Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 140/2016/00207/и/ |
Дугаар | 295 |
Огноо | 2016-08-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн шинэ хэсэг 6-16 тоотод оршин суух Батцэнгэлийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт холбогдох
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай Б/61 тоот тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцахад надад шүүхийн архивын ажиллах журам зөрчиж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж сануулах арга хэмжээ авсан. Мөн Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 тоот тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад намайг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан дэг журмыг зөрчсөн гэж сануулах арга хэмжээ авсан байна. Уг тушаалуудад дурдсан зөрчлийг би гаргаагүй хуульд заасан журмын дагуу ажиллаж байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61 тоот, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 тоот тушаалууд нь эрх зүйн үндэслэлгүй болон намайг зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан болгож тушаалд тусган сахилгын арга хэмжээ авсан нь миний хөдөлмөрлөх болон бусад эрхийг зөрчиж байна. Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61 тоот, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 тоот тушаалуудыг хүчингүй болгуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал миний бие шүүхийн мэдэгдэх хуудсын дагуу тус шүүхэд хүрэлцэн ирж, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт холбогдох Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэл болон өөрийн эрх үүрэгтэй танилцлаа. Б.Долгорсүрэн нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай Б/61 тоот тушаал, мөн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай Б/81 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах талаар дурдаж, тушаалуудад дурдсан зөрчлийг гаргаагүй, хуульд заасан журмын дагуу ажиллаж байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзжээ. Мөн дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалуудыг эрх зүйн үндэслэлгүй болон зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан болгож тушаалд тусгасан талаар дурдсанд дараах хариу тайлбарыг гаргаж, хүргүүлэв. Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал миний бие Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.7-д "Шүүхийн архив, мэдээлэл лавлагааны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ...", Завхан аймаг дахь шүүхүүдийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 -д "Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх, ажил, үйлчилгээний чанарыг сайжруулахыг шаардах", 3.2-д "Шүүхийн захиргааны тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль болон удирдлагаас батлан гаргасан дүрэм, журам, зааврыг чанд биелүүлэхийг шаардах, түүний биелэлтэд хяналт тавих" гэж тус тус заасны дагуу архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэнгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад Б.Долгорсүрэн нь Шүүхийн архивын ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.3-д "Архивын ажилтан энэ журмын хавсралтад заасан маягт /1-14/-ын дагуу данс бүртгэлийг хөтөлж, хөдөлгөөнийг тэмдэглэнэ" гэж заасны дагуу холбогдох маягтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахгүй байсан. Ж.Түвшинжаргал миний бие энэ талаар архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэнд удаа дараа үүрэг даалгавар өгсөн боловч одоог хүртэл үр дүн гараагүй байна. Иймд Ж.Түвшинжаргал миний бие Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д "шүүхийн тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах", Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 10 дугаар зүйлийн 10.5.7-д "Архивын нэгж болгон хадгалах, хамгаалах, ашиглуулах, шүүхийн бичиг хэргийг хөтлөх, түүний шийдвэрлэлт хяналт тавьж, Ерөнхий шүүгч, тамгын газрын даргыг мэдээллээр хангах" гэж заасны дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэнгээс бичгээр хүлээн авахад, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр түүний бичсэн тайлбартаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан Архивын ажиллах журмыг зөрчсөн талаар дурдсан. Иймд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал миний бие архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэнг Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, Завхан аймаг дахь шүүхүүдийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.7, 4.10, 4.12, мөн Шүүхийн архивын ажиллах журам зөрчиж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж, Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн түүнд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61 тоот тушаалаар "Сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д "Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно." гэж заасны дагуу Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/89 дугаартай тушаалаар Архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэнг жирэмсний амралт эдлэх болсон учир ажлаас нь чөлөөлж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Долгорсүрэн амаржсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд "Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.", мөн Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмын 2 дугаар зүйлийн 2.5.1-д "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно", гэж заасныг үндэслэн Б.Долгорсүрэнд жирэмсний амралтын 60 хоногийн листийн мөнгө болох 1592178 төгрөгийг, амаржсаны амралтын 60 хоногийн лист мөнгө болох 1440542 төгрөгийг тус тус олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно." гэж заасны дагуу ажил олгогч хүүхэд асрах чөлөөг Б.Долгорсүрэнд олгоогүй болно. Гэтэл Архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа орсон. Иймд Архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Б.Долгорсүрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д "Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно." гэж заасан амралтын хугацааг хэтрүүлсэн мөн Завхан аймаг дахь шүүхүүдийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7-д "Шүүгч, ажилтан томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагүйгээр болон урьдчилан мэдэгдээгүйгээр ажилд ирээгүй, бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно", 7.11-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу эхчүүд /бага насны хүүхэдтэй ганц бие эцэг болон хүүхэд үрчлэн авах хүмүүс/-д тэдний хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөөг олгоно" гэж заасныг зөрчсөн гэж үзэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан дэг журмыг зөрчсөн түүнд 2016 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн Б/81 тоот тушаалаар "Сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дугаартай тушаалуудаар тус тус нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Түвшинжаргал нь татгалзалдаа “...Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн мөн шүүхийн архивын ажиллаж журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан дэг журмыг зөрчсөн...” учраас сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргаж байна.
Ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэл бүхий, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан эрхийн акт гаргах ба хариуцагч Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дугаартай тушаалууд нь дээрх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь хөдөлмөрийн сахилгын зөрчил нь хууль зүйн факт болохынхоо хувьд хууль зүйн тодорхой үр дагавар бий болгож, өөрчилж, дуусгавар болгож байдаг ба хөдөлмөрийн харилцааны хувьд хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал юм. Ажил олгогч хүний хөдөлмөрлөх эрхэд халдахдаа тухайн зөрчил бодитойгоор гарсан, зөрчил баримтаар тогтоогдсон байх, үүний үндсэн дээр тушаал шийдвэр нь үндэслэлтэй гарах зэрэг ажилтны эрхийн хамгаалалт бүхий ойлголт, зарчим, зохицуулалтыг хуульчилсан байдаг. Энэ зарчмын дагуу нотлох баримтыг судлахад Б/61, Б/81 тушаалуудад д урдсан үйл баримт хэрхэн яаж нотлогдож байгаа талаарх баримт буюу тухайлбал ажилтны тайлбар гэх зүйл нь өөрөө бичсэн тайлбар шинжтэй байгаагаас биш ямар эрх бүхий этгээдийн ямар үзлэг шалгалт, ажиллагаагаар илэрсэн, уг фактыг ямар үйл ажиллагааны журам зөрчсөн, сахилгын зөрчил гэж хэзээ хэн хэлэлцэн дүгнэж тогтоосон болох зэрэг баримтууд хэрэгт байхгүй, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас гэх баримт нь дээрх тушаалууд гарсны дараах баримт байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт гаргасан “ажилд орох тухай” хүсэлтийг ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь уг хүсэлтийг ирүүлэхээс өмнө чөлөө аваагүй, амралтын хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг нотолж чадахгүй байна. Тодруулбал тухайн цаг хугацаанд холбогдох ажилтны хүсэлтийн бүртгэл, тушаал шийдвэрийн дугаарын бүртгэл, ажлын цагийн бүртгэл зэрэг зөрчлийг тогтоосон талаарх холбогдох баримтууд байхгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/61, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/81 дүгээр тушаалуудыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН