Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1490

 

“Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04319 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн

Хариуцагч “Цагаан хуаран” СӨХ-д холбогдох

           

Автомашины зогсоолыг бусдад түрээслэхгүй байхыг даалгах, гэм хорын хохиролд  нийт 18 574 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа

Хариуцагчийн төлөөлөгч Н.Төгссайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагаан хуаран консалтинг” ХХК нь Банязүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Цагаан хуаран” хотхоны 86 дугаар байрны 110 автомашины дулаан гараашийг 2014 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 34 дулаан зогсоол зарагдсан, 76 зогсоол нь “Цагаан хуаран консалтинг ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байна. "Цагаан хуаран консалтинг ХХК нь зарагдаагүй зогсоолынхоо өмчлөгч болохын хувьд  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан ...өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Гэтэл “Цагаан хуаран” СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Төгссайхан болон хамгаалалтын ажилтнууд нь “Цагаан хуаран консалтинг" ХХК-ийн өмчлөлийн дулаан зогсоолуудыг өөрийн өмч мэтээр дураараа аашлан бусдад түрээслэх, өөрсдийн автомашинаа тавих зэргээр компанийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа нь удаа дараагийн шалгалтаар илэрч, компанид ноцтой хохирол, хүндрэл учруулж байна. “Цагаан хуаран консалтинг” ХХК нь “Цагаан хуаран” СӨХ-д дулаан зогсоолын ашиглалтын төлбөр /харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан, дулаан багтсан/ гэж 2 076 төгрөгийг зарагдаагүй зогсоолын тоогоор, ойролцоогоор 1 000 000 орчим төгрөгийг cap бүр төлдөг. Гэтэл компаниас харуул хамгаалалтын төлбөр авсан СӨХ, түүний гүйцэтгэх захирал Н.Төгссайхан, харуул хамгаалалтын ажилтнууд нь удаа дараагийн үйлдлээрээ компанийн өмчлөлийн зогсоолыг хотхоны оршин суугч нар болон бусдад хоногийн 5 000 төгрөгөөс дээш үнээр түрээслэн хууль бусаар ашиг олж, хувьдаа завшин компанийн хөрөнгийг зүй бусаар ашигласаар байна. “Цагаан хуаран консалтинг” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №02/008 тоот албан бичгээр “Цагаан хуаран” СӨХ-д компанийн өмчлөлийн дулаан зогсоол дээр компанийн зөвшөөрөлгүй автомашин тавих үйлдлээ зогсоо, хэрэв дахин ийм зөрчил гарсан тохиолдолд компаниас томилогдсон хяналтын ажилтан зөрчлийг баримтжуулан авч, зөрчил бүрт хоногийн 30 000 төгрөгийн торгууль ногдуулахыг мэдэгдсэн. Улмаар 86 дугаар байрны дулаан зогсоолыг хянуулахаар хяналтын ажилтан авч ажиллуулсан бөгөөд тодорхой цагуудад шалгалт хийлгүүлэн зөрчлийг фото зургаар баримтжуулан тухай бүр нь шаардлага тавьсан боловч шаардлага хүлээж авалгүй, СӨХ харуулын ажилтнуудаа өдөрт нь сольдог танай компани хариуцлага тооцож чадахгүй гэсэн тайлбар хийн шөнийн цагаар компанийн зогсоол дээр автомашин тавьсаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 11 470 000 төгрөгийн торгууль тавигдсан байна. Манай Маркетинг, борлуулалтын албанаас 86, 88 дугаар байрны доорхи дулаан зогсоолуудын борлуулалтыг идэвхижүүлэхээр хэд хэдэн удаагийн хөнгөлөлт урамшуулал зарласан ч урамшууллаас бага үнээр, хоногоор дулаан зогсоолуудыг бусдад түрээслэж байгаа нь борлуулалтын үйл ажиллагаанд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 219 дүгээр зүйлийн  219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлд зааснаар

1. “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн өмчлөлийн дулаан зогсоолуудыг компанийн зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслэхгүй байхыг “Цагаан хуаран” СӨХ болон гүйцэтгэх захирал Н.Төгссайхан нарт даалгах.

          2. “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн гэм хорын хохиролд 11 470 000 төгрөг зогсоол түгжигч худалдан авч суурилуулсны зардал 6 721 000 төгрөг, 86 дугаар байрны хяналтын ажилтаны цалин 383 500 төгрөг нийт 18 574 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. СӨХ-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба гүйцэтгэх захирал гэдгээр нь бусдад түрээслэхгүй байхыг даалгах шаардлага гаргасан. Торгуульд тооцсон 30 000 төгрөг нь компани түрээсэлсэн бол олох байсан орлого бөгөөд зогсоолыг борлуулахад саад учруулсаны хохирол юм гэжээ.

 

Хариуцагч “Цагаан хуаран СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Төгссайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Үүнд: 1. “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн өмчлөлийн дулаан зогсоол дээр “Цагаан хуаран” СӨХ болон Н.Төгссайхан би иргэдийн тээврийн хэрэгслийг төлбөртэйгээр тавиулж ашиг орлого олоогүй, түүнчлэн автомашин төлбөртэйгээр тавиулах тухай иргэд, байгууллагатай хэлцэл, тохиролцоо хийгээгүй байхад бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гомдлын шаардлага гаргаж байна. 2. “Цагаан хуаран консалтинг” ХХК-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн гэм хор учруулаагүй учруулах нөхцөл байдал бий болоогүй байхад гэм хорын хохиролд 11 470 000 төгрөг нэхэмжилж байгаа миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж тус СӨХ-ны ажил хэргийн нэх хүндэд халдаж байна гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс зогсоол түгжигч худалдан авсны зардалд 6 721 000 төгрөг, ажилтны цалин 383 500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Цагаан хуаран” СӨХ-ны хэвийн үйл ажиллагаа ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг хүсэж байна. Нэхэмжлэгч нь 12 дугаар сараас хойш өөрийн зогсоолуудын ашиглалтын зардлыг төлөөгүй. Зогсоолоо хэрхэн тоноглох нь нэхэмжлэгчийн асуудал юм. Хяналтын ажилтантай манай СӨХ ямар нэг гэрээ хийгээгүй тул цалин төлөх үндэслэлгүй. СӨХ нь нэхэмжлэгчтэй акт үйлдэн гараашуудыг хүлээж авсан боловч тохиролцсон ёсоороо ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул бид цалингаа өгөхөд хүндрэл учирдаг гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Цагаан хуаран” СӨХ-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах 86 дугаар байрны зоорийн давхарын нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн өмчлөлийн 76 ширхэг зогсоолыг бусдад түрээслэхгүй байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд нийт 18 574 500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн давж заалдах гомдол гаргаж байна. 1. ...Нэхэмжлэгчээс хэргийн материалд гаргаж өгсөн нотлох баримтууд /2016.01.08-ны өдрийн №02/008 тоот, торгуулийн хуудас, авто зогсоолын хяналтын хуудас, фото зураг, хяналтын ажилтны хөдөлмөрийн гэрээ/-ыг үнэлээгүй, мөн хариуцагч талын тайлбар зэргийг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. 2. Шүүх өмчлөгчийн хуулиар олгогдсон эрх, өөрийн эрхэд халдсан этгээдээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх зэргийг харгалзалгүйгээр, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. “Цагаан хуаран консалтинг” ХХК-иас харуул хамгаалалтын төлбөр авсан СӨХ, түүний гүйцэтгэх захирал Н.Төгссайхан, харуул хамгаалалтын ажилтнууд нь удаа дараагийн үйлдпээрээ компанийн өмчлөлийн зогсоолыг хотхоны оршин суугч нар болон бусдад хоногийн 5 000 төгрөгөөс дээш үнээр түрээслэн хууль бусаар ашиг олж, хувьдаа завшин компаний хөрөнгийг зүй бусаар ашигласан нь тогтоогдсон. ..."Цагаан хуаран консалтинг" ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №02/008 тоот албан бичгээр "Цагаан хуаран" СӨХ-д "Компанийн өмчлөлийн дулаан зогсоол дээр компаний зөвшөөрөлгүй автомашин тавих үйлдлээ зогсоо, хэрэв дахин ийм зөрчил гарсан тохиолдолд компаниас томилогдсон хяналтын ажилтан зөрчлийг баримтжуулан авч, зөрчил бүрт хоногийн 30 000 төгрөгийн торгууль ногдуулах"-ыг мэдэгдсэн. Улмаар 86 дугаар байрны дулаан зогсоол дээр автомашин тавьсаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 11 470 000 төгрөгийн торгууль тавигдсан. Маркетинг, борлуулалтын албанаас 86, 88 дугаар байрны доор дулаан зогсоолуудын борлуулалтыг идэвхижүүлэхээр хөнгөлөлт урамшуулал зарласан ч бага үнээр, хоногоор дулаан зогсоолуудыг бусдад түрээслэж байгаа  нь  борлуулалтын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн. Иймд гэм хорын хохиролд 11 470 000 төгрөг, зогсоол түгжигч худалдан авч суурилуулсны зардал 6 721 000 төгрөг, 86 байрны хяналтын ажилтны цалин 383 500 төгрөг нийт 18 574 500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Харин шүүх хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК нь өөрийн өмчлөлийн 76 ширхэг авто зогсоолыг компанийн зөвшөөрөлгүй бусдад түрээслэхгүй байхыг “Цагаан хуаран” СӨХ-д даалгах, тус СӨХ-оос гэм хорын хохиролд 11 470 000 төгрөг, зогсоол түгжигч худалдан авч суурилуулсны зардал 6 721 000 төгрөг, ажилтны цалин 383 500 төгрөг нийт 18 574 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

         Нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 86 дугаар байрны зоорийн давхрын 76 ш автозогсоолын өмчлөгч болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.

 

Өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Харин түүний өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

          Нэхэмжлэгчийн хувьд дээрх 76 ширхэг автозогсоолыг “Цагаан хуаран СӨХ”-ны ажилтнууд бусдад зөвшөөрөлгүй ашиглуулж байсан нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэж уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч нь автозогсоолуудыг бусдад түрээслүүлснээс нийт 18 574 000 төгрөгийн хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Автозогсоолыг бусдад түрээслүүлснээс нэхэмжлэгч компанид энэ хэмжээний орлого олох байсан гэх байдал бодитойгоор тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл автозогсоолыг зөвшөөрөлгүйгэр бусдад түрээслүүлсэн, ашиглуулснаар хариуцагч түүний ажилтан орлого олсон нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

 

         Мөн өмчлөгч өөрийн эд хөрөнгөнд аливаа эрх зөрчих явдлаас хамгаалалт хийсэнтэй холбоотой гаргасан зардлыг СӨХ-оос гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн талууд анзын гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд торгууль тооцох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын  зарим  хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн  шаардлагаас  гэм  хорын хохиролд 18 574 500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч өмчлөх эрхийн зөрчлөөс эд хөрөнгөнд хохирол учруулсан гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг зөвтгөж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмж оруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04319 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1...” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.БАЙГАЛМАА