Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 266

 

Ц.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн,  Ч.Хосбаяр,  Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Ардын шүүх таслах газрын 1945 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийн 128 дугаар тогтоол, мөн БНМАУ-ын Дээд шүүхийн таслах газрын 1945 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 711 дүгээр тогтоолтой, Ц.Пт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1945 оны байдлаар 54 настай, Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын 3 дугаар багийн ард, Цэдэн-Очир овогтой П нь “БНМАУ-ын хувьсгалт нам ба засаг төрийг устгах зорилгоор 1932 онд гарсан эсэргүү бослогод оролцож явсан ба Германы фашистуудаас явуулсан дайны жилүүдэд ардын нам, засгийг ард олны дунд нэр хүндгүй болгох ажил явуулгыг эсэргүүцэхийн тулд “Нам засгаас малыг өсгөх хэрэгтэй гэж байгаа боловч үнэндээ янз бүрийн авлагаар малыг дуусгаж байна, малыг өсгөх юм бол улаан орост өгч дуусгах юм байна. Орос улсад өлсгөлөн болж, улаан оросууд манай үхэр, адууны мах, ноосыг ихээр авч байна. Удахгүй шамбалын дайн гарах болно” гэсэн эсэргүү цуурхлыг тарааж байсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн Ардын шүүх таслах газрын 1945 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийн 128 дугаар тогтоол, БНМАУ-ын Дээд шүүхийн таслах газрын 1945 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 711 дүгээр тогтоолуудаар Ц.Пт 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:...Ц.П нь Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан эсэргүү цуурхал тараасан гэх хэрэгт: “...1932 оны зуны эхэн сард гэртээ унтаж байхад 8 дугаар багийн Буянжаргал ирээд Бүрэнхаан дээр шарын цэрэг ирж Гомбожав, Лувсанцэдэн нарыг барьсан гэнэ гэж ярьж байсан. Үүний дараа нэг өдөр Ламжав, Мангууш нар манайд ирж Зүч жанжны цэрэгт авч очсон бөгөөд Лувсандаш гэдэг хүн дуудахад нь очиход “чи 100 хүн захирсан цагдаа болох хэрэгтэй” гэхэд нь би аргагүй өөрийн өвчтэй байдлыг хэлж гарсан. Энэ өвчтэй байдлыг Зүч жанжин мэдээд ажил хийлгээгүй намайг буцаасан юм. Харин Зүч жанжнаас Халиун морьтод байх манай тагнуулыг өдөрт нэг удаа эргэж сайн байгаа эсэхийг мэдэж байх даалгавар өгсөн. Энэ ёсоор 8 удаа эргэн очиж харилцаж байсан нь үнэн. Би нам засгаас явуулж буй олон төрлийн ажлыг эсэргүүцэх зүйл гардаггүй, харин мал, ноос бэлтгэх ажилд өөрийн байгаагаар оролцож байсан. Харин нам засгийн ажлыг хийж явсан хүмүүст дургүй байсан учраас тэр хүмүүстэй хэрэлдэх, доромжлох байдлыг гаргаж байсан. Миний хөрөнгийг нэгжих, түүнээс болж байцаагдах, хилс хэрэгт дуудагдан шийтгүүлэх, эрхээ хасуулах зэргээс болж, сумын дарга, малын эмч албан тушаалтан хүмүүстэй маргах, хэрэлдэх, тэмцэлдэн эсэргүүцэх, зарга гаргах зэргээр таарамж муутай байсан. 1937 онд нутгийн 4 хүнтэй зодолдон илүү зодуулсан байтал бүгдийг нь 60 төгрөгөөр торгож байсанд гомдон хорсож байсан. Бүрэнхаан сумын дарга Наваанчогдор, 3 дугаар багийн дарга Магван нар миний зээлсэн 60 төгрөгийг авахаар 1944 оны хавар ирэхэд мөнгөгүй байгаагаа хэлсээр байтал заавал авахыг шаардаж тэдэнтэй хэрэлдсэн, энэ үед сумын дарга Наваанчогдор нь чиний баримт бүрдэж байгаа хэрэгт татах болсон гэж хэлж байсан. Мөн энэ улс зээллэг, сугалаа гэх эрээн мяраан цаасаар мэхлэн ард бидний мөнгийг авч байна, улс биднийг малаа өсгөх хэрэгтэй гэж шаардаж байгаа ч өнгөрсөн жилээс мал өсөх байтугай барагдаж байна, юмны үнэ өсч байна. Орос нь Германыг дийлнэ гэдэг юу л бол, яагаад биднээс авах авлага нь ихсээд байна...” гэх зэргээр мэдүүлсэн байхад түүний улс төрд тэрслэх, цуурхал тараах гэсэн гэм буруугийн санаа зорилго, түүний үйлдлээс учирсан хор хохирлыг тогтоолгүй, гол гэрчүүдийг байцаалгүйгээр эсэргүү цуурхал тараасан гэх улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Ц.Пт 10 жил хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан цуурхал тараасан гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн байдлыг хэргийн баримтуудаар тогтоогоогүй байна.

2.Ц.Пийн тараасан гэх цуурхлын гэмт хэргийн улмаас улс, нийгэм, ард иргэдэд учирсан хор хохирол байгаа эсэх, түүний хэр хэмжээг тогтоосон баримт хэрэгт байхгүй, үүнийг баримтжуулаагүй ба үүнийг одоо шалгаж тогтоох боломжгүй бөгөөд ач холбогдолгүй.

3.Ц.П нь 1932 оны эсэргүү бослогод оролцсон гэх баримт тогтоогдоогүй.

4.Ц.Пийн тараасан цуурхал гэгч нь ард олны дотор нийтлэг яригдаж байсан, бодит зүйлийн талаар ярьсан яриа байх бөгөөд ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан, төр засгийг үймүүлэхийг уриалсан бус, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн, тухайн үеийн нийгмийн бодит амьдрал, байдлыг ярьсан гэх өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан шийтгэсэн ба цуурхлыг хэн хэнд тараасан гэх баримтууд хэрэгт байхгүй байхад хэрүүл хийсэн, элдэв яриа өгүүлэл гаргасан хувь хүний үзэл бодлыг нь тухайн үеийн орон нутгийн удирдлагын зүгээс нухчин дарах зорилготойгоор тухайн нийгмийн улс төрийн бодлогын золиос болгож зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Ардын Шүүх таслах газрын 1945 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 128 дугаар тогтоол, БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 1945 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 711 дүгээр тогтоолуудад “Ц.Пийг тус улсын Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Хөвсгөл аймгийн Ардын Шүүх таслах газрын 1945 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 128 дугаар тогтоол, БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 1945 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 711 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Ц.Пийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.П нь “БНМАУ-ын хувьсгалт нам ба засаг төрийг устгах зорилгоор 1932 онд гарсан эсэргүү бослогод оролцож явсан ба Германы фашистуудаас явуулсан дайны жилүүдэд ардын нам, засгийг ард олны дунд нэр хүндгүй болгох ажил явуулгыг эсэргүүцэхийн тулд “Нам засгаас малыг өсгөх хэрэгтэй гэж байгаа боловч үнэндээ янз бүрийн авлагаар малыг дуусгаж байна, малыг өсгөх юм бол улаан орост өгч дуусгах юм байна. Орос улсад өлсгөлөн болж, улаан оросууд манай үхэр, адууны мах, ноосыг ихээр авч байна. Удахгүй шамбалын дайн гарах болно” гэсэн эсэргүү цуурхлыг тарааж байсан гэх үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Ц.Пийн үйлдэлд 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.                                                                                                            

Дээрх хилсээр гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /1942 оны “Эрүүгийн хуулийн 55-69 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Хэргийн материалыг судалж үзэхэд Ц.Пийг гэмт хэрэгт холбогдуулан нэг удаа байцаасан байх бөгөөд түүний гэм бурууг нотолсон ямар ч нотлох баримт авагдаагүй байхад түүнийг зөвхөн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Ц.Пийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Хөвсгөл аймгийн Ардын Шүүх таслах газрын 1945 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 128 дугаар тогтоол, БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 1945 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 711 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Ц.Пт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Ардын Шүүх таслах газрын 1945 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 128 дугаар тогтоол, БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 1945 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 711 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Ц.Пт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

Ч.ХОСБАЯР

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН