Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Аригшан ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга Н.Дагвадорж нарт холбогдох

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээгийн услалтын системийн засварын ажлын үлдэгдэл санхүүжилт болох 49.800.000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч Н.Дагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гайтав, Ш.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Аригшан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чандмань сумын Хүрхрээгийн услалтын системийн засвар шинэчлэлтийн ажлын барих-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээг Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолоор энэхүү гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу нэг талаас Говь-Алтай аймгийн эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч Д.Чинзориг, нөгөө талаас Аригшан ХХК-ийн захирал Б.Оюунцэцэг /концесс эзэмшигч гэх/ хооронд 2015 оны 08 дугаар сарын 11-ний №04 гэрээг байгуулав. Концессын гэрээний 1.8-д заасны дагуу 2015 онд сумын орон нутгийн дагуу дээрхи ажлыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 49.800.000 /дөчин есөн сая найман зуун мянган/ төгрөгийг 2016 онд санхүүжүүлнэ гэсний дагуу 2016 оны 05 дугаар сард санхүүжилтийг хийх боловч аймаг, сумын төлөөлөлүүд Концессын гэрээний 1.8-д дурдсан үлдэгдэл 49.800.000 төгрөгийг 2016 онд олгоно гэсэн заалтыг шийдвэрлэж чадахгүй байгаа болно. Иймд манай бүрдүүлсэн материалыг үндэслэн 49.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гайтав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 08-нд Хүрхрээгийн услалтын систем дээр Чандмань сумын удирдлагууд, нутгийн иргэд, Аригшан ХХК-ийн төлөөлөгч, Хөдөө аж ахуйн газрын дарга нар хамтарч уг услалтын системийг хэрхэн завсарлах талаар ярилцсан. Энэ дээр манай хөдөө аж ахуйн дарга н.Амартүвшин улсын төсөвт уг 50.000.000 төгрөг суугаагүй, гэхдээ аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 20-30 сая төгрөгийг гаргаж сумаас гаргаж байгаа мөнгийг нэмж байгаад засварлах боломжтой гэсэн зүйлийг ярьж байсан. Гол маргаад байгаа зүйл бол сумын орон нутгийн хөгжлийн сангаас гаргах уу, аймгийн орон нутгийн сангаас гаргах уу гэх асуудал байгаа. Миний бодлоор гэрээний 1.8-д зааснаар 2015 онд 18.000.000 төгрөгийг, 2016  онд  49.800.000  төгрөгийг  гаргана  гэж  нэг  заалт  дотор  байгаа  учраас сум төлөх ойлголт байгаа. Хэрвээ уг заалтад аймаг гэж тодотгол хийсэн бол аймгаас гаргах боломжтой байсан үүнийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Соронзонболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ ажлыг 2016 оны 01 дүгээр сараас авсан. Энэ хэрэг бол 2015 онд болсон. Нэхэмжлэгч талаас аймгийн хөрөнгийг зоргоороо хувиарлах асуудал яриад байна. Аймгийн хөрөнгөөр хийхээр бол салбараар аймгийн Засаг даргад хүсэлт ирнэ. Аймгийн Засаг дарга иргэдийн хуралд оруулж хэлэлцээд батлагддаг байгаа. Энэ асуудлаар Чандмань сумаас хүсэлт ирж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдаж хийгдсэн ажил. Гэрээ байгуулах эрхийг иргэдийн Хурлаас аймгийн Засаг даргад олгосон. Засаг даргыг төлөөлж орлогч дарга н.Чинзориг баталж захиалагчийг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга гарын үсэг зурсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д сумын орон нутгийн хөгжлийн сангаас 2015 онд 18.000.000 төгрөг төлнө, үлдэгдэл 49.800.000 төгрөгийг 2016 онд төлнө гэж заасан. Энэ мөнгийг сумын орон нутгийн хөгжлийн сангаас төлнө гэж аймаг хандаж байгаа гэв.  

Хариуцагч Н.Дагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 05 дугаар сарын 08-нд Хүрхрээ голд хурал болж Хүрхрээ голын толгойн барилгын завсарыг хийе гэх асуудал яригдсан. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуйн дарга н.Амартүвшин, ерөнхий агрономич Б.Гайтав нар очсон байсан. Бид нар сумын орон нутгийн хөгжлийн сангаас тухайн мөнгийг гаргах боломжгүй байсан. Тухайн ажил үүргийн хувьд иргэдийн санал санхүүжилт нь хүрэхгүй байсан учир бид бүхэн аймагт хандсан. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, аймгийн Засаг дарга нарт хандсан. Энэ Хүрхрээгийн услалтын системийг засварлуулах асуудлаар хандахад газар дээр нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, ерөнхий агрономич нар очиж хурал хийгээд тухайн үед тэмдэглэл хөтөлж сумын орон нутгийн хөгжлийн сангаас 18.000.000 төгрөгийг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой асуудлын саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулж гаргуулахаар ярьсан байгаа. Энэ талаар хоёр тал ийм байдлаар ойлгож байсан. Түүний дагуу гэрээн дээр сумын орон нутгийн сангаас 18.000.000 төгрөг гаргуулсан, үлдэгдэл 49.800.000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулахаар байсан. Одоо 49.800.000 сумын орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж өгөх боломжгүй тул аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Аригшан ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Аригшан ХХК нь Чандмань сумын Хүрхрээгийн услалтын системийн засвар шинэчлэл барих-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 49.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Энэ нь хууль зүйн утгаараа ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгүүлэгч нэг талын үүргийн биелэлтийг шаардсан байна.

Аригшан ХХК болон Говь-Алтай аймгийн Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч нар нь Чандмань сумын Хүрхрээгийн услалтын системийн засвар шинэчлэлийн ажлын барих-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 04 дугаартай гэрээг байгуулсан байх тул Аригшан ХХК нь үлдэгдэл санхүүжилт болох 49.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Аригшан ХХК нь уг гэрээний 1.8-д “эрх бүхий этгээд нь концесс эзэмшигчид дэмжлэг болгон 2015 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаас 18.000.000 /арван  найман  сая/   төгрөгийн  дэмжлэг  олгоно.  Үлдэгдэл  49.800.000  /дөчин есөн сая найман зуун мянган/ төгрөгийг 2016 онд санхүүжүүлнэ...” гэж заасны дагуу үлдэгдэл 49.800.000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга Н.Дагвадорж нь “гэрээний заалтын дагуу Чандмань сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөн гэрээ байгуулан гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлсэн. Үлдсэн 49.800.000 төгрөгийг гэрээний дагуу аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр заасан тул дээрх мөнгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлнэ гэж үзэж байна, анх хэлэлцэн тохирохдоо ч хурлын тэмдэглэлд ингэж орсон байгаа...” гэж, харин Говь-Алтай аймгийн эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гайтав, Ш.Соронзонболд нар нь “...гэрээний 1.8-д зааснаар 2015 онд 18.000.000 төгрөгийг, 2016 онд 49.800.000 төгрөгийг гаргана гэж нэг заалт дотор байгаа учраас сум төлөх ойлголт байгаа. Хэрвээ уг заалтад аймаг гэж тодотгол хийсэн бол аймгаас гаргах боломжтой байсан. Энэ мөнгийг сумын орон нутгийн хөгжлийн сангаас төлнө гэж аймаг хандаж байгаа” гэж, мөн Ш.Соронзонболд тайлбартаа “ ...энэ концессийн гэрээ нь хууль бус гэрээ юм...” гэж тус тус маргажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан хэдий ч Концессийн гэрээний 1.8-дахь заалтыг харилцан өөрөөр тайлбарлаж маргаан үүсгэж байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу авч үзвэл концессийн гэрээг сум байгуулах эрхгүй ба аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсаны дагуу эрх бүхий этгээд байгуулах, талуудын хооронд хийгдсэн хурлын тэмдэглэлд 18 сая төгрөгийг сумын, 50 сая төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, мөн Чандмань сум, Аригшан ХХК-ий хооронд байгуулагдсан Хүрхрээгийн газар тариалангийн суваг шуудууг засварлах гэрээнд захиалагч нь ажлын гүйцэтгэлийн 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж заасан зэрэг хүсэлт зоригийн илэрхийлэл, агуулга зэргээс Концессийн гэрээний 1.8 дахь заалтын агуулга нь 18 сая төгрөгийн Чандмань сумын орон нутгийн хөгжлийн сангаас, 50 сая төгрөгийн аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулах агуулга илэрхийлэгдсэн байна гэж үзлээ.

Нөгөө талаар хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласан концессийн гэрээ нь холбогдох журмыг зөрчиж хийгдсэн гэрээ юм гэх тайлбар нь хэлэлцэж байгаа хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, энэ тайлбар, үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Чандмань сумын Хүрхрээгийн услалтын системийн засвар шинэчлэлийн ажлын барих-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 49.800.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулан Аригшан ХХК /РД:2735776/-д олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 406.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1,  56 дугаар  зүйлийн  56.1-д  зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 406.950 төгрөгийг гаргуулан Аригшан ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээгийн услалтын системийн засвар шинэчлэлийн ажлын барих-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 49.800.000 /дөчин есөн сая найман зуун мянга/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулан Аригшан ХХК /РД:2735776/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 406.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 406.950 төгрөгийг гаргуулан Аригшан ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН