Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 120/2017/0008/з |
Дугаар | 001/ХТ2019/0032 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2019/0032
Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аймгийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0628 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа нарыг оролцуулж,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.4, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4, 155 дугаар зүйлийн 155.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 159.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан намын Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0628 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.4, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4, 155 дугаар зүйлийн 155.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 159.4-д” гэснийг
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалган шийдвэрлэсэн.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйл, 31, 32 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сонгуулийн хорооны өмнөөс урьдчилан дүгнэлт өгч байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж дурдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтанд нийцэхгүй гэсэн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
5. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0628 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, Сонгуулийн тухай хуулийн 31.5 дахь хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн тул түүнийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
6. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сонгуулийн хорооны өмнөөс урьдчилан дүгнэлтийг гаргасан тухай захиргааны хэрэгт авагдсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт байхгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлон хурлын дарга, хурлын тэргүүлэгчид, хурлын эрх хэмжээ, үйл ажиллагааны зохион байгуулалтыг зохицуулсан. Тухайн хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хэлэлцэн шийдвэрлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг орхигдуулсан бол захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжтой.
7. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд нь ажлын албатай бөгөөд ажлын алба нь хуралдааны бэлтгэх хангах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлүүлэхээр хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг болно. Эдгээр үйл ажиллагаа хэрэгжээгүй, хэрэгжүүлэх санал, гомдлыг нэхэмжлэгч тал гаргаагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна.
8. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж гаргасан. Хурлын дарга нь хуулийн хугацаанд хариуг нэхэмжлэгч талд хүргүүлснийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй байна.
9. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуулиар эрх бүхий этгээдээс хурал, тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй боловч Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн төлөөлөх эрхгүй. Хурал, тэргүүлэгчдийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилон баталгаажуулах эрх хуулиар олгогдсон. Хурлын дарга Х.Сугирын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар хариу хүргүүлсэн мэдэгдэлд маргаан бүхий Цогтцэций сумын 14 дүгээр тойргийн нэр дэвшигч нарын эрхийг баталгаажуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан нь шаардлагыг хүлээн авах боломжгүй үндэслэлийг дурдсан.
10. Шүүх тухайн маргааны бүрэн шийдвэрлэж дуусаагүй байхад дахин сонгуулийн хороог байгуулах шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх боломж байхгүй байсан. Цогтцэций сумаас нэр дэвшигч нарын төлөөлөгчийн эрхийг баталгаажуулсан нь хууль зөрчсөн эсэх маргаан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч талын шаардлагад хариуг хүргүүлсэн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хууль бус эс үйлдэхүйг гараагүй юм. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0628 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
12. Нэхэмжлэгчээс “...Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Цогтцэций суманд дахин сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгуулах эрх зүйн үндэслэл үүссэн байхад сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль шүүхийн шийдвэрийг эс тоож...Ардчилсан намын нэр дэвшигчид болон сонгогчдын сонгох сонгогдох эрхийг үл хүндэтгэж байна” гэж, хариуцагч “...Шүүхийн магадлалд нэр бүхий 4 гишүүнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн...шүүхийн шийтгэвэр, магадлалд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгуулийн хороог дахин байгуулан маргаан бүхий тойрогт сонгууль явуулахыг даалгаагүй байна” гэж тус тус маргажээ.
13. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэвэрээр Монгол Ардын намаас нэр дэвшигч О.Бадарч, Ц.Доржсүрэн, Б.Баярбилэг, Д.Батзориг нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоож, торгох шийтгэл ногдуулсныг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэвэрийн 3 дахь заалтын “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1 дэх хэсэгт зааснаар Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарыг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,032,000 төгрөгөөр торгосугай” гэснийг “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1 дэх хэсэгт заасан торгох хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
14. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдсон нэр бүхий этгээдүүдийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд тухайн тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгох эсэх асуудлыг тухайн нэр дэвшигчдийг бүртгэсэн сонгуулийн байгууллага шийдвэрлэнэ, аймгийн сонгуулийн хороог Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулах үүрэгтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 8 дугаар зүйлийн 8.6-д “Дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ”, 8.6.3-д “орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг”, 31 дүгээр зүйлийн 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.
15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд тодруулбал, 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.7-д “Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж заасан заасан атал Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга “...шүүхийн шийдвэр болон хуулиар сонгуулийн хороог байгуулан дахин сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй байна” хэмээн Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болно.
16. Түүнчлэн, нэр дэвшигч О.Бадарч, Ц.Доржсүрэн, Б.Баярбилэг, Д.Батзориг нарыг Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж заасан тохиолдолд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3-д заасан “дахин сонгууль” явуулах нөхцөл зайлшгүй үүсч байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүх тухайн маргааныг бүрэн шийдвэрлэж дуусаагүй байхад дахин сонгуулийн хороог байгуулах шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх боломж байхгүй байсан” гэх хяналтын гомдлыг хангах хуулийн боломжгүй юм.
17. Иймд, “...Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна... ажлын алба нь хуралдааны бэлтгэх хангах үүрэгтэй… шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж гаргасан... Хурлын дарга нь ...Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн төлөөлөх эрхгүй” гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0628 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН