Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00772

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00772

 

хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00481 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх СӨХ-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,605,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Талууд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр лифтэнд техникийн үйлчилгээ болон засварын ажлын хийлгэхээр 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр эхний 2 сарын засварын ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэх, хариуцагчийн зүгээс 9 дүгээр сараас эхлэн сар бүр 1,200,000 төгрөгийг тухайн сарын 25-ны өдөр төлж байхаар талууд харилцан тохиролцсон.

1.2. хххх ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 2022 оны 4 дүгээр сард хххх ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэж очтол хххх СӨХ нь өөр компанийн үйлчилгээг авч талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчсөн.

Гэрээнд зааснаар хэрэв үйлчилгээ авч байгаа тал нь өөр компанийн үйлчилгээг авахаар бол үйлчилгээ үзүүлж байгаа талын зөвшөөрлийг авна гэж заасан. Гэтэл хххх СӨХ нь үүргээ зөрчсөн, 5 дугаар сард нягтлан болон даргатай нь утсаар ярих гэтэл утсаа аваагүй тул 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлах албан ёсны мэдэгдлээ хүргүүлсэн.

1.3. Гэрээгээр 10 лифт дээр техникийн магадлал хийнэ, засварлана гэж тохиролцсон. Техникийн магадлал хийхдээ 1 ширхэг лифтыг 88,000 төгрөгөөр 10 лифтны үнэ 880,000 төгрөг байхаар тохиролцсон. Засвар үйлчилгээний хөлс 120,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл 917,200 төгрөг болсон. 188,100 төгрөгийн хэрэгслийг үнэгүй тавьсан ба 116,000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг хххх СӨХ авч өгсөн, нийт сэлбэгт 619,100 төгрөг болсон. 2021 оны 9 дүгээр сараас эхлэн нийт 7 сарын хугацааг 1,200,000 төгрөгт үржүүлэхээр 8,400,00 төгрөг болж байгаа ба үүнд магадлал хийх ажлын хөлс 880,000 төгрөг, засварын эд анги худалдаж авсан төлбөрийг нэмээд нийт 9,899,190 төгрөг болно. Үүнээс хххх СӨХ нь манай байгууллага руу 5,438,500 төгрөгийг шилжүүлсэн ба энэ үнийн дүнд хариуцагчийн шилжүүлсэн 97,900 төгрөг орж байгаа.

Иймд үлдэгдэл төлбөр 4,555,200 төгрөг дээр алданги 2,150,000 төгрөг, нийт 6,605,200 төгрөгийг нэхэмжилж байнагэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талууд 2021 оны 7 дугаар сард гэрээ байгуулсан гэдэгт маргадаггүй. 2022 оны 9 дүгээр сараас 2022 оны 2 сарыг дуустал тодорхой хэмжээний ажил хийсэн гэдэгт маргахгүй. 2022 оны 3 дугаар сард огт үйлчилгээ хийгээгүй. Олон удаагийн дуудлага өгч байсан боловч гэрээний дагуу лифтэндээ үзлэг хийгээгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 7 сарын турш үйлчилгээ аваагүй. Харин 6 сарын үйлчилгээ авсан.

2.2. Энэ хугацаанд ажлын хөлсөнд төлсөн 5,438,500 төгрөгт маргаан байхгүй. Манай тооцоогоор бол 7,200,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна. Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд сард 1,200,000 төгрөгөөр тооцвол нийтдээ 7,200,000 төгрөг болж байгаа. Үүнээс 5,438,500 төгрөгийг төлсөн тул ажлын хөлсөнд 1,761,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Үүн дээр сэлбэгийн үнэ 160,000 төгрөгийн нэхэмжлэгч нэхэмжилсэн. Иймд 1,922,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

2.3 Нэхэмжлэгчээс магадлалын ажлын хөлс нэхэмжилж байх боловч магадлал хийгдээгүй. Ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой асуудал их байгаа. Лифтнүүдийн премюшкийг буруу холбосон аюултай нөхцөл байдлууд үүсэж байсан. 2022 оны 2 дугаар сард ийм асуудлууд гарсан учраас гэрээгээ цуцлаад, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд талуудын хоорондох гэрээний асуудал дуусчихсан байсан. Сардаа 2 орчим сая төгрөг эргэлддэг жижиг СӨХ байгаа, алдангийн хэмжээ бол хариуцагч талаас шалтгаалаагүй тул зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,761,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххх СӨХ-оос 4,589,100 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч хххх ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,016,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч хххх СӨХ-оос 80,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххх ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Талууд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хххх хотхоны 10 лифтэнд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, cap бүр нэг ширхэг лифтний үнэ 120,000 төгрөг буюу 10 ширхэг лифтэнд 1,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

4.2. Гэрээний дагуу 2021 оны 7, 8 дугаар cap төлбөргүй байх бөгөөд хариуцагчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын хүртэл бүрэн бус үйлчилгээ авсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1 сарын 1,200,000 төгрөг, нийт 6 сарын төлбөр 7,200,000 төгрөг байхаас хариуцагч нь 5,438,500 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 1,761,500 төгрөг дээр сэлбэгийн 160,000 төгрөг, нийт төлөх 1,921,500 төгрөгийн төлбөртэй байна.

4.3. Гэвч анхан шатны шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй буюу нэхэмжлэгчийг 2022 оны 3 дугаар сард ажил гүйцэтгэсэн хэмээн дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн 3 дугаар сард ажил үйлчилгээ үзүүлсэн талаар нотлох баримтын хүрээнд огт нотлоогүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлж гүйцэтгэсэн ажлыг огт хүлээлгэж өгөөгүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 1,921,500 төгрөгийг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022 оны 03 дугаар сард манай талыг ажил гүйцэтгээгүй гэж маргасан. Гэвч анх гэрээ байгуулсан цагаас хойш буюу 2021 оны 07 дугаар сараас эхлээд 2022 оны 03 дугаар сарыг дуустал хххх ХХК нь засварын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Үүнд лифтэнд засварын ажил гүйцэтгэсэн гэдгийг баталгаажуулсан хуудас байдаг. Уг баримт нь хэрэгт авагдсан бөгөөд ажлыг хийж гүйцэтгэсэн манай байгууллагын ажилтан ххххх тухайн ажлыг гүйцэтгэсэн гэдгээ нотолж гарын үсэг зурсан.

5.2. Мөн нөгөө талаас тухайн компанийн лифтний ажилтан засварын ажлыг хүлээж авснаа нотолж гарын үсэг зурсан нотлох баримтууд хэрэгт авагдсан. Түүнчлэн, хариуцагчийн хувьд ажлаа доголдолтой гүйцэтгэсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас алданги төлөхгүй гэж маргасан. Анзын гэрээг талууд бичгээр байгуулсан. Мөн манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд буюу гэрээний харилцаа дуусгавар болох өдөр үүргээ доголдолтой гүйцэтгэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Хэрэв хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа бол үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэж байна.

 

2. Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч хххх СӨХ-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс, алдангид 6,610,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,605,200 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг 1,921,500 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, 2022 оны 3 дугаар сард засвар үйлчилгээ хийгээгүй, техникийн магадлалын ажил хийгээгүй гэх үндэслэлээр үлдэх хэсгийг эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. хххх ХХК, хххх СӨХ нар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 19 дугаартай Лифтэнд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч хххх ХХК нь хххххх дүүргийн хх дугаар хороо, хххх орон сууцны байранд суурьлагдсан 10 ширхэг лифтэнд техникийн ээлжит магадлал, техникийн үйлчилгээ хийх, эд анги сэлбэг хэрэгсэл захиалах солих, засварлах ажил үйлчилгээг хийх, засвар үйлчилгээний ажлын хөлс нь сар бүр 1 ширхэг лифтэнд 1,200,000 төгрөг, техникийн ээлжит магадлал жилд 1 удаа, 1 ширхэг лифтэнд 88,000 төгрөг /10 ширхэг лифт/, захиалагч хххх СӨХ нь техникийн үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор, бусад үйлчилгээний төлбөрийг ажлын гүйцэтгэлийг үндэслэн 3 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн хххххххх дугаартай данс руу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-8-12/ Дээрх үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

4.1. Нэхэмжлэгч хххх ХХК нь 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэсэн, үүнээс талуудын тохиролцсоны дагуу 7, 8 сард төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн, хариуцагч нь ажлын хөлсөнд 2021 оны 9 дүгээр сараас 12 сарыг хүртэл хугацааны ажлын хөлс, сэлбэгний үнэд нийт 5,438,500 төгрөг төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан хххх СӨХ-ны Төрийн банк дахь харилцах дансны харилцагчийн хуулга, зохигчдын маргаангүй тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-32-70, 98-107/

4.2. Хэргийн 62-70 дахь талд авагдсан баримтаас үзвэл, хххх ХХК нь гэрээний 4.1.7-д заасны дагуу 2021 оны 3 дугаар сард техникийн үйлчилгээ үзүүлж, хийсэн ажил үйлчилгээг Лифтийн техникийн засвар үйлчилгээ хуудсанд бичиж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Хариуцагч тал уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

4.3. Талууд гэрээг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцон цуцалсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүртэлх хугацааны гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Хариуцагч нь сар бүрийн 25-ны дотор техникийн үйлчилгээний ажлын хөлс төлөх үүргээ зөрчсөн болох нь дээр дурдсан үйл баримтаар тогтоогдсон учир гүйцэтгээгүй үүрэгт ногдох алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.

5.1. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч хххх СӨХ-ноос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,589,100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул ... 2021 оны 3 дугаар сард үйлчилгээ үзүүлсэн талаар нотлоогүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлаа хүлээлгэн өгөөгүй ... , ... шүүх зөв дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

6. Шүүх техникийн ээлжит магадлал хийсэн ажлын хөлсөнд 880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг техникийн ээлжит магадлал хийсэн талаар холбогдох акт баримт үйлдсэн, эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, мэдэгдсэн талаар баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00481 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД