Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00805

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00805

 

ххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох,

 

ххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, ххх, ххх дүгээр байрны хх дугаар давхрын хх тоот хаягт байрлах, хх м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан хххх м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох, гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ххх м.кв нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, өөрийн хөрөнгийн орох, гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид тус тус даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххххх, хариуцагч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хххх, хххх дүгээр байрны барилгын хх дугаар давхрын план зургаар хх тоот үйлчилгээний талбай нь хх м.кв хэмжээтэй байхаар төлөвлөгдөж, хаалга нь хойд зүгт харсан байхаар заагдаж, түүний дагуу улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ нь тэр хэмжээгээр гарсан.

1.2. Гэвч хариуцагч ххххх нь тэрхүү талбайгаа өөрийн өмчлөлийн 5 тоот үйлчилгээний талбайтайгаа нэгтгэж, мөн дээр нь нэмж хххх м.кв талбайг нийтийн эзэмшлээс авч, нийтээр нь хана хийн эзэмшилдээ авсан.

1.3. Хариуцагчийн зүгээс ийнхүү дураараа аашилж, нийтээрээ ашиглах ёстой нийтийн эзэмшлийн талбайг өөрийн эзэмшилд авч ханаар тусгаарлан ашиглаж байгаа нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ хөрш залгаа 6 тоот үйлчилгээний талбайн өмчлөгч миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

1.4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний шүүхэд хандах эрхийг хуулиар баталгаажуулсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т тус тус зааснаас үзэхэд 6 болон 5, 9 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн хоорондох болон план зурагт заасан сул талбай нь нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн талбайд хамаарахаар байна. Гэтэл хариуцагчийн зүгээс дур мэдэн зөвхөн өөрийн эзэмшилд авч, ашиглаж байгаа нь хууль зөрчиж байх ба бусад орон сууц болон үйлчилгээний талбай өмчлөгч нарын тэр дундаа нэхэмжпэгч миний эрхийг зөрчиж, хөрш залгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж байна.

1.5. Иймд хариуцагч хххххын өмчлөлийн хххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар хороолол, хххх, ххх дүгээр байрны хх дугаар давхрын хх тоот хаягт байрлах, хх м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан хххх м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас хххх м.кв талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох, гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгаж гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч байна. ххххх миний бие хххххх дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэр, хх дугаар хорооллын ххх дүгээр байрны хх ба хх тоот хаягт байрлах нийт хххх м.кв талбайтай үйлчилгээний барилгыг хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор иргэн хххххаас 2018 оны 5 дугаар сард худалдаж авсан, анх авсан хэмжээг өөрчлөөгүй, хэмжээ нь өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа. Шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудыг үзэхээр ххххх нь өөрийн талбайгаас хх м.кв талбайг алдсан, дутуу байгаа нь харагддаг.

2.2. ххххх нь худалдан авсан талбайд засвар хийсэн нь үнэн. Гэхдээ анх худалдан авахад коридорын тааз дээрх даацын ялууны дагуу байсан шилэн хаалтыг нь сольж гипсэн хана л болгосон. Тэрнээс биш тэр таазан дээрх даацын ялуунаас илүү гаргасан, нийтийн эзэмшлийн талбай руу дахин шахаж хана нэмж барьсан зүйл байхгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

2.3. ххххх нь нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа нэхэмжлэгчийн өмчлөлийн талбай руу ороогүй, тэнд үйл ажиллагаа явуулаагүй, орц гарцыг нь хаагаагүй. Анх худалдан авахад байсан хаалгыг л ашиглаж байгаа. Нэхэмжлэгч өөрийн ххх м.кв талбайдаа чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

2.4. Нэхэмжлэгчид нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх талаар шаардлага гаргах эрх байхгүй. Мөн хариуцагчийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай буюу коридорыг нарийсгасан, харанхуй болгосон зүйл байхгүй.

2.5. Нэхэмжлэгч нь урд талаасаа ордог нэг хаалга, хойд тал руугаа буюу орц руугаа гардаг нэг хаалга буюу 2 орц, гарцтай. Дээрх байдлаар нэхэмжлэлд дурдсанчлан ...6 тоотын өмчлөгч буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд, үйл ажиллагаагаа явуулахад нь ямар нэг байдлаар саад учруулаагүй, түүний эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын тайлбарын агуулга:

3.1. Эрхийн Улсын бүртгэлийн хххххххххх, хххххххххх дугаарт бүртгэлтэй хххххххххх дүүргийн хх дугаар хороо, хх хороолол /ххххх/ ххххххххх дүгээр байрны хх дугаар давхрын хх болон хх тоот үйлчилгээний зориулалттай талбайн анхны өмчлөгчөөр иргэн ххххххх /ххххххххх/ бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гаргасан мэдүүлэг болон хуульд заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон.

3.2. Шүүхээс гаргасан холбогдох шийдвэрийг Улсын бүртгэлийн байгууллага биелүүлнэ гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч хххххын өмчлөлийн хххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, ххх, ххх дүгээр байрны хх дугаар давхрын хх тоот хаягт байрлах, ххх м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан хххх м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас хххх м.кв талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах тухай ххххийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хүсэлтээр 2 удаа шинжээч томилж, хариуцагч хххххын ххх тоот үл хөдлөх хөрөнгө нь нийтийн эзэмшлээс хххх м.кв талбайг эзэмшилдээ авч, хана барьж ашиглаж байгаа болохыг тогтоосон.

5.2. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр ...хариуцагч ххххх нь дураар өөрчилсөн, нийтийн эзэмшлийн талбай руу хууль бусаар хэтрүүлэн хана шинээр барьсан нөхцөл байдал тогтоогдсонгүй... гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй байна.

Учир нь хариуцагчийн зүгээс 9 тоот үл хөдлөх хөрөнгийг анх худалдаж авахдаа хххх м.кв-аар илүү хашсан байсныг худалдаж авч, өмчилсөн гэж тайлбарладаг боловч тэрхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа бол одоогийн өмчлөгч үр дагаврыг хариуцах, зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй. Доголдолтой, эсхүл хууль зөрчсөн үл хөдлөх худалдсан гэж үзвэл анхны өмчлөгчөөс буюу худалдагчаас хохирлоо шаардах эрх нь хуулиар олгогдсон байгааг шүүх анхаарч үзээгүй.

5.3. Хуульд зааснаар нийтийн эзэмшлийн буюу нийтээрээ дундаа ашиглах ёстой талбайг ганцхан хүн өөрийн эзэмшилдээ авсан, тэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа байдал хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүхээс ...нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмшиж, ашиглахад илт бэрхшээлтэй болсон, өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхэд хариуцагч саад болж байгаа нөхцөл байдал тоггоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйл байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т заасныг зөрчиж байна.

Ийнхүү дураараа, нийтээрээ ашиглах ёстой нийтийн эзэмшлийн талбайг өөрийн эзэмшилд авч, ханаар тусаарлан ашиглаж байгаа, мөн хаалгаа зураг төслийн дагуу бус өөрт ашигтай хэсгээрээ гаргасан нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ хөрш залгаа, нэхэмжлэгчийн өмчлөлийн 6 тоот үйлчилгээний талбайгаа нэхэмжлэгч нь саадгүй, чөлөөтэй өмчлөх эрхээ саадгүй хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Тодруулбал, нийтийн эзэмшлийн хххх м.кв талбайг хариуцагчаас эзэмшилдээ авч, ханаар тусгаарласнаас болж нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 6 тоот үйлчилгээний талбай руугаа орох хэсэг буюу үлдсэн нийтийн эзэмшлийн талбай нь давчуу, нарийнхан, урт, харанхуй коридор болгосон. Түүнчлэн хаалгаа зураг төслийн дагуу гаргаагүйгээс болж, нэхэмжлэгчийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу хх тоотыг гаднаас үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүс олж харахгүй, анзаарахааргүй, ганцхан дэлгүүр л үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгон буцах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн бусдад түрээслэх гэхээр мөн энэхүү нөхцөл байдал нь сул тал болж, үл хөдлөх хөрөнгийн өөрийн үнэ болон түрээслэх үнэ буурах шалтгаан болох зэргээр хүндрэл учирч байгаа байдлыг шүүхээс нүдээр очиж харсан боловч буруу үнэлж дүгнэн, хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргасан.

5.4. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ ...үзлэгээр хариуцагч ххххх нь өөрийн өмчлөлийн талбайд засвар хийхдээ нийтийн эзэмшлийн талбайг анх худалдан авсан хэмжээнээс хэтрүүлж, нэгтгэсэн буюу даацын ялуунаас хэтрүүлж хана шинээр босгосон, дэлгүүрийн орц гарцыг буюу хаалгыг анх худалдаж авснаас өөрөөр гаргасан... нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, нүдэн баримжаагаар хараад дүгнэх боломжгүй зүйлийг зөвхөн хариуцагчийн аман тайлбарт үндэслэж, ямар ч баримтгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь засвар хийхдээ талбай нэмэгдүүлсэн эсэхийг нүдээр хараад мэдэх боломжгүй, засвар хийгээд 2 жил орчим хугацаа өнгөрсөн хойш үзлэг хийж байгаа, засвар хийсэн болохоор хуучин ямар хэмжээтэй байсныг олж харах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр хэргийг хэлэлцэж бодит байдлыг үнэн зөв эргэлзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо засвар хийхдээ талбайн нэмэгдүүлсэн эсэхийг нүдээр хараад мэдэх боломжгүй, засвар хийгээд 2 жил орчим хугацаа өнгөрснөөс хойш үзлэг хийж байгаа, засвар хийсэн болохоор хуучин ямар хэмжээтэй байсныг олж харах боломжгүй гэж дурдсан нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй буюу үндэслэл нотолгоогүйгээр хариуцагчийг гүтгэж, хардаж байгааг илэрхийлж байна.

6.2. Хариуцагч 2018 онд хххххаас хх ба хх тоот хаягт байрлах нийт хххх м.кв талбайтай үйлчилгээний барилгыг хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор худалдаж авсан бөгөөд 2020 онд уг байранд засвар хийсэн нь уг засварын ажлыг хийсэн иргэн хххххын тодорхойлолт хавтаст хэргийн 31 дэх талд авагдсанаар нотлогддог. Хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 604 дугаартай хэмжилт хийсэн тайланд хариуцагч хххххын өмчлөлийн хх тоот үйлчилгээний барилгыг хххх м.кв гэсэн нь гэрчилгээний талбайгаас ххх м.кв дутуу, 45 үйлчилгээний барилгыг хххх м.кв гэсэн нь хххх м.кв талбайгаар илүү байна гэж дүгнэсэн.

6.3. Хөрөнгийн үнэлгээний төвийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184 дүгээр хэмжилт хийсэн тайланд дурдсан хариуцагчийн өмчлөлийн ххх болон ххх тоотууд нь хоорондоо тусгаарлах ханатай байсан эсэх, хэзээнээс дундын эзэмшлийн талбай руу хэдий хэмжээгээр ашигласан зэргийг шинжээчээс тогтоох боломжгүй гэж үзсэн. Уг иргэний хэрэгт шинжээчээр оролцсон Хөрөнгийн үнэлгээний төв компани нь шүүхээс гаргасан захирамжийн хүрээнд зохигч талуудын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн талбайн хэмжээг тогтоосон ба нийтийн болон дундын эзэмшлийн талбайн хил хязгаарыг тогтоох эрх шинжээчид олгогдоогүй болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

6.4. Нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа хх тоот үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай 119 дүгээр байрны 2 давхарт багтан байрладаг ба өргөтгөл рүү урагшаа болон хойш гарсан орц гарцын 2 хаалгатай, талууд дундаа нэг коридор бүхий дундын эзэмшлийн талбайтай. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглахад хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, орох гарах хаалга нь ямар саад учруулсан болохыг нотлох баримтаар нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххд холбогдуулан ххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххх дүгээр байрны хх давхрын нийтийн эзэмшлийн талбайг тогтоолгох, дүрэм, журмын дагуу бусдын эрх ашгийг зөрчихгүйгээр ашиглахыг даалгуулах нэхэмжлэл анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, ххххх, хххх дүгээр байрны ххх дугаар давхрын ххх тоот хаягт байрлах, ххх м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан ххххх м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох, гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өөрийн эзэмшилд авсан хххх м.кв нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, өөрийн хөрөнгийн орох, гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авсан хэмжээг өөрчлөөгүй, дэлгүүрийн шилэн ханыг гипсэн хана л болгосон , нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, шаардах эрхийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Нэхэмжлэгч хххх нь хххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх дүгээр байрны хх тоот хаягт байршилтай ххх м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн, хариуцагч ххххх нь иргэн хххххххтай 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу ххххххх дүүрэг, ххх дугаар хороо, хх дугаар хороолол ххх дүгээр байрны хх дугаар давхар, хх тоот хаягт байршилтай, хх м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны хх тоот хаягт байршилтай, хххх м.кв талбай бүхий, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус шилжүүлэн, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх, хххххххххх дугаарт тус тус бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. /1хх189-213, 238/

 

5. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ххххөөс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагч хххххын буруутай үйлдэл тогтоогдоогүй байна.

5.1. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад даацын ялууны дагуу байсан шилэн хаалтыг сольж гипсэн хана болгон өөрчилсөн гэдэгт маргаангүй.

5.2. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн 2 дүгнэлтэд хх тоот үйлчилгээний талбайн хэмжээ нь хххх м.кв болохыг тодорхойлж, уг талбайн хэмжээ нь барилгын зургаас өөр бөгөөд нийтийн эзэмшлийн талбай руу зүүн хэсгээрээ ххх м.кв хэмжээгээр орсон болохыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй. /1хх46-61,75-87/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайрүү хэтрүүлэн барьсан гэх ханыг буулгуулах буюу чөлөөлүүлэхээр шаардах эрх бүхий этгээд биш байна.

5.3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь эд хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул хх тоот үл хөдлөх эд хөрөнгийн орох, гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргахыг хариуцагчид даалгах хуулийн үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00338 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД