Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04680/и |
Дугаар | 4680 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 4680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 46-30 тоотод оршин суух Гучин овогт Оюундарийн Уртнасан /РД: ЗК85032607/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 46-30 тоотод оршин суух Зуут овогт Болдбаатарын Даваа-Очир /РД: ЗМ88053016/-т холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, нэмэлт тэтгэлэг, эмчилгээний зардал 252,900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Уртнасан, хариуцагч Б.Даваа-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Нэхэмжлэгч О.Уртнасан миний бие Б.Даваа-Очиртой 2008 онд анх танилцаад 2 жил үерхээд 2010 онд нэг гэртээ орж хамтран амьдрах болсон. Бидний дундаас охин Д.Анужин, хүү Д.Мөнхжин нар төрсөн бөгөөд охин минь бүтэлттэй төрсний улмаас эпилепси гэсэн оноштой хааяа унадаг өвчтэй болсон юм. Мөн зүрхний гажигтай гэж эмч нар дүгнэсэн. Охин минь одоо 6 настай, энэ намар сургуульд орно. Б.Даваа-Очир нь архи уухаараа агсан согтуу тавьж зодож нүддэг, мөн хүүхдүүдээ айлган ичээдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Хэдийгээр бид албан ёсны баталгаагүй ч гэсэн хоёр хүүхдийн эцэг эх болсон хүмүүс бөгөөд эцэг эх байх үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй өнөөдрийг хүрлээ. Одоо тусдаа амьдарч байгаа бөгөөд миний хувьд хүүхдүүдээ бодоод эргэн эвлэрч амьдарья гэхэд ойлголцохгүй байсан. Хүүхдүүдээ хамтад нь би өөр дээрээ өсгөн хүмүүжүүлнэ. Хуулийн дагуу тэтгэлэг болон нэмэлт тэтгэлэг гаргуулан авна. Энэ талаар надад мөн гэрээний санал байгааг дурьдая. Эмчилгээний зардал 252,900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч О.Уртнасан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“О.Уртнасан, Б.Даваа-Очир бид тусдаа 2 жил амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдүүдээ би ганцаараа сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, тосон авдаг байсан. Б.Даваа-Очир нь хоёр хүүхдээ анхаарч халамжилдаггүй байсан тул хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Миний охин хүнд өвчтэй тул байнга өвддөг. Өдөр болгон эм уудаг, сар болгон эмчид үзүүлдэг тул эмчилгээний зардалд 252,900 төгрөгийг гаргуулан авч, цаашид өвдсөн үед нь эмчилгээний зардалд туслуулахыг хүсэж байна” гэв.
Хариуцагч Б.Даваа-Очир шүүхэд гаргасан тайлбартаа:
“Болдбаатар овогтой Даваа-Очир миний бие эхнэр О.Уртнасантай 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. Би жил бүрийн 3 сарын 20-ноос 11 сарын 20 хүртэл улирлын чанартай ажил хийдэг. Хамт амьдрах хугацаандаа эхнэр, хүүхдүүдээ хоол унд, хувцас хунараар дутаалгүй бид сайхан амьдарч байсан. Миний хувьд байнга архи дарс ууж, эхнэр хүүхдээ айлгаж ичээсэн явдал байхгүй, нэг л удаа гар хүрч байсан ба буруу зүйл хийснээ ухамсарлаж байна. 2014 оны 10 сард үл ялих зүйлээс болж маргалдаад уурандаа 7 хоног гэртээ ирэлгүй, гадуур байж байгаад ирэхэд эхнэр маань гэрээсээ яваад өгсөн байсан. Одоо бид сайхан харилцаатай байдаг. Амьдарч байсан гэр, унаж байсан машинаа хүртэл эхнэртээ өгсөн. Эхнэр маань лангуу ажиллуулах гэж байна гэхэд мөнгө өгч тусалсан. Миний хувьд эхнэрээсээ салж, үр хүүхдээ өнчрүүлэх хүсэлгүй ба эвлэрэх хугацаа олгохыг эрхэм шүүгчээс хүсэж байна. Шүүх гэр бүлийг цуцалсан тохиолдолд хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээх болон хуульд зааснаар тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй. Би цаашдаа хүүхдүүдээ тэжээн тэтгэх, харж хандах үүрэгтэйгээ ойлгож байгаа” гэв.
Хариуцагч Б.Даваа-Очир шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“О.Уртнасангийн нэхэмжлэлд хавсаргасан эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ удаа хүүхдийн эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 252,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид би төлөх боломжгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Уртнасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, нэмэлт тэтгэлэг, эмчилгээний зардал 252,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Б.Даваа-Очир хүлээн зөвшөөрчээ.
Зохигч О.Уртнасан, Б.Даваа-Очир нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Д.Анужин /РД:УА10210844/, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Мөнхжин /РД:УК13261734/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0325783, Г-366, 0000939853, 3876 дугаартай төрсний гэрчилгээ, одоо хүүхдүүд эхийн асрамжид амьдарч байгаа нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолтоор нотлогдож байна. “Хасагт эрдэнэ” ББН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтод Д.Мөнхжин эрүүл бойжиж байгаа, Д.Анужин “эпилепсия” оноштой эмчийн хяналтад байдаг гэж бичигдсэн байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Охин Д.Анужин, хүү Д.Мөнхжин одоо эх О.Уртнасангийн асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Д.Анужин, хүү Д.Мөнхжинг төрсөн эх О.Уртнасангийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон тул эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Даваа-Очироор хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь охин Д.Анужин “эпилепсия” оноштой эмчийн хяналтад байдаг тул эмчилгээний зардалд 252,900 төгрөг гаргуулан авах, цаашид өвдсөн үед нь эмчилгээний зардалд туслуулахыг хүсэж байна гэж шаардлага гаргасан боловч цаашид гарах эмчилгээний зардлыг урьдчилан тодорхойлох боломжгүй гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан ба хариуцагч эмчилгээний зардалд 252,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, цаашид хүүхдийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх боломжгүй гэх тайлбарыг гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Охин Д.Анужин, хүү Д.Мөнхжин нарыг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдүүдийн эх О.Уртнасан нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Б.Даваа-Очирт саад учруулахгүй байх үүрэгтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ.
Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороо 2015 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,400 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Анужин /РД:УА10210844/, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Мөнхжин /РД:УК13261734/ нарыг төрсөн эх О.Уртнасангийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Зуут овогт Болдбаатарын Даваа-Очир /РД: ЗМ88053016/-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Анужин /РД:УА10210844/, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Мөнхжин /РД:УК13261734/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Охин Д.Анужингийн эмчилгээний зардал 252,900 төгрөгийг хариуцагч Б.Даваа-Очироос гаргуулж, нэхэмжлэгч О.Уртнасанд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 8,240 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваа-Очироос улсын тэмдэгтийн хураамжид 78,440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Уртнасанд олгох, хариуцагч Б.Даваа-Очироос хүүхдүүдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,496 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан, Б.Даваа-Очироос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР