Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/00836

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00836

 

 

Ц.Ж-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00998 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Ж-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Б-д холбогдох,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, /13321/ 0 дүгээр байр, * тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол /13321/ 0 байр, * тоот орон сууцны өмчлөгч болно. Иймээс өөрийн өмчлөлийн орон сууцаа И.Б-д түрээслээгүй, худалдаагүй. И.Б миний өмчлөлийн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарсан бөгөөд орон сууцаа чөлөөлж өгөхийг утсаар холбогдож хэлж, ярилцсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд И.Б-ыг орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. И.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2018 оны 02 дугаар сарын эхээр тус байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон бөгөөд дээрх гэрээний дагуу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр орон сууцыг хүлээн авч одоог хүртэл амьдарч байна. Орон сууцанд орж амьдарсанаас хойш орон сууцны ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн. Ц.Ж тус компанитай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу бид гэрээ хийснээс хойш 7 сарын дараа гэрээ байгуулсан. А ХХК нь давхардуулж гэрээ хийснээс хойш уг асуудал үүссэн гэж үзэж байна. Тус орон сууцны анхны захиалагч нь И.Б бөгөөд хууль ёсны шударга өмчлөгч нь тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, /13321/ 0 дүгээр байрны * тоот хаягт байршилтай 49.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хариуцагч И.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Орон сууцыг ашиглан залилан хийсэн, барьцаанд тавьж мөнгө завшсан, Л.М-ээс хууль бус арга замаар Ц.Ж-д шилжсэн, И.Б тус эрүүгийн хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор хохирогч болсон тухай баримтууд хэрэгт авагдсан. Яллах дүгнэлтээр Л.М Эрүүгийн хуулийн 17.3 заалтын 2.1, 3.1-д заасан хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд шинээр баригдаж байгаа орон сууц өмчлөх эрхийг анх удаа өөрийн нэр дээр бүртгүүлэхэд, барьцаанд тавьж мөнгө завшихдаа Л.М албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх магадлалтай гэж үзэж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын прокурорын 07 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн нь маргаж буй орон сууцтай холбоотой болохыг илэрхийлж байна. Л.М албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд авсан хэд хэдэн орон сууцны нэг нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, /13321/ 0 дүгээр байрны * тоот орон сууц бөгөөд ямар үндэслэлээр хамтран өмчлөгч нэмэх, хасах хэлцлээр Ц.Ж-д шилжүүлсэн, ямар шалтгаанаар тус орон сууцыг И.Б-д хүлээлгэн өгч, одоог хүртэл амьдруулж байгаа талаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болох нь яллах дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргээр тодорхой болно. Маргааны зүйл болох орон сууц нь эрүүгийн хэрэгт холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, улсын бүртгэлийн лавлагаа хэрэг үүсгэх тогтоол, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг яллах дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэргээр холбоотой болох тодорхой байхад шүүх нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч И.Б-д холбогдуулан Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, /13321/ 0 дүгээр байр, * тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд маргаан бүхий орон сууцыг бодитоор хэн эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Харин уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил хууль ёсны эсэх асуудал маргааны зүйл болжээ.

4. Ц.Ж нь А ХХК -тай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А-5/10/73 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Апартмент-5 хотхоны - айлын 3-р ээлжийн орон сууцны 10 давхарын 49,55 м.кв талбайтай * тоот орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны худалдах нийт үнэ 69,865,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх11-15/

4.1. А ХХК -ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр ...тус компанийн Апартмент-5 орон сууцны А5/10-* тоот гэрээний дугаартай * тоот хоёр өрөө орон сууцыг захиалагч Ц.Ж нь барилгын ажилд дотор хаалга нийлүүлж, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тул гэрээний эрх шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тусгаснаас үзвэл Ц.Ж нь уг орон сууцны төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан байна.

4.2. Ц.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Л.М тэй орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр орон сууц худалдан авах эрхээ Л.М д шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх69, 73/

Үүний дараа Л.М , Ц.Ж нар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл хийж, Ц.Ж-ыг өмчлөгчөөр нэмж 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх72, 74/

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ж , Л.М нар орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, мөн өдрөө улсын бүртгэлээс Л.М-ийг хасуулснаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, /13321/ 0 дүгээр байр, * тоот хаягт байршилтай 49.55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Ж бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон бөгөөд Ц.Ж өмчлөгч болсон үеэс түүнд өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй.

6. Хариуцагч И.Б нь ...А ХХК -тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр орон сууцыг худалдан авч, одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд тус компанийн борлуулалтын менежер Л.М нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх агуулгаар тайлбарлаж, татгалзлаа нотлохоор мөрдөгчийн тогтоол, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, прокурорын тогтоол зэрэг баримтуудыг гаргажээ.

Эдгээр баримтуудаас үзвэл Л.М нь А. ХХК , А Д ХХК болон Монголиан Айдиа Девелопмент Файнд ХХК-д тус тус борлуулалтын менежерээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт эрүүгийн журмаар шалгагдсан нь зохигчдын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй.

Л.М д холбогдох эрүүгийн хэрэгт хариуцагч И.Б нь хохирогчоор тогтоогдсон, эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 52,417,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба маргааны зүйлтэй холбогдолгүй байна. Хариуцагч болон Л.М нарын хоорондын харилцаа нь энэ маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч И.Б-ыг орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч И.Б-оос гадна түүний гэр бүл-ийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул уг хэсгийг хассан өөрчлөлтийг оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...сууцнаас хариуцагч И.Б болон түүний гэр бүлийг... гэснийг сууцыг хариуцагч И.Б-ын хууль бус эзэмшлээс гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН