Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0058/З |
Дугаар | 221/МА2019/0419 |
Огноо | 2019-08-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2019/0419
Г.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлоор, Г.Б-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.3, 64 дүгээр зүйлийн 64.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар з үйлийн 1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 10 сар 21 хоногийн 8538100 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарын давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн. Үүнд: Төрийн захиргааны байгууллага анх иргэн Г.Б-ыг 2015.10.08-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан гэрээт ажилтнаар, гэрээт ажилтан буюу төрийн албаны шалгалт өгөөгүй байхад төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн албан тушаалд 2016.08.12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2 хоногийн дараа 2016.08.17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулахаар, 2017.03.14-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгосон тус тус тушаалууд гаргасан байдаг. Яам дээрх алдаатай захиргааны актуудаа хуульд нийцүүлэн засаж 2018.10.29-ний өдрийн Б/241 дүгээр тушаал гаргасан ба гомдол гаргаагүй, шүүхэд маргаагүй.
Г.Б нь хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхдаа 2018.06.25-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг яам хүлээн авч ажилд эргүүлэн авах тухай болон бусад ажлын байр санал болгоход томилогдоогүй ажиллаж байгаагүй албан тушаал болох ахлах түшмэлийн ажилд орохоо илэрхийлснээр энэхүү маргаан үүссэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан шүүх хурлын шийдвэр гаргах хүртэл нэхэмжлэлийн шаардлага хэвээр байснаа гэнэт ахлах мэргэжилтний ажилд томилуулах нэхэмжлэлээсээ татгалзаж төрийн байгууллага болох шүүх, яамаар тоглон мөн ажилд орох дүр эсгэсэн хүсэлт гаргаж, 10 сар санаатайгаар ажиллахаас зайлсхийж 8,538,100.00 төгрөгийг улсаас гаргуулах болсон баримтуудыг шүүх дүгнэж үзээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр Г.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд Г.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй Г.Б-ыг анх хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар төрийн сангийн төлбөр, тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулжээ. Улмаар түүнийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан байх бөгөөд өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, жирэмсний амралт олгожээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “жирэмсний болон хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж ажилдаа орох”-оор гаргасан Г.Б-ын хүсэлтэд “төрийн захиргааны албан хаагчийн шалгалтад орж тэнцээгүй, нөөцөд бүртгэлгүй иргэнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон нь буруу байсан тул төрийн жинхэнэ албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй” гэсэн шалтгаан зааж, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дүгээр тушаалаар өмнө түүнийг ажилд томилсон холбогдох тушаалуудад “түр орлон гүйцэтгэгч” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.
Гэтэл дээрх тушаалыг гаргах үед нэхэмжлэгчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэх үндэслэл болсон “сонгон шалгаруулалтад ороогүй” гэх шалтгаан арилсан буюу нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байжээ.
Ийнхүү нэхэмжлэгч нь Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх болзлыг хангасны дараа түүнийг “сонгон шалгаруулалтад” ороогүй гэх үндэслэлээр “түр орлон гүйцэтгэгч” гэж өөрчлөлт оруулах нь ач холбогдолгүй, ингэснээрээ түүнийг өмнө эрхэлж байсан төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч Г.Б нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх болзлыг хангаагүй байхад нь нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд жинхлэн томилсон хариуцагчийн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд болзол шалгуур хангаж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсний дараа эрх зүйн байдлыг нь дордуулан “мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон байдлаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалуудад өөрчлөлт оруулсан хариуцагчийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн “жирэмсний болон амаржсаны амралт”-тай байсан хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, энэ асуудлаар үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална; 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй” 36.1.3-т “хуульд заасан бусад тохиолдол”, 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус зааснаар “хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй боловч ажилдаа орохоор хүсэлт гаргасан” ажилтныг ажил олгогч ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.
Иймд хариуцагчийн “сонгон шалгаруулалтад ороогүй” гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүхээс дээрх асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, төрийн албанаас халагдах харилцаа үүсээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг баримталсан, түүнчлэн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн заалтыг баримталсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд хуулийн энэхүү зүйлд заасан харилцаа үүсээгүйг шүүх анхаараагүй байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийг ажилд үргэлжлүүлэн томилоогүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох ёстой.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо ямар аргаар, хэрхэн тооцож, 8 538 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Тэрчлэн нэхэмжлэгч нь түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалинг нэхэмжилж маргасан.
Гэтэл Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолуудаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг тус тус шинэчлэн тогтоосон байх тул шүүхээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг шууд тооцоолон бодох боломжгүй байна.
Иймд хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг үүссэн гэж үзээд энэ өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг зохих журмын дагуу бодон нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Б-ыг өмнөх ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу бодож олгохыг, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН