Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2016/0035/З |
Дугаар | 111/ШШ2017/0007 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 111/ШШ2017/0007
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга А.Батдорж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч аймгийн Засаг дарга *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******д холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх, тухайн захирамжийн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 9500 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.500.000 төгрөг нийт 1.509.500 төгрөгийг төрөөс гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1987 онд ОХБДС-ийг төгсч тус аймгийн Бөмбөгөр сумын 10 жилийн дунд сургуульд орос, англи хэлний багшаар 1994 он хүртэл, 1994-1999 онд Өлзийт сумын 10 жилийн дунд сургуульд гадаад хэлний багшаар, 1999 оноос хамт олны саналаар тус сургуулийн захирлаар сонгогдож 2003 оныг хуртэл тус тус ажилласан.
2003-2013 онд Баянхонгор аймаг дахь ХҮДС-ийн салбар сургуулийн дэд захирлаар, 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар томилогдон 2016 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан.
Боловсролын салбарыг удирдан ажиллахдаа Монгол улсын Засгийн газрын "Зөв Монгол хүүхэд" "Авъяас" хөтөлбөрүүд, Сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлсэн таван аймгийн нэгээр шалгарсан.
Аймгийн хэмжээний нийт хүүхдийн авъяасыг хөгжүүлж, тэднийг хичээлээс гадуур, дугуйлан, сонгон, секцэд хамрагдалт 35 хувь байсныг 99,6 хувьд хүргэж, "Чулуун царгил" төслийн ажлыг хэрэгжүүлснээр уг хөгжмийг улсын хэмжээнд аймгийн брэнд болгон хөгжүүлж чадсан.
"Уртын дуу", "Найрал дуу" зэрэг төсөлт ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол ардын уртын дуу дуулах өв соёлыг, өсвөр хойч үедээ уламжлуулах томоохон арга хэмжээ болж, аймгийн хэмжээнд 8000 гаруй хүүхэд уртын дууны дугуйланд хичээллэж, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулж аймгийн наадмын нээлтэд 2220 хүүхэд гурван уртын дуугаар ая дууны түрлэг өргөсөн.
Монголын хөгжмийн зохиолчдын ноён оргилын нэг, тус аймгийн уугуул Г.Бирваа агсны 100 жилийн ойд зориулж 1000-н хүүхдийн найрал дууг аймгийн талбайд дуулуулсан. 2013-2016 онд аймгийн хэмжээнд сурлагын ажилт 9.5%-р, чанар 6% -р ахисан бөгөөд, элсэлтийн ерөнхий шалгалтанд тус аймаг 20-р байранд байсныг, 10 байраар ахиулж 10 дугаар байранд оруулсан зэрэг амжилтуудыг гаргаж, төрийн албанд 29 жил ажиллахдаа, ял шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд боловсролын бүхий л салбарт зохих үр дүн, амжилтуудыг гарган ажиллаж ирсэн.
Гэтэл Аймгийн Засаг дарга ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамжаар, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэм төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн.
Ингэж чөлөөлөхдөө ямар ажлын зайлшгүй шаардлагаар намайг ажлаас чөлөөлөх гээд байгаагаа хэлээгүй, зүгээр л "намын шаарлагаар таныг ажлаас чөлөөлөх шаардлагатай байгаа учир Боловсрол соёл урлагийн газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, одоогийн цалинг бууруулахгүйгээр ажиллуулах" талаар надад хэлж байсан.
Миний хувьд Засаг даргатай энэ талаар тохиролцоогүй, өөр байгууллага, албан тушаалд шилжих талаар санал ч гаргаагүй учир захирамжинд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь шинээр томилогдсон Засаг даргын зүгээс намайг "намын шаардлагаар" гэх зэргээр үзэл бодлоор ялгаварласан, миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна.
Миний хувьд төрийн захиргааны албан хаагч бөгөөд төрийн албаны хуулиар аль нэг нам улстөрийн үйл ажиллагааг дэмжих хориотой, энэ талаар ч гэсэн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй, харин ч төрийн албан хаагчийн хувьд эрхэлж байгаа албан тушаалдаа үнэнчээр зүтгэх, хэн нэгнийг ямар нэгэн байдлаар ялгаварлаагүй, зарчим ч шаардлагыг тавьж байсан.
Гэтэл орон нутгийн хэмжээнд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, иргэдийн эрхийг зөрчихгүй байх, тэдгээрийг ялгаварлан гадуурхахгүй байх үүргийг сахин хүлээсэн Засаг даргын зүгээс энэ мэтээр хүнийг үзэл бодлын хувьд ялгаварлаж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Миний хувьд аймгийн Боловсролын байгууллага гэх том айлыг авч явж байсан, энэ байгууллага нь ямар нэгэн улс төрийн чиг баримжаагаар ажиллаж болохгүй гэдгийг мэднэ.
Аймгийн Засаг дарга нь намайг 2016 оны 11 сарын 01-ний өдөр уулзахдаа надтай ярилцаж "таныг ТЗ-5 зэрэглэлд, соёлын өв хариуцсан мэргэжилтнээр ажиллуулья" гэж хэлснийг ч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн албан тушаалын цалин нь, миний өмнө ажиллаж байсан албан тушаалын цалингаас 546.227, төгрөг буюу 61.6 хувиар буурч байгаа юм.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамж нь миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" эрхийг зөрчсөн, төрийн албаны тухай хуулийн 16.1-д заасан " төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно." гэх хориглолтыг зөрчсөн хууль бус захирамж юм. Энэ талаар миний бие Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2-д зааснаар Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 11 сарын 29-ний өдөр хандсан. Харин Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 12 сарын 07 ны өдөр "Аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргатай зөвшилцөж одоогийн байдлаар сул байгаа орон тоо буюу Соёлын өв хариуцсан мэргэжилтнээр томилуулах санал дээр зөвшилцөлд хүрлээ." гэх хариуг ирүүлснийг би хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ хууль бус захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир би хууль зүйн туслалцаа авсан. Мөн энэ захирамжийн улмаас цалингаараа хохирч байгаа, мөн захирамжийг хууль ёсны дагуу шийдүүлэхийн тулд холбогдох байгууллагад нь хандахад тодорхой хохирол гарч байгаа юм. Энэ хохирлыг Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу төрөөс гаргуулах хүсэлттэй байна.
Иймд дараахи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамж нь хууль бус тул тус захирмжийг хүчингүй болгуулах;
2. Намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын ажилд эргүүлэн тогтоох,
3. Ажилгүй байсан хугацааны цалин 2.851.896 төгрөгийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхон бичилт хийлгүүлэх,
4. Тухайн захирамжийн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 9 500 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.500 000.төгрөг, нийт 1.509.500 /нэг сая таван зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Боловсрол соёлын газрын дарга байсан Баянхонгор аймгийн Засаг дарга ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 22.1-т заасан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн үндэслэлээр намайг ажпаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө ямар ажпын шаардлагаар чөлөөлж байгааг хэлээгүй, намын шаардлагаар таныг ажлаас чөлөөлөх шаардлагатай байгаа учраас Боловсрол, соёл, урлагийн газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, одоогийн цалинг бууруулахгүйгээр ажлуулах талаар надад хэлж байсан, миний хувьд энэ талаар тохиролцоогүй, өөр байгууллага, албан тушаалд шилжих талаар санал ч гаргаагүй тул гомдолтой гэсэн нэхэмжпэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбар гаргаж байна.
Иргэн *******г ажлын зайлшгүй шаардлагаар чөлөөлсөн. Үүнд ажлын шаардлага гэдгийг тодруулбал:
1. Төрийн удирдах албан хаагчийн үүрэг, хариуцлага, ёс зүйг зөрчсөн. ******* нь төрийн байгууллагад ажиллалгүй хувийн дээд сургуульд 10 жил ажиллаж байгаад намын улс төрийн үйл ажиллагааг дэмжсэн учир Боловсролын газрын даргаар намын томилгоогоор томилогдсон. Намын даалгавраар томилогдон 1 сарын хугацаатай ажилласан Ганболдоос /эрүүл мэндээр шаардлага хангахгүй гэдэг шалтаг/ ажил хүлээн авсан ч цаанаа намын даалгавар бодлогоор томилогдсон байдаг. Томилогдоод өмнө хууль бусаар даргын ажлаас халагдсан хүнийг ямар нэг асуудал гаргуулахгүйн тулд хэзээ ч байгаагүй “Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” гэсэн шинэ орон тоог буй болгож ТЗ-7-оор буюу цалин бууруулахгүй гэсэн зарчмаар цалинжуулж байсан. Мөн өөрийн дураар албаны дарга, ахлах мэргэжилтэн гэх мэт цолыг зарим нэг хүмүүст өгч өндөр шатлалаар цалинжуулж, албан хаагч, мэргэжилтнүүдийг ялгаварлан цалинжуулдаг байсан. Үүнийг Боловсрол соёлын газрын цалингийн хавтгайгаас харж болно.
2. Боловсрол соёлын газар нь орон нутагт боловсролын талаар баримтлах ойрын болон алсын бодлогыг тодорхойлж ажиллах байтал дунд хугацааны болон хэтийн ямар ч хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллаагүй. Бодлогын бичиг баримт боловсруулах ажилд оролцдоггүй. Мэргэжилтнүүдийн боловсруулсан стратеги төлөвлөгөөг зохих газраар нь хэлэлцүүлж, батлуулж мөрдүүлдэггүй, байгууллагын ажлын төлөвлөгөө боловсруулахад оролцдоггүй, жилийн ажлын төлөвлөгөө 3, 4 сараар хойшилж батлагддаг. Үүнээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Зөвхөн ажил хийсэн мэт харагдах гэсэн байдлаар үзүүлэх тоглолт, шоуг зохион байгуулж, үүнд ач холбогдол өгч ажилладаг.
3. 2013-2016 онд аймгийн хэмжээний сурлагын амжилт 9,5%-р, чанар 6%-р ахисан гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Ахиц, амжилтын хувьд үүнээс бага байгаа. 2016 онд аймгийн нийт сургуулиудаас амжилт, чанарыг тогтоох ямар ч шалгалт аваагүй. 2014 оны хавар 5, 9. 11-р ангиас түвшин тогтоох шалгалт авахад амжилт 51,9%, чанар 17,5%-тай, 2015 онд 4, 8, 10-р ангиас шалгалт авахад 56,2%, чанар 18,07% шалгагдсан байдаг. Сурлагын амжилт, чанарыг ахиулах талаар тодорхой ажил хийгээгүй.
4. Элсэлтийн ерөнхий шалгалтанд тус аймаг 20 дугаар байранд байсныг 10 байр ахиулж 10 дугаар байранд оруулсан гэдэг нь үндэслэлгүй. 2013 оноос хойш тус аймаг элсэлтийн ерөнхий шалгалтаар хэзээ ч 10 дугаар байранд ороогүй. 2013 онд 19, 2014 онд 16, 2015 онд 15, 2016 онд 20-р байранд орсон байдаг.
Иймд боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, цалин хөлсийг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлээр зөв тогтоох, орон нутагт боловсролын талаар баримтлах бодлого чиглэлийг тодорхойлж ажиллах, сургалтын ахиц, амжилт, Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар үнэн зөв мэдээллийг төр захиргааны болон олон нийтэд үнэн зөв мэдээлж, шударга ажиллах зайлшгүй шаардлагын үүднээс *******г чөлөөлсөн ба түүнтэй зөвшилцөж Боловсрол соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлж ажлын байраар хангасан. Өөртэй нь зөвшилцөж, тохиролцон ажлаас чөлөөлсөн.
Боловсрол, соёл, урлагийн газар нь *******г “Соёлын өв хариуцсан” мэргэжилтнээр ажиллуулж, ТЗ-5-аар цалинжуулах санал тавьсан. “Соёлын өв хариуцсан” мэргэжилтэн гэсэн орон тоо нь Төрийн захиргааны албан тушаалын ангилалаар ТЗ-5-аар цалинждаг орон тоо юм.”
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.851.896 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх, тухайн захирамжийн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 9500 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.500.000 төгрөг нийт 1.509.500 төгрөгийг төрөөс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх, тухайн захирамжийн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 9500 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.500.000 төгрөг нийт 1.509.500 төгрөгийг төрөөс гаргуулах” гэж тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “******* ажилд томилох тухай” Б/669, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “******* ажилд томилох тухай” Б/215 дугаар захирамжуудаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж, *******г төрийн албанаас чөлөөлсөн үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дараагийн этгээдийг томилон ажиллуулсан үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч *******г Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилж, чөлөөлөх тухай” 111 дүгээр захирамжаар Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” 592 дугаар захирамжаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилон ажиллуулж байжээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/688 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, уг газрын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баянхонгор амгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжийн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтууд гэж тодорхойлсон.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******г Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалаас чөлөөлснийг шүүх хууль бус гэж дүгнэлээ.
Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас чөлөөлөх эрхтэй боловч чөлөөлөхдөө төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалттай.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг нь төрийн албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах харицааг зохицуулсан заалт юм. Ингэж шилжүүлэхдээ 3 нөхцөлийг хангасан тохиолдолд хэрэглэгдэхээр, өөрөөр хэлбэл, нэгдүгээрт албан ажлын шаардлагаар, хоёрдугаарт төрийн албан хаагчтай тохиролцсон байх, гуравдугаарт төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар байна.
Тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга *******г албан ажлын шаардлагаар чөлөөлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан төрийн удирдах албан хаагчийн үүрэг, хариуцлага, ёс зүйг зөрчсөн, Боловсрол, соёл, урлагийн газрын боловсролын талаар баримтлах алсын, дунд хугацааны, хэтийн хөтөлбөр, стратеги, байгууллагын төлөвлөгөөг боловсруулан батлуулаагүй, хэлэлцүүлээгүй, мөрдүүлээгүй, 2016 онд аймгийн нийт сургуулиудаас амжилт, чанарыг тогтоох шалгалт аваагүй, улсын хэмжээнд муу үзүүлэлттэй ажилласан гэх асуудлууд нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл бус, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах зөрчил юм. Хариуцагч ******* хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч *******тай тохиролцож, албан тушаалаас нь чөлөөлсөн гэх тайлбарыг гаргах боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Тохиролцсон асуудлыг бичгэн хэлбэрээр баримтжуулах, тухайлбал тэмдэглэл үйлдэх, өөр бусад байдлаар нотлох нь захиргааны байгууллагын үүрэг атал баримтжуулаагүй нь тохиролцсон гэж үзэх үндэслэл биш гэж дүгнэв. Хэргийн оролцогч нар уулзсан тухай нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа удаа дараа дурдсан, амаар тодорхой асуудлаар ярилцсан байхыг шүүх үгүйсгэхгүй, харин баримтжуулаагүйг нь буруу гэж үзсэн болно. Түүнчлэн нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж, Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн асуудал нь төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлсэн бус тухайн байгууллагын шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн байдал юм.
Үүнээс гадна Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/688 дугаар захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь нийтлэг бүрэн эрхийн заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Сонсох ажиллагаа хийгээгүй нь хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга *******, нэхэмжлэгч ******* нарын шүүх хуралдаанд гаргасан “Сонгох ажиллагаа хийгдээгүй” гэх тайлбараар нотлогдсон болно. Энэ нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим” гэснийг зөрчсөн, захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж дүгнэлээ.
Хоёр. “Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч *******г төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажиллах боломжоор хангаагүй буруутай байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 7.112.460 /Долоон сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч *******гийн үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.
Гурав. Хууль бус актын улмаас учирсан хохирол 1.509.500 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч *******гийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлүүлэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан, хэргийн оролцогчийн үүргээ биелүүлсэн үйлдэл байх тул 1.509.500 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******г Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 7.112.460 /Долоон сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэгч *******д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгосугай.
3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг баримтлан “1.509.500 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН