Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00762

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00762

 

ХХгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-эд холбогдох,

 

Гэрээ цуцлагдсантай холбогдон урьд олгосон ажлын хөлс 8,000,000 төгрөгийг буцаан төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХ-, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х өөрийн төрсөн эх ХХгаас 2018 онд итгэмжлэл авч, түүний нэрийн өмнөөс цагдаа, шүүхийн байгууллагад төлөөлж өргөдөл, гомдол гаргаж байсан бөгөөд ХХгийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар ХХХ- өмгөөлөгчтэй 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

1.2. Дээрх гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээний урьдчилгаа төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч ХХХ-ийн Төрийн банкны хххххххххх тоот дансанд 10,000,000 төгрөг, туслах ХХХХХХийн Хаан банкны хххххххххх тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

1.3. Өмгөөлөгч ХХХ- анх гэрээ байгуулахдаа Би танил тал ихтэй, танай хэргийг яаралтай шийдвэрлүүлнэ гэх зэргээр амлалт өгч байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, тодорхой үр дүн гаргаагүй бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа хангалттай үзүүлж чадаагүй, үйлчлүүлэгчийн зүгээс өмгөөлөгчтэй удаа дараа холбоо тогтоох гэж үзсэн ч утсаа салгаж холбогдохоо байсан.

1.4. Иймээс ХХгийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлахаар миний хүссэн шаардлагын дагуу явсан хэдий ч хамгаалуулах ёстой хоёр объектын нэг болох Чингэлтэйн үл хөдлөх эд хөрөнгө зарагдсан бөгөөд одоо Гандангийн үл хөдлөх эд хөрөнгө зарагдах хэмжээнд очсон байгаа тул гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийсэн ажиллагаанд 2,000,000 төгрөгийг тооцож, үлдэгдэл мөнгөө авах хүсэлт ХХХ-эд гаргасан, ХХХ- нь өмгөөллийн хөлсөнд авсан төлбөрөөс өөрийн хийсэн ажлын хөлсийг тооцож, үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэснээр 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр талууд тохиролцож гэрээг цуцалсан.

Иймд ХХХ-ийг дээрх саналыг хүлээн авсан гэж үзэж, нэхэмжлэгчийн төлсөн 10,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг суутгаад үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ХХХХХХХийн найзууд гэж хамт ирсэн. Тэр өдрөө ХХХХХХХтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд намайг гарын үсэг зураач гэхээр нь би зурсан. Би эрүүгийн журмаар явахад өмгөөлөгчийн эрхтэй хүн явдаг гэж хэлсэн ба би ХХтай дахин 1 гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

2.2. Анх ХХХХХХ бид хоёрыг залилсан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны 3 дугаар сард өгснийг Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Мөн Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд энэ гомдлоо гаргасан байдаг. Би гэрээний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээг үзүүлсэн. 2019 оны 4 дүгээр сард прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаахад нь би гомдол гаргаад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн ерөнхий прокурор хэргийг сэргээсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Би гэрээг цуцалсан гэж үзэхгүй. Би өөрийнхөө хийсэн ажлын хөлсөнд хэдэн төгрөг авах ёстойг тооцоод үзье гэж хэлсэн.

2.3. Тухайн үед өмгөөлөгч ХХХ-ийн хувьд үнэхээр тийм нөхцөл байдал болсон гэдэгт итгэсэн байсан боловч бодит нөхцөл байдал дээр гэрээ цуцлах шалтгаан нь бодитой биш байсан. Өмгөөлөгчийн хувьд хэргийн шийдвэрлэлтийн талаар амлалт өгөөгүй. Харин гэрээнд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд, эрүүгийн журмаар мөрдөх шатанд, хэрвээ хэрэг шүүхэд шилжсэн тохиолдолд шүүхийн шатанд эрх ашгийг төлөөлж өмгөөлөгчийн туслалцаа үзүүлнэ гэсэн тохиролцоо байсан.

2.4. Өмгөөлөгч ХХХ- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Талуудын хоорондын гэрээгээр хандлага бөгөөд эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөх нөлөөлөл зэрэг нь гэрээ байгуулах үндэслэл огт болоогүй. Гэрээний үүргээсээ чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.5. Нарийвчлан хугацаа тогтоогоогүй тохиолдолд 14 хоногийн өмнө хөлсийг төлснөөр гэрээг цуцлах боломжтой. Эрүүгийн хэрэг дээр 40,000,000 төгрөгөөр ажиллана гэж тохиролцсоны дагуу ХХХ- өмгөөлөгч ажилласан ба эцсийн үр дүнд Улсын Ерөнхий прокурор дээр хэрэг хаагдсан. Гэрээ цуцлахад хүргэсэн шалтгаан гэх ноцтой зөрчил огт байхгүй. Өмгөөлөгч бол ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Гэрээний ноцтой зөрчлийн хэмжээнд нотлогдохгүй байна. Үйлчилгээ авагч тал төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгдөх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл:

3.1. Миний бие Хтай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх харилцаанд орсон. Тухайн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын зорилго нь Хы хүсэлтээр ХХтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх явдал байсан. Энэхүү ажлын хүрээнд би өмгөөлөгчийн хувиар ХХд хууль зүйн туслалцааг 2 жилийн хугацаанд үзүүлж, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон.

3.2. ХХ нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ХХХХХХд холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан байсан. Миний бие ХХтай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш буюу мөн оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогчоор ХХ мэдүүлэг өгснөөс хойш 2 жилийн хугацаанд түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцсон.

3.3. Тухайн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгч ХХХ- миний гомдлоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж байсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ХХ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч танаас болж үл хөдлөх эд хөрөнгийг ХХХХХХ нь бусдад шилжүүлчихлээ гэсэн утгатай шалтгаан хэлж гэрээнээс татгалзах асуудал ярихад үйлчлүүлэгчийн ярьсныг тухайн үедээ үнэн зөв хэмээн итгэж хүлээн зөвшөөрсөн.

3.4. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч ХХ нь "Өмгөөлөгч ХХХ-тэй хийсэн гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагаа нь миний хүссэн шаардлагын дагуу явсан хэдий ч, хамгаалуулах ёстой 2 обьектын нэг болох Чингэлтэйн үл хөдлөх эд хөрөнгө зарагдсан бөгөөд одоо Гандангийн үл хөдлөх эд хөрөнгө зарагдах хэмжээнд очсон байгаа тул өмгөөлөгчтэй хийсэн гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийсэн ажиллагаанд 2,000,000 төгрөг тооцож үлдэгдэл мөнгөө авахыг хүсч байна гэсэн нь бодит бус үндэслэл юм.

3.5. Талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.9-д Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг авах эрхтэй гэж, 4.1-д Үйлчлүүлэгч тал нь эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг уг гэрээ байгуулсан үеэс бүрэн болон хэсэгчлэн төлнө" гэж заасны дагуу 50 хувийн төлбөр болох 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан журмын дагуу, талуудын диспозитив зарчмын хүрээнд ХХХ- би нэхэмжлэх эрхтэй үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ өөрөө тодорхойлж, нэхэмжилж болох нийт дүн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл хөлснөөс 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

3.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явагдаж дууссан. ХХХ- өмгөөлөгч муу ажиллаад үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор ийм байдал үүсээгүй учраас төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд эрх зүйн туслалцааны гэрээний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэлийн агуулга:

4.1. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зорилго бүрэн биелэгдсэн гэдэг агуулгын хүрээнд сөрөг нэхэмжлэлээ гаргасан. ХХХ- болон тухайн гэрээнд заасан зорилго биелэгдэх буюу дуусгавар болохоос өмнө талууд харилцан тохиролцоод хугацаанаас нь өмнө цуцалсан. Гэрээ цуцалсны үр дагаварт тодорхой хийгдсэн ажлын хөлсийг үлдээгээд үлдэгдэл төлбөрийг буцаагаад татахыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл нэгэнт цуцлагдсан гэрээний үр дагаврыг одоо шаардах боломжгүй.

4.2. Түүнчлэн, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХХХ-, Х нарын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т Иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг дуусах шатанд орсноор дуусгавар болно гэсэн. Өөрөөр хэлбэл, ХХХ- гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж байгаа бол эрүүгийн хэрэг маргаанд оролцох үүрэг нь давхар байсан. 20,000,000 төгрөг нэхэх ёстой байснаас 12,000,000 төгрөг нэхэж байгаа үндэслэл, нэхэмжлэл гаргаж байгаа шаардлагаа тодорхойлж байгаа нь эрхийн асуудал гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч ХХХ-ээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай ХХгийн нэхэмжлэл, нэхэмжлэгч ХХгаас 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. ХХгийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар ХХХ- өмгөөлөгчтэй 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагаа нь бидний хүссэн шаардлагын дагуу явж өмгөөллийн үйлчилгээний урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийсэн ажиллагаанд 2,000,000 төгрөгийг тооцож, үлдэгдэл мөнгөө авахыг хүссэн бөгөөд өмгөөлөгч ХХХ- нь ...өмгөөллийн хөлсөнд авсан хөлснөөс өөрийн хийсэн ажлын хөлсийг тооцож, үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй..." гэснээр 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр талууд тохиролцож гэрээг цуцалсан.

Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах саналыг ХХгийн зүгээс гаргасан ХХХийн зүгээс түүнийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт хэрэгт авагдсан.

6.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. Талууд уг гэрээг цуцлах өдөр хүртэл өмгөөлөгчийн хийсэн үйл ажиллагааны хөлсийн 2,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хариуцагч ХХХ- хүлээн зөвшөөрсөн буюу хариуцагчийн зүгээс татгалзлаа албан бичгээр илэрхийлсэн баримт тогтоогдохгүй байна.

6.3. Талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.4-д иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг, эцсийн шатандаа орсноор дуусгавар болно гэж зааснаас үзэхэд ХХХ- эрүүгийн журмаар явалгүй иргэн, захиргааны журмаар явах боломжтой нь гэрээний агуулгаас харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хамгаалуулахыг хүсч хууль зүйн туслалцаа авсан.

Гэтэл анхан шатны шүүхээс ХХХ-ийн гаргасан ямар үүргийн зөрчил нь хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлсөн талаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул ХХХ-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Тухайн үед өмгөөлөгчийн гараар бичиж өгсөн ажлын хөлсийг бодитоор дүгнэж тооцсон боловч үлдэгдэл төлбөрийн баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй гэх нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй.

7.2. Учир нь тухайн гэрээг цуцлах үндэслэл болсон асуудлын талаар талууд мэтгэлзэн бусдад нэгэнт шилжсэн байсан үл хөдлөх эд хөрөнгийг ХХХ- өмгөөлөгчийг та алдлаа хэмээн үндэслэлгүйгээр буруутгасан. Нэхэмжлэгч тал нь маш ноцтой буруутгалууд гаргаж ирдэг атлаа анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаасан ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба давж заалдах гомдолдоо мөн дурддаггүй. Мөн түүнчлэн мэргэжлийн хариуцлагын хорооны эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр хүчин төгөлдөр болсон дүгнэлтүүдийг няцаасан ямар нэгэн үндэслэл тайлбар гаргадаггүй. Давж заалдах эрхийн 14 хоног дууссан гэж хариуцагчийн гомдлыг хүлээн аваагүй атлаа нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авсанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-эд холбогдуулан Гэрээ цуцлагдсантай холбогдон урьд олгосон ажлын хөлс 8,000,000 төгрөгийг буцаан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэх үндэслэл заан эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг сөрөг нэхэмжилж, талууд маргажээ.

 

3. Х нь ХХгаас олгосон итгэмжлэлийг үндэслэн ХХХ-тэй, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрх зүйн туслалцааны гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд өмгөөлөгчөөр ажиллах, үйлчлүүлэгч нь ажлын хөлс 40,000,000 төгрөг, урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 20,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-8/

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ гэж зөв тодорхойлжээ.

 

4. Гэрээний дагуу нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-эд ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

5.1. Нэхэмжлэгч ХХ гэрээ цуцлагдсан үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, тодорхой үр дүн гаргаагүй бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа хангалттай үзүүлж чадаагүй гэж тайлбарладаг.

Ажиллагч буюу хариуцагч ХХХ- гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хариуцагч нь Баянгол дүүрэгт хэрэг бүртгэлтийн ххххххххх дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хохирогч ХХгийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулсан үйл баримт хэргийн 1 дэх хавтасны 81-100 дахь талд авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ. /1хх-81-100/

5.2. ХХгийн гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ цуцлах тухай саналыг ХХХ- хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд тохиролцон хөлсөөр ажиллах гэрээг цуцласан гэж үзнэ. /1хх-24/

5.3. Хөлсөөр ажиллах гэрээ нь тодорхой үйл ажиллагаа явуулсан байхыг шаардахаас ажлын үр дүн шаарддаггүй тул хариуцагч ХХХ- 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.4. Талууд гэрээг ердийн журмаар цуцласан учир Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2, 367.3 дахь хэсэгт заасан буюу хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцласнаас гарах үр дагавар үүсэхгүй юм.

5.5. Гэрээгээр гүйцэтгэх ажил, үйлчилгээтэй холбоотой хөлсийг хэрхэн тооцож төлөх талаар талууд тохиролцоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн ажилласан хугацаа болон гүйцэтгэсэн ажилд нь тулгуурлан ажлын хөлсний ногдох хэсгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд дүйцүүлэн нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД