Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01140

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувднарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00544дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1176дугаар магадлалтай,

Г.Н-ийн нэхэмжлэлтэй,

Т.Э-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 22.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах тухай сөрөгнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч Т.Э-, өмгөөлөгч Г.Нямдалай нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э-тай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Т.Э- нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 8.000.000 төгрөг, 3 сарын хүү 720.000 төгрөг, алданги  4.360.000 төгрөг нийт 13.080.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Т.Э ажлын байр түрээслэн олон жил ажилласан болохоор итгээд бусад түрээслэгчдээс тооцоог авахуулдаг байсан. Гэтэл хариуцагч нь давхар түрээслээд өөртөө ашиг олдог байсан байна. 200 м.кв талбайг 4.000.000 төгрөгөөр тооцдог байсан бөгөөд 2015 оны 3-6 дугаар сард 12.000.000 төгрөг, 2015 оны 7, 8, 9 дүгээр сард төлбөрийг 3.500.000 төгрөгөөр тооцоход 15.160.000 төгрөг байна. Хишигдэлгэрэх ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь Г.Н- тул заавал компанийн зүгээс нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж бодож байна. Иймд зээл болон түрээсийн төлбөрт нийт 28.240.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э- шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийн зээлж аваагүй, зээлийн гэрээг байгуулж мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурах болсон шалтгаан нь Г.Н-тэй ярилцаад ББСБ-аас нь мөнгө зээлэх зорилгоор дээрх гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед гэрээ болон баримтад гарын үсэг зурсны дараа мөнгөө тоолж өгдөг зарчмаар л өгөх юм байх гэж бодсон боловч миний гар дээр нэг ч төгрөг хүлээлгэж өгөөгүй. Би 2007 оноос хойш талбай түрээслэн ажиллаж, хүмүүсийг ажлын байраар хангаж ирсэн. Гэтэл мөнгө өгөлгүй зээлийн гэрээ байгуулснаас хойш удалгүй миний явуулдаг худалдаа наймааны үйл ажиллагааг зогсоож намайг болон маш олон түрээслэгч нарыг тус төвөөс хөөж гаргасан. Иймд Г.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:гэрээнд заасан 8.000.000 төгрөгийг өгөөгүй, нотариатаар гэрээг батлуулах үед ББСБ-ын өмнөөс хувь хүн зээлийн гэрээ байгуулж болохгүй гэхэд Г.Н- тоогоогүй. Тухайн үед мөнгө хүлээлгэж өгөөгүй. Иймд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо,1 дүгээр байрны 8 тоот, 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг /эх хувиар/ холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулахшаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Н- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт үйлдсэн, талууд гарын үсэг зурж хариуцагчид бэлнээр өгсөн. Холбогдох бичиг баримт гээд байгаа бүх зүйлүүдээ буцаагаад авчихсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00544 дүгээр шийдвэрээр:Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Т.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 13.080.000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Н-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н-ээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулахыг хүссэн шаардлагаасаа татгалзсан хариуцагч Т.Э-ын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-аас түрээсийн төлбөрт 15.160.000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Н-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015.12.18-нд төлсөн 207.000 төгрөг, 2016.12.06-нд төлсөн 30.470 төгрөг нийт 237.470 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016.01.26-нд төлсөн 270.450 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1176 дугаармагадлалаар:Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Э-аас 13.080.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-т олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 507.920 төгрөг, хариуцагчаастөлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 177.450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчидбуцаан олгож, хариуцагчаас 223.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Э хяналтын журмаар гаргасангомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1176 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас:2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэдийд уулзаад хаагуур явсан бэ гэхэд Хариуцагч: Өглөө уулзсан” гэж хариуцагч анхнаасаа мэдүүлсэн /хх-36х/ нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл өглөө уулзсан гэдгийг үгүйсгэдэггүй. Өглөө уулзаад хоорондоо 20 метрийн зайтай 2 банкаар ороод дараа нь нотариатын газар ирэхэд 14 цаг болсон гэдэг нь үнэнд нийцэхгүй байх ба хэрэв Хас банкнаас авсан 8.000.000 төгрөгийн баримт нь үдээс хойш 14 цагт гүйлгээ хийгдсэн гэдгийг нотолж байгаа бол Чингэлтэй дүүргийн нотариатын газар гэрээ байгуулаад гарын үсэг зурах үе буюу 10:30-11:00 цагийн үед хариуцагч Т.Э-д өгсөн гэх 8.000.000 төгрөг нэхэмжлэгчид хараахан байхгүй байжээ.

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч Г.Н- нь “надад бэлэн мөнгө байсан, Банкнаас мөнгө аваагүй..., мөн “...Би энэ мөнгийг гэрээсээ аваад гарсан, энэ талаар манай гэрийнхэн мэдэх байх /хх 87 х/ зэрэг мэдүүлгээс харахад Г.Н- нь Т.Э-д 8.000.000 төгрөг өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна.

Иймд банкнаас 8.000.000 төгрөг авсан, нотариатын газар Т.Э-д түүнийгээ өгсөн зэрэг цаг хугацааг дахин тодруулах шаардлагатай тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1176 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Т.Э-аас 28.240.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээл 8.000.000 төгрөг, хүү 720.000 төгрөг, алданги 4.360.000 төгрөг, түрээсийн төлбөр 15.160.000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгө аваагүй” гэж марган, улмаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 22-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 8.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 3, 33, 75  дугаар тал/.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурж, улмаар  нотариатаар гэрчлүүлжээ. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээний арын хуудсанд 2015.6.22-нд 8.000.000 /найман сая/ төгрөгийг бэлэн хүлээн авлаа.20.000х400ш Т.Э- гэж гарын үсэг зуржээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг хууль болон гэрээгээр хүлээсэн “...мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ”  гүйцэтгэсэн гэж үзнэ. Хэрэв хариуцагч мөнгийг аваагүй бол мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийг зээлдүүлэгчээс шаардах байсан бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Т.Э-д зээлдүүлсэн 8.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдөр Хас банкнаас авч, дэвсгэртээр нь Т.Э-д өгсөн гэж тайлбарлаж, дансны хуулга, зарлагын маягтыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 135, 136 дугаар тал/. Уг баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж зээлийн төлбөрт 13.080.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт бичээгүй орхигдуулжээ.

Дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, мөн хариуцагч мөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд тэрээр мөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх, мөн гэрээгээр тохирсон алданги төлөх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс ньбодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчаас зээл, хүү, алдангид нийт 13.080.000 төгрөг гаргуулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлага мөн сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгджээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1176 дугаармагадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-ын гомдлыг хангахгүйорхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны6 дугаар сарын 14ний өдөр төлсөн 223.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ