Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2017/0008

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга А.Батдорж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгох; Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ямар нэг орон тоонд томилогдох, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх, 4 сарын цалин 2 935 452 төгрөг, зэргийн нэмэгдэл 587 092 төгрөг, хугацааны нэмэгдэл 587 092 төгрөг, хоолны мөнгө 80 000 төгрөг, нийт 4 109 636 / дөрвөн сая нэг зуун есөн мянга зургаан зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулах, энэ тушаал гарсантай холбогдуулан хууль зүйн туслалцаа авсаны үнэ, болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн даргаар 2013 оны 10 сарын 24- ний өдрөөс эхлэн ажилласан.

Гэтэл намайг 2016 оны 08 сарын 10-с 2016 оны 09 сарын 10-ны хооронд ээлжийн амралтаа эдлээд орж ирэхэд манай тасагт шинээр нэг залуу ажилд орсон байсан. Би энэ ямар учиртай хүн бэ гэхэд шинээр орон тоо бий болсон, шинэ мэргэжилтэн орсон гэж тайлбарлаж байсан.

Би 2016 оны 09 сарын 09-ны өглөө тамгын газрын даргатай орж уулзахад, та бүтцийн өөрчлөлтөнд орсон, таны ажпыг авна гэсэн. Тэгэхээр нь би төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүн шүү дээ гэхэд, таны ажлыг авна аа таны оронд орох хүний материалыг АТГ-рүү явуулсан, ирэхээр нь ажилд нь авна, та нар ажлыг яаж авлаа гэх зэргээр ойлгомжгүй юм яриад байсан. Та нар урьд нь ажиллаж байсан алдааг давтах ёсгүй гэхэд, харин ийм юм болоод байна. ******* дарга биднийг хүндэтгээд ажлаа өгсөн, бид багаараа ажилламаар байна гэж хэлсэн.

2016 оны 09 сарын 19-ны өдөр намайг ажлаа хийж байхад, ажил хүлээлцэх комисс байгуулагдсан гээд аргагүй эрхэнд би ажлаа өгөхөд хүрсэн. Ажлын хэсгийн дарга , Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн , тамгын газрын нярав , миний ажлыг авах нар орж ирээд миний ажлыг хүлээж аваад би гарсан.

2016 оны 10 сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл өгсөн боловч хуулийн хугацаандаа хариуг нь өгөхгүй байсан. Би өргөдөл өгснөөс хойш 1 сарын хугацаа дуусахын өмнө очиж сануулахад төрийн албаны салбар зөвлөл цуглаж хуралдахгүй байна. Тэгээд би төрийн албаны салбар зөвлөлийг нь цуглаж хуралдахыг хүлээсээр 3 удаа очиж шаардсан. Гэтэл 2017 оны 01 сарын 09- ны өдөр хариуг нь өгөхдөө ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагад мэргэжил таарахгүй байна гэж үзэж байна гэсэн хариу өгсөн.

Бүтцийн өөрчлөлтөнд орлоо гэж тайлбарлаж мөн ажлаас чөлөөлөх тушаал дээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө" гэж заасныг барьж тушаал гаргасан.

Дээрхи тушаалыг гаргасан мөртлөө миний ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээний тасагт бий болсон шинэ орон тоонд 1 мэргэжилтэн нэмж авсан.

Уг нь өмнө нь ажиллаж байсан төрийн албан хаагч болох намайг тэр орон тоонд шилжүүлэн ажиллуулах боломжтой байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг зөрчиж шинээр өөр ажилтан авч ажиллуулсан нь хэт намчирхсан, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа намайг чөлөөлж, өөр хүнийг ажилд авах зорилгоор, бүтцийн өөрчлөлт орсон гэх нэрийдлээр намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Миний хувьд төрийн албаны жинхэнэ албан хаагч бөгөөд аливаа нэг нам, улстөрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж байсан, тангараг өргөсөн хүн. Гэтэл намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, миний оронд н. гэх хүнийг ажилд авсаныг үнэхээр зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгох; Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ямар нэг орон тоонд томилогдох, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх, 4 сарын цалин 2 935 452 төгрөг, зэргийн нэмэгдэл 587 092 төгрөг, хугацааны нэмэгдэл 587 092 төгрөг, хоолны мөнгө 80 000 төгрөг, нийт 4 109 636 / дөрвөн сая нэг зуун есөн мянга зургаан зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулах, энэ тушаал гарсантай холбогдуулан хууль зүйн туслалцаа авсаны үнэ, болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах гэсэн шаардлагуудыг гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь би аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн даргаар 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр томилогдон ажилласан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдлээд ажилдаа ирсэн. Ийнхүү 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө аймгийн тамгын газрын дарга уулзсан. Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга миний бие амраад ажилдаа орж байна гэхэд дарга надад таны ажлын байрны тодорхойлолт болон бүтцийн өөрчлөлт орсон тул таны ажлыг авахаар болсон. Таны оронд ажиллах хүний анкет Авилгалтай тэмцэх газарт явуулсан. Үүнийг ирэхээр таны ажлыг авна гэсэн. Тэгэхээр нь би ажлаа өгөмөөргүй байна. Учир нь тангараг өргөсөн төрийн алба хаагч хүн гэхэд “...та нар ажлыг яаж авлаа..” гэх мэтийн зүйл ярьсан. Удалгүй 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн засаг даргын тамгын газрын даргын тушаал гарч намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Монгол улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай” 2016 оны А/92 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд “Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг”-ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болгон өөрчлөн байгуулсан. “Хяналт – шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэсийг шинээр өөрчлөн байгуулснаар “Хяналт-шинжилгээ үнэлгээний тасаг” –ийн даргын албан тушаал /ажлын байр/ -ын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан. “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэсийг шинээр өөрчлөн байгуулагдаж, хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Хяналт-шинжилгээ үнэлгээний тасаг”-ын даргаар ажиллаж байсан *******ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/110 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Дээрх асуудлыг аймгийн удирдлагуудыг байлцуулан хэлэлцэж мэргэшлийн түвшин, мэдлэг ур чадвар, туршлага зэргийг харгалзан шаардлага хангасан иргэн С.Рэнцэндагвыг томилохоор тогтож, “Төрийн албаны тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Б/111 дүгээр тушаалаар Хяналт-шинжилгээ үнэлгээний тасагийн даргаар ажиллаж байсан *******ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Учир нь Монгол улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоол гарч Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог баталсан. Энхүү бүтэц орон тоо нь тухайн өдрөөс хэрэгжээд явах ёстой. Тухайн тогтоолыг гүйцэтгэх явцад Засаг даргын тамгын газрын хяналт, үнэлгээ шинжилгээний тасаг гэж байсан. Уг тасаг нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн нэг тасаг байсан. Шинэ бүтцээр Засаг даргын тамгын газрын бие даасан хэлтэс болж хяналт шинжилгээ үнэлгээний дотоод аудитын хэлтэс болж өргөжсөн. Үүнтэй холбогдуулан ажлын байрны чиг үүрэг, тухайн хэлтсийн зорилго тодорхой болсон. Өөрөөр хэлбэл дотоод аудит нь санхүүгийн хяналтыг явуулах ажиллагаа бий болсон. Иймд ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн боловсруулах талаар мэргэжлийн комисс гарч ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан. Ажлын байрны тодорхойлолтонд тухайн ажлын байранд шаардагдах мэргэжлийн буюу уг хэлтсийн даргаар эдийн засагч, эрх зүйч, мэргэшсэн нягтлан бодогч байхаар зааж баталгаажсан. Иймд өмнө нь тасгийн даргаар ажиллаж байсан *******ын хувьд мэргэжлийн шаардлага хангахгүй байсан тул зайлшгүй бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боложгүй гэжээ.

Гуравдагч этгээд Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШЗ2017/0031 дугаар захирамжид иргэн *******тай холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдэгдсэн. Энэ хэрэгт ******* овогтой ******* миний бие гуравдагч этгээдээр татагдан оролцуулахаар шийдвэрлэснийг хүлээж аваад хариу тайлбар хүргүүлж байна. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 09 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн бүтцийг шинэчлэн баталсан. Тогтоолыг үндэслэн 2016 оны Б/111 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарч С.Рэнцэндагвыг хэлтсийн даргын ажилд томилон ажиллуулах шийдвэр гарсан. Гэвч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Татварын Ерөнхий газрын даргын тушаалаар ******* нь аймгийн Татварын хэлтсийн даргын ажилд томилогдон ажиллах болсон. Иймд Төрийн албаны хуулийн дагуу сул ажлын байранд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ******* овогтой ******* миний бие томилогдон ажиллаж байна. Иймд *******тай холбоотой нэхэмжлэлд миний бие гуравдагч этгээдээр оролцохоос татгалзах саналтай байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгох; Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ямар нэг орон тоонд томилогдох, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх, 4 сарын цалин 2 935 452 төгрөг, зэргийн нэмэгдэл 587 092 төгрөг, хугацааны нэмэгдэл 587 092 төгрөг, хоолны мөнгө 80 000 төгрөг, нийт 4 109 636 / дөрвөн сая нэг зуун есөн мянга зургаан зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулах, энэ тушаал гарсантай холбогдуулан хууль зүйн туслалцаа авсаны үнэ, болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ

 Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.”Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох нь *******ын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөсөн “Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг” ,Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар “*******ыг ажилд томилох тухай” тушаалаар тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/92 дугаар Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийг Хяналт шинжилгээ ,үнэлгээ,дотоод аудитын хэлтэс болгон бүтцийг өөрчилсөн байна. Тус тасгийн Хяналт шинжилгээ ,үнэлгээний тасгийн дарга , Хяналт шинжилгээ ,үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, гэсэн 2 орон тоог Хяналт шинжилгээ ,үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн дарга, Хяналт шинжилгээ ,үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Хяналт шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой болгон баталсан байна. Бүтэц, орон тоог өөрчилсөнтэй холбогдуулан Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар ажиллаж байсан *******ыг Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 дугаар ”Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга *******ыг ажлаас чөлөөлөх“ тухай тушаалаар ажлаас чөлөөлж, Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/111 дугаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ******* “Ажилд томилох тухай” тушаалаар томилсон байна .

Мөн Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаар” Хяналт шинжилгээ ,үнэлгээний тасгийн дарга ******* ажилд томилох тухай” тушаалаар Хяналт шинжилгээ ,үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Хариуцагч анх 2016 оны оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******ад ажлаас чөлөөлж, Хяналт шинжилгээ ,үнэлгээний дотоод аудитын хэлтсийн дарга С. Рэнцэндавгыг ажилд томилохдоо аймгийн засаг даргатай зөвшилцсөн. Энэ нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Аймгийн удирдлагуудын уулзалт”-ын хурлаар *******ыг ажлаас чөлөөлж ******* томилох нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ хуралд засаг дарга оролцож, санал солилцсон учир засаг даргаас санал авсан гэж үзэж байна.Харин бичгээр авсан санал байхгүй“ гэж тайлбар гаргасан байх бөгөөд *******ыг ажлаас чөлөөлж ******* томилохдоо Засаг даргатай бичгээр солилцсон зөвшилцөл байхгүй ,засаг даргын гарын үсэг тамга тэмдэгтэй албан бичиг байхгүй байх тул санал солилцсон гэж үзэх боломжгүй байна.Энэ нь Монгол улсын засаг дахиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 душаар зүйлийн 33.4.дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаар “өргөдлийн хариу хүргүүлэх тухай” нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичигт Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт”. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гээд ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад мэргэжил таарахгүй байна гэж үзэж өргөдлийг буцаасан байх боловч 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолт нэхэмжлэгчийн ажиллаж байх үед гаргасан буюу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоос зөвхөн 3 дугаар заалт өөрчлөгдөж ихэнх ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Мөн Хяналт шинжилгээ ,үнэлгээний тасаг нь дарга , Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тоотой ажиллаж байсныг Хяналт шинжилгээ, үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн дарга, Хяналт шинжилгээ ,үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Хяналт шинжилгээ ,судалгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоо болгон нэмэгдүүлсэн хэрнээ тус хэлтэст ажиллаж байсан тасгийн дарга *******ыг мэдлэг, ур чадвар шалгаруулалгүй, дадлага туршлагыг харгалзалгүй чөлөөлж өөр байгууллагад ажиллаж байсан ******* Хяналт шинжилгээ, үнэлгээний дотоод аудитын хэлтсийн даргаар томилсон нь Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчжээ. .

******* нь ажлын дадлага туршлагатай,мэдлэг ур чадвартай болох нь Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 119 дүгээр ******* ажилд томилох тухай тушаалаар Хяналт шинжилгээ ,үнэлгээний тасгийн даргаар, Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар ******* ажилд томилох тухай тушаалаар Хяналт шинжилгээ ,үнэлгээний албаны даргаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ ,үнэлгээний тасгийн дарга *******ын 2014 ,2015 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх илтгэх хуудсуудаар тогтоогдож байна.

*******ыг чөлөөлөхдөө төрийн албаны хуулийг хэрэглээгүй нь төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө. гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн захиргааны сонсох ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хувийн хэрэг хөтлөөгүй, тайлбар гаргах боломж олгоогүй нь хариуцагчийн “*******ад ажлаас чөлөөлөх тухай амаар хэлсэн. Ажлаас чөлөөлөх тухай аймгийн удирдлагуудын оролцуулж хийсэн хуралд оролцуулах гэсэн боловч тус хуралд ирээгүй юм. Ажлаас чөлөөлсөн гэж бичгээр мэдэгдэж хувийн хэрэг хөтлөөгүй “гэсэн тайлбараар тогтоогдож байна . Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Гуравдагч этгээд Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй .

*******ын дугаар 780072 нийгтийн даатгалын дэвтэр *******ын 2011-2013 онуудын цалингийн тодорхойлолт, 2014 оны цалингийн тодорхойлолт, 2016 оны цалингийн тодорхойлолт, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх цалингийн тооцоог үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин 6186207 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 4-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 дугаар Хяналт шинжилгээ ,үнэлгээний тасгийн дарга *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож ,*******ыг Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ ,үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 6186207 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан *******ад олгож, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ