Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г т холбогдох эрүүгийн 1906 01479 0663 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 7 дугаар гудамж, 335 тоотод эхнэр Ө.И той маргалдан улмаар үснээс нь зулгааж, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацар, эрүү, зүүн хөхний зулгаралт, баруун чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны үс халцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ө.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай хоёр хүүхэд, нөхөр бид 4 гэртээ байсан. Г  намайг цай чанасангүй, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхгүй байна гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд Г  бид хоёр хэрэлдэж байхад надруу гутал аваад шидчихсэн. Тэр гутал нь миний цээжин дээр онож миний цээж улайж зулгарсан байсан. Тэгэхээр нь би тэр надруу шидсэн гутлыг нь буцаагаад өөр лүү нь шидсэн. Тэгтэл Г  миний үснээс зулгаахаар нь би адилхан Г ийн үснээс зулгаасан. Тэгээд Г  миний баруун талын чихний дээд талд гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уйлаад гэрээс гарч гадаа гараад эгчдээ юу болсон талаар утсаар хэлэхэд эгч цагдаа дуудсан байсан..., одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ө.Нацагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай дүү Ичинхорлоо надруу утсаар залгаад намайг Г  зодоод байна би хүний утсаар гуйж ярьж байна гэж хэлсэн. Тэгээд би Г ийн гэрт нь очоод цагдаа дуудсан..., Ичинхорлоогийн цээжин дээр нь гутлын мөр гарчихсан босч чадахгүй сууж байсан гэх мэдүүлэг/ хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹2429 тоот дүгнэлтэд: 1.Ө.И гийн биед тархи доргилт, баруун хацар, эрүү, зүүн хөхний зулгаралт, баруун чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны үс халцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөхгүй гэжээ. /хэргийн 22 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.Г ийн өгсөн:...би өөрийн эхнэр Ө.И гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч их гэмшиж байна гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 7 дугаар гудамж, 335 тоотод эхнэр Ө.И той маргалдан улмаар үснээс нь зулгааж, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацар, эрүү, зүүн хөхний зулгаралт, баруун чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны үс халцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн... би өөрийн эхнэр Ө.И гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч их гэмшиж байна гэж гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид хоёр хэрэлдэж байхад надруу гутал аваад шидчихсэн. Тэр гутал нь миний цээжин дээр онож миний цээж улайж зулгарсан байсан..., Г  миний үснээс зулгаахаар нь би адилхан Г ийн үснээс зулгаасан..., миний баруун талын чихний дээд талд гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹2429 тоот дүгнэлтээр...Ө.И гийн биед тархи доргилт, баруун хацар, эрүү, зүүн хөхний зулгаралт, баруун чамархай, баруун нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны үс халцрал гэмтэл тогтоогдлоо..., хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Г ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Ө.И  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Г ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Г т үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.