Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 653

 

 

 

 

 

 

 

 

   2019         04          23                                  2018/ШЦТ/653     

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт М.Бд холбогдох эрүүгийн 1806 08862 0164 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбийн 38-914 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 363 дугаартай шүүгчийн захирамжаар 7 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлөгдсөн, СЭ92040313 регистрийн дугаартай, Боржигин овогт М.Б.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбийн 38- 914 тоотод оршин суух дүү А.Занданцэцэгийнхээ гэрт ороод гарахдаа гэрт нь байсан Самсунг А-7 болон Самсунг Эс-4 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 498.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт  холбогджээ.

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч М.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Занданцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

М.Б ах 12 цаг болох гэж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй орж ирсэн. М.Б ахтай хамт ирсэн хурдан явъя пизда минь гээд ах руу уурлаад байсан ба тэгээд л тэр гурав шууд гараад явсан. Би гэртээ өөрийн Самсунг-А7 маркийн гар утсаа цэнэглээд орхисон байсан утсыг аваад гарсан байсан. Дүү Мөнх-Оргилын Самсунг-4S маркийн утсыг нь авахаар нь Мөнх-Оргил та миний утсаар яах гэж байгаа юм гэхэд ах нь үзчихээд өгье, сүртэй пизда вэ гээд загнаж байгаад аваад явсан байсан. М.Б урьд нь эгч Нямдэлгэрийн Самсунг-6S маркийн гар утсыг 2018 оны 3 дугаар сард хулгайлсан авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

"Дамно" ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б31-18-1165 дугаартай:

2018 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар Самсунг А7 маркийн гар утас 390.000 төгрөгийн, Самсунг эс4 маркийн гар утас 108.000 төгрөгийн, нийт 498.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6/,

 

Шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Намайг гэрт очиход манай гурван дүү байсан ба том дүү Занданцэцэг нь дэлгүүр гарах гээд байж байсан. Тэгэхээр нь би агаадаа гар утсаа үлдээчих гэхэд яах гэж байгаа юм гэж асуусан ба би утсаар чинь жаахан тоглоом тоглож байя гэсэн. Манай хоёр найз яараад байхаар нь би гаргаж өгөх гэтэл хүүхдээ 13 дугаар хороололд үлдээчихсэн байгаа хүүхдээ авна хамт явах уу гэсэн. Би дагаж явахаар болоод тухайн үед би өөрийн дүү болох Занданцэцэгийн “элжи” маркийн гар утсаар тоглож байгаад фэйсбүүк орохгүй болохоор нь халаасандаа хийчихсэн байж байгаад Самсунг эс-4 маркийн гар утсаар нь фэйсбүүк орж байгаад хоёр ширхэг гар утсыг нь аваад гарсан. Ченжид үзүүлэхэд 75.000 төгрөгөөр авна гэхээр нь зарсан. Нөгөө Самсунг эс-4 маркийн гар утсыг нь би ажил дээрээ байлгаж байсан ба удалгүй алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс М.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбийн 38- 914 тоотод оршин суух дүү А.Занданцэцэгийнхээ гэрт ороод гарахдаа гэрт нь байсан Самсунг А-7 болон Самсунг Эс-4 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 498.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч М.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч М.Бг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч М.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогчийн алдсан гар утаснуудыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар 498.000 төгрөгөөр үнэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Занданцэцэгт олгох нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн учир 19 хоног цагдан хоригдсон байх учир эдлэх ялд нь уг хугацааг оруулан тооцож, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир түүнд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллав.

 

Хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт М.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн цагдан хоригдсон арван ес хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт нэг зуун тавин хоёр цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасч, эдлэх ялыг  гурван зуун хорин найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгээс 498.000 төгрөг гаргуулж хохирогч А.Занданцэцэгт /СЭ95120100/-т олгосугай.

 

7. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болно. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ