Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00366

 

 

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Г-ын хариуцагч Б.Ч-, Т.Б- нарт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.Г- миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/360 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1781414237 дугаартай газрыг эзэмших болсон. Миний эзэмших эрхийн уг газрыг иргэн Ц.Ц- болон А.Ж- нар 2018 оноос эзэмшиж байсан ба тухайн газарт газрын албаны мэргэжилтний зөвшөөрөлтэйгөөр амины орон сууц барих ажлыг эхлүүлчихсэн, материалаа газрын албанд өгсөн байдаг. Бид 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, иргэн Ц.Ц-д уг газрыг худалдаж, тооцоо дууссан ба нэр шилжих үе нь газрын албанд хүргэгдсэн байгаа юм. Хэдий худалдсан ч гэсэн хууль ёсны өмчлөгч нь А.Г- миний бие юм. Ц.Ц- нь 2018 оноос эзэмшиж ашиглаж байсан эзэмшигчийн хувьд тус газар дээр барьсан амины орон сууцны хамт иргэн Б.Ч-, Т.Б- нарт худалдсан ба хариуцагч нар төлбөрөө төлөхгүй газрыг эзэмшиж ашиглаж байгаа тул Б.Ч-, Т.Б- нарын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Уг маргаан 2023 оны 03 дугаар сараас талуудын хооронд үүсэж үргэлжилж байгаа. Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-тай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар гудамж, Ногооны 2-77 тоот хаягт байрших, 614 м.кв талбай бүхий газар болон байшинг 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Ингээд 2022 оны 03

дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн байсан. Гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- манай хүргэн А.Ж- гэх хүний нэр дээр байдаг газар гээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эргэлтийн цэгүүдийн кадастрын зураг үзүүлж уг газрыг зарж нотариатаар орж батлуулаагүй гараар тохиролцож бичиг үйлдсэн. Гэтэл нэхэмжлэлд хавсарган өгсөн 2021 онд гэрээ байгуулж байх үед манай хүргэний газар гэж байсан бол 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А.Г-, Ц.Ц- хоёр газар эзэмших шилжүүлэх гэрээ байгуулсан гэх гэрээг өгсөн. Өөрөөр хэлбэл уг газар Ц.Ц-, А.Ж- нарын хэнийх ч биш, асуудлын зөрүү үүссэн. Уг гэрээн дээр нэгж талбарын дугаар бүхий Засаг даргын 2019 оны захирамжтай, 700 м.кв гэрчилгээний дугаартай газар гэсэн агуулга бүхий гэрээ байгаа. А.Г-ын өгсөн гэрчилгээнд зөрүүтэй асуудал үүсэж байна. А.Г-ын 1781414237 дугаартай газар, хариуцагч нарын худалдаж авсан гэх Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ногооны гудамж Ногооны 2-77 тоот хаягт бүртгэлтэй газар мөн эсэх, гэрчилгээний ард байгаа кадастрын зурагт хаягийн мэдээлэл байхгүй газрын зураг байгаа. Өмнөх шүүх хуралдаанд уг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх үед Хан-Уул дүүргийн газрын алба болон хорооноос авахад А.Г- нь тус хороонд бүртгэлтэй биш гэх лавлагаа байгаа. Иймд гэрчилгээ бүхий газар нь тус хаягт байрлах газар мөн эсэх талаар Хан-Уул дүүргийн газрын алба эсхүл хорооноос гаргуулах хүсэлтэй байна. Мөн ГГ90112710 гэх регистрийн дугаар А.Ж- гэх хүн Хан-Уул дүүрэгт ямар нэгэн байдлаар газар эзэмшдэг байсан эсэх талаарх лавлагаа гаргуулах, А.Г-ын 17814142 дугаартай газрын хувийн хэргийг газрын албанаас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч талын байр суурь Ц.Ц- гэх хүнээс газар авсан, гэхдээ зөв эзэнд нь буцааж өгөх, худалдаж авсан мөнгө, засаж сайжруулахад гаргасан зардлыг хэнээс гаргуулах зэрэг асуудал байгаа. Газрыг чөлөөлж өгөхөд бэлэн, гэхдээ худалдан авсан 13,000,000 төгрөг, засаж сайжруулахад 5,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хэнээс авах нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас уг газрын жинхэнэ эзэмшигч хэн эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Т.Б-, Б.Ч- нарт холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай А.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэртэй танилцаад дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. А.Г-од газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл, А.Г-оос Ц.Ц-д төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг нотариатын байгууллага эрх олгосон итгэмжлэл байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдлын агуулга нь шүүхийн ажиллагаанд гомдолтой гэж харагдаж байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд 2021 оны 12 дугаар сард нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц-тай газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй ч гэсэн газрыг хүлээж авсан. Тухайн газрыг бодитоор эзэмшиж байгаа. Гэрээний урьдчилгаа төлбөрт 13,000,000 төгрөг өгсөн. Удахгүй газрын гэрчилгээ гарах асуудал яригдана гэсэн учраас хүлээсэн. Гэтэл 2022 оны 04 дүгээр сараас эхлээд тухайн газар нь хүргэн гэх н.Жигжидсүрэн, Ц.Ц- нарын нэр дээр биш, өөр хүний нэр дээрх газар болсон. Ц.Ц- миний газар гэж нэхэмжлэл гаргасан ба Ц.Ц-ын газар биш болох нь тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. А.Г- хэлцэл хийснээсээ хойш буюу 2023 онд худалдаж авсан гэх гэрээ авчраад А.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Ц- орж ирсэн. Шүүхийн шийдвэрт тодорхой заасан. Анх хэлцэл хийж шилжүүлэхдээ өөрийнх нь газар мэтээр шилжүүлчихээд дараа нь өөр хүний газар гээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаа нь талуудын хооронд үүссэн хэлцлийн харилцаа нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сүүлийн шүүх хуралдааны хувьд хурал давхацсан учраас оролцож чадаагүй. Үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр байр сууриа илэрхийлсэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд засан сайжруулсан 5,000,000 төгрөгөө авахаа больё. Газрын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг буцааж өгвөл газрыг өгье гэдэг. Бид газрыг чөлөөлсөн, газар хоосон байгаа. Газрыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2. Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч Б.Ч-, Т.Б- нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1781414237 дугаартай, 17 дугаар гудамж, Ногооны 2-77е тоот хаягт байрлах, 614 м.кв талбай бүхий газрыг Б.Ч-, Т.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч А.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар ... газрыг эзэмших болсон. Иргэн Ц.Ц- болон А.Ж- нар 2018 оноос эзэмшиж байсан ба тухайн газарт газрын албаны мэргэжилтний зөвшөөрөлтэйгөөр амины орон сууц барих ажлыг эхлүүлчихсэн, материалаа газрын албанд өгсөн байдаг. Бид 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, иргэн Ц.Ц-д уг газрыг худалдаж, тооцоо дууссан ба нэр шилжих үе нь газрын албанд хүргэгдсэн байгаа юм. Хэдий худалдсан ч гэсэн хууль ёсны өмчлөгч нь А.Г- миний бие юм. Ц.Ц- нь 2018 оноос эзэмшиж ашиглаж байсан эзэмшигчийн хувьд тус газар дээр барьсан амины орон сууцны хамт иргэн Б.Ч-, Т.Б- нарт худалдсан ба хариуцагч нар төлбөрөө төлөхгүй газрыг эзэмшиж ашиглаж байгаа тул Б.Ч-, Т.Б- нарын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж өгнө үү” гэж,

хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “... Ц.Ц-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий газар болон байшинг 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- манай хүргэн А.Ж-ийн нэр дээр байдаг газар гээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эргэлтийн цэгүүдийн кадастрын зураг үзүүлж тухайн үед гэрээг нотариатаар орж батлуулаагүй, гараар бичиж баримт үйлдсэн. Гэтэл уг газар Ц.Ц-, А.Ж- нарын хэнийх ч биш, Засаг даргын захирамжтай А.Г-ын газар болж, зөрүүтэй асуудал үүссэн. Уг газрыг Ц.Ц-аас авсан, газрыг чөлөөлж өгөхөд бэлэн, гэхдээ зөв эзэнд нь буцааж өгөх, худалдаж авсан мөнгө, засаж сайжруулахад гаргасан зардлыг хэнээс гаргуулах зэрэг асуудал байгаа” гэж тус тус тайлбарлажээ.

 

4. А.Г- нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1781414237 дугаартай, 17 дугаар гудамж, Ногооны 2-77е тоот хаягт байрших, 614 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан ба Ц.Ц-д худалдсан, газар эзэмших эрхийг түүний нэр дээр шилжүүлээгүй гэдгээ нэхэмжлэлдээ дурдаж, уг газарт амьдарч байгаа Б.Ч-, Т.Буяндэлгэр нараас газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахдаа Ц.Ц-д итгэмжлэл олгосон байна. /хх 4/

 

4.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- нь “А.Г-оос дээрх газрыг газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авч, Газрын албанд өргөдөл хүсэлтээ өгсөн, хурлаар удаа дараа орсон боловч ковидын нөхцөл байдал болон сүүлийн нэг жил газрын асуудлыг шийдэхгүй байгаагаас газрын эзэмших эрх шилжээгүй, газрыг Б.Ч-, Т.Б- нарт худалдсан боловч төлбөрөө бүрэн төлөхгүй, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа” гэж тайлбарласан байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ц-, Б.Ч-, Т.Б- нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1781414237 дугаартай, 17 дугаар гудамж, Ногооны 2-77е тоот хаягт байрших, 614 м.кв талбай бүхий газар, байшингийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, гарын үсэг зурсан бичгийн хэлцэл, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А.Г-, Ц.Ц- нарын хооронд байгуулагдсан газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А.Г-, Ц.Ц- нарын хооронд “Төлбөр тооцоо дууссан тухай баримт”, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000045818 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоон, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.а. Тодруулбал, нэхэмжлэгч А.Г- нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй. А.Г- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа аливаа этгээдээс эрхийн зөрчлөө арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь тухайн газрын эзэмшлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Иргэд хоорондын харилцан тохиролцож хийсэн гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан байна. Энэ тохиолдолд хариуцагч Б.Ч-, Т.Б- нарыг маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй.

 

5.б. Дээрх газрыг хариуцагч Б.Ч-, Т.Б- нар нь хууль ёсны буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5.в. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээний дагуу Ц.Ц-ын эзэмшилд тухайн газар бүртгэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын тайлбарласнаар Хан-Уул дүүргийн газрын албанд зохих журмын дагуу өргөдөл, хүсэлт гаргасан байгаа гэх боловч хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримтгүй, хожим өргөдөл, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэгдсэнтэй холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдвөл Ц.Ц- нь тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ