Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4733

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Чулуут АОС-5-42 тоотод оршин суугч Л.Одгэрэлийн  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Иөншөөбүү овогт Дамбадаржаагийн Болдбаатар /РД:МС62012114/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Одгэрэл, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Л.Одгэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Иргэн Д.Болдбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр надад 1 сая төгрөг 2015 оны 09 сарын 01-ний дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр гэрээ хийсэн, гэрээний хугацаа дууссан боловч Д.Болдбаатар нь нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй өөрийн 94978604 дугаар, мөн 94786708 дугааруудаа хааж, хүү Баярболдынх нь 91243030 дугаар бас хаалттай хаяг дээрээ байхгүй олдохгүй байна. Одоо түүний хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Д.Болдбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Л.Одгэрэл нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Болдбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18467 дугаар захирамжаар Л.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, Д.Болдбаатарт холбогдох 1,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг “хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

          Иймд, Д.Болдбаатарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Иөншөөбүү овогт Дамбадаржаагийн Болдбаатар /РД:МС62012114/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар, гуравдугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            .

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР