Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

   2019         04          23                                  2019/ШЦТ/655 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

Нарийн бичгийн дарга Ц.И.Оням,

Шүүгдэгч И.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Од холбогдох эрүүгийн 1906 01379 0716 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр
хороо, Зээлийн 26-8 тоотод оршин суудаг, ам бүл 7, ЦЖ73112115 регистрийн дугаартай, И.О.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч И.О нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 37-774 тоотод байхдаа иргэн З.Болдбаатарын эзэмшлийн 47-56 УБУ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч И.О нь авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 37-47 тоот гэртээ ирээд байж байтал Гантулга ганцаараа ирээд 18 цагийн үед И.О араас нь ганцаараа ирсэн. Гантулга 0.5л Хараа архи гаргаж, байрны эзэн Цэнгэл бид 4 хувааж уусан. И.О гараад бие засахад нь хамт гараад автомашинаа онгойлгоод 10,000 төгрөг авч өгсөн. Тэгээд Гантулга, И.О бид 3 архийг хувааж уугаад бууз идсэн. Тухайн үед миий автомашины түлхүүр ширээн дээр ил байсан. Тэр 2 явлаа гээд гараад явсан. Би өглөө 04 цагийн үед гарч бие засахад миний автомашин aлгa болсон байсан. Би дүү нар руугаа ярихад аваагүй гэж байсан. Өглөө нь 09 цагийн үед И.Оы гэрт очоод миний автомашиныг жолоодон яваад осол хийгээд журмын хашаанд хийлгэснийг мэдсэн. Надад 793.000 төгрөгийн хохирол учирсан ба энэ хохиролыг бүрэн барагдуулсан байгаа. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/

 

Гэрч Г.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 09-ний орой Их засаг сургууль орох гээд ХХЕГ-ын арын гэрлэн дохиотой уулзварт зогсож байхад эсрэг урсгалаас саарал өнгийн 4756  УБУ улсын дугаартай Тоёота приүс маркийн машин улаан гэрлээр өөдөөс орж ирээд миний 92-97 УБИ улсын дугаартай приүс 20 маркийн автомашиныг маань мөргөж
гэмтээсэн. Жолооч нь 45-50 орчим насны бор царайтай намхан туранхай ах
байсан. Тэр ах машинаас согтуу бууж ирсэн. Өөрийгөө цагдаад И.О гэж хэлж
байсан. Тэгээд тэр ахын машиныг замын цагдаа ирээд ачаад аваад явсан. Надад учирсан 720.000 төгрөгийн хохиролыг бүрэн барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 12913700 дугаартай:

4756 УБУ улсын дугаартай тоёото приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн толь солиход 150.000 төгрөг, буферын голын сетка солиход 20.000 төгрөг, зүүн урд дугуй солиход 25.000  төгрөг, зүүн 2 хаалга засварлахад 54.000 төгрөг, зүүн урд крыло засварлахад 36.000 төгрөг, зүүн хойд крыло засварлахад 12.000 төгрөг, урд буфер засварлахад 68.000 төгрөг. Буфер, 2 хаалга, 2 крыло будах зардал 158.500, 500 гр будаг тус мат, лак 100.000 төгрөг, эд анги солих зардал 15.000 төгрөг. Үнэлгээний дүнгээр 638.500 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 22-23/

 

Шүүгдэгч И.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад Гантулга гэж Өмнөговь аймагт хамт ажиллаж байсан найз залгаад Болдбаатар ахынд очиж золгоё гэж ярьсан. Тэгээд би золгохоор болоод 15 цагийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байранд Болдбаатар ахынд ирэхэд Гантулга болон байрных нь эзэн гээд нэг залуу байсан. Намайг ороход тэр 3 пиво уугаад сууж байсан. Тэгээд Гантулга бид 2 гарч дэлгүүрээс 0.5 граммтай хараа нэртэй архи аваад бид дөрөв хувааж уусан. Архиа ууж дуусаад байж байхад Болдбаатар ах мөн дэлгүүр орж 1 шил 0.5 граммтай хараа архи авч ирж ууцгаасан. Тэгээд бид нар согтоцгоосон. Тэгээд би 18 цагийн үед би Болдбаатар ахын машиныг нь унаад архи авах санаатай гарсан боловч хажууд нь байдаг дэлгүүр хаасан байсан учир би зам дээр гараад явж байгаад ХХЕГ-ын арын гэрлэн дохион дээр эсрэг урсгалд зогсож байсан машинтай мөргөлдөж осол гаргасан. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/

-Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр.тогтоогдсон байдал /хавтаст хэргийн 7-9/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс И.Оы иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 44-50/,

Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 14290 дугаартай тайлан /хх-ийн 27-28/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “И.О нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2.25 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх тэмдэглэл /хх-ийн 32/, бичиг баримт хураан авах тухай “4756 УБУ дугаартай автомашины 02028266 дугаартай гэрчилгээг хураан авав” гэх тогтоол, 4756 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 33-34/, Сансит капитал ББСБ-ийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 36-39/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Шүүгдэгч И.Оы хохирогчийн тээврийн хэрэгслийг хохирогч З.Болдбаатарын зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн автомашиныг хувьдаа завшиж ашиг олох зорилгогүй байх ба бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч И.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.О нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Оыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэм буруугийн зарчим”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч И.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Оыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ