Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00286

 

Э.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03453 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Б-ын “Э-” ХК-д холбогдуулан гаргасан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э.Б- нь “Э-” ХК-д 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын зөвлөх албан тушаалд ажилд орж, 2021 оны 08 дугаар сараас Нийгмийн хөгжил судалгааны төвийн даргын албан тушаалд  хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон ямар нэгэн шийтгэл авч байгаагүй. “Э-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/1430 дугаар тушаалын дагуу Э.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э-” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г-ыг томилсон. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 385 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн А/735 дугаар тушаалыг тус тус үндэслэн онцгой дэглэм тогтоосонтой холбоотой компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх шаардлагаар Нийгмийн хөгжил судалгааны төвийн дарга Э.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчилан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Засгийн газарт бүрэн эрх олгох тухай 1991 оны БНМАУ-ын хууль бол 1992 оны Үндсэн Хуулиас өмнө батлагдсан. Харин Хөдөлмөрийн тухай хууль бол 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Иймд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт дагаж мөрдөх хууль тогтоомжийн эрэмбийг заасан бөгөөд эхлээд Хөдөлмөрийн тухай хууль, дараа нь бусад хуулиуд хамаарна. Иймээс Засгийн газарт эрх олгох тухай хууль нь эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас доогуур байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сар хүртэл бүтэц зохион байгуулалтыг огт хийгээгүй. Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй буюу энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, өөрчлөлт хийгдсэн байлаа гэж үзэхэд хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгоогүй. Энэ зохицуулалтыг харахад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Хариуцагч “Э-” ХК нь 2022 оны 12 дугаар сарын 21‑ний өдөр ажилтнуудад хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1‑д зааснаар компанийн дундаж цалин болох 2,712,745 төгрөгөөр тооцож, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллын мөнгийг олгосон байдаг. Нэхэмжлэгч нь ажлаа хэвийн гүйцэтгэж байсан бол энэхүү урамшуулалд хамрагдах байсан гэж үзээд 2,712,745 төгрөгийг 6 сараар тооцож, нийт 16,276,472 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн 13 дахь сарын цалинг цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин хөлс болох 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1‑д зааснаар компанийн дундаж цалин хөлс болох 2,712,745 төгрөгийг 3 сараар тооцон 8,138,236 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгчийг Нийгмийн хөгжил, судалгааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин, шагналт цалинд нийт 29,414,708 төгрөгийг хариуцагч “Э-” ХК‑иас гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Э-” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, “Э-” ХК Засгийн газрын шууд хяналтад орсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 385 дугаар тогтоол гарч, компанийн бүтэц, зохион байгуулалт хийх, шаардлагатай бол ажилтныг ажлаас чөлөөлөх эрхийг бүрэн эрхт төлөөлөгчид олгосны дагуу тэрээр компанийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг баталсан бөгөөд тус тогтоолд байхгүй алба, нэгж, төвийг гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар байгуулсан бөгөөд үүний нэг нь Нийгмийн судалгаа, хөгжлийн төв юм. Харин бүрэн эрхт төлөөлөгч бүтцээс гадуурх чиг үүргийн давхцалтай алба, нэгж, төвүүдийг татан буулгах шийдвэр гаргасан. Оновчтой зохион байгуулалтын хүрээнд хоёр тушаалыг гаргасан бөгөөд А-735 дугаар тушаалаар Нийгмийн судалгаа хөгжлийн төвийг татан буулгасан, А-737 дугаар тушаалаар хэд хэдэн албыг татан буулгаж шийдвэрлэсэн байдаг. Э.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн даргаар томилогдон ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийгмийн судалгаа, хөгжлийн төв татан буугдсан үйл баримт тодорхой ба, түүнд 2 сарын тэтгэмжид 10,000,000 төгрөгийг олгосон. Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 385 дугаар тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан бөгөөд Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8 дах хэсэгт зааснаар Засгийн газрын тогтоол гарснаараа хүчин төгөлдөр болох бөгөөд хүн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын тогтоолын биелэлтийг хангах үүрэгтэй. “Э-” ХК-д онцгой дэглэм тогтоож байгаа нь нийтлэг харилцаа биш онцгой тохиолдолд хэрэглэгддэг, тухайлсан хуулиар зохицуулагддаг харилцаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй. Учир нь 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал, шагналт цалинг онцгой дэглэмийн хугацаанд ажилласан ажилтны ажлын гүйцэтгэлд үндэслэн олгосон. Нэхэмжлэгч 12 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн ч хийж байсан ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж үнэлүүлж дүгнүүлээгүй учир эдгээр урамшуулал олгогдох үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7‑д зааснаар Э- ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5‑д зааснаар нэхэмжлэгч Э.Б- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд, 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгосон “Э-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон хавсралтыг үнэлээгүй. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилтнуудад үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин олгосон байдаг. Ингэж олгохдоо 2022 онд ажилласан хугацаанаас нь хамаарч олгосон байна. Тушаалын хавсралтаас дөнгөж ажилд ороод 20 хоног болоогүй ажилтанд хүртэл олгож, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудад олгожээ. Хариуцагч нь тухайн олговорыг ажилтнуудын тайлан болон Онцгой дэглэмийн хугацаанд ажилласан хугацаанд үр бүтээлтэй ажилласан зэргийг үндэслэн олгосон гэдэг. Гэтэл тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт баримтаар нотлоогүй. Хавтаст хэрэгт тайланг үндэслэн олгосон нэг ч үйл баримт байхгүй, эсрэгээрээ ажилд ороод 20 хонож буй ажилтан, хүүхэд асрах чөлөөг 2 жилийн өмнө авсан бүх л ажилтнуудад олгосон байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгч нь бусад ажилтнуудтай нэгэн адил 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл онцгой дэглэмийн хугацаанд ажилласан. Урамшуулал олгосон тушаал нь ажлын 8 хоногийн дараа гарсан болно. Тус тушаал нь Засгийн газарт эрх олгох тухай хууль биш Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, цалин хөлсний журмыг үндэслэн олгогдсон. “Э-” ХК-ийн 2018 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно” гэж, мөн “Э-” ХХК-ийн Ажилтанд цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно.” гэж заасан байна. Хууль хэрэглээний нэгдмэл байдлын хувьд Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Э.Б-тай нэг өдөр халагдсан ажилтны урамшуулалт цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхэд эцэслэгдсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсний бүрдэлд үр дүнгийн урамшуулал, шагналт цалинд хамаарах бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болно. Өөрөөр хэлбэл, шагнал урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ордоггүй болно. “Э-” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийгдээгүй. Энэ талаар зохигчид маргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар цуцлахад 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхөөр заасан. Иймд дээрх мэдэгдлийг өгөөгүй талаар үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

4.2. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино.”, 2.1 Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох эрх олгосон. Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид ажилтныг томилох эрх хэмжээг олгосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь 385 дугаар тогтоолоор өөрт олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн чөлөөлөх эрхийг нэмж олгосон байна. Засгийн газарт эрх олгох тухай хуульд Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэсэн байх бөгөөд Хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм тогтоох эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд томилох эрхийг олгосон байна. Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-ад” гэжээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г- нь 2022 оны 12 дагаар сарын 09-ны өдрийн А/737 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй байна. Ажлаас чөлөөлөх тушаах хэсгийн нэгдүгээрт, “Засгийн газраас “Э-” ХК-д Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх шаардлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш юм. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шилжилтийн үеийн хууль болно. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэж байгаа нь Монгол улсын Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, нөгөө талаар эрх зүйт төрийн иргэний эрхийг хязгаарлаж буй нь Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно. Засгийн газарт эрх олгох хууль нь Монгол улсын Үндсэн хуулийн хавсралт хууль болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн (1992.01.16) 5 дугаар зүйлийн 5.4 “Хууль тогтоомжийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж заасан. Монгол улсын Их хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн в/ 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа УИХ-д танилцуулахаар баталжээ. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт нарийвчлан заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийг эхлээд Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын бусад хууль, Захиргааны хэм хэмжээний акт, Салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж тогтоосон байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлахаар зохицуулсантай зөрчилдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг. Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм. Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв гольдролоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд “Элгэн” ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Урамшуулалт цалинг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Цалин хөлсний бүрдэл нь нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс биш юм. Үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 5,000,000 төгрөг нь бие даасан шаардлага бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар биш юм. Өөрөөр хэлбэл, шүүх нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаардаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан шүүхийн харьяаллын маргааны үндэслэлд хамаардаг. Харин шагналт цалин, урамшуулал нь тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан цалин хөлсний маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан маргаан болно. Э.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч байгууллагад ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан ба БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын тогтоолын тус тус баримталж чөлөөлсөн байдалд нэхэмжлэгч буруугүй болно. Иймд тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, цалин хөлсний журмыг баримталж гарсан бөгөөд ажилласан хугацаанд ногдуулсан байх тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа бие даасан шаардлага байх тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан тул олгох хууль зүйн үндэслэлтэй юм. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Э-” ХК нь 2022 оны 385 дугаар тогтоолоор хатуу дэглэм тогтоосон. Нэхэмжлэгч талаас бүтэц хийгээгүй гэж ярьж байна. 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1-д заасан агуулгыг харвал бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол энэ хүрээнд бүрэн эрх төлөөлөгч хийнэ гэсэн байгаа. Иймд Засгийн газар бүрэн эрх төлөөлөгчөөс бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож шийдвэрлэсэн. “Э-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор компанийн орон тоог хязгаарлан баталсан байдаг. Тухайн орон тооны хязгаарт  тухайн алба, бүтцийн нэгж байгаагүй. Гэтэл гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тушаалаар орон тооны хязгаарт багтаан нэгж албыг нэмж үүсгэсэн байдаг. Засгийн газрын онцгой дэглэм тогтоосны дараа бүтэц үйл ажиллагаатай танилцаад тухай алба, нэгжийг татан буулгасан. Хэдийгээр 2021 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоолд гүйцэтгэх захирал алба, нэгжийг үүсгэх эрхийг олгосон ч гэсэн төв гэдэг байдлаар үүсгэн байгуулах эрхийг олгоогүй. Энэ хүрээнд компанийн бүтцийг оновчтой байлгахын тулд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажилласан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв дүгнэсэн. Гүйцэтгэх захирлын алба нэгж үүсгэн байгуулсантай холбоотойгоор аудитаас татан буулгах чиглэл өгч байсан. Хэрэгт авагдсан үйл баримтыг үнэлж, хэргийг бүх талаас нь эргэлзээгүй байдлаар дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас надтай хамт ажиллаж байсан хүмүүс үр дүнгийн цалин болон 13 дахь сарын цалингаа авсан гэж тайлбарлаж байх боловч нэг ч хүнийг ажилд нь эгүүлэн томилоогүй, бүгд шүүхээр маргаж эцэслэн шийдвэрлэгдсэн. Үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын цалин авсан ажилтан байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч “Э-” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан буюу Нийгмийн хөгжил, судалгааны төвийн дарга албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ. /хх1-2, 18-19/

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Э.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэсэн БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх олгох тухай 1991 оны хууль бол 1992 оны Үндсэн Хуулиас өмнө батлагдсан, харин Хөдөлмөрийн тухай хууль бол 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Иймд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой. Мөн Э.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх тул нэхэмжлэгч нь ажлаа хэвийн гүйцэтгэж байсан бол авах ёстой байсан үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалин, хөлс болох 5,000,000 төгрөг, Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1‑д зааснаар компанийн дундаж цалин хөлс болох 2,712,745 төгрөгийг 3 сараар тооцон 8,138,236 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй” гэж тайлбарлажээ.

 

4. Хариуцагч буюу ажил олгогч нь татгалзал, тайлбарын үндэслэлээ, “...“Э-” ХК-ийн дүрмийн 8.6.3-д Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох” эрхийг ТУЗ-д хэрэгжүүлэхээр заасан бөгөөд ТУЗ-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батласан компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцэд “Нийгмийн судалгаа, хөгжлийн төв” гэх бүтэц, нэгжийг батлаагүй, БНМАУ-ын Засгийн газрын эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн хүрээнд, 3.1 дэх хэсэгт зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосны дагуу “Нийгмийн судалгаа, хөгжлийн төв”-ийг татан буулгаж, тухайн нэгжид хамаарах 2 албан тушаалтныг чөлөөлж, холбогдох тэтгэмжийг олгосон, нэхэмжилсэн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарна, тухайн урамшуулал, шагналт цалинг олгох үед ажиллаж буй ажилтнуудад олгосон...” гэж маргасан.

 

5. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулал, улирлын шагналт цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

6. Тодруулбал, нэхэмжлэгч талаас гаргасан “анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласан” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. “Э-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/1430 дугаар тушаалаар, тус компанийн Нийгмийн хөгжил, судалгааны төвийн дарга Э.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/735 дугаар тушаалыг тус тус баримтлан, Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар ...” гэсэн үндэслэл заасан байна. /хх 14, 39, 147-148/

 

6.2. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991.01.04/-ийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгожээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх хуулийг Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиас өмнө батлагдсан, мөн байгууллагын орон тоо бүтцийг батлах, ажилтныг чөлөөлөх тушаалуудыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй нь буруу гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхино. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “...онцгой дэглэм нь тухайн компанид тогтоосон  онцгой харилцаа байх ба компанийн зохион байгуулалтын бүтэц, үүргийг оновчтой тогтоохтой холбоотой харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль буюу нийтлэг баримталдаг хуулийн зохицуулалт хамаарахгүй” гэж БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг зөв тайлбарласан байна. 

6.3. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Төлбөрийн тэнцэл алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Э-” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, 3.1 дэх заалтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-ад авч хэрэгжүүлэхийг даалгажээ. /хх 33/

6.4. “Э-” ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг...” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/735 дугаар тушаалаар компанийн бүтцийн нэгжээс Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгаж, мөн өдрийн Б/1430 дугаар тушаалаар татан буугдсан төвийн дарга болох Э.Б-ыг ажлаас чөлөөлж, Б/1479 дугаар тушаалаар Э.Б-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 4, 40/

6.5. Иймд дээрх хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалт цалин, 13 дахь сарын цалин, шагналт цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийхгүй гэж үзэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

7.1. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардаж буй дээрх үр дүнгийн, 13 дахь сарын, шагналт цалин зэргийг ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс хойших хугацаанд ажилтнууддаа олгосон байдаг. Иймд тухайн цалин, хөлсийг ажил үүргээ эрхэлж байгаа ажилтанд олгосон гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5‑д зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ