| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 587 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.О холбогдох эрүүгийн 1906 00000 0554 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Х.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.О нь Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нартай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг хотхон”-ны 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нармандахын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудлын гадаа иргэн Л.Бодьгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг
өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Нармандахын өгсөн мэдүүлэг /хх-80/, гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-88-89/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-83/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-95-98/, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-167-168/, Х.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-166/, хохирогч Л.Бодьгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4920 дугаартай дүгнэлтүүд /хх-11-12/, гэрч Г.Буяннэмэхийн өгсөн /хх-19-20/, шүүгдэгч Х.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-200/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Х.О нь Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нартай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг хотхон”-ны 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нармандахын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нармандахын өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Баялаг” хотхоны гадаа ганцаараа эхнэр Д.Эрдэнэчимэгтэй утсаар яриад явж байхад араас 20-25 орчим насны, 165 см орчим өндөртэй, улаан куртиктэй, саарал жинсэн өмдтэй эрэгтэй хүн миний утсыг булааж зугтаад “Баялаг” хотхоны хойд талын зам дээр соната 5 маркийн саарал өнгөтэй машинд суугаад цаашаа зугтаад явсан. Самсунг эс-6 маркын шаргал өнгөтэй утсыг фейсбүүк дээрээс зараар 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. " /хх-80/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Үнэлгээтэй танилцсан. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан хохирол болох 324.000 төгрөгийг барагдуулж авсан. Одоо цаашид гарах ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний бие ажил ихтэй байдаг учраас намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” /хх-73-74/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал 00:30 цагийн үед миний нөхөр өөрийнхөө 99800301 дугаараас миний утас буюу 99205740 дугаар руу залгаад “би доод талын дэлгүүрээс юу авах вэ” гэж асуухаар нь нөхрөө доор ирлээ гэж бодоод орноосоо босоод цонх руугаа очоод нөхрөө хартал манай нөхөр “Соёлж” дэлгүүрийн урд талд өөрийнхөө утсаар надтай ярьсан зогсож байсан. Тэгсэн урд талаас нь 2 залуу гарч ирээд манай нөхөр рүү дөхөж очоод улаан куртиктэй залуу манай нөхрийн утсыг ярьж байхад нь булаагаад зугтсан. Тэр 2 залуу манай байрны баруун талаар хойшоо зугтаасан. Тухайн үед манай нөхөр бага зэрэг халамцуу байсан.” /хх-88-89/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнхтулгын яллагдагчаар өгсөн: “...Би Х.Жавзмаа, Х.О нарын хамт Сансарын тунел орчмоос 10 дугаар хорооллын орчимд хүргэж өгөөд эргээд 10 дугаар хорооллын хойд талын байруудын дундах замаар “Улаанбаатар палас” руу гарах гээд “Баялаг” хотхоны орчимд явж байтал хохирогч нь ганцаараа нилээн согтолттой байдалтой утсаар яриад явж байхыг Х.О хараад “энэ хүнийг гар утсыг нь авъя” гэж Х.Жавзмаад хэлсэн. Би тухайн үед хуурай ах Ууганбаярын нэр дээр байдаг соната-5 маркын автомашиныг жолоодсон явж байсан. Тэгээд Х.О хүний гар утас булаах санаа гаргаад Х.Жавзмаа тэр хоёр буугаад гар утсыг нь араас нь очоод утсаар ярьж байсан учраас булааж аваад зугтаасан.” /хх93-94/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.О яллагдагчаар өгсөн: “...Би Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нарын хамтаар Б.Мөнхтулгын унаж байсан соната 5 маркийн автомашинтай Сансарын тунел орчмоос 10 дугаар хорооллын орчимд найз Түвшинбаярыг хүргэж өгөөд эргээд төв зам руу орох гэж байтал одоо нэрийг нь мэддэг болсон “Баялаг” хотхоны байрны орчимд хохирогч ганцаараа нилээн согтолттой байдалтай утсаар яриад зогсож байхыг би хараад “энэ хүний гар утсыг авъя” гэж нөгөө хоёртоо хэлтэл “за тэгье нилээн согтуу хүн байна, юм аа мэдэхгүй байх” гэж ярилцаад Х.Жавзмаа бид 2 машинаас буугаад Х.Жавзмаа нь “гар утсыг нь авчих” гэтэл эхэндээ “үгүй” гэж байгаад хохирогчийн араас нь очиж байгаад гар утсыг нь булааж аваад явсан. Гэмт хэрэг үйлдэх санааг би гаргасан.” /хх-96-97/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-27-31/,
Шүүгдэгч Х.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Шүүгдэгч Х.О нь ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудлын гадаа иргэн Л.Бодьгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бодьгэрэлийн өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 12-ны орой манай найз нар заал авсан. Тэгээд “Тэргэл” караокед жаахан сууя гээд ороод шөнө 03-04 цагийн үед тарсан. Тэгээд манай найз нар тооцоо хийгээд явсан. Би картаар тооцоо хийх болоод “карт унших уу” гэсэн пос машин байхгүй уншихгүй болохоор нь би “хол явмааргүй байна” гээд зам хөндлөн гараад замын хажууд зогсож байсан чинь миний араас тэр караокены нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн над дээр ирж хэл амаар доромжлоод хүзүүгээр давуулж зүүсэн байсан миний цүнхийг булааж авахаар нь би цүнхнийхээ араас цүнхээ авах гээд ухас хийсэн чинь нэг согтуу банди нь миний араас заамдаж аваад нөгөө зөөгч охинд өгчихөөд намайг заамдаж байгаад түлхээд би замын боржуур ар дагзаараа мөргөөд унасан. Намайг газар уначихсан хэвтэж байхад нөгөө түлхэж унагаасан залуу замын хажуугаар хунгаралсан цасыг аваад миний нүүр рүү шийдээд байсан. Томографын зураг авахуулсан 165.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойндоо 407.800 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Нийт 580.800 төгрөгийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-170-171, 194-195/ гэх мэдүүлэг,
Мөн түүний хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “...200.000 төгрөгийг Х.Отгонбаяраас бэлэн авлаа. 308.000 төгрөгийг авахаар тохиролцсон байгаа. Надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-208/ гэх тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Буяннэмэхийн өгсөн: ”...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй караокед зөөгч хийдэг...Тэр ах тэр эгчийн цүнхийг авч байхад тэр эгч цүнхээ булаалцалдаад чи миний цүнхийг авдаг хэн бэ? гээд цүнхнээсээ татаж байгаа цас руу орчихсон байсан. Хальтраад унасан тэр эгч пүүзтэй явж байсан.” /хх-180-181/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4920 дугаартай дүгнэлтэд:
1. Л.Бодьгэрэлийн биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-172/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.О яллагдагчаар өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-204-205/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-176, 177/,
Шүүгдэгч Х.О урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-200/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Х.О нь Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нартай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг хотхон”-ны 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нармандахын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн,
мөн шүүгдэгч Х.О нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудлын гадаа иргэн Л.Бодьгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.О нь хохирогч М.Нармандахад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Л.Бодьгэрэлд 200.000 төгрөгий тус тус төлсөн. Хохирогч Л.Бодьгэрэл нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.О баримтын хэмжээнд хохирол нөхөн төлсөн байдлыг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О зүгээс: “тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж хуульчилсан ба мөн хуулийн 2-д “ энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн байх тул шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Х.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй байх бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ял шийтгэл оногдуулахдаа ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжуудыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ба мөн хуулийн 2-д заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулахдаа уг ялуудыг нэмэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр зааж болно” гэсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.О ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Х.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Х.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.О нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.О сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Х.О оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Хохирогч Л.Бодьгэрэл нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС