Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04664/и |
Дугаар | 4664 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 4664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171г байр, 26 тоотод оршин суух Номт овогт Баасанхөхийн Оюундалай /РД:ТИ79082804/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171г байр, 26 тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 114 дүгээр байр, 52 тоотод оршин суух Боржигон овогт Мягмарсүрэнгийн Отгонбаяр /РД:ХЖ81062078 /-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах, хүүхдүүдийн нэмэлт зардлыг төлүүлэх, хариуцагчийн эцэг байх эрхийг хасах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, дундын өмчийн хөрөнгө болох захиалсан байрны өөрт ноогдох хувь 16,216,200 төгрөг, нэхэмжлэгчийн эцэг, эхэд зээлсэн 20.000.000 төгрөгийн өөрт ногдох 4,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюундалай, хариуцагч М.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюундалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Оюундалай миний бие хариуцагч М.Отгонбаяртай 2003 онд танилцан, 2004 онд гэр бүл болсон. Бидний дундаас хүү О.Далайбаяр 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, хүү О.Тодбаяр 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, хүү О.Мөнххан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус төрсөн.
Бид насан туршдаа хамт амьдарч, хамтдаа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож, сайн дураар гэр бүл болж, үүнийгээ баталгаажуулан төрийн байгууллагаар батлуулж, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн баталгаа хүлээн авсан. Гэтэл М.Отгонбаяр энэ хэлсэн, ярьсан, тохиролцсоноо үл биелүүлэн гэр бүлийн өмнө өрхийн тэргүүний хувьд, хүүхдүүдийнхээ өмнө эцгийн хувьд, эхнэрийнхээ өмнө нөхрийн хувьд биелүүлэх үүрэг, хариуцлагаа үл биелүүлэн, намайг хуурч мэхлэн өөр эмэгтэй буюу Амгалангийн Ууганзул /1982 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн/ гэгчтэй миний мэдэж буйгаар 2012 оноос харилцаатай болж, 2013 онд тэд охинтой болсон байдаг. Энэ эмэгтэйтэй харилцаатай болсон цагаасаа гэр бүлийн харилцаа хүйтэн хөндий болж эхлэн, М.Отгонбаяр нь гэртээ хонох нь ховордсон. “Муу ч гэсэн эцэг” нь гэж бодон 3 хүүгээ эцгийн хайраар дутаахгүй гэсэндээ олон удаагийн доромжлол, дайралт, тэр ч байтугай зодсоныг нь хүртэл тэвчиж өнгөрүүлсэн. Мөн хадам ээж, эгч нарын зүгээс бидний амьдралд оролцон намайг удаа дараа дайран доромжилж байсан. Ингэж байсаар М.Отгонбаяр гэрээсээ бүрмөсөн явсан тул 2015 оны 6 сараас өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байгаа. М.Отгонбаяр нь өөрийн тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид түүнтэй хамт амьдрах өчүүхэн төдий ч боломжгүй, хүсэлгүй.
М.Отгонбаяраас надад, 3 хүүд маань учруулсан хохирлыг тооцон үнэлж барахгүй бөгөөд хариуцагч нь миний өөрийн залуу сайхан насны болон үлдсэн амьдралын аз жаргалтай байх эрх, биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа, хүүхдүүдийн сэтгэл санаа, амьдралд нь үнэлж баршгүй хохирол учруулсан бөгөөд эдгээр хохирлыг хамгийн багадаа 100 их наяд төгрөгөөр үнэлж болно. Гэвч энэ мөнгөн дүнг бус нэхэмжлэлийн эхэнд дурьдсан дараах 8 зүйлийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргав.
1/ Хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах. Хариуцагч М.Отгонбаяр нь А.Ууганзултай 2012 оноос хойш харилцаатай болж, гэртээ ирэх нь ховордсон бөгөөд тэд охинтой болж, сүүлийн нэг жилийн турш тэд хамт амьдарч байгаа тул М.Отгонбаяртай гэрлэсэн гэрлэлтийг цуцалж өгнө үү.
2/ Насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах. Би өөрийн 3 хүүхдээ асрамжид авах хүсэлтэй байгаа бөгөөд 3 хүүхдээ хамтад нь өсгөн хүмүүжүүлж, хойт эхийн гар харуулмааргүй байна. Нийгэмд хойт эхийн гар дээр өссөн 4 настай хүүхэд амь насаа алдсан тод жишээг бид мартаагүй. Эцгийг нь 3 хүүхдээс нь салгаад нулимсаар нь ундаалаад явж байгаа нь А.Ууганзул гэгч эмэгтэйг ямар хатуу, хүйтэн сэтгэлтэй, хувийн жаргалын төлөө бусдыг золиослох боломжтой болохыг энэ явдлаас нь харж болох тул миний хүүхдийн хойт эх болсон тохиолдолд нийгэмд гарсан энэ жигшүүрт хэрэг шиг М.Отгонбаяр, А.Ууганзул нар миний хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй юм. С.Отгонбаяр нь хувийн жаргалын төлөө хүүхдүүдийнхээ эрх ашгийг нэгэнт золиослосон, дээр нь өөрийн гэсэн бодолгүй, түүний ээж, эгч нарынх нь гэр бүлийн тогтворгүй байдал нь удам дамжсан тул цаашид ч хүүхдээ харж, хандаж, хамгаалах ямар ч чадваргүй нэгэн. Миний хувьд би өөрийн 3 хүүхдээ өөрийн үлдсэн насны амь, амьдрал, бие сэтгэлээ зориулж, одоо зөвхөн тэднийхээ төлөө амьдрах болно. Миний ах, дүү нар, ээж, аав маань хүртэл миний 3 хүүхдийн ирээдүйн төлөө санаа зовж, тусалж, дэмжиж байдаг, цаашид ч туслахад бэлэн байгаа. Хүүхдүүд маань надтай байснаараа аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломжтой бөгөөд М.Отгонбаяр нь өмнө нь гэртээ ховор ирдэг байсан, сүүлийн нэг жил бүр ирэхгүй байгаа тул хүүхдүүд маань надтай хамт амьдран, миний аав, ээж, ах, дүү нарт илүү дассан, тэднийхээр байнга орж гардаг. Хүүхдийн өсөж дассан орчныг нь солих нь хүүхдэд муугаар нөлөөлнө. Иймд миний 3 хүүхдийг миний асрамжид үлдээхээр тогтоож өгнө үү.
3/ 3 хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, тэтгэлгийг сар бүр, мөнгөн хэлбэрээр хүүхдүүддээ олгуулах хүсэлтэй байна.
4/ 3 хүүхдийн хамт одоо амьдарч буй Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 171г байрны 26 тоот хаягт орших 63,66 м.кв бүхий 95,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа 3 хүүхдийнхээ дундын өмчлөлд шилжүүлж, тэдгээрийг насанд хүртэл асран хамгаалагч буюу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх. Бид гэрлэснээс хойш энэ орон сууцыг зээлээр худалдан авсан. Энэ байрны нийт үнийн дүн болох 95,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт нийт 45,000,000 төгрөг төлсөн. Үүний 33,430,000 төгрөгийг би өөрийн ээжээс зээлж авсан. Үлдсэн 13,000,000 төгрөгийг бид гэр бүлийн орлогоос төлсөн. Одоогоор энэ байрны зээлийн үлдэгдэл төлбөр 42,181,746 төгрөг байгаа. Би одоогоор 3 хүүхдийн хамт энэ байранд амьдардаг. 3 хүүхдийг орох оронтой байлгах, мөн ирээдүйн амьдралынх нь баталгаа болгохын тулд энэхүү байрыг 3 хүүхдийнхээ дундын өмчлөлд шилжүүлж, тэдгээрийг насанд хүртэл нь асран хамгаалагч буюу ээжийнх нь нэр дээр шилжүүлж өгнө үү.
5/ Орон сууцны зээл, түүний хүүгийн төлбөрийн үлдэгдэл 42,181,746 төгрөгийг 2016 ондоо багтаан хариуцагчаар бүрэн төлүүлэх. Анх энэ байрыг 2012 онд буюу А.Ууганзул, М.Отгонбаяр нар харилцаатай болсон үед худалдаж авсан бөгөөд зээлийн нийт үлдэгдэл 50,000,000 төгрөгийн төлбөрөөс М.Отгонбаяр маш бага хэмжээгээр төлсөн. М.Отгонбаяр нь энэ үеэс гэр орондоо мөнгө авч ирдэггүй, үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй байсан тул би өөрөө зээлийн төлбөрийн ихэнх буюу 80 орчим хувийг би төлсөн бөгөөд одоо ч төлсөөр байгаа. Иймд 3 хүүхдийнхээ амьдралын баталгааг хангах үүднээс зээлийн үлдэгдэл төлбөр 42,181,746 төгрөгийг 2016 ондоо багтаан хариуцагчаар бүрэн төлүүлж өгнө үү.
6/ Хүү О.Далайбаярын сургалтын 2016-2021 он хүртэлх буюу 8 жилийн төлбөрт нийт 24,000,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлүүлэх. Манай байгууллага сул зогсож, би ажилгүй байгаа, цаашид орон тооны цомхотголоор халагдах магадлалтай. Байрны төлбөрт сар бүр 130,000 төгрөг, байрны зээлийн төлбөрт сар бүр 490,000 төгрөг, хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, эмчилгээ, дугуйлан зэрэгт сар бүр 1,000,000 орчим төгрөг зарцуулдаг. Ажил хийж 3 хүүхдээ тэжээхийн тулд бага хүү О.Мөнхханыгаа хөхнөөс нь гарган, хөдөө аав, ээж рүүгээ явуулсан бөгөөд хүүхдийн тэжээл, живх, хувцас зэрэг зардалд сар бүр 200,000 төгрөг төлдөг. Ингээд сарын нийт зардал 1 сая 800 гаруй мянган төгрөг төлдөг. Хүүхдүүд насанд хүрээгүй, том хүү О.Далайбаяр нь дөнгөж 10 настай, түүний сургалтын төлбөрт жил бүр 3,000,000 төгрөг, хоолны төлбөрт сар бүр 69,000 төгрөгийг төлдөг. Хүү О.Далайбаяр нь айлын том хүү тул бүх боломж бололцоогоо ашиглан чанартай боловсролыг заавал эзэмшүүлнэ. Үүний тулд тогтмол зардлаа би өөрөө гаргаж, харин энэ сургалтын төлбөрийг эцгээр нь төлүүлэх хүсэлтэй байна.
7/ Хүү О.Тодбаярын цэцэрлэгийн сургалтын 1 жилийн төлбөрт 2,500,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлүүлэх. Дунд хүү О.Тодбаяр 4 настай бөгөөд одоогоор төлбөртэй цэцэрлэгт явуулж, сар бүр 250,000 төгрөг төлдөг. Цэцэрлэгт 2 жил явуулж, үүний дараа төлбөртэй сургуульд явуулна. Эдгээр зардлаас зөвхөн 1 жилийн төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэсэн байх тул гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн хувьд хүлээх үүрэг нь хэвээр байх тул дээрх шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
8/ М.Отгонбаярын миний 3 хүүхдийн эцэг байх эрхийг нь хасч, эхээр нь овоглох. М.Отгонбаярын хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд хүүхдээ харж хандаагүй бөгөөд тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж яваа бөгөөд үүнээс өмнө ч мөн хүүхдүүдээ тэжээн тэтгэдэгүй байсан. М.Отгонбаяр нь 2011 оноос хөдөө ажиллаж байсан, 2 сардаа гэртээ нэг ирдэг, гэр бүлдээ мөнгө авч ирдэггүй, 2012 оноос А.Ууганзултай нийлснээс хойш 3 хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ ор тас умартсан. Хүүхдүүд нь аавыгаа санаж уйлж байхад ч ирж байгаагүй. О.Мөнхханыхаа царайг маш цөөхөн удаа харсан, харах ч хүсэлгүй явдаг, тэр ч байтугай “миний хүүхэд биш” гэж хүртэл хэлдэг. Иймд М.Отгонбаяр нь хүүхдүүдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй бөгөөд хүүхдүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироон, сэтгэл санааны хүнд дарамтад байлган, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн тул түүний 3 хүүхдийн эцэг байх эрхийг нь хасч өгнө үү. Мөн ёс суртахуунгүй гэр бүлд хүмүүжсэн, хүйтэн, хатуу сэтгэлтэй, бусдыг, 3 хүүхдээ энэрэн хайрлах сэтгэл, чадваргүй М.Отгонбаяр гэгч энэ этгээдийн нэрээр 3 хүүхдээ овоглох хүсэлгүй. Хожмын өдөр харин хүүхдүүд том болж, өөрсдөө хүсвэл эцэгтэй уулзах эрх нь нээлттэй байх бизээ. Түүнчлэн түүний эх Н.Чимгээтэй 3 хүүхдээ уулзуулах нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлөх тул Н.Чимгээг миний 3 хүүхэдтэй уулзахыг шүүхээс хориглож өгнө үү.
М.Отгонбаяр, А.Ууганзул нар нь хүүхэдтэй болж, одоо хамт амьдарч байгаагийн дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Би биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөр асар ихээр хохирсон боловч М.Отгонбаяраас би өөртөө, хувьдаа хүссэн зүйлгүй, цаашид ч түүнээс мөнгө, эд хөрөнгө, нигүүлсэх сэтгэл горьдохгүй бөгөөд гагцхүү 3 хүүхдийнхээ эрх ашиг, ирээдүйн төлөө дээрх зүйлсийг нэхэмжилж байна. Иймд Монгол Улсын шүүхээс 3 хүүхдийн эрх, ашиг, ирээдүй бидэнд учирсан хохирлыг анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
Нэхэмжлэгч Б.Оюундалай шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дундын өмч, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар хариуцагчтай эвлэрсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон М.Отгонбаярын эцэг байх эрхийг хасуулах, түүгээр овоглох нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан. Шүүхээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч М.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“М.Отгонбаяр миний биед холбогдуулан эхнэр Б.Оюундалай нь гэрлэлт цуцлуулахаар дараах 8 шаардлагыг гаргасан байх ба эдгээр шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үндэслэл нь:
Нэгдүгээрт: гэрлэлтээ цуцлуулах шаардлага гаргасан байх ба энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид нэхэмжлэлд бичсэнээр 2011.05.19-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан ба дундаасаа О.Далайбаяр, О.Тодхүү, О.Мөнххан нарын хүүтэй болсон. Нэхэмжлэлд дурьдсан шиг миний бие гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ огт умартаж байгаагүй бөгөөд өөрийн ажил хийгээд авдаг байсан бүхий л цалингаа гэр бүлдээ зориулдаг байсан. Миний ажлын цалингийн карт эхнэрт байдаг байсан, эхнэр Улаанбаатар хотод, миний бие Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгой компанийн баяжуулахын хэлтэст 2 сая 200 мянган төгрөгний цалин авдаг байсан. Миний бие ээлжээр ажилладаг байсан тул хөдөө ажил дээр байхад надад мөнгө хэрэглэх ямар ч шаардлага байдаггүй байсан ба хэдий хэмжээний орлого олдог байсан нь дансны хуулгаар харагдах юм. Мөн бидний амьдралд ээжийг маань их оролцдог гэж бичсэн байх ба намайг төрүүлсэн эх хүний хувьд, ач нарын эмээ болохын хувьд, настай хүний хувьд бидэнд зааж зөвлөдөг болохоос биш бидэнд гай болж байгаагүй байх гэж бодож байна. Хүүхдүүдийнхээ сэтгэл санааг хохироосон асуудал огт байхгүй бөгөөд хүүхдүүдтэйгээ дотно сайхан харилцаатай аав хүн ямар байдаг түүн шиг л байдаг бөгөөд 100 наяд төгрөгтэй тэнцэхүйц ямар хохирол учруулснаа ойлгохгүй байна. Эхнэрийнхээ хувьд өөр газарт ажиллаж хөдөлмөрлөдөгтэй холбоотойгоор удаан хугацаагаар хол байсаар харилцаа бага зэрэг хөндийрсөн тал бий боловч нэхэмжлэлд бичсэн шиг зодож нүддэг асуудал огт байгаагүй. Нэгэнт бид 2 тусдаа амьдраад удаж байгаа, мөн эхнэр маань цаашид хамт амьдрах боломж бололцоогүй байгаа гэсэн байх тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.
Хоёрдугаарт: Хүүхдүүдээ эхнэр өөрийн асрамжинд авах талаар шаардлага гаргасан байна. Энэ шаардлагын тухайд миний бие хүлээн зөвшөөрөхгүй ба хүүхдүүдээ миний бие өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Манай том хүү О.Далайбаяр маань одоо 10 настай бөгөөд түүнээс санал авах боломжтой ба хүүхдүүдийн маань хувьд өөрийнх нь нэхэмжлэлд дурдсанаар цомхотголд ороод ээж нь ажилгүй болох эрсдэл байх тул аавтайгаа амьдрах нь хэрэгтэй байж болох юм. Түүнчлэн хүүхдүүд маань амьдрах орчин, эдийн засгийн байдал, хайр халамжийн хувьд аавтайгаа байх нь илүү давуу талтай, нэхэмжлэгчийн эрх ашигт нь нийцэх бөгөөд энэ асуудлыг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүдээр тодорхойлуулж болох юм. Ээж нь хүүхдүүдийг маань байнга ятган аавыг нь муугаар ярих замаар буруу ойлголтыг төрүүлэн ухамсаргүй үйлдэл их гаргадаг тул миний бие хүүхдүүдээ өөр дээрээ үлдээх хүсэлтэй байна. Одоогийн байдлаар миний бие долоо хоногт том хүү Далайбаяр болон дунд хүүтэйгээ уулздаг харин бага хүү маань хөдөө хадам аав дээр байдаг тул тэр бүр уулзалдах боломж байхгүй байдаг.
Гуравдугаарт: Хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох гэсэн байх ба хүүхдүүдээ миний бие өөрийн асрамжинд авах бөгөөд эхээс нь тэтгэлэг авахгүй.
Дөрөвдүгээрт: Бидний дундын эд хөрөнгө болох БЗД, 25 хороо, 171г байрны 26 тоот хаягт орших 63,66 метр квадрат бүхий орон сууцыг нэхэмжлэгч өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг даалгасан байх ба энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал энэхүү эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заагдсан дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн бүрэлдэхүүнээс гарч байгаа тохиолдолд өөрт ноогдох хувиа миний хувьд авах эрхтэй бөгөөд одоогийн байдлаар төлөгдсөн байгаа урьдчилгаа төлбөрөөс өөрт ногдох хувиа авах болно. Өөрөөр хэлбэл миний бие урьдчилгаанд өгсөн мөнгийг өөрийн хөдөлмөрийн үр шимээр төлсөн тул өөрт ногдох хувиа авна. Бид хамтран амьдрах хугацаанд олон эд хөрөнгөтэй байсан. Тухайлбал 2014 онд Алтай констракшны барьж буй БЗД, 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороололд 54,6 м2 2 өрөө орон сууцыг урьдчилгаа 90 хувь буюу 81 сая 81 мянган төгрөг төлж захиалсан ба энэ байрыг тухайн ганцхан эхнэрийн нэр дээр гэрээ байгуулж байсан. Учир нь миний бие хөдөө ажиллаж байсан бөгөөд байр захиалсан энэхүү мөнгө нь бидний хурааж хуримтлуулсан хөрөнгө байсан. Одоо энэ байрны тухай асуудлаар огт яаснаа хэлдэггүй бөгөөд нэгэнт л надаар орон сууцны зээл төлүүлэх гэж байгаа бол шүүхэд шударгаар дундын бүхий л хөрөнгөний талаар мэдүүлэх үүрэгтэй гэж бодож байна. Цаашлаад энэхүү 81 сая төгрөгний өөрт ноогдох хэсгийг авах болно. Түүнчлэн эхнэрийн эцэг, эхэд Ирландаас ирмэгцээ чацаргана тариалах гэсэн юм, мөнгө зээлээч гэхэд нь 20 сая төгрөг зээлдүүлсэн ба сүүлд нь эцэг эх нь чацарганы модоо Их монгол хорооллын 28 м2 байраар тулж сольсон ба 20 сая төгрөгийг банкны хүүтэй зээлсэнд тооцон 30 сая төгрөг болгон өгнө тэгээд ямар ч өргүй болж байгаа шүү гээд өгөөгүй байгаа тул үүнээс өөрт ноогдох хувиа авах хүсэлтэй байна.
Тавдугаарт: Уг орон сууцны зээлийн үлдэгдлийг надаар 2016 ондоо багтаан төлүүлэх шаардлага гаргасан байх ба үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэхүү зээл нь урт хугацааны зээл бөгөөд сар бүр тогтмол төлөөд явдаг зохицуулалттай. Миний хувьд бүхэл бүтэн 42,000,000 төгрөгийг энэ онд багтаан төлөх ямар ч хууль зүйн болоод эдийн засгийн боломж байхгүй. Учир нь энэхүү зээлийн төлбөрийг бид хамтдаа төлөхөөр хамтран зээл авсан тул үлдэгдлийг мөн хамтран гэрээний хугацаанд төлнө.
Зургаадугаарт: Хүү О.Далайбаярын сургалтын 2016-2021 он хүртэлх 8 жилийн төлбөр болох 24,000,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлүүлэхээр шаардлага гаргасан байх ба үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг сургалтын төлбөрийг жил болгон төлөх боломжтой байхад ийнхүү нэг дор бөөнөөр нь төлөх шаардлага байхгүй бөгөөд гэрлэлтээ цуцлууллаа гээд хүүхдийнхээ өмнө хүлээх эрх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймээс хүүхдээ асарч хамгаалах талаар эцэг эх нь ижил үүрэг хүлээх учир жил бүр төлбөрийг хуваан төлөх боломжтой. Энэ оны сургалтын төлбөр болох 3 сая төгрөгийг төлсөн дуусгасан болно.
Долоодугаарт: Хүү О.Тодбаярын цэцэрлэгийн сургалтын 1 жилийн төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлүүлэх гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Харин сар бүр төлбөрийг эхнэртэйгээ хуваан төлөх боломжтой.
Наймдугаарт: Миний эцэг байх эрхийг хасах гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 30.1-т заасан үндэслэлээр шүүх эцэг, эх байх эрхийг хасахаар заасан байх ба миний хувьд энэ хуульд заасан ямар ч үндэслэл бүхий үйлдэл гаргаж байгаагүй тул миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тэгээд ч хүүхдүүдийн маань овгийг эхээр нь овоглохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч М.Отгонбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа
“Нэхэмжлэгчийн гаргасан 8 шаардлага, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 2 шаардлага дээр эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлээ татан авч байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюундалай гэрлэлтээ цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 171г байрны 26 тоот хаягт орших 63,66 м.кв бүхий 95,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа 3 хүүхдийнхээ дундын өмчлөлд шилжүүлж, асран хамгаалагч буюу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, орон сууцны зээл, түүний хүүгийн төлбөрийн үлдэгдэл 42,181,746 төгрөгийг 2016 ондоо багтаан хариуцагчаар бүрэн төлүүлэх, хүү О.Далайбаярын сургалтын 2016-2021 он хүртэлх буюу 8 жилийн төлбөрт нийт 24,000,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлүүлэх, хүү О.Тодбаярын цэцэрлэгийн сургалтын 1 жилийн төлбөрт 2,500,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлүүлэх, М.Отгонбаярын 3 хүүхдийн эцэг байх эрхийг нь хасч, эхээр нь овоглох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч М.Отгонбаяр хүлээн зөвшөөрөхгүй гэж, дундын өмчийн хөрөнгө болох захиалсан байрны өөрт ноогдох хувь 16,216,200 төгрөг, нэхэмжлэгчийн эцэг, эхэд зээлсэн 20.000.000 төгрөгийн өөрт ногдох 4,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Б.Оюундалай, хариуцагч М.Отгонбаяр нар нь нэхэмжлэгчийн гаргасан 8 шаардлага, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 2 шаардлага дээр эвлэрч, нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагаас бусад шаардлагаа, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсан байна.
Нэхэмжлэгч Б.Оюундалай гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч М.Отгонбаяр хүлээн зөвшөөрсөн байна.
Зохигч болох Б.Оюундалай, М.Отгонбаяр нар 2004 оны 06 дугаар сарын 01-нд гэр бүл болсныг 2011 оны 05 дугаар сарын 19-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 354 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн 0138594, Г-354 дугаартай гэрчилгээ, тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү О.Далайбаяр /РД:УК06290895/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0084073, Г-3114 дугаартай гэрчилгээ, 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү О.Тодбаяр /РД:УА11270752/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000774413, Г-4166 дугаартай гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү О.Мөнххан /РД:УЛ15221233/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1110002147 дугаартай гэрчилгээ, хүүхдүүд одоо эрүүл өсөн бойжиж байгаа нь “Энх агшин” ББН өрхийн эмнэлгийн 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 293 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2015 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү О.Далайбаяр, хүү О.Тодбаяр, хүү О.Мөнххан нарыг төрсөн эх Б.Оюундалайгийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон тул эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг М.Отгонбаяраар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Б.Оюундалай нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг М.Отгонбаярт саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Зохигчид эд хөрөнгийн асуудал дээр эвлэрч Эвлэрлийн гэрээ байгуулсан, уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээ татан авсан, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ.
Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороо 2015 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,400 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Номт овогт Баасанхөхийн Оюундалай /РД:ТИ79082804/, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Отгонбаяр /РД:ХЖ81062078 нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү О.Далайбаяр, хүү О.Тодбаяр, хүү О.Мөнххан нарыг төрсөн эх Б.Оюундалайгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Далайбаяр /РД:УК06290895/, 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Тодбаяр /РД:УА11270752/, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Мөнххан /РД:УЛ15221233/ нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Отгонбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
5. Зохигчид эд хөрөнгийн асуудал дээр эвлэрч Эвлэрлийн гэрээ байгуулсан, уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээ татан авсан, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,650 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хувь, нэмэлт зардал гаргуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул 830,450 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас хариуцагчид буцаан олгох, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагч М.Отгонбаяраас хүүхдүүдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 93,744 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР