Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

   Г.Батад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Булганчимэг,

ялтан Г.Батын өмгөөлөгч Ш.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Батын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201624000481 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цэнд-Аюуш овгийн Гончигийн Бат, 1970 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэмүка” ХХК-д жижүүр ажилтай гэх, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 28 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ВТ70062915/

 

Г.Бат нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын замд “Kia Optima” загварын, 05-10 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт “... Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Г.Батын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Батыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Батын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Батаас 9,885,785 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэнд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зам тээврийн ослын бичлэг бүхий 2 ширхэг “CD” хавтаст хэрэгт хавсаргаж, Г.Батын В ангиллын 1041635 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт битүүмжлэгдсэн “Kia Optima” загварын 05-10 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Бат давж заалдах гомдолдоо: “... 2016 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвийн урд талын зүүн чиглэлд явах замын 3 дугаар эгнээгээр явж байтал баруун гар талаас гэнэт хүн гараад ирэхээр нь тоормосоо гишгэтэл тэр хүнийг автомашинынхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тухайн үед тэр хүнийг замаар гарч ирэхийг нь хараагүй. Учир  нь өөдөөс явсан автомашины хурц гэрэл гялбаад, тулж очихдоо харсан. Би анхаарал болгоомжгүйгээс болж хүний алтан аминд хүрсэндээ туйлын их гэмшиж байна. Гэр бүл болон 80 нас гарсан эхийгээ асарч тэжээн тэтгэдэг байсан. Энэ бүхнийг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг бага ч болов хөнгөрүүлж өгөхийг үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Хохирол болох 9,885,785 төгрөгийг төлж барагдуулсан болно...” гэжээ.

 

Ялтан Г.Батын өмгөөлөгч Ш.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтаар хэрэг болох үед Г.Батын зам тээврийн осол гаргасны дараа хохирогчийг замын эсрэг урсгалд явсан автомашин дахин мөргөсөн нөхцөл байдал байсан учраас анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.Батын гэм бурууг сайн хэлэлцсэн учраас хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Харин Г.Бат хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан хохирлыг төлж барагдуулсан учир Г.Батын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, өндөр настай эхийгээ асарч, тэжээдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас гэм хор арилсан гэж үзэхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Г.Бат нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын замд “Kia Optima” загварын, 05-10 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт “... Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-2-9/,

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-10-11/,

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-12-14/,

- “999” нэртэй кароаке баар, “Хуршиг” хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерийн бичлэгээс 2016 оны 5 дугаар сарын 27-ны шөнө гарсан зам тээврийн ослын талаарх хэсгийг хуулбарлан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх- 31, 26, 27, 28, 29/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэнгийн: “... 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр аав Д.Пүрэвдорж манай гэрт ирээд 15 цаг өнгөрч байхад явсан. Түүнээс хойш аавтай холбоо бариагүй... 16 цагийн үед ээжтэй ярихад найзтайгаа уулзаж байна гэж хэлсэн гэсэн... Тэгээд ирээгүй. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр холбогдох хуулийн байгууллагаас асууж тодруулж байгаад нас барсныг нь мэдсэн...” /1-р хх-37/,

- Гэрч Н.Хишигдэлгэрийн: “... 2016 оны 5 дугаар сарын 27-ны оройн 23 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум руу “Sonota-6” загварын автомашиныг А.Мөнхбат жолоодоод, би жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан. “Энхжин” худалдааны төвийн ойролцоо замын 3 дугаар эгнээгээр явж байхад өөдөөс хурц гэрэлтэй автомашин эсрэг урсгалд явж байх шиг байсан. Тэр үед жолооч автомашиныхаа тоормосыг гишгэтэл удалгүй автомашин 2 удаа ямар нэгэн зүйл дээр гараад овгос гээд зогссон. Бид буугаад хартал ард талд хүн хэвтэж байсан ба цаад талд нь 7-8 метрийн зайд нэг эрэгтэй хүн “би хүн алчихлаа” гээд утсаар яриад зогсч байсан... Би зам дээр байсан хүнийг хараагүй, урд талаас хурц автомашины гэрэл тусаад юу ч харагдаагүй, ослын дараа л хүн байсныг мэдсэн. Өөдөөс тусаад байсан гэрэл нь нөгөө эсрэг урсгалд осол хийгээд зогсч байсан автомашины гэрэл байсан... Замын хөдөлгөөн бага, үзэгдэх орчин муу, гудамжны гэрэл муу асаж байсан...” /1-р хх-76-77/ гэх мэдүүлгүүд,

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “талийгаач Д.Пүрэвдоржийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг яс руу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн хуруунд зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу, баруун шилбэнд цус хуралт, хоёр талын 1-10 дугаар хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор, хэвлий, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг яс руу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн хуруунд зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу, баруун шилбэн дэх цус хуралт гэмтлүүд нь босоо байрлалд буюу автомашинд мөргөгдөх үед үүснэ...

Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг яс руу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал гэмтлийн улмаас буюу автомашинд мөргөгдөж нас барсан” болохыг тогтоосон шинжээчийн №1018 дугаар дүгнэлт /1-р хх-83-89/,

- Хавтаст хэргийн материалаар давтан хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №1288 дугаар дүгнэлт /2-р хх-50-53/,

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “... автомашинд мөргөгдөх үед үүссэн гэмтлүүдээс амь насанд аюултай гэмтэл нь талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь шууд аюултай бөгөөд шууд үхэлд хүргэсэн... 2 дахь автомашин дайрах үед талийгаач нас барсан байсан. Энэ нь задлан шинжилгээний үед илэрсэн гэмтэл өөрчлөлтөөр тогтоогдож байна...” /1-р хх-212/,

- Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “... талийгаач эхний автомашинд мөргөгдөх үедээ гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийг авсан, уг гэмтлийг авсны дараа үхлийн өмнөх үе хэр хугацаанд үргэлжлэх нь тогтоох боломжгүй... үхлийн өмнөх үед ухаангүй, амьсгал нь цөөн, зүрх судасны үйл ажиллагаа муу байна... талийгаач нь анхны автомашинд мөргүүлэн гэмтэл авсны дараа газар дээрээ нас барах боломжтой...” /2-р хх-56-57/ гэсэн мэдүүлгүүд,

- Техникийн шинжээчийн: “... 05-10 УБТ улсын дугаартай, “Kia Optima” загварын автомашин нь хар өнгөтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн, КМА0022321А092874 арлын дугаартай... Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 2,8 кН, баруун талдаа 2,5 кН тоормосны зөрүү нь 10,71%-тай байсан. Хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1,6 кН зөрүү нь 11,11%-тай тоормос хэвийн ажиллагаатай. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 3,3 мм/м, гэрлийн чадал зүүн 0 сd, баруун гэрэл 0 сd байгаа нь стандартын шаардлага хангаагүй... урд салхины шил зүүн талын хэсэгт 68х50 см хэмжээтэй хагарч бяцарсан, зүүн хойд талын тоормосны гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, дугаарын гэрэл асахгүй, зүүн толь байхгүй, зүүн хаалга будаг нь халцарсан, урд гуфер халцарсан, хагархай... уг автомашины гэрлийн чадал зүүн 0 сd, баруун гэрэл 0 сd тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг осолд нөлөөлнө. Тухайн автомашины гэрэлтүүлэг тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байгаа нь харах орчныг хязгаарлах буюу өмнөөс яваа тээврийн хэрэгслийн гэрэлд гялбах байдлаар нөлөөлнө” гэсэн №16/27790 дүгээр дүгнэлт /1-р хх-142-144/,

- “Kia Optima” загварын, 05-10 УБТ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.Бат нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа  үед  жолоочийн  талын  шил  арчуур  ажиллахгүй  бол  хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 15.1 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэсэн шинжээчийн №361 дүгээр дүгнэлт /1-р хх-150-151/,

- А.Мөнхбатын сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Хишигдэлгэртэй хамт Төв аймаг, Баянчандмань сум руу өөрийн “Sonato-6” загварын автомашины жолоодон 50-60 км цагийн хурдтай замын 3 дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалын 3 дугаар эгнээнд нь холын гэрэлтэй автомашин байсан. Тэгэхээр нь гэрлээ хол, ойр руугаа 2-3 удаа дохитол тэр автомашин гэрлээ шилжүүлэхгүй, хөдөлгөөнгүй зогсоод, урдах юм харагдуулахгүй байхаар нь тоормосоо гишгээтэй явж байтал автомашин ямар нэгэн зүйл дээр овс гээд гараад явчихсан... Тэгээд буугаад иртэл автомашины ард хүн хэвтэж байсан. Мөн урд талын урсгалд зогсч байсан автомашины хажууд байсан эрэгтэй хүн би хүн мөргөөд, дайраад алчихлаа, энэ хүн үхчихсэн байна гээд гар утсаар яриад байсан. Тэгээд нөгөө хүнийг хартал ямар ч хөдөлгөөнгүй байсан...” /1-р хх-185-186/,

- Г.Батын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 5 дугаар сарын 27-ны 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ өөрийн “Kia Optima” загварын 05-10 УБТ дугаартай автомашинаар 3 дугаар эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт баруун гар талаас хүн гараад ирэхээр тоормосоо гишгэтэл тэр хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тухайн үед тэр хүнийг анх замаар гарч ирж байгааг хараагүй, өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад тулж л тэр хүнийг харсан. Ослын дараа машинаас буугаад хартал тэр хүн эсрэг урсгалын 3 дугаар эгнээнд, миний автомашинаас 2-3 м зайд зам дээр хэвтэж байхаар нь очоод толгойг нь өндийлгөөд босгоод сууж байтал удаагүй эсрэг урсгалаас суудлын автомашин орж ирээд намайг мөргөөд, тэр хүний дээгүүр гараад цаад талд гараад зогссон. Би өөрийн утаснаас 102, 103 залгаж ослын талаар мэдэгдсэн. Эхлээд 103-ийн эмч ирээд тэр хүний биеийн байдлыг үзээд нас барсан байна гэж байсан...” /1-р хх-161-166/ гэх мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

 

            Мөрдөн байцаалтын шатанд тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Г.Батын гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

            Хохирогчид учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн №1018, №1288 дугаартай дүгнэлтүүдээр гавал тархины гэмтлүүд нь босоо байрлалд буюу автомашинд мөргөх үед, цээж, бүсэлхий дэх гэмтлүүд нь хэвтээ буюу автомашинд дайрагдах үед үүссэн гэж ялган тодорхой дүгнэжээ.

 

Ийнхүү үзэх болсон шалтгаанаа шинжээч эмч Ч.Эрдэмболор /1-р хх-212/, Ж.Ганцэнгэл /2-р хх-56-57/, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Г.Энхбаатар нар “талийгаач эхний автомашинд мөргөгдөх үедээ гавал, тархины амьдрах боломжгүй гэмтлийг авсан... гавал тархины гэмтлүүд нь үхэлд хүргэсэн цус хуралттай гэмтлүүд... аарцаг ясны, хэвлий, нурууны... орчны эд, зөөлөн эдэд цус хуралт байхгүй байгаа учраас нас барсны дараа буюу хэвтээ байрлалд автомашинд дайрагдах үед авсан” гэж шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлан мэдүүлсэн бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзэхэд Г.Бат нь талийгаач Д.Пүрэвдоржийг мөргөж амь насыг хохироосон нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй гарсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

Харин Г.Бат нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал болон “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул ялыг хөнгөрүүлэх” талаар давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан Г.Батад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой. Энэ талаар гаргасан ялтны давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Г.Бат нь хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул “Kia Optima” загварын, 05-10 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Батад оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Батад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Ялтан Г.Батаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэнд 10,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЮУНЧУЛУУН

 

                                     ШҮҮГЧИД                              Б.ЗОРИГ

 

                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН