Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/00835

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00835

 

 

И ХК , Э.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00966 дугаар шийдвэртэй, И ХК , Э.Э нарын нэхэмжлэлтэй, Н-т холбогдох, үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э ын өмгөөлөгч Р.Б, И ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Э ын шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02191 дугаар шийдвэрээр Э.Э , Б.Т нараас 76,272,463 төгрөгийг гаргуулж И ХК -д олгохоор шийдвэрлэсэн.

1.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжилж, хураасан төлбөр төлөгч Д.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-* дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж - тоот хаягт байршилтай 317 м.кв талбайтай автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/268 тоот шийдвэрээр 12 жил 1 сарын хугацаатай эзэмших эрх бүхий нэгж талбарын 1803104095 дугаартай 441 м.кв газрыг нийт 613,263,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4-209/18003 тоот мэдэгдлийг хүлээн авсан.

1.2. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээ нь Хөөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т зааснаар тодорхой байх шаардлагатай байдаг. Гэтэл 371 м.кв талбайтай автомашины гарааш, авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, үнэлгээний ямар аргыг ашигласан нь тодорхой бус байна.

1.3. Нэхэмжлэгч Э.Э ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн м.кв-ын үнэ цэнэ 4,000,000-5,000,000 төгрөг эзэмших эрхтэй газрын м.кв-ын үнэ 2,000,000 төгрөг байна. Э.Э нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгө газартай холбоотойгоор 2,739,000,000 төгрөгийн санал гаргасан байхад тухайн хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1.4. Иймд эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж - тоот хаягт байршилтай 317 м.кв талбайтай авто машины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1803104095 дугаартай 441 м.кв газрыг нийт 613,263,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч И ХК -ийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02191 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА/2022/01440 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ/2022/01116 дугаар тогтоолоор Э.Э , Б.Т нараас 76,272,463 төгрөгийг гаргуулж И ХК -д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж - тоот хаягт байршилтай 371 м.кв талбайтай автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1803104095 дугаартай 441 м.кв газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр, магадлал, тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус заасан.

2.3. Үнэлгээний тайланд эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж - тоот хаягт байршилтай 317 м.кв талбайтай авто машины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж - тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэгдсэн 441 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар гэх хөрөнгүүдийг 613,263,000 төгрөгөөр үнэлсэн.

2.4. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ нь бодит нөхцөл байдалд нийцсэн гэж үзэхгүй байна. Төлбөр төлөгч Э.Э , Б.Т нар нь дээр дурдсан өр төлбөрийг төлөх сонирхолгүй, шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй болно. Иймд төлбөр авагчийн хувьд зөвхөн барьцаа хөрөнгөөр хохирлоо барагдуулна. Мөн И ХК нь мэргэшсэн үнэлгээчнээр дээрх хөрөнгө дээр үнэлгээ хийлгэхэд 517,940,000 төгрөгөөр үнэлсэн тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлгээг бодиттой үнэлгээ гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 560 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Талууд үнэлгээнд харилцан тохиролцоогүй учраас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хөрөнгийг нийт 613,263,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хүлээн авч талуудад танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн.

3.1. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь мэргэшсэн үнэлгээний компани юм. Үнэлгээчин нь тухайн хөрөнгийг биечлэн хөрөнгийн чанар байдлыг үзэж, ижил төстэй хөрөнгүүдийг харьцуулан судалсны үндсэн дээр 3 аргыг хэрэглэж үнэлсэн. Зах зээлийн хандлагын аргаар 613,263,000 төгрөгөөр тухайн хөрөнгийг үнэлсэн. Харьцуулж үнэлсэн хөрөнгүүд нь ойролцоо ижил төстэй хөрөнгүүд байгаа. Тийм учраас зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж үнэлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10-д заасны дагуу үндэслэлтэй хуульд нийцүүлж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н-т холбогдох үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Э , нэхэмжлэгч И ХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Э аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч И ХК -аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02191 дугаар шийдвэрээр Э.Э , Б.Т нараас 76,272,463 төгрөгийг гаргуулж И ХХК -д олгохоор шийдвэрлэсэн.

5.2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч "Хөрөнгө үнэлгээний төв" ХХК нь төлбөр төлөгч Д.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-* дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж - тоот хаягт байршилтай 317 м.кв талбайтай авто машины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/268 тоот шийдвэрээр 12 жил 1 сарын хугацаатай эзэмших эрх бүхий нэгж талбарын 1803104095 дугаартай 441 м.кв газрыг 613,263,000 төгрөгөөр үнэлсэн.

5.3. Нэхэмжлэгч Э.Э ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн м.кв-ын үнэ цэнэ 4,000,000-5,000,000 төгрөг эзэмших эрхтэй газрын м.кв-ын үнэ 2,000,000 төгрөг байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь тоосгон бүтэц хийцлэл бүхий үл хөдлөх хөрөнгө атал шинжээч нь үнэлж буй хөрөнгөтэй харьцуулахад ижил төсгүй, харьцангуй хямд төсөр өртгөөр босдог сэндвичин бүтэц хийц бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг газраас харьцангуй алсмагдмал зайтай, ашиггүй байрлал бүхий газартай харьцуулан 441 м.кв газрыг Засгийн газраас тогтоосон анхны дуудлага худалдааны үнэ цэнээр тооцож 40,783,680 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан, харин 371 м.кв талбайтай автомашины гарааш, авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, үнэлгээний ямар аргыг ашигласан нь тодорхойгүй байгаа.

5.4. Шинжээчийн тайлбараар тоосгон бүтэц хийцтэй үл хөдлөх эд хөрөнгийн 371 м.кв бодит талбайг шууд 179.907 м.кв-аар багасгаж 219,861 м.кв-аар тооцсон, ямар шалтгааны улмаас ОХУ-д хэрэглэгддэг итгэлцүүрийг ашигласан нь ойлгомжгүй, ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн итгэлцүүлэр нь Монгол улсын зах зээлийн үнэлгээний харилцаанд хамааралгүй, ижил төсгүй атал шинжээч нь захиалагч шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хэт үйлчлэн хамгийн хурдан зах зээлд борлогдох магадлалтай гэж үзэж үнэлгээг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасны дагуу хөрнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргаагүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Э.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцсон тул 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилж үнэлгээ гаргуулсан бөгөөд тус үнэлгээг 09 дүгээр сарын 22-ны өдөр талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй атал ямар нэгэн нотлох баримт байхгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж байна гэх аман тайлбарыг өгдөг. Тус үл хөдлөх хөрөнгийн талаарх үнэлгээний тайлан хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч И ХК -ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч И ХК , Э.Э нар хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02191 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01440 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 001/ШХТ2022/01116 дугаар тогтоолоор Б.Т , Э.Э нараас 76,272,463 төгрөгийг гаргуулан И ХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Y-2201057119 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж, - тоот хаягт байршилтай, 371 м.кв талбайтай автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай, Г-* дугаарт бүртгэгдсэн, 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газар эзэмших эрх зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ./хх41-50, 96-103/

4. Дээрх шүүхийн шийдвэрийг Э.Э сайн дураар биелүүлээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ГХ2022/02815 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүд болох Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж, - тоот хаягт байршилтай, 371 м.кв талбайтай автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай, Г-* дугаарт бүртгэгдсэн, 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газар эзэмших эрх зэрэг хөрөнгүүдийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23380235/08 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23380235/10 тоот тогтоолоор хураажээ.

4.2. Барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь төлбөрт хураагдсан Э.Э ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2201057119 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , ХЦХ 1 дүгээр гудамж, - тоот хаягт байршилтай, 371 м.кв талбайтай автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай, Г-* дугаарт бүртгэгдсэн, 441 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газар эзэмших эрх зэрэг хөрөнгүүдийг 613,263,000 төгрөгөөр үнэлж, Н-т ирүүлжээ. /1хх170-186/

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Э.Э д 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-229/18001 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх187-189/ тогтоогдож байна.

7. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч няцаах буюу ... ижил төсгүй, харьцангуй хямд төсөр өртгөөр босдог сэндвичин бүтэц хийц бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг газраас харьцангуй алсмагдмал зайтай, ашиггүй байрлал бүхий газартай харьцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... харин 371 м.кв талбайтай автомашины гарааш, авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, үнэлгээний ямар аргыг ашигласан нь тодорхойгүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Шинжээчийн дүгнэлтэд хийсэн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтыг буруу гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Шинжээч нь уг үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргыг ач холбогдолтой гэж үзэж үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН