Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-д холбогдох 1921000000067 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.Н. /РД: ...................../

 

Шүүгдэгч А.Н нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт байрлах худгийн хажууд Ж.Мөнхбаяртай маргалдан улмаар нүүр рүү нь мөргөж биед нь хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал, духны хөндийн гадна ялтасны цууралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дотор төгсгөл орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Ж.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н өмнө нь надад өгсөн “миний босоо тэнцүүлэгч байгаа юу” гэхэд нь би “байгаа” гэж хэлэхэд “чи одоо яваад аваад ир” гэж хэлсэн. Тэгэхэд нь Н-д “чи өөрөө очоод ав” гэж хэлэхэд миний өөдөөс уурлаад “чи өөрөө авчирч өгөхгүй юу босоо тэнцүүлэгчгүй машин явдаг л юм байна” гэж нэг үгээ байн байн хэлээд байсан. Тэгэхэд нь би “тэгвэл миний машин явдаггүй юм” гэж хэлэхэд уурлаад над руу гараа савчаад цохихдоо намайг онолгүй морин дээр сундалдаж явсан манай хүүгийн нурууг цохисон. Тэгэхээр нь би уурлаад мориноосоо буулгүй хацарт нь нэг удаа алгадсан. ...би хүүхдээ гэртээ буулгаад буцаад худаг дээр байсан адуугаа хураахаар худаг руу очиход А.Н хамаатны дүү Баяраагийн хамт худгийн хажууд зогсож байсан тэгээд намайг дуудаад “мориноосоо буугаад ир хоёулаа эр хүн шиг уулзъя хөгшөөн” гэхэд нь би “за” гээд мориноосоо буугаад эргээд харахад Н миний нүүрэн тус газарт мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас их хэмжээний цус гарч би доошоо тонгойгоод сууж байхад Н “чамайг алнаа” гээд хашгираад дайраад байхад нь Баяраа гэх дүү нь надаас холдуулаад аваад явсан...” гэжээ. /хх-ийн 9-11 тал/

 

Гэрч Н.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж.Мөнхбаяр хүүгээ сундалдаад алаг морьтой ирж байсан. Тэгэхээр нь Н хашаанаас гарч Мөнхбаярыг дуудаад тэр хоёр юм ярьж байснаа миний босоо тэнцүүлэгч гэж ярьж байх шиг байсан. Тэгээд хоорондоо маргалдаад тэр хоёр татаж чангаацалдаад Н түрүүлж гараараа цохихдоо хий цохисон тэгсэн чинь Мөнхбаяр буцаад 1 удаа нүүрэнд нь цохих шиг болсон. Тухайн үед Мөнхбаяр мориноосоо буугаагүй байсан. ...Би Аюушбат ахын гэрт ороод 10 минут орчмын дараа гарч ирэхэд Мөнхбаяр худгийн баруун талд Аюушбат ахын хашааны гадаа мориноосоо буусан нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд удалгүй Мөнхбаяр их юм ярилгүй мордоод яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 189 тоот дүгнэлтэд

1. Ж.Мөнхбаярын биед хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал, духны хөндийн гадна ялтасны цууралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дотор төгсгөл орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

3. Дээрхи гэмтлүүдийн хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал нь дангаараа, духны хөндийн гадна ялтасны цууралт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Анхны үзлэгийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 20-23 тал/

- А.Н-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч А.Н нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт байрлах худгийн хажууд хохирогч Ж.Мөнхбаяртай маргалдан улмаар нүүр рүү нь мөргөж биед нь “хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал, духны хөндийн гадна ялтасны цууралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дотор төгсгөл орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Ж.Мөнхбаяр, гэрч Н.Батжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 189 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч А.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч А.Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хохирогч Ж.Мөнхбаяр нь шүүгдэгч А.Н-тэй эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг А.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.Н-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.Н-н ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ