Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00812

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00812

 

ххххий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00209 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххий нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх ХХК, хххх нарт холбогдох,

 

2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн БЗД/080 дугаартай орон сууц захиалах гэрээний 6.1-д заасны дагуу ххххх дүүргийн ххх дугаар хороо, хх дүгээр хороолол, энхтайван өргөн чөлөө ххх дүгээр байрны хх тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг ххххий нэр дээр шилжүүлж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххх, хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх миний бие "хххххх" ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БЗД/080 дугаар орон сууц захиалах гэрээг байгуулан, уг гэрээгээр хххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар сургуулийн зүүн талд байрлах "Тагнуулын Ерөнхий газрын ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын 2 дугаар орцны 2 дугаар давхрын ххх тоотод байрлах хххх м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр буюу нийт 91,368,000 төгрөгөөр харилцан тохиролцон захиалан бариулах, гүйцэтгэгч буюу хххххх" ХХК дээрх орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

1.2. Төлбөр хийх хугацааг харилцан тохиролцохдоо гэрээ хийгдэхэд нийт төлбөрөөс 4,500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 22,910,400 төгрөгийг буюу нийт төлбөрийн 30 хувийг төлөхөөр, харин үлдэгдэл 63 957 600 төгрөг буюу нийт төлбөрийн 70 хувийг барилга бүрэн дууссанаас хойш /улсын комисс хүлээж авснаас хойш/ 30 хоногт бүрэн барагдуулах, ингэхдээ банкны шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд гүйцэтгэгч тал үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулах замаар төлүүлэхээр тохиролцсон болно.

1.3. Миний бие гэрээнд заасны дагуу 25,438,000 төгрөгийг "хххххх" ХХК-ийн эзэмших Төрийн банкны ххххххх тоот дансанд тушаасан бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээний 6.1-д заасан нөхцөлөөр төлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчаас бэлэн болгохыг хүлээж байсан.

1.4. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх буюу орон сууцныхаа улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гарган өгвөл Голомт банктай уг орон сууцыг барьцаалах гэрээг байгуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг зохих ёсоор хийлгэж, 63,900,000 төгрөгийн орон сууцны зээлд хамрагдан, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар ямар нэгэн байдлаар бичгээр мэдэгдэл өгөөгүй.

1.5. ххххийн нэр дээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Гэтэл хариуцагч тал иргэний хэрэг үүссэн гэдгийг мэдсээр байж зориуд шилжүүлсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээ буюу 2019 оны 3 дугаар сард байгуулсан карказ угсралтын гэрээнд ажлын хөлсийг төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд бартерын зүйлийг оруулна гэсэн нэмэлт тохиролцоо байхгүй. Маргаан бүхий орон сууцанд өөр айл оруулсан нь хууль бус үйлдэл юм.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар талуудын хооронд байгуулсан БЗД/080 дугаар гэрээний н 6.1-д заасан үүргээ гүйцэтгүүлэхийг хариуцагч хххххх ХХК-д даалгах, хариуцагч ххххийг хххххх дүүргийн ххх хороо хх дүгээр хороолол ххххххххххх дүгээр байрны хх тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хххххх ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай байгууллага нь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын үйлчилгээтэй 150 айлын орон сууцны барилгыг ххххххх дүүргийн хх хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьж дуусган Барилга байгууламжийг ашиглалтад оруулах БА-282/2022 дугаартай улсын комиссын дүгнэлт авсан.

2.2. Тус барилгын хх тоот ххх м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тагнуулын Ерөнхий газрын ажилтан ххххх нь захиалга өгсөн. ххххх нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр захиалгын гэрээг ххххий нэр дээр шилжүүлсэн. Захиалгын гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтийн дагуу 50 хоног болгон сунгасан. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон. Тухайн хугацаанд захиалагч иргэд арилжааны банкуудаар үлдэгдэл төлбөрийг судлуулан зээл олгохоор шийдвэрлэсэн албан тоотыг үндэслэн бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах албан тоотыг Улсын бүртгэлийн газарт тухай бүр хүргүүлж гэрчилгээг гаргуулсан.

2.3. хххх нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкны зээл олгох боломжтой болохыг тодорхойлов" гэсэн 15/194 дугаар бүхий албан тоотыг манай байгууллагад ирүүлсэн. Тухайн албан тоотод зээл олгохыг шийдвэрлэсэн, зээлийн хорооны шийдвэр гарсан тухай дурьдаагүй, үлдэгдэл төлбөр төлөх 50 хоногийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Дээрх шалтгаануудын улмаас тухайн захиалагч иргэний гэрээг цуцалсан болно.

2.4. ххххий нэр дээр үл хөдлөх эрхийн гэрчилгээ гарсан бол ххххийг тухайн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хуулийн үндэслэлтэй. Хуулийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ххххийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. хххх миний бие нь "хххххх" ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2020 ны 9 сард дууссан. Тус гэрээний үлдэгдэл төлбөрийг ажил дууссанаас хойш "хххххх" ХХК-аас удаа дараа нэхэж шаардсан боловч захиалагч иргэдээс төлбөр орж ирэх болоогүй гэх шалтгаанаар төлбөрийг хойшлуулж байсан. Барилга ашиглалтад орж үлдэгдэл төлбөрөөс барагдуулах байсан боловч иргэдээс төлбөр бүрэн орж ирээгүй гэх шалтгаанаар мөн хойшлуулж байсан.

3.2. Ингээд төлбөр барагдуулах хугацаа удааширснаас "хххххх" ХХК-тай үл ойлголцол үүсэж үлдэгдэл төлбөрт 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр угсралт хийсэн Тагнуулын Ерөнхий газрын ажилчдын орон сууцнаас 216,576,000 төгрөгийн ххх м.кв орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Тус орон сууцыг тухайн авсан ханшаар нь худалдан борлуулж хамт ажилласан ажилтнуудын цалинг өгөхөөр ажиллаж байна.

3.3. Иймд тухайн орон сууцны төлбөр мөнгөний талаар "хххххх ХХК-тай холбогдож шийдвэрлэнэ үү. Харин тус орон сууцанд байгаа зүйлсийг орон сууцны худалдан борлуулахаас ирж хүлээн авахад татгалзах зүйлгүй болно. Мөн хххххх ХХК болон хххх нарын хооронд үүссэн төлбөр мөнгөний асуудалд оролцох, хариуцагчаар шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххх ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээний 6.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай болон хариуцагч ххххид холбогдох орон сууц чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч ххххий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 06-ны өдөр төлсөн 70,200, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 70,200 төгрөг нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

5.1. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа гэрээний гол зүйл болох төлбөртэй холбоотойгоор тохиролцсон зохицуулалтыг дүгнэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй.

5.2. Учир нь гэрээний 6.1-д зааснаар ...шаардлага хангасан баримтыг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болсон. Гэрээний 5.5-д зааснаар 5-10 хоногоор хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч тал гэрээг цуцлах эрхтэй гэж үзсэн. Гэтэл тухайн гэрээний 5.5-д ... бичгээр болон утсаар мэдэгдэх... -ээр зохицуулсан боловч гэрээ цуцласан талаар хариуцагч тал огт мэдэгдээгүй болно. Энэ талаар мэдэгдсэн баримт байдаггүй. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсч, хариу тайлбарыг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд буцаасан байдаг. Үүнийг шүүх үнэлээгүй.

5.3. Шүүх гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчаас холбогдох бичиг баримтыг авахаар бүхий л боломж нөхцлөөр хандсан боловч гаргаж өгөөгүй. Энэ нь хариуцагч зориуд санаатайгаар тухайн орон сууцыг нэхэмжлэгчид өгөхгүй өндөр үнээр худалдан борлуулах үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч удаа дараа үнэ нэмэх тохиролцох саналыг гаргаж байсан боловч хариуцагч хүлээж аваагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.1-д хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн хуулийн заалтуудыг шүүх хэрэглэлгүй орхигдуулсан болно. Шүүхэд иргэний хэрэг үүссэн маргааны гол зүйл болох орон сууцыг 2023 оны 7 сард бусдад гэрээ хийж шилжүүлсэн байдлаас үзэхэд санаатайгаар бичиг баримт гаргаж өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй, зарим заалтуудыг дутуу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хххххх ХХК болон хххх нарт холбогдуулан гэрээний 6.1-д заасны дагуу ххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр хороолол, хххххх дүгээр байрны хх тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг ххххий нэр дээр шилжүүлж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хххххх ХХК үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалсан гэж, хариуцагч хххх нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу ажлын хөлс 216,576,000 төгрөгт орон сууцыг тооцон авсан гэж тус тус тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтуудыг зөв тогтоосон.

3.1. Тагнуулын ерөнхий газар болон "хххххх" ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ТЕГ-ын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 20/19 дугаартай гэрээг үндэслэн хххххх ХХК нь хххххтэй 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц захиалах гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр ххххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар сургуулийн зүүн талд баригдаж буй ТЕГ-ын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын 2 дугаар орцны 2 давхрын хх тоотын ххх м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцон 91,368,000 төгрөгийн урьдчилгаа 30 хувь болох 4,500,000 төгрөгийг гэрээ хийгдэхэд, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 22,910,400 төгрөг, үлдэгдэл 70 хувь буюу 63,957,600 төгрөгийг барилга бүрэн дууссанаас хойш /Улсын комисс хүлээж авснаас хойш/ 30 хоногт бүрэн барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-26-29/

3.2. хххх нь захиалагч хххххээс дээрх гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч, хххххх ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон Орон сууц захиалах гэрээ нэртэй гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. /хх-27-29/

3.3. Уг гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт үнийн 30 хувь болох 25,438,000 төгрөгийг хххх нь "хххххх" ХХК-д төлсөн. /хх-53/

3.4. хххх болон "хххххх" ХХК нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр БЗД/080 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу маргаан бүхий ххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр хороолол /хххх/, энхтайваны өргөн чөлөө гудамж, ххх дүгээр байр, хх тоот орон сууцны өмчлөх эрхийг ххххид шилжүүлснээр орон сууцны өмчлөгч болсон. /хх-118-124/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххх, хариуцагч хххххх ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

5. Харин нэхэмжлэгч ххххийг гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, мөн хариуцагч нарын хооронд хийсэн хэлцэл, хариуцагч ххххийн өмчийн эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэх боломжтой зүйтэй гэж үзлээ.

5.1. хххххх ХХК нь ххххтэй байгуулсан гэрээний 6.1-д Захиалагч Б тал нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд гүйцэтгэгч А тал нь энэ гэрээний 4.1-д заасан үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулах замаар төлүүлнэ. Захиалагч нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж чадахгүйгээс гарах хохирол, асуудлыг А тал хариуцахгүй. Банк захиалагч Б талд зээл олгохгүй шийдвэр гарсан тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болно гэж, 4.1-д үлдэгдэл төлбөр болох 70 хувийг барилга бүрэн дууссанаас хойш /Улсын комисс хүлээж авснаас хойш/ 30 хоногт бүрэн барагдуулна гэж тус тус тохиролцжээ. /хх-6-7/

5.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан байх тул энэ өдрөөс 30 хоногийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний дотор үлдэгдэл 70 хувийг төлөх үүрэг ххххд үүссэн гэж үзнэ. /хх30-31/

5.3. Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтийг үндэслэн хххххх ХХК нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр гүйцэтгэх хугацааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдож байна. /хх24/

5.4. Голомт банк ХК-аас хариуцагч хххххх ХХК-д хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15/194 дугаартай албан бичигт Голомт банкны зээлийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр зээлдэгч хххх нь худалдан авч буй орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан Голомт банктай уг байрыг барьцаалах гэрээг байгуулж, барьцааны бүртгэлийг зохир ёсоор хийлгэж, баримт бичгийн бүрдэлтийг аливаа зөрчилгүй байх нөхцөлд 63,900,000 төгрөгийн зээл олгох боломжтой болох-ыг тодорхойлжээ. /хх39, 68-72/

Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч хххх нь гэрээний 6.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн, харин хариуцагч хххххх ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгч ххххтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт 25,438,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр түүнд буцаан шилжүүлж, хариуцагч ххххид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. /хх-154/

 

6. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй юм.

6.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг цаг хугацааны хувьд хариуцагч ххххоос өмнө худалдан авч, эзэмшиж байсан боловч түүнд өмчлөх эрх шилжээгүй байсан тул ххххийн өмчлөх эрхийг үгүйсгэж, хууль бус өмчлөгч гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч хххх нь маргааны зүйл болж буй орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцон хххххх ХХК авч, талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Карказ угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-118-124/

6.2. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэгч ххххий нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй.

 

7. Харин нэхэмжлэгч хххх нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлоо холбогдох этгээдээс гаргуулахаар шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00209 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД