Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4697

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, “Жи-Мобайл “ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай гудамж 3020 тоотод оршин суух Боржигон овогт Хийцоогийн Урангоод \РД:СИ84112503\ холбогдох,

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х.Урангоо нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй NP 10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Х.Урангоо нь одоогийн байдлаар 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Х.Урангоод холбогдуулан 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Х.Урангоо нь 140,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,475 төгрөгийн хамт төлсөн тул Жи мобайл ХХК нь алданги болох 70,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Урангоод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж, Х.Урангоод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгнөөс 3,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР