Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Гончигсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Долгион,

          Ялтан О.Гончигсүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

          Хохирогч Х.Эрдэнэсоёл,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуягийн гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Гончигсүрэнд холбогдох 2016 2602 2821 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сартуул овгийн Орсоогийн Гончигсүрэн, 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соёл” үсчин, гоо сайхны салоны захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 3 дугаар гудамжны 47 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 49 дүгээр байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЭ82111273/,

 

О.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” үсчин, гоо сайхны салонд хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х.Эрдэнэсоёлын эрх чөлөөнд халдаж баруун гарын сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

 

мөн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” үсчин, гоо сайхны салонд хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Мөнхтуяагийн эрх чөлөөнд халдаж баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун хөлний шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: О.Гончигсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Гончигсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Гончигсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Гончигсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, О.Гончигсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримт болох 1 ширхэг компакт диск, 1 ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал тус тус үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Гончигсүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар О.Гончигсүрэн нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулж шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “... шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна ...” гэсэн заалттай нийцээгүй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “... хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй ...” гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Гончигсүрэн нь хохирогч Х.Эрдэнэсоёлын биед шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг учруулаагүй урьд нь байгууллагаараа “Ойн жим” амралтын газарт амарч байхдаа сагс тоглож байгаад гараа гэмтээсэн болохыг гэрчүүд мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч Х.Эрдэнэсоёл мэдүүлэхдээ “... Уг гэмтлийг би өмнө нь авсан байсан ба тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн хэдий ч гэмтсэн гарынхаа зургийг авахуулаагүй байсан. Харин нөхөр О.Гончигсүрэнтэй маргалдсаны дараа дахин Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд зургаа авахуулаад шүүх эмнэлэгт аваачиж өгсөн ...” гэж мэдүүлсэн.

Гэтэл хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримт, хохирогчийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийлгүйгээр дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ ...” гэж хуульчилсан.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, О.Гончигсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Ялтан О.Гончигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Х.Эрдэнэсоёлын гарыг хугалаагүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч Х.Эрдэнэсоёл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй, О.Гончигсүрэнгийн үйлдлийн улмаас гар хугараагүй ...” гэв.

 

Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.Гончигсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдол үндэслэлгүй …” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

О.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” үсчин, гоо сайхны салонд хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х.Эрдэнэсоёл, Т.Мөнхтуяа нарын эрх чөлөөнд халдаж, Х.Эрдэнэсоёлын биед баруун гарын сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, Т.Мөнхтуяагийн биед баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун хөлийн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 8/, эд мөрийн баримт /хх 9/,

 

            Хохирогч Х.Эрдэнэсоёлын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... гаднаас О.Гончигсүрэн орж ирээд миний ард гараад баруун талын гараараа миний гарын хуруунуудыг маш чанга атгаж бариад зүүн гараараа миний мөрнөөс тэврээд, араас түлхээд салоноос гаргаад барьсан чигээрээ “Алтан төгрөг” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талаар нь тойроод урагш яваад “Broadway” лоунжийн хажуугаар буцаж ертөнцийн зүгээр зүүн хойш тойрч гараад намайг тавихаар нь дахиж зодуулж магадгүй гэж бодоод таксинд суусан. ... би “гар өвдөөд байна” гэхэд миний гарыг тавихгүй байсан ...” /хх 11-14/,

           

            Хохирогч Т.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... О.Гончигсүрэн ах намайг “чи угаасаа Соёлоотой нийлж янз бүрийн юм хийгээд яваад байна, чи Соёлоогийн бууны нохой байсан байна, одоо гар” гэж хэлээд миний баруун гарын тохойноос маш чанга бариад салоны үүд рүү түлхээд байхаар нь миний гар өвдөөд би орилж, хашхираад “би яахаараа гарах ёстой юм, гарахгүй” гэж эсэргүүцэж байгаад салоноос түлхэгдэж гарсан. Тэгээд би дахиад салон руу орох гэтэл О.Гончигсүрэн ах салоны гадна намайг оруулахгүй гээд миний цээж рүү түлхээд намайг шат руу унагасан. Тэгээд би дахиж салон руу ороод намайг “яагаад ингээд байгаа юм бэ, би гарахгүй, би яахаараа эндээс зайлах ёстой юм бэ, би энэ салонд албан ёсны ажилтан, би нохой шиг хөөгдөж гарахгүй” гэж хэрэлдээд байж байхад О.Гончигсүрэн ах дахин миний ар нуруунаас түлхээд салоноос гаргасан ...” /хх 17-19/,   

             

            Гэрч С.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... О.Гончигсүрэн ах Т.Мөнхтуяаг дуудаад “чи салоноос гар” гэхэд Т.Мөнхтуяа “гарахгүй, би яахаараа гарах ёстой юм” гээд маргалдаад О.Гончигсүрэн ах Т.Мөнхтуяагийн цээж рүү түлхэж гаргаад өөрөө буцаж орж ирсэн. Араас нь Т.Мөнхтуяа дахин орж ирээд гарахгүй гээд 10 орчим минут маргалдаж байгаад О.Гончигсүрэн ах Т.Мөнхтуяагийн ар талаас тэвэрч өргөөд салоноос гаргасан. ...энэ үед Х.Эрдэнэсоёл эгч ирэхэд О.Гончигсүрэн салон руу оруулахгүй гээд “Алтан төгрөг” дэлгүүрийн баруун урагш тойроод хүнсний дэлгүүрийн зүгт авч явсан ...” /хх 22-23/,

 

            Гэрч Э.Уранбэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... О.Гончигсүрэн ах хэрэлдэж байхдаа Т.Мөнхтуяагийн гарнаас татаж чирээд салоноос гадагш гаргаад орж ирсэн. Ямар ч байсан О.Гончигсүрэн ах Т.Мөнхтуяаг хүчээр гаргаад салоны гадаа хэрэлдээд байсан ...” /хх 25-26/,

 

            Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... О.Гончигсүрэн ах “би чамайг салондоо ажиллуулахгүй, би чамтай ажиллахгүй” гэж хэлээд тэвэрч өргөөд салоноос гаргахад Т.Мөнхтуяа дахин салон руу орж ирээд орилж, чарлаад байхаар нь О.Гончигсүрэн ах дахин араас нь өргөж гаргаад салоны гадна талд хэрэлдэж, маргалдаад байсан ...” /хх 28-29/,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Х.Эрдэнэсоёлын Гэмтэл согог судлалын үндэсний төвд авахуулсан рентген зургийг харахад хугарлын шинэ шугамтай, шинэ гэмтэл байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Хэрэв 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Х.Эрдэнэсоёлын баруун гарын хуруу нь хугарсан, цуурсан байсан бол бороололттой нэмэлт сүүдэр илрэх ёстой. Зураг дээр ямар нэгэн шинж тэмдэг, сүүдэр байхгүй байна. Ийм учраас шинэ гэмтэл юм. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэмтлийн эмчийн оношоор “баруун сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүр ясны далд хугарал” гэсэн байна. Хэрэв хуучин хугарал байсан бол эмч хуучин хэсгийг онош хэсэгт заавал дурдах ёстой ...”  /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… Х.Эрдэнэсоёлын биед баруун гарын сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй …” гэсэн 14958 тоот шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… Т.Мөнхтуяагийн биед баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун хөлийн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй …” гэсэн 14959 тоот шинжээчийн дүгнэлт /хх 35-36/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

О.Гончигсүрэнгийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүх, О.Гончигсүрэнгийн хохирогч Т.Мөнхтуяад хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Мөн шүүх О.Гончигсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Гончигсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ялтны гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

 

          Ялтан О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг “… О.Гончигсүрэнд холбогдох хэргийн хохирогчид учирсан гэмтэл урьд авсан гэмтэл тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

         

          Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Х.Эрдэнэсоёлын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “... Х.Эрдэнэсоёлын биед учирсан гэмтэл шинэ гэмтэл ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр өмгөөлөгч Д.Энхцэцэгийн давж заалдсан гомдлын үндэслэл няцаагдах бөгөөд Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гараагүй гэж үзэв.

          Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр О.Гончигсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, О.Гончигсүрэнгийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

         

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Эрдэнэсоёлд /хх 58/ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлан өгч, энэхүү эрхээ эдлэх эсэхийг асуулгүй зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийг тайлбарлаж, хохирогчоор мэдүүлэг авсан байх боловч энэ нь шүүх хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчөөгүй болохыг дурдаж байна.

         

Иймд ялтан О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Гончигсүрэнгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ