Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2024/00864

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00864

 

 

П.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00345 дугаар шийдвэртэй, П.О-гийн нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, * дугаар хороо , Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, П худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын * дүгээр байр , 3 дугаар давхарт байрлах 38,9 м.кв талбай бүхий * тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох,

Уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн...10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Ж ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в/ барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн * дугаар хороо ны нутаг дэвсгэрт баригдаж байсан П худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах 38,9 м.кв талбай бүхий * тоот үйлчилгээний талбайг 179,251,200 төгрөгөөр захиалсан.

1.1. Уг гэрээний 3.1-д зааснаар Ж ХХК нь үйлчилгээний талбайг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн захиалсан талбайг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу гэрээгээр тохиролцсон хугацаанаас хойш нийт 639 хоног хэтрүүлэн хүлээлгэн өгсөн.

1.2. Гэрээний 3.4-т гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагыг заасан бөгөөд компанийн боловсруулсан гэрээний хүрээнд байгуулсан нь захиалагч талд илт хохиролтой гэрээний нөхцөл байсан. Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасан байхад гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний 3.4 дэх заалтын дээрх нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Гүйцэтгэгч Ж ХХК -ийн төлбөл зохих алдангийг тооцвол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 639 хоногийн алданги 114,541,516.8 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 89,625,600 төгрөг болж байх тул хуульд заасан хэмжээгээр алдангийн хэмжээг нэхэмжлэх нь зүйтэй.

1.3. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн...10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18-11/22 дугаартай барилгад хөрөнгө оруулах гэрээг Д.Б-тай байгуулж, уг гэрээгээр Д.Б нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо нд байрлах П , үйлчилгээний зориулалтай, 759 дүгээр блок, /хаягаараа/ 3 давхрын * тоот од байрлах 38,9 м.кв талбайг захиалан бариулсан. Гэрээний 1.1-д зааснаар захиалагч талбайн төлбөрт нийт 186,720,000 төгрөг төлөх байсан. Үүнээс манай компани 7,468,800 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Ингээд 179,221,200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

2.1. Захиалагч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 5 хувааж төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад банкны барьцаа чөлөөлсөн бичиг дутуу байсан. Банкны хувьд манай компанитай маргаантай учраас уг бичгийг хийж өгөхгүй байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Харин барьцаа чөлөөлсөн бичгийг гаргаж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.2. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь захиалагч гэрээний нөхцөлтэй танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул алданги шаардсан нь үндэслэлгүй.

2.3. Гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрт 4 дэх сараас эхлэн 10 хувиар тооцож гэснийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 сард гэрээний зүйлийг хүлээн авсан гэж байна. Гэтэл 2020 онд цар тахлын үе байсан. Гэрээний 6.3-т гэнэтийн давагдашгүй хүчний нөлөөллийн улмаас хугацаа сунгагдахаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн хувьд төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гэрээг дүгнээгүй үлдэгдэлтэй байж алданги нэхэмжлэх боломжгүй. Харин манайх эсрэгээрээ алданги тооцох байсан. Гэвч манайх алдангийн талаар яриагүй. Хэрэв гэрээний 2.2-т төлбөрөө графикийн дагуу хугацаандаа төлөөгүй бол төлөх ёстой төлбөрийн 0,1 хувиар захиалагч алданги төлөх заалт байгаа. Үүний дагуу 243 хоног хэтрүүлсний алданги 5,444,755 төгрөг төлөх ёстой байсан. Ийм учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн гэрээний 2.9-д захиалагч энэхүү гэрээний 2.1-д заасан график төлбөрөө хугацаа хожимдуулж төлж байсан, хөнгөлөлт авсан, бартераар авч байсан тохиолдолд орон сууц ашиглалтад орох хугацаанаас хоцорсон талаар алданги, торгууль төлөхгүй талаар тохирсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6, 123.8, 343 дугаар зүйлийн 343.1, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.О-ийг Нийслэлийн Баянзүрх дүүрэг, * дугаар хороо , Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, П худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын * дүгээр байр ны 3 дугаар давхарт байрлах 38,9 м.кв талбай бүхий * тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж, Ж ХХК , П.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.4 дэх заалтын 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй. Тодруулбал, тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн захиалсан талбайг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу нийт 639 хоног хэтрүүлэн хүлээлгэн өгсөн.

4.2. Гэрээний 3.4-т гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагыг заасан бөгөөд тус гэрээг шууд санал болгосон, гэрээнд манай зүгээс өөрчлөлт оруулах, санал өгөх боломжгүй гэсэн тул үйлчилгээний талбай захиалахын тулд Ж ХХК-ийн санал болгосон гэрээний нөхцөлөөр гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.2, 3.3-т алдангийн талаар зохицуулахдаа захиалагчид илт хохиролтой гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр хуульд заасан. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний 3.3-т заасан заалт нь стандарт нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн "4 дэх сараас эхлэн...", "10%-аар тооцон..." гэх стандарт нөхцөл нь гүйцэтгэгч талын хүлээх хариуцлагыг хуульд зааснаас бага хэмжээгээр тогтоосон буюу хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна. Түүнчлэн, гэрээний 2.9 дэх заалт аливаа хөнгөлөлт эдлээгүй тул хөнгөлөлт эдэлсэн гэх үндэслэлээр алданги шаардах эрхээ алдах үндэслэл байхгүйгээс гадна, гэрээний 1.1-д заасан үнийн дүнгийн тооцоолол дээрх хөнгөлөлт гэх үг нь бодит хөнгөлөлт биш гүйцэтгэгч талын санал болгож буй гэрээний үнийн санал юм. Тиймээс, уг үнийн саналаар гэрээ байгуулагдаж, үйлчилгээний талбай захиалсан явдал нь захиалагч талыг хөнгөлөлт эдэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээний эдгээр стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх тул гүйцэтгэгч Ж ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 639 хоног, нэг өдрийн алданги 179,251,207 төгрөг, гэрээний дагуу тооцсон нийт алдангийн дүн 114,541,516 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийн хэмжээг тооцоход 89,625,600 төгрөг болж байх тул хуульд заасан хэмжээгээр алдангийн хэмжээг нэхэмжлэх нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Ж ХХК -аас алдангид 89,625,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О т олгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Үүнд алданги 89,625,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хариуцагч нь гүйцэтгэгч буюу барилгыг барьсан компани юм. Захиалгын гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд барилгыг хүлээлгэж өгөх байсан боловч тухайн төсөл нь том төсөл учраас магадгүй ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй гэсэн үүднээс хугацааг 3 сар хэтэрч болно гэх агуулгатай гэрээг байгуулсан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх байсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн. Учир нь 2020 оны эхээр цар тахал гарч нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан Ж ХХК -ийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Барилгыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн акт хэргийн 66-67 дугаар талд авагдсан. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч буюу захиалагч тал төлбөрөө төлж дуусаагүй байсан. Хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сүүлийн төлөлтөө хийж дуусгасан нь тогтоогддог. Манай барилгыг 2020 оны 11 дүгээр сард бэлэн болж нүүж орох боломжтой байсан боловч нэхэмжлэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас 2021 оны 09 дүгээр сард барилгыг хүлээж авсан акт хэрэгт авагдсан. Иймд хугацаа хоцроосон алдангийг төлөх үндэслэлгүй. Мөн хэргийн 5 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгчид 4 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, захиалгын гэрээний 2.9-т энэ гэрээний дагуу графикт заасан төлбөрөө хугацаа хожимдуулж төлж байсан. Эсхүл үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц авсан тохиолдолд алданги торгуулийг манай талаас төлж чадахгүй гэдгийг тохиролцсон. Үүнд гэрээний нийт үнийн дүнгийн 4 хувь буюу 7,468,800 төгрөгийг захиалагчид хөнгөлж, нийт 186,720,000 төгрөг төлөхөөс 179,251,200 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд дээрх шалтгааны улмаас 89,625,600 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй. Харин Ж ХХК хугацаа хожимдуулж төлбөр авсан алдангийг тооцсон бол 5,444,785 төгрөг болох байсан. Гэвч Ж ХХК -аас алданги тооцоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, үнэн зөв гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, * дугаар хороо , Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, П худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын * дүгээр байр , 3 дугаар давхар * тоот хаягт байрлах, 38,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн...10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Ж ХХК , Д.Б нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо ны нутаг дэвсгэрт баригдаж буй П барилгын 3 давхар 19 тоотод байрлах 38,9 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний 2.1-д заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ./хх17-23/

3.2. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Б нь дээрх гэрээний захиалагчийн эрхээ П.О т үнэ төлбөргүйгээр шилжүүлснийг эрх шилжүүлэн авагч П.О хүлээн авсан тухай гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. Иймд талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

3.3. Улмаар П.О нь Ж ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо ны нутаг дэвсгэрт баригдаж буй П барилгын 3 давхар/3-19/, №* тоот од байрлах 38,9 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний 2.1-д заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ./хх5-10/

Тухайн хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан П.О нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар уг гэрээтэй холбоотой шаардлагыг гүйцэтгэгч Ж ХХК-д гаргах эрхтэй.

4. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

4.1. Дээрх үйл баримтаас дүгнэхэд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, гэрээ хүчин төгөлдөр байна.

5. П.О нь гэрээгээр 186,720,000 төгрөг төлөх үүргээс 4 хувийн хөнгөлөлт буюу 7,468,800 төгрөгийг хасуулж, үлдэх 179,251,200 төгрөг төлөхөөс дээрх гэрээний төлбөрт 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 89,625,600 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22,406,400 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22,406,400 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 22,406,400 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 22,406,400 төгрөг, нийт 179,251,200 төгрөгийг Ж ХХК-д төлсөн болох нь талуудын төлбөр тооцоо үйлдсэн баримтаар тогтоогдсон/хх-24/ бөгөөд тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн * дугаар хороо ны нутаг дэвсгэрт баригдсан П барилгын 3 давхар/3-19/, * тоот од байрлах 38,9 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч П.О-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлбөр тооцооны үлдэгдэлгүй, гэрээний үүргээ биелүүлсэн учраас маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг зөвшөөрсөн байна.

6. Маргаан бүхий хөрөнгийг Ж ХХК нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ногдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн эдгээр шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч П.О-ийг Баянзүрх дүүргийн * дугаар хороо ны нутаг дэвсгэрт баригдаж буй П барилгын 3 давхар/3-19/, №* тоот од байрлах 38,9 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.4-т ...4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иас хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө гэж гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсныг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл гэж шүүх дүгнэж, уг гэрээний 3.4 дэх заалтын ...4 дэх сараас эхлэн...10%-аар тооцон... гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Гэрээний зүйлийг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулахгүй хүлээлгэн өгөх, хэрэв хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэч нь захиалагчид алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан байх тул уг гэрээний 3.4-т заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

8. Харин талууд гэрээний 2.9-д захиалагч нь гэрээний 2.1-д заасан графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан, хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, бартерын гэрээ байгуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээний 3.4-т заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж тохиролцсон. Уг заалтад алданги төлөхөөс чөлөөлөгдөх нөхцөлүүдийг захиалагч гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн гэсэн агуулгаар тохирсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчихгүй.

8.1. Гэрээний 1.1-д гэрээний үнийн дүнг 186,720,000 төгрөгөөр тогтоож үүнээс хөнгөлөлт 4% буюу 7,468,800 төгрөгийг хасч төлөх дүнг 179,251,200 төгрөгөөр тохиролцсон байна. Энэ нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал захиалагч нь төлбөл зохих үнийн дүнгээс тогтоосон хувь, хэмжээгээр багасгасан төлбөр төлөх буюу хөнгөлөлт эдлэхээр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан төлбөр тооцооны баримтаар захиалагч уг хөнгөлөлтийг эдэлсэн болох нь тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.О-ийг гэрээний 2.9-д заасны дагуу алданги шаардах эрхгүй үндэслэлээр хариуцагч Ж ХХК -аас алдангид 89,625,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

8.2. Үүнээс гадна гэрээний 2.1-д хөлс төлөх хуваарийг тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч Ж ХХК нь барилгыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ашиглалтад оруулж захиалагчид түлхүүр гардуулах нөхцөлийг хангасан байхад захиалагч нь үлдэгдэл төлбөр 22,406,600 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлж, төлбөр тооцоо дуусгасныг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Гэрээний 2.9-д захиалагч гэрээний 2.1-д заасан графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлсөн гэсэн нөхцөл нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасантай нийцсэн тул хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч анз авах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.О нь хариуцагч Ж ХХК -аас алданги шаардах эрхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

9. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлтийг дор дурдсанаар залруулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн зохицуулалтыг тусгах тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад алдангийн талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг орхигдуулсныг нэмж тусгаж, алдангид холбогдох шаардлагын томъёоллыг хуулийн агуулгад нийцүүлж найруулгыг зөвтгөнө. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээний холбогдох заалт тусгасныг хасна.

Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.8 дахь хэсгийг нэхэмжлэлийн үндэслэлд хамааруулж дүгнэснийг тогтоох хэсэгт баримтлахгүй тул уг хуулийн зүйл, заалтыг хасна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.О-ийг Баянзүрх дүүрэг, * дугаар хороо , Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, П худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын * дүгээр байр , 3 дугаар давхарт байрлах 38,9 м.кв талбай бүхий * тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж, Ж ХХК , П.О нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.4 дэх заалтын 4 дэх сараас эхлэн.., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 89,625,600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.О-гийн төлсөн 746,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН