Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00771

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00771

 

хххх ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00798 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххт холбогдох,

 

2023 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 10,707,879 төгрөг, сургалтын зардал 27,371,710 төгрөг, нийт 35,815,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс "хххх ТӨХК-д Нислэгийн хэлтэст Бионг 737-800 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот тушаалаар Боинг 737-800 агаарын хөлгийн даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

1.2. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсан болон цалин хөлсөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн ба хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/423 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

1.3. ххххтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т "Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн хоёр жилд хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлнө", 8.5-д "Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө гэж тус тус заасан.

1.4. хххх нь 2023 оны ээлжийн амралтыг /2023 оны 02 дугаар сарын 13-2024 оны 02 дугаар сарын 13-ны хооронд эдлэхээр нийт 22 ажлын өдрөөр тооцсон/ 2023 оны 4 дугаар сарын 01-ний өдрөөс эдлэн, ээлжийн амралтын мөнгөө тооцон авсан бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул 2023 оны 8, 9, 10, 11, 12 сар, 2024 оны 1, 2 сард ногдох нийт 12.81 өдрийн ээлжийн амралтын цалингийн зөрүү болох 10,707,879 төгрөгийг гаргуулна.

1.5. Компанийн зүгээс ххххаас 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг, 2022 оны нисгэгчийн намрын давтан сургалтын зардал 8,415,117 төгрөг, 2023 оны нисгэгчийн давтан сургалтын зардал 14,801,859 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөг, нийт 38,079,589 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Иргэний нисэхийн дүрэм 121-т зааснаар Агаарын тээвэрлэгч нь багийн гишүүн үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны багийн гишүүний ажил үүрэг, үйл ажиллагааны төрөлд тухайн багийн гишүүн чадвартай байх болон мэргэшихийн тулд гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисгэгч эсхүл бүхээгийн ажилтныг 121.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлсэн сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

2.2. Мэргэжил дээшлүүлэх бус давтан сургалтад суусан, хуваарь баталсан тушаалаас нь харахаар давтан гэдэг нь ойлгомжтойгоос гадна цаашаа сургалтын ямар байгууллагад хэдэн төгрөг төлсөн талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна. Энэ асуудал нь эрсдэлээрээ шийдэгдээд явдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Манай тооцооллоор бол 835,900 төгрөгийг 10,75 хоногоор үржүүлэхээр 8,985,925 төгрөг гарч байгаа ба нэхэмжлэлдээ 2,264,449 төгрөгийг хасна гэж байсан тул ээлжийн амралтын олговрын зөрүүд 6,721,476 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т зааснаар хариуцагч ххххаас 34,096,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хххх ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,718,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххх ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн дүрэм 121-ын I Бүлэг Сургалт гэсэн хэсгийн 121.563-д Багийн гишүүний давтан сургалт гэсэн хэсэгт заасан үүргээ биелүүлэх, өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор хариуцагчийг нисэх багийн гишүүний давтан сургалтад хамруулсан болно.

4.2. Иргэний нисэхийн дүрэм 121-ын 121.563-н (a)-д АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүн үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны маяг, багийн гишүүний ажил үүрэг, үйл ажиллагааны төрөлд тухайн багийн гишүүн чадвартай байх болон мэргэшихийн тулд гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисгэгч, эсхүл бүхээгийн ажилтныг 121.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд амжилттай хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй, (b) АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь давтан сургалтын үе шатанд нисэх багийн гишүүний дараах нислэгийн сургалт багтсан болохыг бататгах үүрэгтэй, (1) IFR-ийн дагуу үйлдэх арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, 6 cap тутамд гэж зааснаар агаарын тээвэрлэгч буюу хххх ТӨХК нь нисэх багийн гишүүдийг багийн гишүүний давтан сургалтад хамруулах үүрэгтэй энэ үүргээ биелүүлж сургалтад хамруулсны төлбөрийг ажилтнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх сургалтын зардал 27,371,710.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ажил олгогч сургалтын зардлыг нөхөн төлүүлэх шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болох бөгөөд гэрээнд мөн сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгах үүрэгтэй. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд дээрх нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд хуулиар тусгайлан зохицуулсан дагалдах гэрээ байгуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг сургалтад хамруулсан сургалтын нийт зардал гэх 27,371,710 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Түүнчлэн, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.

2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн хөдөлмөрийн гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан. Дээрх гэрээ байгуулагдахаас өмнө хамрагдсан буюу 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн давтан сургалтын төлбөрт 4,154,733.01 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн давтан сургалтын төлбөрт 8,415,117.87 төгрөг, нийт 12,569,850.88 төгрөгийн сургалтын зардлыг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1105 дугаар гэрээний 6.2.12, 8.5 дахь заалт болон 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

4.4. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Тодруулбал, хариуцагчийг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрүүдэд, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хэдэн төгрөгийн төлбөртэй сургалтад хамруулсан, тухайн сургалтын төлбөрийг хэзээ төлсөн, бодит байдалд тус төлбөрийг төлсөн болохыг нотолсон, төлбөр шилжүүлсэн талаарх арилжааны банкны баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг сургалтад хамруулах тухай нэхэмжлэгчийн гаргасан тушаал болон хэргийн 42 дугаар талд авагдсан уг шаардлагатай холбоотой нэхэмжлэгч талаас өгсөн тооцоололд үндэслэж уг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд сургалтын зардал 27,371,710 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. хххх ТӨХК нисгэгчдийг бэлтгэн сургахад багагүй хугацаа болон зардал зарцуулдаг. ххххыг нисгэгчийн сургуульд сурах үеэс нь эхлэн хххх ТӨХК сургаж, ажиллуулсан. Ажилтнаа сургах үүргээ хххх ТӨХК биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2022, 2023 оны сургалтыг зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тусгайлсан, дараалсан гэрээ байгуулдаг, эсхүл хөдөлмөрийн гэрээ нь харилцан тохиролцох нөхцөлөөр тусална гэж заасан байдаг. Үүний дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т тодорхой хэмжээний зардлыг тусгана гэдгээ харилцан тохиролцож, заасан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Хариуцагч сургалтад хамрагдсан нь үнэн.

5.3. хххх ТӨХК-ийн сургалттай холбоотой тооцооллыг худлаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайн тооцоололд жилийг 365 өдөр, нийт 730 өдрөөр тооцож, тооцоолол хийсэн. Манай зүгээс ажил олгогч үүргээ биелүүлсэн тул ажилтанг үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч хххх ТӨХК нь хариуцагч ххххт холбогдуулан 2023 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 10,707,879 төгрөг, сургалтын зардал 27,371,710 төгрөг,, нийт 35,815,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь ээлжийн амралтын олговрын зөрүүд 6,721,476 төгрөг буцаан төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг Иргэний нисэхийн дүрэмд заасан үүргээ биелүүлсэн, ... сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талуудын хооронд 2014 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. /хх24-25, 70-78/

4. хххх ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 дугаартай тушаалаар ажилтан ххххыг Недерландын Вант Улсын Амстердам хотын САЕ сургалтын төвд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/397 дугаартай тушаалаар Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотын SIMAERO сургалтын төвд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны хооронд, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/106 дугаартай тушаалаар ХБНГУлсын Cockpit4U сургалтын төвд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд дадлагажуурын давтан сургалтад тус тус хамруулсан. /хх-33-42/

 

5. хххх ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/423 дугаартай тушаалаар ххххын хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, Нислэгийн хэлтсийн Б737-800 агаарын хөлгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-26/

 

6. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн зөв тогтоосон.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсонтой холбогдон ээлжийн амралтын олговрын зөрүү болон сургалтын зардлыг нэхэмжилж шүүхэд ханджээ. Хариуцагч тал ээлжийн амралтын олговрын зөрүү төлбөрөөс 6,721,476 төгрөгийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин олговрын тооцоолол болон сургалтын зардлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийн талаар маргажээ.

 

8. Шүүх ээлжийн амралтын олговрын зөрүү 10,707,879 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 8,985,925 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн, талууд давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

9. Харин хариуцагчаас сургалтын зардал 27,371,710 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хариуцагчаас сургалтын зардалд 27,371,710 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

9.1. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.12, 8.5-д заасныг тус тус үндэслэн 2022-2023 оны давтан сургалтын зардлыг хариуцагчаас шаардсан байна.

9.2. Талууд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдон 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. /хх-70-78, 27-31/

9.3. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний 3.3-т Аль нэг тал гэрээний хугацааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөөгүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор харилцан тохиролцжээ. Уг гэрээг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул талуудын байгуулсан 2017 оны гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дууссан гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний 6.1.12-т заасны дагуу сургалтын зардлыг ажилтнаас шаардах эрхгүй.

9.4. Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Уг хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж, 73.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана гэж тус тус хуульчилжээ.

Талууд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 6.2.12-т Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачлагаар ... хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн хоёр жил хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх, 8.5-д Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө гэж тус тус харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний 8.5-д заасан гэрээний үйлчлэх хугацааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, гэрээ байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс тоолохоор байна.

9.5. Талууд хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нөхцөлийг нарийвчлан тусгаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч хххх ТӨХК нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд тус тус хамрагдсан сургалтын төлбөрийн зардлыг хариуцагч ххххаас шаардах эрхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч ххххаас 8,985,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххх ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,371,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00798 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч ххххаас 8,985,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххх ТӨХК-д олгож, үлдэх 27,371,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагчаас 328,425 гэснийг хариуцагч ххххаас 158,725 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,431 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД