Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00243

 

Б.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-ын хариуцагч Н-д холбогдуулан гаргасан Н-ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.С- миний бие Н-д 2001 онд их эмчээр ажилд ороод түүнээс хойш эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар 20 жил ажиллаж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус байгууллагын О-ны даргаар ажилласан. Н-ийн ерөнхий захирал С.Ө- нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд миний бие шинэ захирлыг ажлаа авах үеэр ээлжийн амралтаа аваад, үргэлжлүүлэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай хувийн чөлөө авч, байнгын асаргаанд орсон ээжийгээ харж асарсан юм. Миний ээжийн биеийн байдал сайнгүй байгаа тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад зорчиж, эмнэлэг, эмчилгээ судлан 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсдаа ирсэн. Энэ хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа орох хугацаа болсон тул дахин ажлын 7 хоногоор хувийн чөлөө сунгах хүсэлтээ байгууллагын хүний нөөцийн менежерт өөрийн нэгжийн даргаар урьдчилан хүргүүлсэн байсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу даваа гарагт ажилдаа ирэхэд хүний нөөцийн мэргэжилтэн надтай уулзаж Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажил тасалсан гэж үзээд арга хэмжээ авахаар яригдаж байгаа талаар хэлсэн, ерөнхий захирал өрөөндөө дуудаад ... “чамтай нэг баг болж ажиллаж чадахгүй юм байна, албаны даргаар лав ажиллуулахгүй, тиймээс чи ажлаас гарах өргөдлөө яг одоо бичиж өг...” гэж зандрангуй хэлээд тулгасан. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон ажлаас халах тушаал өгч, албан тушаал бууруулж эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд (хүүхдээ харж байгаа хүний оронд) түр хугацаагаар томилсон байсан. Мөн тухайн өдрийнхөө 13:27 минутанд О-ны даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын зарлал цахим орчинд тавьсан байсан. Миний хувьд ажлаас халж, өөр ажилд томилж байгаа тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хувийн чөлөө авсан, хувийн чөлөөтэй хугацаандаа гадаад улсад зорчсон, хувийн чөлөө сунгуулах хүсэлтээ өмнө нь хүний нөөцийн мэргэжилтэнд хүргүүлсэн буюу ажил олгогчдоо урьдчилан мэдэгдсэн тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй байна. Тиймээс маргаанийг эв зүйгээр шийдвэрлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байгууллагынхаа удирдлагатай уулзуулан ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан талаар тайлбарлаж, мэдэгдэл, нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр татгалзсан хариу өгсөн. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж тус хорооны 27 дугаартай хурлын тэмдэглэлийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан бөгөөд тус хурлын тэмдэглэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, иргэний гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлж байна гэсэн байх тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Н-д холбогдуулан тус байгууллагын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай Б.С-ыг ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох О-ны даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. О-ны даргаар ажиллаж байсан Б.С- нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4, 4.4.1-д зааснаар Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын ангилалд хамаарах нийтийн албан тушаалтан байсан. Б.С- нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай, 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл өвчний улмаас акттай, Б.С-ын гаргасан өргөдлийг үндэслэн Н-ийн захирлын 2022 оны Б/142 тоот тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон бөгөөд тухайн дөрвөн сарын хугацаанд тушаалд зааснаар албаных нь ажилтнууд хуваарилан зохицуулсан. Чөлөөний хугацаа дууссан өдөр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин 7 хоногийн чөлөө олгох хүсэлтийг өөрийн ажилтнаар дамжуулан хүний нөөцийн ажилтанд гаргасан байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журамж заасан нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй тул тухайн нотлох баримтыг авчрахыг хэлүүлсэн. Гэтэл Б.С- ажилдаа ирэхдээ тухайн нотлох баримтыг өгөөгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан гэж үзсэн. Эрүүл мэндийн салбарын хүрээнд Б.С-ыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яаманд хэрэгжиж буй Цар тахлын эсрэг МОН-9218 төслийн Байгаль орчны мэргэжилтний сонгон шалгаруулалтад тэнцсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал 14 хоногийн дараа гарах тухай мэдээлэл авсан. Б.С- нь төрийн үйлчилгээний албан удирдах албаны тушаал хашиж хашиж байсан нийтийн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж эрх эдэлж байгаа бол энэ тухайгаа албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй энэ үүргээ сайн дураар биелүүлээгүй. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд “төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авах үүрэгтэй”, 7.2.6-д зааснаар энэ хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүргээ биелүүлж Н--ийн захирлын 18 тоот тушаал гаргах гол үндэслэл бий болсон. Н--ийн захирлын Б.С-тай биечлэн уулзаж үндсэн ажилтай хамааралгүй ашиг сонирхлын зөрчил үүсэхээр ажил үүрэг давхар гүйцэтгэх болсон. ажлын ачааллын хувьд О-ны даргын үүрэгт ажлыг бусад чиглэлийн өөр байгууллагын ажил үүрэгтэй давхар гүйцэтгэх боломжгүй. Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлын зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.5 дугаар зүйлийн 18.5.3-д заасны дагуу өөрийн удирдах албан тушаалтан, үндсэн ажил олгогчдоо мэдэгдэж зөвшөөрөл авалгүй өөр ажилд давхар эрхлэхээр Төрийн нарийн бичгийн даргын тушаал 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр гарсан тул үндсэн ажил олгогчийн хувьд Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж нийтийн албан тушаалтны хувьд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар харилцан тохролцож 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар О-ны Хот тохижилтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон. Гэтэл Б.С- 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа ирээгүй орхиод, 02 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн ажилдаа орсон. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яаманд хэрэгжиж буй цар тахлын эсрэг МОН-9218 төслийн Байгаль орчны мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл Б.С- МОН-9218 төслийн Байгаль орчны мэргэжилтнээр ажиллах ажлын байрны тодорхойлолтод 8 цаг 7 хоногт 40 цаг, О-ны даргын албан тушаалыг 8 цаг 7 хоногт 40 цагаар хоёр зэрэг яаж ажиллах, аль нэг талд ажил орхигдох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд холбогдох, тус хүрээлэнгийн ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6 дугаарт талуудын маргааны зүйл болсон Нийгмийн эрүүл мэндзийн үндэсний төвийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын тухай, түүний үндэслэлийг тодорхойлсон байна. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 58 дугаар зүйлийн 58.1.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт, 2022 оны 10 дугаар тогтоолын тавдугаар хавсралт, Н-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 6.1,6.5, 8.7.2, 8.8, 10.17.2-г удирдлага болгон Б.С-ыг О-ны даргын албан тушаалаас чөлөөлж, Орчны эрүүл мэндийн Хотжилт хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон тушаалыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх маргаж буй тушаалын үндэслэлүүдэд огт хууь зүйн дүгнэлт хийгээгүй хэрнээ хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийж, илтэд хариуцагчийг зөвтгөж, дэмжсэн. Өөрөөр хэлбэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний  төвийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаал гарсны дараах үйл баримт, хариуагчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь маш ойлгомжгүй болсон. Тухайлбал, хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоол, Н--ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 496 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/15669 дугаар тоот албан бичгүүд нь маргаж буй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаал гарах гол үндэслэл бий болсон гэж тайлбарласныг шүүх хүлээн зөвшөөрч шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Аливаа үйл явдлын дараа болсон үйл явдал нь өмнөх үйл явдлыг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэн шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр буюу ноцтой зөрчил гаргасан гэж О-ны дарга албан тушаалаас чөлөөлсөн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын үндэслэлүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан тоотод тодорхой дурьдаж тайлбарласнаар харагддаг. Энэ нь Авлигатай тэмцэх газарт хандсан Н--ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 496 тоот албан бичгээс тодорхой харагдана. (...Иймд тус төвийн О-н даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох тохиолдолд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, ядуурлыг бууруулах Японы санхүүжилтээр хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” МОН-9218 төслийн байгаль орчны мэргэжилтнээр давхар ажиллавал ашиг сонирхлыг зөрчил үүсэх эсэх талаар хянаж өгнө үү” гэх) Маргааны зүйлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад ажилд эгүүлэн тогтоовол ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар Авилгатай тэмцэх газраас албан тоот авч шүүхэд гаргаж байгаа нь шүүгчид илтэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж харагдаж байна. Анхан шатны шүүх дээрх бичгийн хариу болох Авлигатай тэмцэх газрын албан тоотыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.7, 6.8, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15 дугаарт тодорхойлогдсон үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тэр тусмаа шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.8-д хариуцагч тал нэхэмжлэгчийг 4 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхгүй, төслийн сонгон шалгаруулалтад орохоор бэлдэж, тэнцсэн, нийтийн албан тушаалтан 2 газар өдрийн 8 цаг, 7 хоногийн 40 цагаар нэг зэрэг ажиллах боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хүлээж аваад шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэтэл хариуцагчийн тайлбарлаад байгаа төслийн ажил нь өдрийн 8 цаг, 7 хоногийн 40 цагаар бүтэн ажилладаггүй, хөлсөөр ажиллах гэрээтэй зөвлөхийн ажил юм. Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан хөлсөөр ажиллах гэрээнд цагийн зохицуулалт огтоос байхгүй байхад шүүх баримтаар нотлогдоогүй, хэргийн материалд байхгүй, хариуцагчийн тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.1-6.4-т ажилтан чөлөө авах асуудлыг дүгнэсэн байна. Ингэхдээ нэхэмжлэгч нь 2022.10.18-2023.01.18-ны өдрийг дуустал 3 сарын цалингүй чөлөөтэй байсан талаар талууд маргаагүй, харин уг чөлөөтэй байх хугацаандаа нэхэмжлэгч гадаад улс руу зорчсон, хувийн чөлөөгөө сунгуулахаар ажил олгогчдоо мэдэгдсэн асуудлыг дүгнэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт хөдөлмөрийн харилцаан дахь хууль тогтоомжийн эрэмбийг тодорхойлсон. Тодруулбал хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцааг аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ буюу дотоод журам, хөдөлмөрийн гэрээ гэсэн дарааллаар зохицуулахаар заасан. Хариуцагчийн хувьд, Хөдөлмөрийн дотоод журмыг ерөнхий захирлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/93 тушаалаар шинэчлэн баталсан байх бөгөөд энэ цаг хугацаанд нэхэмжлэгч нь ээлжийн амралт, өвчний чөлөө, хувийн чөлөөтэй байсан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-т тодорхойлсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдүүлнэ. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй гэсэн байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан хүсэлтэндээ нэхэмжлэгчтэй Орчны эрүүл мэндийн дарга албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан эсэх талаар баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/12303 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, хариуцагч талаас шүүхэд энэ талаарх баримтууд гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид танилцуулаагүй нь тогтоогдсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2, 6.3, 6.4-т хөдөлмөрийн дотоод журмын 6.4-т чөлөө авах ажилтан чөлөөний хуудсыг бөглөн холбогдох баримтын хамт хүний нөөцийн мэргэжилтэнд өгнө гэх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг чөлөө хүсэх үедээ БНСУ-д байсныг гадаад паспортын хуулгаар тогтоож буруутгасан байна. Угтаа нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргаж, холбогдох баримтуудаа хавсаргаж өгөхдөө гадаад паспортны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн нь хувийн чөлөөтэй хугацаандаа эмнэлэг, эмчилгээ судлахаар гадаад улс руу зорчсон, ажилдаа эргэн орох хугацаандаа буцаж ирэх боломжгүй болж 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсдаа ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй гэдгийг нотлох баримт байсан, хариуцагч энэ талаар маргадаггүй байхад шүүх хариуцагчид ашигтайгаар тайлбарласан байна. Хөдөлмөрийн дотоод журмын чөлөө авахтай холбоотой зохицуулалт болох 6.1-д ажилтан чөлөө авах бол харьяа нэгжийн даргад урьдчилан мэдэгдэж, чөлөөний хуудсыг хүний нөөцийн мэргэжилтэнд хүргүүлнэ. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд урьдчилан мэдэгдэх боломжгүй, хувийн чөлөөтэй хугацаандаа гадаад улс руу зорчсон, хүнээр дамжуулан чөлөө хүсэх өргөдлөө өгсөн нь хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнд тооцогдохгүй, тэр тусмаа нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй болохыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Ямартай ч нэхэмжлэгч чөлөө сунгуулах хүсэлтээ урьдчилан ажил олгогчдоо мэдэгдсэн, энэ талаар талууд маргаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-т нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр чөлөөний хугацаагаа 7 хоногоор сунгуулах тухай хүсэлтийг захиргаанд албаны ажилтнаар дамжуулан гаргасныг “Захиргаа: өргөдлийг хүсэлтийн дагуу шийдвэрлэе” гэсэн эрх бүхий этгээдийн цохолтоор хүлээж авсныг тодорхойлсон байна. Тэгсэн хэрнээ шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.4-т шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ажилтны гаргасан хүсэлтийг ажил олгогч хүлээн авсан боловч ажилтан Монгол улсад байгаагүйг үндэслэн хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг авч ирэхийг хүлээсэн” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж харагдаж байна. Тэгвэл яагаад ажил тасалсан үндэслэлээр Орчны эрүүл мэндийн даргын албан тушаалаас чөлөөлөөд байгааг ойлгохгүй байна, ирэхээр нь хүсэлтийг нь шийдвэрлэе гэсэн хэрнээ нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу хагассайн өдөр Монгол улсдаа ирээд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу даваа гарагт ажилдаа ирсэн даруй нь ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан тушаал өгдөг нь ямар учиртай болохыг шүүх тодруулаагүй, маргааныг үнэн зөв шийдвэрлээгүй. Хариуцагчийн гаргаж буй тайлбар нь бодит үйл баримт, түүнийг нотлох баримт бичгүүдтэй нийцэхгүй байгаа талаар шүүх хуралдаан дээр хангалттай тайлбарлаж, нотолж байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.5-д нэхэмжлэгч нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч талаас гаргаж өгсөн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.1-т Эрхлэх ажил, албан тушаал: Албаны дарга, 1.2-т Ажиллах нэгж, ажил үүргээ гүйцэтгэх газар: Нийгмийн эрүүл мэндийн бодлого, зохицуулалт, хөгжлийн алба гэж нарийвчлан тодорхойлсон, нэхэмжлэгч нь О-ны дарга албан тушаалаас үндэслэлгүй халагдсан талаар маргаж байхад шүүх илтэд хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч талаас О-ны даргын албан тушаалд ажиллаж байсан болохоо баталж Н-ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай Б.С-ыг ажилд томилох тухай тушаалыг шүүхэд гаргаж өгсөн, энэ талаар хариуцагч маргаагүй байхад шүүх 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг үндэслэж маргааныг дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчтэй О-ны даргын албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчийн хуульд заасан үүрэг бөгөөд бичгээр хийгээгүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй, тэр тусмаа хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлөөр ажлаас халж болохгүй юм. Гэтэл маргаж буй Н-ийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журмын 10.17.2 заалт нь тус журмын 10.16-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг хугацаанаас нь өмнө цуцалж, ажлаас халах үндэслэл болох ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Иймд нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хувийн чөлөө сунгах хүсэлтийг хүлээж авсан хэрнээ шийдвэрлээгүй байж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Түүнчлэн Н-ийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар хуулийн заалт огт байхгүй, Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагыг хангаагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.10-6.14-т заасан үндэслэлүүдийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжилтэн сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны дүгнэлтээр хамгийн өндөр үнэлгээ авсан үнэлгээг үндэслэн Байгаль орчны мэргэжилтнээр Батбаатарын Сувдыг ажиллуулахыг захиалагчид санал болгов гэсэн нь Б.С- мэргэжил, чадварын хувьд бусдаас дээгүүр үнэлэгдсэн болохоос тус санал болгож буй ажил, албан тушаалд орж ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй. Тийм ч учраас хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурьдаад байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлэх үүрэг, тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан нийтийн албан тушаалд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй гэх заалт нэхэмжлэгчид хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь Н-ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардаж аваад энэ талаараа Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж, тус газраас нэхэмжлэгч Б.С-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулах, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Байгаль орчны мэргэжилтнээр ажиллуулах тушаал гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Н-ийн Орчны эрүүл мэндийн даргын албан тушаалд ажиллаж байх үедээ Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, ядуурлыг бууруулах Японы санхүүжилтээр хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” МОН-9218 төслийн байгаль орчны мэргэжилтнээр давхар ажиллаагүй, он цагийн дарааллаар ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш болсон үйл явдал юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.15-д хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг О-ны даргын албан тушаалаас чөлөөлж Орчны эрүүл мэндийн Хотжилтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон нь ажилтны давхар ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан гэж шүүх тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй, илтэд хариуцагчийг зөвтгөсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэхийг хориглосон, иргэн хүний баталгаатай эдлэх эрхэд халдсан тушаал, түүнийг нь өөгшүүлсэн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хариуцагчийн тайлбар, маргаанаас хойших үйл баримтуудад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хараат бус байж зөвхөн хуульд захирагдах зарчим, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Б.С- нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл өвчний улмаас акттай байсан. Энэ шалтгааныг үндэслэж Н-ийн захирал 3 сарын цалингүй чөлөө олгосон. Тушаалд зааснаар албаны ажлыг бусад ажилтнуудад хуваарилан зохицуулсан. Б.С- нь байгууллагын эрдэм шинжилгээний нэг хэсгийг хариуцсан ба өөрөөр хэлбэл О-ны даргын үүргийг гүйцэтгэдэг. Тухайн үед ажил хариуцаж байх үедээ нийтийн албан тушаалтан байсан. Нийтийн албан тушаалтан учраас Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийг биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан. Б.С- 3 сарын чөлөөтэй байх хугацаандаа сонгон шалгаруулалтад орж байсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь хэрэгт авагдсан зөвлөмжөөр нотлогдоно. Эрүүл мэндийн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргахын тулд 14 хоногийн хугацаа зарцуулагддаг. Б.С- ажилдаа 01 дүгээр сарын 17-ны өдөр хүрэлцэн ирэх байсан боловч ирээгүй. Албаны хүнээр дамжуулж хүсэлт ирүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нотлох баримтаа хавсаргаагүй. Хөдөлмөрийн дотоод журамдаа Н-ийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа хавсаргаж өгөх үүрэгтэй. Ажилд ирэхдээ нотлох баримтаа авчирч өгөөрэй гэх мэдэгдлийг өгсөн боловч нотлох баримтаа авчирч өгөөгүй. Ажил олгогч нэгэнт давхар ажил эрхлэх болсон Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал гарсан гэх мэдээллийг авсан тул Б.С-ыг ажилдаа ирэхэд нь Н-ийн захирал уулзсан. Давхар ажил эрхлэлтийн судалгааг эрүүл мэндийн салбарт өдөр тутам судалгаа явуулдаг. Ашиг сонирхлын мэдүүлэг өгсөн баталгааны маягт хэрэгт авагдсан. Ийм учраас үндсэн ажил олгогчтойгоо О-ны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж нийтийн албан тушаалтныхаа хувьд мэдэгдэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй. Ийм учраас давхар ажиллах боломжоор хангаж орчны эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилъё гэх тохиролцоо хийсэн. Тушаал гаргахдаа ноцтой зөрчил гаргасан гэж бичээгүй. Нэгэнт нийтийн албан тушаалтан давхар ажил эрхлэхтэй холбоотой боломжийг хангаж, өөр ижил төрлийн ажил хийхээр харилцан тохиролцсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой гэж үзлээ.

3. Тодруулбал, нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч Н-д холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзалдаа “...Б.С- нь чөлөөний хугацааг 7 хоногоор сунгах хүсэлт гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 6.4-д заасны дагуу холбогдох нотлох баримтаа хавсаргаж өгөөгүй, мөн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлынг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, удирдах албан тушаалтандаа мэдэгдэлгүй Эрүүл мэндийн яаманд хэрэгжиж буй цар тахлын эсрэг төсөлд ажил давхар эрхэлсэн...” гэх агуулгыг заажээ.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд ажил олгогч нь ажилтныг чөлөөлж буй тушаалдаа дээрх хуульд заасан үндэслэлийг тодорхой заах, тухайн тушаал нь хэлбэрийн болон агуулгын хувьд хуулийн шаардлагыг хангасан байх учиртай.

4.а.Гэтэл Н-ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажилтан Б.С-ыг О-ны даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 58 дугаар зүйлийн 58.1.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт, 2022 оны 10 дугаар тогтоолын тавдугаар хавсралт, Н-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 6.1,6.5, 8.7.2, 8.8, 10.17.2-д заасныг тус тус удирдлага болгосон байх боловч тухайн тушаалд хариуцагчийн татгалзалд дурдаж буй үндэслэлүүд тусгагдаагүй буюу чухам ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна.

4.б.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Цалингүй чөлөө олгох тухай” тушаал зэргээр нэхэмжлэгч Б.С- нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр чөлөөний хугацааг 7 хоногоор сунгах хүсэлтийг ажил олгогч буюу хариуцагч талд бичгээр гаргасан болох нь тогтоогдсон. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Б.С- нь ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажил тасалсан гэж үзэхээргүй байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ гэж, мөн зүйлийн 122.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж хуульчилсан.

5.а.Гэтэл ажил олгогч буюу хариуцагч тал Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж байх хугацаанд нэхэмжлэгч нь ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байсан үйл баримт тогтоогддог бөгөөд ажил олгогч дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Б.С-ад Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.б.Түүнчлэн, нэхэмжлэгч Б.С-ын эрхэлж байсан О-ны даргын албан тушаалд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.С-ыг ноцтой зөрчил гаргасан эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзэхээргүй байна.

Мөн хариуцагчийн татгалзалд дурдаж буй “... Б.С- нь ЭМЯ-д хэрэгжиж буй Цар тахлын эсрэг төсөлд давхар ажил эрхэлсэн” гэх тайлбарын хувьд, нэхэмжлэгч Б.С-ыг ажлаас чөлөөсөн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө дээрх үйл баримттай холбоотой аливаа шийдвэр гараагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.С- нь дээрх төслийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн үйл баримт тогтоогдож байх боловч энэ нөхцөл байдал нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

6.Иймд нэхэмжлэгч Б.С-ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/18 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Б.С-ыг Нийгмийн эрүүл мэндийн төвийн О-ны даргын тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Б.С-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 103 дугаар зүйлийн 103.1.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсөөр тооцоход нэхэмжлэгчээс тодорхойлсон дүнгээс илүү гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож, хариуцагч Н-өөс 15,391,908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-ад олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ыг Н-ийн О-ны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Н-өөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.” гэж өөрчлөн найруулж ,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “…дурдсугай” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-өөс улсын тэмдэгтийн хураамжид 234,945 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ