Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00365

 

 

“А-” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/04642 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “А-” ГХОХХК-ийн

хариуцагч К-” ХХК холбогдуулан гаргасан

ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохиролд 54,065,965 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,714,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Манай компани 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “К-” ХХК-тай Барилга/003/2022 дугаартай мозайкан шал хийх ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1В хэсэг 4001 тоот байршилд байх үйлдвэрийн барилга, А хэсэг буюу үйлдвэрийн өргөтгөл болох 400 м.кв талбайн дотор талбайд мозайкан шал хийх болон Б хэсэг ажил буюу хуучин үйлдвэрийн дотор шалыг бэлтгэх ажлыг хийх, дараа нь мозайкан шал хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэгч тал мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх еренхий хугацаа А ажлын хэсгийг 20 хоног, Б ажлын хэсэг 25 хоног буюу нийт 45 хоногт хийж гүйцэттэх, нийт 800 м.кв талбай буюу 1 м.кв-ын үнэ 90,000 төгрөг байна. А хэсэг 400 м.кв нь 36,000,000 төгрөг, Б хэсэг 400 м.кв нь 36,000,000 төгрөг, нийтдээ 72,000,000 төгрөг гэж харилцан тохиролцсон.

Гэрээг байгуулсан өдөр нийт үнийн дунгийн 50 хувь болох А хэсэг буюу 400 м.кв талбайн үнийн дүнг урьдчилгаа төлбөрт 36,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “К-” ХХК-ийн захирал Н.Э- нь бараа материал авна гэж хэлээд урьдчилж 2,250,000 төгрөг авсан. Б ажлын хэсгийн 400 м.кв талбайн ажлыг эхлүүлээгүй хэрнээ тухайн талбайн ажлын хөлснөөс урьдчилж 5,000,000 төгрөг авсан.

Шалны ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Э- нь ирж уулзсан ба албан ёсоор ажлыг хийх хийцлэлийг ярилцан тохирч гарын үсэг зурж А хэсэг дэх ажлаа эхэлсэн. Шалны ажил эхлэхэд Н.Э- нь 1 л удаа ирсэн ба түүнээс хойш түүний хүү болох Э.Анхбаяр болон найз гэх н.Баясаатай хамт цутгалт, өнгөлгөөний ажлыг хийсэн. Ажлыг хийж гүйцэтгэж байх үед захиалагч талаас тавьсан нэг ч шаардлагыг биелүүлээгүй, алдаагаа засах талаар ямар ч ажил хийгээгүй. Б хэсэгт хийх ажлаа өөрсдөө хаяж явсан.

 Нийтдээ “К-” ХХК-ийн захирал Н.Э- нь 43,250,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан боловч технологийн шийдэл, өнгөлгөөний стандарт норм хэмжээг бүрэн хангаж ажлыг гүйцэтгээгүй. А хэсгийн шалны ажлыг хүлээлгэн өгөөгүй. Иргэний хуулийн 350 дугаар зуйлийн 350.1.1, 350.1.2, 350.1.6, 350.1.8-д тус тус заасан үүргийг биелүүлээгүй. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т зааснаар ажил гүйцэтгэгч нь доголдолгүй үр дүнг захиалагчид шилжүүлэх үүрэгтэй. Энэ нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан заалтыг нөхөх заалт бөгөөд доголдолгүй ажлын үр дүн бий болгох ажил гүйцэтгэгчийн үүргийг шилжүүлэх үүргээр өргөжүүлсэн байна. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Манай компанийн хувьд гэрээнд заасан хугацаанд үйлдвэрлэл явуулах боломжгүй засвартай байсан ба гэрээний хугацаа дуусахад үйлдвэрлэлийн ажил ямар ч доголдолгүй цаашид үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэх, үйлдвэрлэл явуулах шаардлагатай байсан. Ийм учраас мозайкан шал нь шаардлага хангаагүй, дутуу хийж гүйцэтгэсэний улмаас хэмжээ алдаж хийсэн траппыг нэмэлт цутгалт хийж ирмэгийг нерж төмрөөр бэхлэн траппны тагийг тогтоох шаардлага үүсэж мөн дотор ханыг нэмж цутган ёроолыг хагас дугуй болгон PVC хулдаасаар доторлож, ус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангуулахын тулд барилгын өргөтгөлд бохирын траппын ажлыг н.Майдар гэх хүнээр ажлын хөлс 2,056,000 төгрөгөөр хийлгэсэн. Шалны дээр ус тогтоод ажил гүйцэтгэх, үйлдвэрлэл явуулахад маш хүндрэлтэй байгаа тул ажилчидаа илүү цагаар ажил хийлгэх шаардлага үүссэн. Энэ нь “К-” ХХК-ийн мозайкан шал шаардлага хангаагүй буруу хийгдсэнээс болж манай “А-” ХХК нь маш их зардлыг гаргаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилчидаа илүү цагаар ажил хийлгэж тухайн бохирын усыг шавхах ажилд нийт 8,759,965 төгрөгийн цалингийн зардал гарсан. “К-” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, үүргээ ноцтой зөрчсөн байх тул гэрээг цуцалж, учирсан хохирол болох ажилтнуудын илүү цагийн хөлс 8,759,965 төгрөг, урьдчилан өгсөн 43,250,000 төгрөг болон барилгын өргөтгөлд бохирын траппын хөлс 2,056,000 төгрөг, нийт 54,065,965 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ажлыг хүлээлгэж өгөөгүй зүйл огт байхгүй. Харин ч хүлээж аваарай гэдэг байр суурийг удаа дараа Э.Анхбаяр, Н.Э- захирлуудад илэрхийлж байсан. “А-” ХХК-ийн ахлах Э.Анхбаяр нь өөрөө ажлыг хүлээж аваагүй. Мөн мозайкен шалтай холбоотой траппын ажлыг “К-” ХХК нь хариуцахгүй. “А-” ХХК нь өөрөө траппныхаа нүхийг гаргаад траппаа захиалж тэрэнд нь мозайкан шал баригдаж хийх ёстой байсан. Гэтэл “А-” ХХК нь траппынхаа нүхийг буруу гаргаад захиалга өгчихсөн байсан. Шинжээч хүртэл танайх өөрсдөө траппныхаа шалыг буруу гаргасан гэдгийг тайлбарлаж хэлсэн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч “К-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: “К-” ХХК нь “А-” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мозайкан шал хийх ажлын гэрээг байгуулсан ба тус ажлыг Баянзүрх дүүрэг 10 хорооны 1В хэсэг 4001 тоот байршилд байх үйлдвэрийн барилга, А хэсэг буюу үйлдвэрийн өргөтгөл, болох 400 м.кв дотор талбайд 1 м.кв-ыг 90,000 төгрөгөөр тооцож, мозайкан шал хийж гүйцэттэхээр тохиролцон гэрээ байгуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дугнэлтэд Баянзүрх дүүргийн 10 хорооны 1В хэсэг 4001 тоот байршилд байх үйлдвэрийн барилга А хэсэг буюу үйлдвэрийн өргөтгөл болох 474.6 м.кв дотор талбайд мозайкан шал хийж гүйцэттэжээ гэж дүгнэсэн байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт 1 м.кв талбай нь үнэ 90,000 төгрөг байна гэж заасан. Иймд “К-” ХХК нь илүү гүйцэтгэсэн ажил болох 74.6 м.кв мозайкан шалны үнийг ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлын хөлсөөр тооцож, 6,714,000 төгрөгийг “А-” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар татгалзлын агуулга: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “К-” ХХК-аас 17,841,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ГХОХХК-д олгож, үлдэх 36,224,965 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “А-” ГХОХХК-иас 6,714,000 төгрөг гаргуулж, хариуцагч “К-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А-” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,100 төгрөг, хариуцагч “К-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,274 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К-” ХХК-аас 192,982 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх “К-” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохирол 54,065,965 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6.1. Нэхэмжлэгч “А-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,228,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүхэлд нь өөрчлөн, ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, учирсан хохирол 54,065,965 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Гэвч шүүх шийдвэр дээрээ 72,228,669 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 6,714,000 төгрөг гаргуулах тухай сөрөr нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, уг шаардлагын хүрээнд хариуцагч мэтгэлцээгүй байна.

6.2. “К-” ХХК-ийн захирал Н.Э- нь 43,250,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан боловч тухайн компаний гүйцэтгэсэн мозайкан шалыг гүйцэтгэх шаардлага технологийн шийдэл, өнгөлгөөний стандарт норм хэмжээг бүрэн хангаж ажлыг гүйцэтгээгүй. Мөн гэрээний 2.2.5-д заасан хийцийн хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй батлагдсан, стандарт норм эрх зүйн баримт, материалаар захиалагчийг хангаж, захиалагч хяналт тавих боломжийг бүрдүүлээгүй. А хэсгийн шалны ажлыг хүлээлгэн өгөх ямар нэгэн оролдлого ажил хийгээгүй. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2, 350.1.6, 350.1.8-д заасан үүргийг биелүүлээгүй тул “К-” ХХК-ийн мозайкан шал шаардлага хангаагүй буруу хийгдсэнээс болж “А-” ХХК-иас маш их зардал гарч байна. “К-” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй...” гэж заажээ. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн заалтыг буруу тодорхойлсон байна. Ажил гүйцэтгэгч нь анхнаасаа тохиролцсон үр дүнг бий болгоход зайлшгүй шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүргийг хүлээнэ. Гэтэл Иргэний хуулийн 346.1, 350.1-д зааснаар ажлын үр дүнг бий болохоос гадна түүнийг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгнө. Энэ нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг юм. Энэ үүрэг нь бэлэн болсон ажлын үр дүнтэй холбоотой. Шилжүүлэн өгөх зүйл нь гэрээний нөхцөлд нийцсэн доголдолгүй ажил байна. Ажил доголдолтой байсан тохиолдолд захиалагч түүнийг хүлээн авахаас татгалзаж болох бөгөөд хүлээн авсан эсэхээс үл хамааран доголдлыг арилгахыг шаардах эрхтэй. “А-” ХХК ийн зүгээс тухайн доголдолтой хийсэн мозайкан шалаа засаж янзлах бүхий л боломж бололцоогоороо хандаж байсан ч “К-” ХХК-ийн захирал Н.Э- нь доголдолтой хийсэн ажлаа засах, янзлах ямар ч арга хэмжээ аваагүй. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...хийсэн шал нь Монгол Улсын тухайн салбарын норм стандартад нийцэж хийгдээгүй. Хийсэн ажилд технологийн алдаа гаргасан байна. Мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжид хийж гүйцэтгэсэн ажил нийцээгүй байна. Ус зайлуулах налууг зохих хэмжээгээр гаргаагүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан тухайн гүйцэтгэсэн ажил нь биет байдлын доголдолтой байхад анхан шатны шүүх хариуцагч “К-” ХХК нь гэрээнд заасан ажлыг доголдолтой гүйцэтгэсэн боловч хариуцагчийн илүү хийж гүйцэтгэсэн 74.6 м.кв-ын ажлын хөлс 6,714,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. А ажлын хэсгийн шал болох 400 м.кв гүйцэтгүүлэх ажлын хэмжээнээс 474.6 м.кв хийсний 74.6 м.кв-ыг хүлээн авах боломжгүй илүү хийсэн 74.6 м.кв талбай манайд шаардлагагүй тул энэ нь биет байдлын доголдол байхад түүнд ноогдох ажлын хөлсийг манайхаас гаргуулсан нь буруу, энэ нь захиалсан ажлын үр дүн гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба тухайн шинжээчийн зардал 2,200,000 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэрээр уг зардлыг хэрхэх талаар шийдвэрлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тусгаагүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар “... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: “Нэхэмжлэгчийн зүгээс 72,228,699 төгрөгийн маргаан байхгүй, энэ нэхэмжлэлийн хувьд мэтгэлцээгүй гэж гомдол гаргасан байна. Техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Хийцийн хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй батлагдсан норм, стандарт, эрх зүйн баримт материалаар захиалагчийг хангаж, хяналт тавих боломжийг бүрдүүлээгүй. Ийм учраас бид өгсөн мөнгөө буцааж авах үндэслэлтэй гэж тайлбарладаг. Энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Мозайкан шалны ажил хийгдсэн. Мазайкан шалыг хүлээж авсан ба мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Траппын налуу гаргахтай холбоотой жижигхэн хэмжээний талбайн доголдол арилгах асуудлыг шинжээчийн дүгнэлтээр зардлыг тодорхойлсон. Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй, дахин шинжээч томилуулах нэг ч хүсэлт гаргаагүй байж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдааны үед доголдлын талаар хэн аль нь маргаагүй. Доголдол байсан, багахан хэмжээний мозайкан шалны налууг засах бүрэн боломжтой. Засах зардлын хувьд маргаан үүсээгүй. Гэтэл тухайн ажил нь бүхэлдээ доголдолтой байсан мэт гомдол гаргасан байдаг. Тухайн шалны 474.6 мкв ажил хийгдсэн, түүнийг хүлээж авсан. Нэхэмжлэгч тал үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашиг олж байгаа. Траппын налууг засах зардлын хувьд хариуцагчийн зүгээс татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж гомдол гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж өгөх үүрэгтэй. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх гомдол нь үндэслэлгүй” гэжээ.

 

8. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Нэхэмжлэгч хохиролд 54,065,965 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй үндэслэлээр буюу илүү төлсөн 8,250,000 төгрөгийг буцаан өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэхдээ гэрээний үүрэг, хохирол, гэрээнээс татгалзсан эсэх, гэрээнээс татгалзсан талаар мэдэгдэл хүргүүлсэн эсэхийн аль үндэслэлд хамааруулж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Талууд А хэсгийн гэрээний үнийг 36,000,000 төгрөг гэж тохиролцон үйл баримт дээр маргаагүй, Б хэсгийн шалны суурь бэлтгэх ажлыг 2,250,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон болон Б хэсгийн шалны суурь бэлтгэх ажлыг “К-” ХХК хийсэн, мөн 43,250,000 төгрөг шилүүлсэн үйл баримтууд дээр тус тус талууд маргаагүй. Шүүхээс илүү авсан мөнгийг тооцоолохдоо нийт авсан 43,250,000 төгрөгөөс гэрээнд заасан А хэсгийн ажлын хөлс болох 36,000,000 төгрөгийг хасвал 8,250,000 биш 7,250,000 төгрөг болж байна. Б хэсгийн шалны суурь бэлтгэх ажлыг 2,250,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон нь гэрээний 2.2.3-д заасны дагуу тохиролцсон бөгөөд Б хэсгийн шалны суурь бэлтгэх ажлыг “К-” ХХК хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Б хэсгийн шалны суурийг хийсэн эсэх дээр талууд маргадаггүй тул 2,250,000 төгрөгийг хариуцагч “К-” ХХК-аас гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Илүү төлсөн 5,000,000 төгрөгийн тухайд Б хэсгийн ажлын зардал бус А хэсгийн нэмэлт зардал гэж өгсөн талаар хэрэгт авагдсан гэрч н.Анхбаярын мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогдох тул хариуцагч нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй байхад шүүхээс хуульд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй байна. 1,000,000 төгрөгийн тухайд шүүх тооцооллын алдаа гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа траппын зардал ажлын хөлс гэж тодорхойлсон байх бөгөөд шинжээч “... доголдол арилгахад дахин засварлахад 8,091,000 төгрөг гарна...” гэж дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байхад шинжээчийн дүгнэлтэд заасан доголдол арилгахад гарах зардал дээр нэмж 1,500,000 төгрөгийн зардал гарсан гэж ямар ч баримт болон шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй хохирол болох 1,500,000 төгрөгийн доголдлыг хариуцагчаас давхардуулан гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Траппны нүхийг зураг төслийн дагуу гаргасан байх бөгөөд траппны тагны хэмжээг нэхэмжлэгч “А-” ХХК-ийн зүгээс буруу өгч захиалга өгснөөс үүдэн нүхэндээ таараагүй үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд үндсэн нэхэмжлэлээс Б хэсгийн ажлын хөлснөөс урьдчилж илүү авсан 8,250,000 төгрөг, А хэсгийн зарим доголдол арилгахад 1,500,000 төгрөг нийт, 9,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдэх буюу өөрчилж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,228,669 төгрөгийг гаргуулах тухай гэх нэхэмжлэл гаргаж, уг шаардлагатай холбоотойгоор шинжээч томилуулсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх шинжээч томилж, А, Б блокийн 400 м.кв талбай дээр хөрөнгийн үнэлгээний шинжээч томилсон. Шинжээч томилоод дүгнэлт ирэхэд манайх дахин нэхэмжлэлийн шаардлагаа  54,065,965 төгрөг болгож багасгасан. Хариуцагч 9,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэдэг. 2022 оны 06 дугаар сарын 14-нд хийсэн гэрээний 5.2-д Б хэсгийн мозайкан шалны суурь бэлтгэх ажлыг гүйцэтгэгч тал хийх ба тохиролцсон ажлын хөлс 2,000,000 төгрөг. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба шүүх 72,228,699 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дүгнэлт хийсэн. Б хэсгийн ажил 35,000,000 төгрөг, бэлтгэх ажлын хөлс 2,000,000, А хэсгийн ажил 35,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөг гэж бодсон байдаг. Гэтэл манай бодолт өөр. А ажлын хэсэгт 36,000,000 төгрөг өгсөн. Гэрээний дагуу Б хэсгийн бэлтгэл ажилд 2,000,000 төгрөг, дахиад материал дутсан учраас 5,000,000 төгрөг өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр Б хэсгийн ажил буюу 400 м.кв дотоод мозайкны бэлтгэл ажлыг хийж гүйцэтгээгүй байна гэсэн байдаг. Гүйцэтгээгүй ажлын хөлсийг авчихаад хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 72,000,000 төгрөгөөр бодсон. Манайх 54,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гарсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Манайх гэрээг цуцалж өгнө үү гэсэн болохоос биш хүчин төгөлдөр бус гэрээ гэж яриагүй. Анхан шатны шүүх анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бодсон. Сөрөг нэхэмжлэлд гомдол гаргасан нь үндэслэлгүй. 74.6 м.кв талбайн ажил илүү хийсэн гэдэг. Гэрээнд А, Б хэсэг тус тусдаа 400 м.кв гэсэн. Шүүгч энэ хэмжээнд дүгнэлт гаргуулахаар явуулсан боловч шинжээч 474.6 м.кв талбайгаар нь дүгнэлт гаргасан. Хариуцагч тал ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон. О.Майдар гэж хүнээр 2,050,000 төгрөгөөр трапп хийлгэсэн. Налуу буруу хийсэнтэй холбоотой траппын засвар гарсан. Хариуцагчийн зүгээс зураг, төсөл гаргасан зүйл байдаггүй. Ажлаа хаяж явсан. Энэ нөхцөл байдлаас болж манайхаас 8,000,000 төгрөгийн зардал гаргаж нэмэлтээр ажилчид авч ус шавхуулсан. Анхан шатны санхүүгийн баримт биш байна гэсэн байдаг. Тухайн байгууллагын санхүүгийн нягтлангийн тамга, тэмдэгтэй баримт байдаг. Үүнийг санхүүгийн анхан шатны баримт биш гэж үзсэн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хэргийг буцааж, хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гомдлоос тооцооллын алдаа гаргасан гэх гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч “К-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,228,669 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн, “мозайкан шал хийх ажил норм, стандартад нийцээгүй учир гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 43,250,000 төгрөг, дутуу ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн 2,056,000 төгрөг, илүү цагаар ажилтан ажиллуулсны хохиролд 8,759,965 төгрөг, нийт 54,065,965 төгрөг гаргуулах” гэсэн байна. Хариуцагч нэхэмжлэгчийн анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн аль аль шаардлагыг нь бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байх бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан  илүү хийсэн ажлын хөлс 6,714,000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилга/003/2022 дугаартай мозайкан шал хийх гэрээ, зохигчдын тайлбар, дансны хуулга зэрэг баримтуудыг анхан шатны шүүх зөв үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1в хэсэг, 4001 тоот хаягт байрлах хөрөнгийн А хэсэг буюу үйлдвэрийн өргөтгөл 400 м.кв талбайн дотор талбайд мозайкан шал хийх, Б хэсэг буюу хуучин үйлдвэрийн дотор шалны бэлтгэл ажлыг хийх, дараа нь мозайкан шал хийх ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээж, нэхэмжлэгч буюу захиалагч нь нийт 800 м.кв талбайд мозайкан шал хийх ажлын хөлсийг 1 м.кв талбай тутамд 90,000 төгрөг төлөх, мөн Б хэсгийн мозайкан шалны суурь бэлтгэх ажлын хөлсөд 2,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн гэж үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, түүний гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх, доголдлын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээг цуцлах боломжтой эсэх нь маргааны зүйл болсон талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан 43,250,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаас 7,250,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4.1.Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч талд гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь болох 36,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2,250,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 5,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, нийт 43,250,000 төгрөгийг төлсөн үйл баримт хэргийн 16, 19, 21 дэх талд авагдсан дансны хуулгаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх 43,250,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн илүү төлсөн дүнг 8,250,000 төгрөг гэж тодорхойлохдоо тооцооллын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, талууд 1 м.кв мозайкан шалны гүйцэтгэлд төлөх ажлын хөлсний хэмжээг 90,000 төгрөг гэж гэрээндээ тодорхойлсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь А хэсгийн 400 м.кв талбайд мозайкан шал хийх ажлыг гүйцэтгэсэн, мөн Б хэсгийн шалны суурь бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид анх шилжүүлсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 36,000,000 төгрөгийг хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс гэж үзэх тул зөрүү нь 7,250,000 төгрөг болж байна. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр “....А хэсгийн ажил 8,091,000 төгрөгийн доголдолтой, Б хэсгийн шалны суурь хийгдсэн, мозайкан шал хийгдээгүй...” болохыг тодорхойлсон байна. Энэхүү дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний доголдлыг тогтоосон гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх шинжээчийн тус дүгнэлтийг үндэслэн, А хэсгийн ажлын доголдол засварлахад шаардагдах зардал 8,091,000 төгрөг, болон тухайн А хэсэгт хамаарах доголдлыг засварлахад гарсан зардал болох иргэн О.Майдарт ажлын хөлсөнд шилжүүлсэн 1,500,000 төгрөг нь баримтаар тогтоогдсон байх тул эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчаас “1,500,000 төгрөгийн зардал давхардсан гэх” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Учир нь шинжээчийн дүгнэлтээр тухайн А хэсэгт хамаарах доголдлыг засварлахад гарсан зардал 8,091,000 төгрөгт өмнө нь засварласан хэсгийг хамааруулаагүй болно.

 

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү цагаар ажилтан ажиллуулсны хохирол гэх 8,759,965 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Учир нь, тухайн хохирлыг нэхэмжлэгчид бодитоор учирсан гэж үзэх баримтгүйгээс гадна, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид тухайн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардсан нийт 54,065,965 төгрөгөөс 16,841,000 төгрөгийг хангаж, үлдэх 37,224,965 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийн заалтад зохих өөрчлөлт оруулна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр мозайкан шал хийх ажлын 1 м.кв талбайг 90,000 төгрөгөөр тооцож хийхээр тохиролцсон бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “А хэсэг буюу үйлдвэрийн өргөтгөлийн 474.6 м.кв дотор талбайд мозайкан шал хийх ажлыг хийж гүйцэтгэжээ” гэснээс үзэхэд 74.6 метр квадрат хэмжээгээр илүү ажлыг хариуцагч гүйцэтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан зохицуулалтад нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн илүү хийж гүйцэтгэсэн ажлын хөлс /74.6 м.кв х 90,000 төгрөг/ 6,714,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

           

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байх тул энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болго ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/04642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 17,841,000 ...” гэснийг “16,841,000” гэж, “... 36,224,965 ...” гэснийг “37,224,965” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А-” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,100 төгрөг, хариуцагч “К-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,274 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К-” ХХК-аас 242,155 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “А-” ГХОХХК-аас 122,374 төгрөгийг гаргуулж, хариуцагч “К-” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,645 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ