Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 76 тоотод оршин суух, ЧР69122760 дугаарын регистртэй, Монгол овогт Шаравын Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Төр захиргааны төв ордон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох,

Ажилгүй байсан 2014 оны 6 дугаар сарын 27-ноос 2015 оны 3 дугаар сарын 13-ныг хүртлэх хугацааны цалин болох 9 101 055 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.                         

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Сарантуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 оноос Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 тоот захирамжаар үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. Уг захирамжийг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэрээр намайг захирлын ажилд эгүүлэн тогтоон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм. Уг шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс тус тус хянаж 2014 оны 11 дүгээр сарын 04-нд 705 тоот Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хэвээр баталж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 2 дугаар сарын 24-нд Нийслэлийн Засаг даргын Б/29 тоот захирмж гаргаснаар миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-нд 62 дугаар сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан билээ. Иймд дээрхи хугацааны цалингаа авч чадалгүй хохирсон учир ажилгүй байлгасан хугацааны цалинд 9 101 055 төгрөгийг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийлгэж өгөхийг даалгаж өгөхийг хүсч байна. Үүнд үндсэн цалин, оногдох ээлжийн амралтын мөнгө, олгогдох ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал зэрэг нь орсон байгаа. Боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирлыг Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлдөг учраас би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч буюу түүний ажлын албанаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч өөрийн буруугаас болж цалингаа авч чадахгүй байгаа асуудал биш, ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэрийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалингаараа хохирсон байгаа гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлд заасан Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр Боловсрол, соёл шинлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан 2014/20 дугаартай, гэрээний 6 дугаар хавсралтаар тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг дарга нартай Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.-т “Аймаг,нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргатай энэ хуулийн 39.1.-д заасан гэрээг сум, дүүргийн түвшинд аймаг, нийслэлийн төсөв батлагдсанаас хойш ажлын 14 хоногийн дотор байгуулна”, 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу гэрээг байгуулж тусгай шилжүүлгийн санхүүжилтийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Тусгай шилжүүлгийн санхүүжилт буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсвийг дүүргийн ИТХ нь байгууллага бүрээр баталж, дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж санхүүжилтийг олгодог. Энэ батлагдсан төсвийн хуваарийн дагуу тухайн сургууль, цэцэрлэгийн төсвөөс сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн цалин хөлсийг олгодог. Иймд Нийслэлийн Засаг даргаас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын цалин нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зардлыг олгох хууль зүйн үндэслэл байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулиас харахад ажилтан тухайн амралтын жилд ээлжийн амралтын биеэр эдэлж байж, ажилласан жилд нь ноогдох хоногт цалинтай амардаг. 2014 оны 6 дугаар сарын 27-ноос 2015 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэл нэхэмжлэгч нь ажиллаж байгаагүй нь шүүхийн шийдвэрүүдээр нотлогддог. Иймд нэгэнт ажиллаагүй тул ээлжийн амралтын мөнгийг, мөн сар бүрт тооцогдох унааны мөнгийг, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэргийг олгох боломжгүй. Эдгээр нь тухайн хүн ажлаа хийж байж үнэлэгдэх зүйлс учраас олгогдох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

                                                                                                                         

  ҮНДЭСЛЭХ нь:

   

            Нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 27-ноос 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговорт нийт 9 101 055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Боловсрол, соёл шинлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан 2014/20 дугаартай, гэрээний 6 дугаар хавсралтаар тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан ба Нийслэлийн Засаг дарга нь тусгай шилжүүлгийн санхүүжилтийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлж, дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж тухайн сургууль, цэцэрлэгийн төсвөөс сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн цалин хөлсийг олгодог учир Нийслэлийн Засаг дарга хариуцахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргасан байна.

           

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь 2010 оны 6 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуульд захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 тоот тушаалаар уг ажлаас чөлөөлөгдсөн ба дээрх тушаалыг үл зөвшөөрч Ш.Сарантуяа нэхэмжлэл гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 611 220 төгрөгийг олгон шийдвэрлэжээ.

            Уг шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гомдлоор хянан Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 892 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 705 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянан шийдвэрлэж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, 892 дугаар магадлалыг хүчингүй болгосон байна.

            Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн нэхэмжлэгч Ш.Сарантуяаг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлаар эгүүлэн томилж, 2015 оны 3 дугаар сарын 13-нд ажлыг нь хүлээлгэж өгсөн болох нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 тоот “Ш.Сарантуяаг сургуулийн захирлаар томилох тухай”  захирамж, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын ажил хүлээлцсэн тэмдэглэл” зэргээр нотлогдсон.

                       

Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2., 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга хоорондын төсвийн жил эхлэхээс өмнө байгуулах үр дүнгийн гэрээ, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан 2014/20 дугаартай, гэрээний 6 дугаар хавсралтын дагуу тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн гэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүйн дээр, хариуцагчийн дээрхи тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2015 оны 3 дугаар 13-ныг хүртэл хугацаанд дээрх үүргээ биелүүлээгүй хуулийн заалтыг зөрчжээ.

 

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуудийн 36 дугаар зүйлийн 36.2., 36.3., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5., 67.6.-д заасан хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон гэх нөхцөл байдал хариуцагч талд үүсээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасны дагуу болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дахь хэсгийн “а”-д заасны дагуу  нэхэмжлэгчийн  дундаж цалин хөлс /үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал/, ээлжийн амралтын олговрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургуулийн цалингийн тооцоололыг үндэслэн цалин хөлсийг 7 798 298 төгрөг, 2014, 2015 оны ээлжийн амралтын олговрыг 1 302 757 төгрөгөөр тус тус тодорхойлох нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Ш.Сарантуяаг хариуцагч нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь авч ажиллуулаагүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69. дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амтралтын олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгчийг ажилгүй байлгасан хугацааны буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ноос 2015 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэл 8 сар 10 хоногийн цалинтай тэнцэх олговорт 7 798 298 төгрөг, 2014, 2015 онд эдэлж чадаагүй ээлжийн амралтын олговрт 1 302 757 төгрөгийг, бүгд 9 101 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийн баталгаажулахыг хариуцагчид даалган нэхэмжлэлийг ханган шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160 567 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох  нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Засаг даргын Тамгын газар/-аас 9 101 055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Сарантуяад олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ш.Сарантуяагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160 567 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д  зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.