Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/0023

 

                            “Онги голынхон хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0630 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, Б.Саран нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Онги голынхон хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 6, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн, 7.1.6, 7.1.13 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Онги голынхон хөдөлгөөн” ТББ-ын “Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0630 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/MA2018/0630 тоот магадлалыг хүлээж аваад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн “...Тодруулбал байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргасны үндсэн дээр уг хохиролд нөхөн төлбөр ногдуулах, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх харилцаа үүсэх учраас байгаль орчинд учирсан хохирлыг тооцох ажлыг зохион байгуулах чиг үүрэг нь аймаг, сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нарын бүрэн эрхэд хамаарна гэж үзэхээр байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Учир нь: Манай байгууллагын зүгээс Байгаль орчин, аялал жуучлалын яамыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заагдсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Бөөрөлжүүтийн голын хамгаалалтын бүсүүдэд хохирол учирсан. Ийм учраас уг хохирлыг тооцон гаргах үүрэг нь хариуцагчид хуулиар олгогдсон гэж үзэж байгаа билээ.

6. Гэтэл давж заалдах шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй байна гэж үзсэнийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг аймаг сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагчид олгогдсон эрх, үүрэгтэй харьцуулан, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэт нэг талыг барин хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8. Манай байгууллага нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар дурдсан нэхэмжлэл гаргасан.

9. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

10. Хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/MA2018/0630 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгчээс хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.  

13. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 15.1.2-т “байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам батлаж биелэлтийг хангуулах” гэж заасан байх бөгөөд энэхүү бүрэн эрхийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/156 дугаар тушаалын хавсралтаар “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталжээ.

14. Дээр дурдсан тушаалын 2-д “...байгаль орчинд...учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох ажлыг зохион байгуулахыг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт...”, 3-т “...байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг...гүйцэтгүүлж холбогдох зардлыг нэхэмжлэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт...” тус тус даалгасан байна.

15. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.2.1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 16.2.4-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” эрхтэй талаар тодорхой заажээ.   

16. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хохирол тооцох аргачлалыг баталж, түүний хэрэгжилтийн байдалд хяналт тавих, аймаг, сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нь аргачлалыг хэрэгжүүлэх, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргах ажлыг зохион байгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хохирол тооцон гаргах, түүнийг мэдээлэх бүрэн эрхийг хуулиар олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй боломжгүй байна.   

17. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуучлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заагдсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Бөөрөлжүүтийн голын хамгаалалтын бүсүүдэд хохирол учирсан...уг хохирлыг тооцон гаргах үүрэг нь хариуцагчид хуулиар олгогдсон” гэх агуулгаар маргасан ч байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг ажлыг хариуцан зохион байгуулах эрх бүхий этгээдийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т тухайлан нэрлэн заасан, нэхэмжлэгчийн “...үнэлгээ хийлгэхийг даалгах...” шаардлагын хүрээнд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан хэмээх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.        

18. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0630 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН