Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Жавзансүрэн, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл,

Шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б д холбогдох эрүүгийн 1706 03850 0236 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн   суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Э.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.Б  нь засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЭМСИД” ХХК-ны авто засварын грашид засвар, үйлчилгээ хийлгэж байсан 11-43 УНЕ улсын дугаартай Хьюндай маркийн автобусыг жолоодон, грашид байрлуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан засварчин Б.Мөнхмандахыг мөргөж амь насыг нь болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б  мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Жавзансүрэн мэдүүлэхдээ: “...Түрүүчийн шүүх хуралдаанд тодорхой ярьсан учир одоо ярих зүйл байхгүй. Хохирол төлбөрөө барагдуулж авсан. Гомдолтой байна.” гэв.

       

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-23-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-29-33/,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-34-36/, хохирогч Б.Мөнхтуулын өгсөн мэдүүлэг /1хх-41/, хохирогч В.Жавзансүрэнгийн өгсөн тэмдэглэл /1хх-47/, Э.Б гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-97-98, 99, 2хх-97-98/, гэрч Б.Байгальмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-105/, гэрч Д.Энхбатын өгсөн мэдүүлэг /1хх-109/, гэрч Г.Мөнх-Оюунын өгсөн мэдүүлэг /1хх138-139/, “Эмсит” ХХК-ны Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-199-205/, гэрч Б.Зоригсайханы өгсөн мэдүүлэг /1хх-209/, гэрч Ч.Баатарцогтын өгсөн мэдүүлэг /1хх-210/, гэрч Ө.Дэлгэрийн өгсөн мэдүүлэг /1хх-211-212/, гэрч С.Нармандахын өгсөн мэдүүлэг /1хх-213-214/, гэрч Ч.Ранаажавын өгсөн мэдүүлэг /1хх-217-218/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2294 дугаартай дүгнэлт /1хх-101-105/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 26 дугаартай дүгнэлт /1хх-247, 2хх-1/, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагчийн 2018-01 дугаартай дүгнэлт /2хх-21-29, 38-40/, “ЭМСИД” ХХК-ны засварчны ажлын байрны тодорхойлолт /1хх-181/, гэрч Б.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-207-208/, “Эмсит” ХХК-ны захирлын 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 112 дугаартай тушаал /1хх-100/, хөдөлмөрийн гэрээ /1хх-101/, Э.Б иргэний үнэмлэхний хуулбар /2хх-99/, хохирлын баримтууд /1хх-84, 85, 89, 65, 66, 67, 68, 80, 82, 81/, Э.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-101/, шинээр хохирол төлбөр төлсөн баримт 1 хуудас, хүсэлт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Э.Б  нь засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЭМСИД” ХХК-ны авто засварын грашид засвар, үйлчилгээ хийлгэж байсан 11-43 УНЕ улсын дугаартай Хьюндай маркийн автобусыг жолоодон, грашид байрлуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан засварчин Б.Мөнхмандахыг мөргөж амь насыг нь болгоомжгүй хохироож, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

                Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Мөнхтуулын өгсөн: “...Манай ах Б.Мөнхмандах нь эцэг эхээс бид хоёулаа Б.Мөнхмандах ах эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороонд амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад манай ээжийн төрсөн дүү Янжмаа Завхан аймгаас 85895589 дугаарын утсаар яриад үгийн зөрөөгүй уйлаад “Б.Мөнхмандах ах чинь яасан гэсэн бэ” гэсэн. Би шууд утсаа таслаад Б.Мөнхмандах ахын эхнэр В.Жавзансүрэнгээд утсаар яриад юу болсон талаар асуусан чинь “ах чинь автобусанд дайруулсан гэж байна” гээд уйлсан. Би шууд ахын ажил дээр нь очих санаатай явж байхад “Гэмтлийн эмнэлэг явж байна” гэхээр нь тэр зүгт явсан. Гэтэл дахиж залгаад “Баянзүрх дүүрэг дэх Цэргийн эмнэлэгт яваад ир” гэсэн. Тэнд нь очсон чинь ах маань нас барсан байсан. Тэгээд ар гэрийн хүмүүстээ хэлсэн. Юу болсон талаар ажлын засварчин Баатарцогт, мөн найз Наранбат гэх хүмүүсээс нь асуусан чинь манаач паар янзалаатах гээд талийгаачийг паар янзалж байхад нь автобусаар араас нь мөргөсөн гэж сонссон. Манай хамаатнууд ярилцаад намайг энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар болсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү. Миний хувьд гомдолтой байна оршуулгын зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг баримтаар гаргаж өгнө.” /1хх-41/ гэх мэдүүлэг,

 

                Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Жавзансүрэнгийн өгсөн: “...Миний хувьд талийгаач Б.Мөнхмандахын албан ёсны эхнэр нь бид хоёр 2012 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж одоо 5 настай охинтой ийм учраас л хохирогчоор тогтоогдох болсон. Цаашид өөрт учирсан эд хөрөнгө хохирлыг барагдуулах, хохирлыг нэхэмжлэхээр хохирогчоор тогтоогдож байгаа. Би талийгаач Б.Мөнхмандахтай 2011 онд танилцаад гэр бүл болсон албан ёсны гэр бүл. Талийгаач нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өглөө 10 цагийн үед “ажилдаа явлаа” гээд гэрээсээ гарсан. Тэр орой 21 цаг 20 минутын үед байх хамт ажилладаг залуу нь миний 80777680 дугаарын утсаар залгаад “Б.Мөнхмандах автобусанд мөргүүлчихлээ, автогражид яаралтай хүрээд ир” гэсэн. Би тэгээд удаагүй 21 цаг 30 минутын үед гражид очиход түргэний машин ирсэн талийгаач ухаангүй байсан. Тэгээд шууд түргэний машин аваад явсан намайг хамт авч яваагүй. Би араас нь машинтай явсан. Тэгээд Цэргийн төв эмнэлэгт очоод нас барсан би уулзаж чадаагүй. Талийгаач өглөө ажилдаа явахдаа архи пиво уугаагүй эрүүл гарсан. Миний зүгээс талийгаачийн оршуулгын зардалд ойролцоогоор 10 гаран сая төгрөг гарсан. Баримтууд нь байгаа дараа хэрэгт хавсаргаж өгье. Компани зүгээс оршуулгын зардалд 5.900.000 төгрөгийг өгсөн гэсэн энэнд нь мөн ажилчдаас цугларсан мөнгийг оруулсан гэж байсан баримтууд нь байгаа байх.” /1хх-47/ гэх мэдүүлэг,

 

                Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбатын өгсөн: “...Тэр өдөр надад манай түлшний нярав Мөнх-Оргил 88012129 дугаарын утсаар 21 цагийн үед байх залгаад “Б.Мөнхмандах автобус паар хоёрын дунд хавчуулагджээ, цагдаа, түргэн дуудсан” гэж хэлсэн. Би тухайн үед гэртээ байсан. Тэгээд би гэрээсээ гараад явж байхад Б.Мөнхмандахыг цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Тэгээд шууд тийшээ очиход Б.Мөнхмандахыг амьсгаатай байна гэж байсан. Би бол уулзаагүй эмнэлэгт ороод 15 орчим минутын дараа нас барлаа гэж хэлсэн. Би эмнэлгээс шөнө 01 цагийн үед байх авто гражид ирсэн намайг ирэхэд цагдаагаас ирсэн үзлэг хийж байсан. Би тэр өдөр орой 17 цаг 30 минутын үед ажлаас гарсан намайг гарахад диспетчер Ө.Дэлгэр, ерөнхий механик С.Нармандах, инженер Б.Зоригсайхан, засварын механик Б.Мөнхмандах, засварчин Э.Б , засварчин Батжаргал, засварчин Баатарсүх. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер С.Энхтөр, манаач Ч.Ранаажав, түлшний нярав Д.Мөнх-Оргил нар ажлаа хийгээд үлдсэн. Манай саяны осол болсон гражид хяналтын камер байхгүй. Яг осол болох үед манаан Ч.Ранаажав граж дотор талийгаач Б.Мөнхмандахтай хамт байса­н гэсэн. Тэр өдөр Б.Мөнхмандах, Э.Б  нар нь ерөнхий механик С.Нармандахын удирдлага доор ажиллаж байсан. Тухайн үед С.Нармандах диспетчерын байранд байсан гэсэн. Б.Мөнхмандах, Э.Б  хоёр тэр өдөр 11-43 УНЕ улсын дугаартай паркийн дугаар нь 19043 дугаартай автобусны пирда диск нь элэгдсэн байсныг сольж диск тохиргоог нь хийх ажилтай байсан гэсэн. Уг ажлыг С.Нармандах хувиарласан. Э.Б  нь автобус барих эрхгүй. Тэр өдөр талийгаач Б.Мөнхмандах автобусыг ухраагаад гаргаад түлш хийгээд ир гэж хэлэхээр нь Э.Б  автобусыг гаргаад түлш хийж байх үед нь талийгаач Б.Мөнхмандах гарч ирээд Э.Б д хандаж “чи наад автобусныхаа хийг гүйцэд шахахгүй яасан бэ, мөн устай тэрэг хөлдөнө, хурдан оруул” гэж хэлсэн гэсэн. Ер нь автобусны хий 8-10 хувь хүртэл шахаж байж диск авцалдаж конс хэвийн ажиллагаанд байдаг. Тухайн үед уг автобус нь Э.Б яриагаар дөнгөж 5-тай байсан гэсэн. Автобус нь хийгээ гүйцэд хураагаагүй тохиолдолд ажлын цилиндр дээр ирж байгаа хий бага ирж тормоз муу барьдаг. Уг автобусыг жолооч нар болон ерөнхий механик Нармандах барьж грашаас гаргах эрхтэй. Өөр хүн грашаас автобусыг унаж гарах эрхгүй. Энэ талаар байгууллагын 2005 оны дотоод журам байгаа мөн ажлын байрны тодорхойлолтод дурдсан байгаа. Манай компанид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг Энхтөр, Мөнх-Оюун нар тушаалаар хариуцан ажилладаг тухайн өдөр Энхтөр хариуцан ажиллаж байсан. Тэр өдөр хөдөлмөр хамгааллын инженер Мөнх-Оюун зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байсан. Манайд хөдөлмөр хамгааллын сургалт явуулдаг хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард замын цагдаагийн хэлтэстэй хамтран жолооч нарын дунд явуулсан. Тэр өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр талийгаач Б.Мөнхмандах болон Э.Б  нар зааварчилга аваад гарын үсэг зурсан бүртгэл байгаа. Тэр өдөр диспетчер Ө.Дэлгэр Э.Б д хандаж “уг автобусыг маргааш хувиартай шүү түлшийг нь авахуулаарай” гэж хэлж байсан гэсэн. Тэгээд гражид дотор талийгаач Б.Мөнхмандах автобусыг гаргахыг Э.Б д хэлсэн гэсэн. Уг автобус өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шугамд Улиастай Дэнжийн мянга чиглэлд гарсан тухайн үедээ салхины шил нь хагарсан байсныг сольж хийсэн байсан. Уг автобусны бүрэн бүтэн байдлыг талийгаач Б.Мөнхмандах болон Э.Б  нар хариуцан ажиллах ёстой. Тухайн үед уг автобус нь пирда диск нь хий эргээд ажиллахгүй гээд засварт орсон гэсэн. Яг хэзээ хэн оруулж ирснийг нь мэдэхгүй. Хэн жолоодож явсныг нь мэдэхгүй. Засварын гражид автобус орсон гарсан талаар бүртгэл байдаггүй. Манай байгууллага ажилчдын зүгээс ойролцоогоор 7 сая орчим төгрөгийн туслалцаа ажил явдалд нь үзүүлсэн үүнээс 5.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Байгууллагын зүгээс талийгаачийн ажил явдалд 5.960.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ нь 3.960.000 төгрөг нь ажилчдаас цугларсан менгө үлдсэн нь байгууллагаас гаргасан. Мөн 1.270.000 төгрөгийн талийгаачийн ар гэрийнхэн нь Улаанбаатар хотод байрлах үеийн зардал хүн хооллох зардал, хөдөө орон нутаг руу явах тээврийн хэрэгслийн бэлэн байдал. засвар үйлчилгээ, бензин тос маслод зарцуулсан. Ингээд нийт 7.230.000 төгрөгийг талийгаачийн оршуулгын зардалд өгсөн. Сүүлд өгсөн 1.270.000 төгрөгийн баримт байгаа. Дээрхи мөнгийг байгууллага гаргасан. Байгууллагын зүгээс одоо Шүүхийн шийдвэрээс гарах үйлдвэрлэлийн ослын 36 сарын тэтгэмжийг хувиар графикийн дагуу цаашид олгоно. Түүнээс дахин мөнгөн тусламж өгч чадахгүй. Үлдсэн 4.688.763 төгрөгийг Э.Б  гаргах байх гэж бодож байна. Э.Б хувьд манай байгууллагатай өр авлагын асуудал байхгүй.” /1хх-107-108, 109/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнх-Оюуны өгсөн: “...2016 оны 11 дүгээр сараас Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн инженерээр ажилд орсон. Би ажилд хойш тасралтгүйгээр ажиллаж байгаа бөгөөд би өглөө 09 цагт ажилдаа ирээд орой 17 цагт ажлаасаа буудаг. Манай компани хоёр ээлжийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн инженертэй бөгөөд нөгөө инженер Энхтөр өглөө 06 цагт ажилдаа ирж ажилдаа гарах гэж байгаа жолооч нарт зааварчилга өгч зааварчилга танилцуулсан дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг. Би 09 цагт ирээд зааварчилгаагаа өгөөд ямар ажлыг яаж хийж байгаа талаар зааварчлаад ажлаа эхэлдэг. 10 цагт засварчид ирдэг учир Энхтөр бид хоёрын хэн байгаа нь засварчиддаа зааварчилгаагаа танилцуулж гарын үсэг зуруулдаг. 2017 оны 11 дүгээр сарын          10-ны өглөө 09 цагт ажилдаа ирээд байж байхад 10 цагийн орчим засварчин Б.Мөнхмандах, Э.Б  хоёр ирээд ажилдаа гарах үед хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаараа өгөөд дэвтэр дээр бичсэн байдаг зүйлийг нь давхар уншуулаад хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэр дээр нь гарын үсэг зуруулсан. Тэр өдөр ямар ажил хийх ёстой тэр талаар нь зааварчилгааг нь өгөөд явсан. Өдөр автобус ирэхээр нь харж угаалгаад тухайн өдөр ажил ихтэй байсан учир 19 цагийн орчим би ажлаасаа буугаад явсан. Би гэртээ очоод байж байхад манай холбоочин над руу залгаад “Б.Мөнхмандах автобусанд мөргүүлчихлээ” гэхээр нь гэрээсээ гараад явж байхад “түргэн тусламжийн машин аваад явлаа” гэж хэлсэн. Би баазаас түргэний машиныг дагаж гарсан машинд нь замаасаа суугаад араас нь явж байхад Баянзүрх дүүргийн эмнэлэгт талийгаачийг хүргэж өгсөн. Би араас нь ороход эмнэлгийн өрөөнд орсон байгаа гэсэн учраас ямар байсан талаар хараагүй. Манай хоёр засварчин ээлжээр эсхүл хоёулаа хамт хааяа гардаг юм. Ажлын цагийн хувьд өглөө 06 цагаас шөнийн 12 цаг хүртэл буюу автобус зогстол ажилладаг. Манай компани тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг буюу шалгагч механикийг хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн инженер Энхтөр давхар хийдэг юм. Би танилцуулсан. Танилцуулсан талаараа өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Ер нь бол хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг би хариуцан ажиллаж байгаа бөгөөд Энхтөр бид хоёр хамтраад хэзээ ямар сургалт явуулах уу гэж ярилцаж тохиролцон сургалтын төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу арга хэмжээг тогтмол зохион байгуулж явуулдаг.” /1хх-138-139/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Зоригсайханы өгсөн: “...21 цагийн орчим Д.Мөнх-Оргил оройн ээлжтэй үүдэнд автобуснуудад түлш шахаад зогсож байсан ба би тэр үед баазын дотор байдаг гагнуурын хэсэгт очиж төмөр гагнаж байсан. Би төмөр гагнаж байхад гэнэт хүмүүс шуугилдаад эхлэхээр нь юу болсон юм болоо гээд яваад очиход паарнаас ус гарчихсан хажууд нь манаач Ч.Раднаажав ах “хүн дайрчихлаа” гэж надад хэлэхээр нь би шууд С.Нармандах ахад хэлэхээр диспетчерийн өрөө рүү гүйсэн. Би гүйж байхдаа “хөөе” гээд орилох үед С.Нармандах ах, Баатарцогттой хамт гараад ирсэн. Би тэр хоёрыг дуудсаны дараа асаалттай байсан автобусыг тэд нарын нэг нь ард талаар нь унтрааж байсан бөгөөд автобусыг хойшлуулах хэрэгтэй гээд нэг нь хэлэх үед бөөнөөрөө нийлж байгаад хойш нь түрж хойш болгосон. Би үүдэнд байсан Мөнх-Оргилыг дуудаж автобусыг хойш нь түлхэхэд оролцуулсан бөгөөд ингээд автобусыг хойш болгосны дараа урд очиход талийгаач газар хэвтсэн байдалтай хүмүүс тойроод хараад түргэн тусламж дуудаж байсан. Ингээд удалгүй түргэн тусламж ирээд талийгаачийг аваад явсан юм. Осол гаргасан автобусыг хэн гаргасан талаар бол хараагүй. Мөн хэрхэн осол гарсан талаар хараагүй тухайн үед би 18 цагаас хойш гагнуурын өрөөнд юм тасралтгүй гагнаж байсан юм. Хүмүүс шуугилдаад байхаар нь гагнуурын хэсгээс гараад очиход автобус асаалттай байсан. Би анх очихдоо талийгаачийг мөргүүлсэн талаар мэдээгүй. Би холбооны инженер учраас төхөөрөмжүүдтэй холбоотой сургалтыг ордог мөн манайхаас зохион байгуулсан сургалтад тогтмол хамрагддаг. Сургалт сард нэг удаа явагддаг.” /1хх- 209/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баатарцогтын өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ 09 цагийн орчим ирж зааварчилга аваад ажилдаа орсон. Өдөр банк орж зээл хөөцөлдөх байсан учир гарч яваад хувийн ажлаа амжуулж байгаад орой 17 цагийн орчим ажил дээр ирэхэд өдрийн хийх ёстой байсан ажил үлдсэн байсан. Ингээд орой ажиллахаар болж диспетчерийн хойд талын грашид жижиг зүйлүүд хийж байгаад дараа нь автобусны аржатар янзалсан. Цаг минутыг мэдэхгүй байна хүмүүс хажуу талын грашид шуугилдаад байхаар нь гараад очиход шинэ грашид хэрэг болчихсон талийгаач автобусны хажуу талд шалдан дээшээ хараад юу ч дуугаргахгүй хэвтсэн тойроод хүмүүс байсан. Би очоод “яасан юм” гэхэд “Э.Б  43-тай орж ирээд мөргөчихлөө” гэж тэнд байсан хүмүүс хэлж байсан. Би тэр хавиар балмагдаж явж байгаад гар утсаа гаргаж ирээд талийгаачийн эхнэр В.Жавзансүрэн рүү залгаад “манайд осол гараад Б.Мөнхмандах автобусанд дайруулчихлаа” гэж хэлэхэд “чи битгий тоглоод бай” гэж хэлснээ орилоод гар утсаа тасалсан. Би ингээд түргэн тусламж руу нэлээн хэдэн удаа залгасны дараа түргэн тусламжийн машин ирээд талийгаачийг аваад явсан. Зааварчилгааг ажилтан байнга бид нарт өгдөг. Бид нар зааварчилга аваад дэвтэр дээр гарын үсэг зурдаг.” /1хх-210/ гэх мэдүүлэг,

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Дэлгэрийн өгсөн: “...Би тэр өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өглөө 06 цаг 00 минутаас ажлаа аваад 00 цаг өнгөртөл ажилладаг. Тэр өдөр мөн ажлын байрандаа компьютероор чиглэлд гарсан автобуснуудаа хянаад өрөөндөө сууж байсан. Миний ажлын байр засварын гражаас 10 орчим метрийн зайтай гражийн хаалга байнга хаалттай байдаг. Яг хэрэг учрал болоход би хажууд нь байгаагүй. Тухайн хэрэг учрал болоход яг хэн хэн байсныг нь мэдэхгүй байна. Би өрөөндөө ерөнхий механик С.Нармандахтай ажлын талаар яриад сууж байсан. 11-43 УНЕ улсын дугаартай автобусыг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өглөө жолооч Мягмаржав барьж ажилд гараад 9-ний орой ирсэн бүртгэлтэй байна. Засварын гражид яг хэн оруулсан эсэхийг нь мэдэхгүй эвдрэлийн талаар өдрийн бүртгзл дээр бичигдсэн байгаа байх. Тэр өдөр манай өрөөнд ерөнхий механик С.Нармандах бид 2 маргааш чиглэлд гарах автобусны хувиарыг хийж байсан. Би түүнээс “11-43 УНЕ улсын дугаартай автобусны чиглэлд гарахад боломжтой юу” гэж ерөнхий механикаас асуухад “болно, болох байх” гэж хэлсний дагуу маргаашийн гарах хувиарт оруулсан. Орой 19 цагийн үед манай өрөөнд оройн хоолонд засварчид механикууд хооллож байх үед би С.Нармандахад хандаж “11-43 УНЕ автобус маргааш чиглэлд гарна түлшийг нь аваарай” гэж хэлсэн. Тэрнээс хойш би ажлаа хийгээд уг автобусыг хэн барьж гарч түлш авсныг нь хараагүй. Тэгтэл орой 21 цагийн үед байх хүн хавчуулагдчихлаа гээд түргэн дуудаад би айгаад граж руу ороогүй. Уг автобус нь урд өмнө нь яг хэдэн удаа эвдэрч засварт орж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Э.Б , Б.Мөнхмандах хоёр урьд өмнө нь ч гэсэн автобус барьдаггүй байсан. Зөвхөн жолооч нар ерөнхий механик л автобусыг барьдаг. Би Э.Б д “түлшээ аваарай” гэж хэлээгүй. Нэг автобусанд 2  жолооч  байдаг орой нь бууж ирж байгаа жолооч нь маргаашийнхаа түлшийг аваад автобусаа байрлуулдаг.” /1хх-211-212/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нармандахын өгсөн: “...Тэр өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ байсан. Гэхдээ яг хэрэг болсон газар байгаагүй деспечирын өрөөнд байсан. Манай Дэнжийн 1000- Улиастайн шугамд явсан 11-43 УНЕ улсын дугаартай автобусыг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр жолооч Мягмаржав барьж шугаманд гараад орой 21 цагийн үед буусан. Ирэхдээ жолооч нь “уг автобусны пирда диск нь эргэх гээд байна засварт үзүүлье” гэж хэлээд автобусаа гражид тавьсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны 10 цагийн үед уг автобусыг барьж үзэхэд диск нь эргэх гээд араандаа орохдоо муу байсан. Тэгээд тэр өдрөө засварчин Б.Мөнхмандах, Э.Б  нарт хариуцуулж уг автобусны пирда дискийг ган дисктэй нь хамт солиулах үүрэг өгөөд засварын гражид оруулаад өгсөн. Би тэр өдөр засварын граж руу орж гараад л ажлаа хийгээд явсан. Орой 17 цагийн үед талийгаач Б.Мөнхмандах надад “уг автобусны пирда диск, ган дискийг сольчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би орж үзэж шалгахад зүгээр болсон байсан. Тэр үед жолооч Мягмаржав гражид явж байхаар нь “чиний автобусыг янзлаад дууссан, маргааш хувиарт тавина, орой түлшээ аваарай” гэж хэлсэн. Мягмаржав “за тэгнээ, би гэртээ хариад хоолоо идээд ирье” гэж хэлсэн. Орой 19 цагийн оройн хоолыг диспетчерийн өрөөний үүдэнд ажилчид хоол идэж байх үед диспетчер Ө.Дэлгэрт би “11-43УНЕ улсын дугаартай автобусыг өнөөдөр засаад дууссан байна, маргааш ажилд гаргая” гэж хэлсэн. Тэгтэл Ө.Дэлгэр маргаашийнхаа түлшийг аваарай гэж хэлсэн. Намайг деспечрийн өрөөнд байх үед дээрх осол болсон байсан. Яг осол болох үед манаач Ч.Ранаажав, засварчин Э.Б , Б.Мөнхмандах нар гражид байсан. Надад засварчин Батжаргал гүйж ирээд “болохоо байлаа, хүн хавчуулагдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би гражид ороход 11-43УНЕ улсын дугаартай автобус хананд тулсан дунд нь Б.Мөнхмандах хавчуулагдсан байдалтай байсан. Автобус нь унтарсан байсан. Тэнд байсан хүмүүс болон гаднаас жолооч нар орж ирж автобусыг түрж зай гаргаж Б.Мөнхмандахыг засвараас нь гаргаж авсан. Э.Б  автобуснаас бууж ирсэн. Б.Мөнхмандахыг гаргаж авах гээд зогсож байсан уг автобусны урд салхины шил хагарсан цуурсан байсан. Мөн зүүн урд хэсгээрээ хонхойсон байсан. Б.Мөнхмандах цээж нь хөндлөн байрлалтай толгой хэсэг буюу цээжин хэсэг нь ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай гражийн баруун хананы цагаан пааранд автобусны зүүн урд хэсгээр шахагдсан байдалтай амьд байсан. Гэхдээ юм яриагүй дуугарахгүй байсан. Тухайн үед хэн эмнэлэг цагдаа дуудсаныг нь мэдэхгүй. Удаагүй түргэн ирж үзээд шууд аваад явсан. Цагдаа мөн ирж үзлэг хийгээд явсан. Тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа уг автобусны урд салхины шилийг сольж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг автобусыг ажилд гаргасан. Автобусны түлшийг менежер Мөнх-Оргил өгдөг. Тэр өдөр мөн Мөнх-Оргил өгсөн гэсэн. Би тэр үед диспетчер Ө.Дэлгэртэй маргаашийн хувиарыг хийж байх үед Э.Б  автобусыг барьж гараад түлш аваад орсон байсан. Засварын гражаас түлш авдаг клонк хүртэл баазын хашаан дотор ойролцоогоор 100-120 метр байх гараад орсон байсан. Уг гражийн хаалгыг манаач л онгойлгодог тэр үед манаач Улаанаа хаалга онгойлгосон байх. Миний ажил үүргийн хуваарьт жолооч нар болон ерөнхий механикаас өөр хүн автобус жолоодохыг хориглосон. Уг автобус нь ойрын үед эвдрээгүй гайгүй байсан. Онолын үүднээс автобус нь яваагүй байсан тохиолдолд дахиж асаах үед асаагаад 10 минутаас дээш хийг хураах ёстой. Энэ нь автобуснууд хийний 3 баллонтой үүний 1 дүгээр баллон үндсэн хийгээ 5 хүртэл хураагаад 2 дугаар баллон руу хийг шилжүүлдэг. 2 дугаар баллон мөн 5 хүртэл хийг хураагаад нэмэлт баллон буюу 3 дугаар баллон руу хийг шилжүүлдэг. Үндсэн хий нь 8-10 хүрсэний дараа автобус нь бүрэн хийгээ шахаж хөдөлгөөнд оролцох боломжтой болдог. Энэ нь хий дүүрснээр тормоз бүрэн ажиллах, конс ажиллаж арааг солих үүрэгтэй хийг бүрэн шахаагүй хөдөлсөнөөс болж тормоз барихгүй, араа салахгүй конс хөндийрүүлэхгүй болдог. Үүнээс болоод дээрхи осол гарсан гэж үзэж байна. Дээрхи тохиолдолд жолооч гар кардан татах болон жаахан хааз нэмж өгөөд араагаа мулталсан бол зогсох боломж байсан. Уг автобусны сигнал ажиллаж байсан жолооч орилж холдуулах боломжтой байсан. Э.Б  уг нь В,С ангилалтай жолооч. Гэхдээ автобус барих ангилалгүй. Тэгээд ч засварчин ажил үүргийн хувьд засварын гражид автобусыг хөдөлгөх ёсгүй. Би Э.Б д уг автобусыг гаргаж түлш аваарай гэж хэлээгүй. Тухайн үед жолооч Мягмаржав гэр рүүгээ явсан байсан. Жолооч байхгүй шаардлагатай тохиолдолд би уг автобусыг асааж гаргах үүрэгтэй.” /1хх-213-214/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ранаажавын өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 9 цагаас 11-ний өглөөний 09 цаг хүртэл тус компанид харуулын үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд орой 21 цагийн үед байх талийгаач Б.Мөнхмандах засварын грашаас гарч ирээд намайг “3 дугаар хаалга онгойлго” гэсэн. Би тэгээд удирдлагаар 3 дугаар хаалгыг онгойлгосон. Тэгтэл уг грашаас Э.Б  19-43 дугаартай засаж байсан автобусаа бариад ухраад гаргаж байсан. Би тэгээд хаалгаа онгойлгож өгөөд засварын граш дотор орсон ороод автобус зогсох ивээсүүдийг шалгаад явж байхад талийгаач Б.Мөнхмандах граш дотор байсан. Б.Мөнхмандах “автобус орж ирнэ шүү, наанаасаа холд” гэсэн. Тэгтэл удаагүй Э.Б  барьж гарсан автобус эргэж орж ирэхдээ хааз нэлээд өндөртэй орж ирсэн. Би уг автобусанд ивээс хийх гэж оролдож уг автобусны баруун урд талын дугуйнд ивээс хийсэн боловч ивээсийг даваад гараад ирсэн. Тэр үед талийгаач уг автобусны зүүн урд хэсэг буюу жолоочийн талд зогсож байсан. Би ивээсээ хийгээд хойшоо холдсон. Холдох үедээ газар унаад боссон. Тэгэхэд талийгаач холдож амжилгүй автобусанд мөргүүлж хананд байрлах цагаан өнгийн паар автобус хоёрын завсар хавчуулагдаж үлдсэн. Тэр үед паарнаас ус задарч ус их алдсан. Би усны өрөө рүү гүйж орж усны хаалтыг хааж усыг тогтоосон. Тэр үед автобусыг унтрааж автобус паар хоёрын засвараас талийгаачийг гаргасан байсан. Талийгаач тэр үед амьд байсан. Гэхдээ юм яриагүй паарнаас ус их алдсан тул талийгаачийн хувцас их ус болсон байсан. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ирсэн. Харуулын ажил үүргийн хувиар гэвэл компани хашаанд аюулгүй байдал хамгаалалтыг хариуцан гадна дотно хаалга, онгойлгох, талбай цэвэрлэх, гаднаас граш руу орж ирж байгаа автобусанд ивүүр хийх зэрэг ажлуудыг хийдэг. Грашийн хаалгыг жолооч нар ирээд харуулыг дууддаг. Харуулуудад грашийн хаалганы удирдлага байдаг учир удирдлагаар харуулууд онгойлгодог. Би тэр үед уг автобусанд төмөр бариултай улаан өнгийн модон ивүүр хийсэн Уг ивүүр одоо грашид байгаа байх. Уг автобусыг хэн хаагуур нь яаж унтраасныг мэдэхгүй. Би паарны усыг хаах гээд явсан. Би автобусыг яаж унтраадаг талаар мэдэхгүй. Тухайн осол болох үед граш дотор талийгаач бид хоёр л байсан өөр хүн грашид байгаагүй. Осол болсны дараа механик С.Нармандах орж ирсэн харагдсан. Уг автобус орж ирэхэд Э.Б  сигнал өгсөн, үгүйг нь мэдэхгүй байна. Харин цонхоороо “холд” гэж хэлсэн. Түүнийг нь талийгаач надад дамжуулан намайг “холд” гэж хэлсэн. Би тэгээд хойшоо холдож газар унасан. Автобус грашаас гарахдаа зүгээр л хэвийн л хаазлаад ухраад гарсан. Орж ирэхдээ бас тийм хурдтай орж ирээгүй. Харин грашид орж ирээд хананд дөхөхдөө өндөр хаазтай байсан. Э.Б  автобусыг ухрааж гаргаад 10 орчим минут болсон байх би грашид 2- 3 ивээс шалгаж явсан. Тэгтэл л ороод ирсэн. Э.Б  урд өмнө нь автобус барьдаг байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй би хойшоо болохдоо л сандраад хөл халтираад газарт унасан. Түүнээс уг автобус намайг шүргэсэн зүйл болоогүй. Уг грашид камер байгаа үгүйг мэдэхгүй гадаа бол камер байдаг. Граш дотор намайг ороход талийгаач ганцаараа байсан. Ажлаа хийж байгаа байдалтай тостой хувцастайгаа байсан. Э.Б  манайд ажилд ороод удаагүй зан байдлынх нь талаар сайн мэдэхгүй. Харин Б.Мөнхмандах намайг ажилд ороход л ажиллаж байсан. Б.Мөнхмандахын зан байдлын хувьд үг дуу цөөнтэй хүнтэй дуугараад байдаггүй. Эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Ажилд хичээнгүй сайн ажилчин гэдэг. Э.Б , Б.Мөнхмандах хоёрын дундах харьцааг нь сайн мэдэхгүй. Тэр хоёр хамт засварчин хийдэг хамт ажилладаг болохоор гайгүй л байдаг байх гэж боддог.” /1хх-217-218/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:

         1. Талийгаачийн цогцост хийсэн шүүхэмнэлгийн задлан шинжилгээгээр Хавсарсан гэмтэл: Цээжний дарагдал, зүүн 2,3,4,5 дугаар хавирганы шууд хугарал, голт, үнхэлцэг хальс, уушгины эд, угийн холбоосны цус хуралт, уушгины няцрал, хэвлийн битүү гэмтэл, элэгний дэлбэнгийн урагдал, задрал, няцрал, өрцний цус хуралт, цээж, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /900мл цус/, хурц цус алдалт, дотор эрхтнии цус багадалт, нүүр, цээж, нуруу, мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн үүсгэгдсэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          З. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
          4. Талийгаачнь цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
          5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

          6.Талийгаачид учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэжээ..." /1хх-247-248/,

       Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-249-250, 2хх-1/,

 

Хөдөлмөр хамгааллын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2018-01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Хөдөлмөр эрхлэгч иргэн Засгийн газрын 2015
оны 269 дүгээртогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг
судлан бүртгэх дүрмийн 2.1.1-2.1.6-д заасан тохиолдлуудад осолд өртсөний
улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн ослыг
судлан бүртгэж, акт тогтооно. Осолдогч Б.Мөнхмандах нь ажлын байрандаа, ажил
үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөний улмаас амь насаа алдсан нь
үйлдвэрлэлийн осол мөн. Харин засварчин Э.Б осол гаргасны улмаас
хүний амь нас хохироосон үйлдэл нь үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй
болно.

2. “ЭМСИД” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг
судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын 2017 оны 10 дугаар сарын 12-
ны өдөр гаргасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ын
12-д “үйлдвэрлэлийн осол гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйлийг /Засварчин
Э.Б  тус компаний “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 3.3.7 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Хавтаст хэргийн материалд Хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байсан баримт мөн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох ямар сургалт явуулсан, шалгалт авч баталгаажуулсан эсэх, засварын цөхэд ажиллаж буй засварчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангагдаж ажиллах өөрөөр хэлбэл засварчид автобусыг жолоодох, хөдөлгөхийг хориглосон талаар тодорхой заасан байгууллагын зүгээс зохицуулсан эрх зүйн акт, баримтууд байхгүй байна.

З. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг
хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,
хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд
хариуцна./гэж заасан байна.

4. 3асварчин Э.Б  нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох өөрөөр хэлбэл D ангиллын /жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай. хүн тээвэрлэхэд зориулсан автомашин/ жолоодох эрхийн үнэмлэхгүй байж автобус жолоодож яваад осол гаргасан байна.

5. “Үйлдвэрлэлийн осол.   хурц  хордлогыг  судлан   бүртгэх  дүрэм'-ийн   3.6  /комисс  нь  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт"-ын дагуу судлан бүртгэнэ./, 3.8 /Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна./, 3.9 /Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ./, 3:10 /Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан хянан баталгаажуулна./-д гэж заасны дагуу байгууллагын !үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь осолдогч осолдогч Б.Мөнхмандахын ослыг судлан бүртгэж, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 заалтад хамааруулан үйлдвэрлэлийн осолд тооцсон шийдвэр гаргасан байна. Уг ослын актыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэж Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газарт ирүүлснийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан байна.”/2хх-21-22/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-23-29/,

 

Хөдөлмөр хамгааллын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-Н-01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Осолдогч Б.Мөнхмандах, засварчин Э.Б  нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн тэмдэглэл бүхий хуудас хавтаст хэргийн 115, 236-241 дугаар хуудсанд авагдсан байгаа тул аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм" MNS3 4969:2000 стандартын 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэж заасны дагуу зааварчилгыг бичгээр өгсөн байх ба зааварчилга өгсөн хүний гарын үсэг хэсэгт ямар нэг тэмдэглэл, гарын үсэг байхгүй байгаа тул ямар албан тушаалтан өгсөн эсэхийг хариулах боломжгүй байна.

З.Засварчин Э.Б  нь “ЭМСИТ” ХХК-ийн "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж"-ийн 15 дахь /Жолоо барих эрхийн үнэмлэхгүй засварчин болон бусад ажилтан нар граж дотор болон гадна ямар ч нөхцөлд тээврийн хэрэгслийг жолоодох, хөдөлгөхийг хориглоно./ заалтыг зөрчин засварын газарт засвар үйлчилгээ хийгдэж буй тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хөдөлгөсний улмаас осол гаргасан байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;/, 18.2.7. /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах./-д заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.

4. Осолдогч Б.Мөнхмандах нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөж амь насаа алдсан засварчин Э.Б  осол гаргасан үйлдэлд “ЭМСИТ” ХХК-ийн удирдлага болон эрх бүхий ажилтнуудаас хууль тогтоомж, заавар, дүрэм журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нөлөөлсөн гэх үндэслэл хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна.

5. “ЭМСИТ” ХХК-ийн "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа заавар, зөвлөмжийн 14-д /Засварт орж байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгслийг зөвхөн хариуцсан жолооч болон механикаас бусад хүн хөдөлгөхийг хориглоно./ гэж заасны дагуу авто засварын баазад засвар үйлчилгээнд орсон тээврийн хэрэгслийг хөдөлгөх, байршуулах, шатахуун авах эрх бүхий ажилтан нь тухайн автобусыг хариуцсан жолооч байна. Засварчин Э.Б ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд засварт орсон болон гарч байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөх, жолоодох талаар зохицуулсан заалт байхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.Б  нь /Авто машины хөдөлгүүрийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч эсвэл тухайн зааварчилга авч томилогдсон засварчин асаахыг зөвшөөрнө/ гэсэн зааварчилга авсан боловч засварын баазад засвар үйлчилгээ хийлгэж буй автобусыг хөдөлгөх, жолоодох үйлдэл хийсэн байна. Э.Б  нь “ЭМСИТ” ХХК-ийн авто засварын баазад засвар үйлчилгээ хийж буй автобусыг хөдөлгөх, байршуулах, шатахуун авах эрх бүхий ажилтан биш болно.

6. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд Засварын механикийн ажлын байрны тодорхойлолтын 1.Ажлын байрны зорилго-д /Тээврийн хэрэгслийн техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын ажлыг холбогдох стандарт, заавар, журмын дагуу бүрэн чанартай хийж гүйцэтгэх, засварын ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хувиарлах ажлын байрны аюулгүй байдлыг хангахад оршино./, 2.Ажлын байрны үндсэн зорилт, ажил үүрэг- ийн 7-д /Засварын ажилчдын ажлын байранд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны норм, дүрмийн шаардлагыг хангуулж, ажил амралтын горимыг мөрдүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хамгаалах болон ажлын хувцсыг бүрэн өмсөж хэвшүүлэх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгч засварчдын сургалт мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулахад оролцох./ гэж заасан байх тул засварын механик нь авто баазад засвар үйлчилгээ хийлгэж буй автобусыг засварчид хөдөлгөх, байршуулах асуудлыг таслан зогсоох эрх бүхий албан тушаалтны нэг мөн.

7. Уг осол болоход “ЭМСИТ” ХХК-ийн зүгээс хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэхийг хавтаст хэргийн хүрээнд тогтоох боломжгүй байна.” /2хх-38-40/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-21-29/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б яллагдагчаар өгсөн: “..Хэрэг учрал болсон тэр өдөр би оройн 20:00 цагийн орчим хоолоо идсэн. Тэгээд гараад явж байхад Дэлгэр-Өнөр гэдэг манай ажлын диспетчер 19043 чинь болчихсон юм бол гаргаад оруулчих гэсэн. Тэгээд би надад хэлж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд хартал 19043 гадаа түлш хийгээд байж байсан. Тэгэхээр нь би очоод хэн гаргаж ирсэн юм бол гэж хайхад ойр хавьд хүн байгаагүй. Тэгэхээр нь автобус дотор шатан дээр зогсож байхад амь хохирогч гарч ирээд “наадах чинь тосол байхгүй, устай тэрэг хэн гаргасан юм бэ, сэнсийг нь боосон юм уу, аржатар доторхи ус нь хөлдлөө, хурдан оруулчих, би зогсоол хараад байж байя” гэж надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь автобусыг шууд хөдөлгөөд автобусыг граш руу оруулсан. Тэгээд гарааш руу орж байхад Б.Мөнхмандах, Ч.Раднаажав нар хамт зогсож байсан. Тэгээд бм гарааш руу автобусыг оруулаад зогсоох гээд тоормос гишгэхэд тоормос барихгүй араа салгах гэхэд араа салахгүй байсан. Тэгээд тэр чигтээ амь хохирогчийг мөргөчихсөн. Амь хохирогч хөдлөлгүй байсаар мөргүүлчихсэн ба би амь хохирогч Ч.Раднаажав нарыг хоёр тийш болчихлоо гээд араа салгах гээд ноцолдож байхад л гэнэт шил хагарч юм мөргөөд зогссон. Тэгээд хартал амь хохирогчийн толгой нь автобусны урд шил болон хана хоёрын дунд хавчуулагдсан ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Тэгээд л тэнд байсан хүмүүс хүн дайрчихлаа гээд автобусыг хойш нь түрж хөдөлгөх гэтэл дийлэхгүй байсан. Араас чирэгч автомашин оруулж ирээд тэгээд чирэхэд тороос нь тасарсан. Тэгээд 2 дахь удаагийн чирэлтээр чирч холдуулаад амь хохирогчийг газар унагаалгүйгээр тэвэрч авсан. Тэгэхэд амь хохирогч ёолж амьсгалж байсан. Тэгээд газар хэвтүүлэхэд цээжээ дарж байсан. Тэгээд л хүмүүс ирж 103 дуудсан. Тэгээд түргэн ирээд амь хохирогчийг аваад явсан. 103 авч явснаас хойш 1-2 цагийн дараа амь хохирогчийн нас барсныг мэдсэн. Миний хувьд амь хохирогчтой өс хонзон, хөрөнгө мөнгөний авлага өглөг, ямар нэгэн маргаан таарамжгүй харьцаа байхгүй. Бид ямар нэгэн төрөл садан биш найз нөхдийн харьцаатай байдаг байсан. Анх хамт хохирогчтой 2017 оны 5 дугаар сард ажилд ороод танилцаж найзалж нөхөрлөж байгаа.” /2хх-96, 97-98/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-28/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-29-33/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-34-36/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-60-91, 239/,

“Эмсит” ХХК-ны Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвстэрт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-200-205/,

Тээврийн хэрэгслийн хохирлын акт /1хх-244/,

Хохирол төлсөн баримт /1хх-245/,

Хөдөлмөр хамгааллын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-Н-01 дугаартай дүгнэлт /2хх-38-40/,

“ЭМСИД” ХХК-ны засварчны ажлын байрны тодорхойлолт /1хх-181/,

“Эмсит” ХХК-ны захирлын 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 112 дугаартай тушаал /1хх-100/,

 Хөдөлмөрийн гэрээ /1хх-101/,

 

Шүүгдэгч Э.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-101/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.  

 

Шүүгдэгч Э.Б  нь засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЭМСИД” ХХК-ны авто засварын грашид засвар, үйлчилгээ хийлгэж байсан 11-43 УНЕ улсын дугаартай Хьюндай маркийн автобусыг жолоодон, грашид байрлуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан засварчин Б.Мөнхмандахыг мөргөж амь насыг нь болгоомжгүй хохироосон байна. Иймд шүүгдэгч Э.Баттулгыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Баттулгыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Жавзансүрэнгийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.  

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын хамгийн бага хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Эрдэнэ Э.Б “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Э.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э.Б д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Б д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

      6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,  

                                                  ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС