралдаан болон хариу тайлбаруудаараа удаа дараа илэрхийлж байсан. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гэрээнээс үндэслэлгүй татгалзсанаас учирсан хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр татгалзсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотлоогүй бол шаардлагын үндэслэлийг шүүхээс тодруулах байтал уг ажиллагаа хийгдээгүй.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирол шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.3-т заасныг баримталж нэхэмжилсэнээ шүүх хуралдааны явцад тодруулсан. Гэтэл шүүх тухайн маргаан бүхий хөрөнгийг үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний агуулгыг буруу тайлбарлаж устаж, гэмтэж муудсан буцаан ашиглах боломжгүй болсон бол мөнгөн хэлбэрээр төлөх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчийг гэрээ байгуулах санал гаргачихаад гэрээгээ хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй 6 жил хаяж явсан идэвхгүй үйлдэл байгаа гэдгийг хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад илэрхийлж байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2, 227.3, 227.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг нэхэмжлэгчид хуулиар олгосон байхад нэхэмжлэгч Ц.Э нэгэнт гэрээний дагуу худалдан авахаар тохиролцсон орон сууцаа ашиглах, өмчлөлдөө бүртгүүлэх, шаардах эрхгүй болсон гэж шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

4.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хэрхэн баримталсан нь тодорхойгүй байхад хөөн хэлэлцэх хугацааны талаарх эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч уг шаардлагыг гаргахдаа гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдаагүй, үүнтэй холбогдох нотлох баримт байхгүй байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хэрэв шүүх гэрээнээс үндэслэлгүй татгалзсан нь дахин тоолох үндэслэл болсон талаар аливаа нэг эрх зүйн дүгнэлт хийсэн бол Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор арилгах журмаар хэргийг шийдвэрлэх байтал ердийн журмаар нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

4.5. Шүүх хуралдаанаар шүүгч ирцтэй холбоотой санал хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-гаас асууснаар түүний хариултыг авч хариуцагчийн өмгөөлөгч нараас асуулгүй хариулах боломж олгохгүйгээр цааш үргэлжлүүлсэн. Мөн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/TM202/01675 дугаар бүхий шүүх хуралдааны тэмдэглэлд "нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нь ирцтэй холбоотой тайлбар, хүсэлт байхгүй гэв." тухай тэмдэглэсэн байх бөгөөд харин хариуцагчийн өмгөөлөгч нарын ирцтэй холбоотой "хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх" тухай тайлбар тэмдэглэгдээгүй байдаг. Учир нь хариуцагч нарын өмгөөлөгчөөс санал, хүсэлт тайлбар аваагүй атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хурлыг үргэлжлүүлэх тухай тайлбарласан мэт түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирцтэй холбоотой санал, тайлбаргүй тухай тэмдэглэлд тусгагдсан байхад хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан түүнийг нь хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн тухай заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчиж болоогүй үйл баримтыг үндэслэлээ болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтийг харицагчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүй тухай маргаж хуулийн үндэслэл бүхий хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангахгүй, шинжээчийн дүгнэлтийг няцаах боломж олгоогүй, дахин шинжээч томилох нотлох баримт бүрдүүлэх төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг баримтлаагүй "Итгэлт эстимэйт" ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, зохигчдын мэтгэлцэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжийг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Итгэлт эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.

4.6. Хариуцагчийн өмгөөлөгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу уг хүсэлтийг Ерөнхий шүүгчид танилцуулалгүй, процессын зөрчил гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ц.Э нь иж бүрэн рестораныг Т ХХК-д шилжүүлж өгөөд хариу төлбөрт 2 өрөө орон сууц авахаар тохиролцож 2014 онд гэрээ байгуулсан. Гэтэл Т ХХК нь гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг Ц.Э т мэдэгдэхгүйгээр өөр хүний өмчлөлд шилжүүлсэн. Энэ талаар шүүх хуралдааны явцад нотлох баримт цуглуулж байх үед мэдсэн. Тухайн 2 өрөө орон сууцыг Ц.Э-ын нэр дээр буцааж шилжүүлэх ямар ч боломжгүй байсан. Иж бүрэн ресторан нь хэвээрээ бөгөөд гэрээний зүйлийг буцааж өгөх, авах асуудал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн гэж хариуцагч тал гомдсон. Гэтэл тухайн эд зүйл нь рестораны 4 хана буюу барилгын 4 хана үлдсэн. Бусад дотор нь байсан тоног төхөөрөмж, тавилга, эд зүйл, хоолны зориулалттай өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүд бүгд устаж үгүй болсон. Т ХХК-д хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилуулсан. Гэвч шинжээчийг оруулахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан. Үүнд шүүхээс арга хэмжээ авч шинжээчийг ажиллуулах арга бололцоогоор хангаж тухайн газарт очоод үзэхэд рестораны барилга муудсан ашиглах боломжгүй болсон байсан. Рестораныг анх Иза хаус ХХК барьж ашиглалтад оруулсан. Тухайн компани нь Т ХХК -ийн хашаан доторх рестораны барилга, тоног төхөөрөмжийг дахин ашиглах, барих боломжгүй гэж тайлбарласан. Рестораны дотор эд зүйл огт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан 2015 онд гарсан. Ц.Э үнэлгээг хийлгэхдээ 2015 оны байдлаар хийлгэсэн. Өнөөдрийн зах зээлийн байдлаар 450 м.кв талбайтай канад модон хийц нь 1,000,000,000 гаруй төгрөгийн үнэтэй байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн өмгөөлөгч С.Б-ийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 317,983,965 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 102/ШЗ2022/03745 дугаар захирамжаар Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр канад хаус, тоног төхөөрөмж, эд хогшлын 2015 оны зах зээлийн дундаж үнэ 317,983,965 төгрөг гэж тодорхойлжээ.

Уг баримтаас үзвэл хөрөнгийг үнэлэхдээ Итгэлт эстимэйт ХХК-ийн хэрэглэсэн аргачлал нь хуульд нийцсэн эсэх, 2015 оны зах зээлийн дундаж үнээс давсан үнэлгээ гарсан эсэх, канад хаус, тоног төхөөрөмж, эд хогшлын үнэлгээг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, лагуна рестораны тоног төхөөрөмж, эд хогшил, барилгын 2015 оны үнэ цэнийг 317,983,965 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С болон түүний өмгөөлөгч М.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 06, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2024/03353, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2024/05510 дугаар захирамжаар ...шинжилгээ хийлгэх объектод шинжээчийг нэвтрүүлээгүй нь дахин шинжээч томилох үндэслэл болохгүй буюу шинжээчийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна.

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоос дахин шинжээч томилуулах талаар гаргасан хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дүгнээгүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,747,869 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН