Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4735

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо 14 дүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө /57-д байрлах Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Цаст-Интекс” ХХК /Регистрийн дугаар 5401305/ болон түүний захирал Б.Бат-Аюуш /РД: ЧМ83082114/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Тус хэлтэст бүртгэлтэй 5401305 тоот регистрийн дугаартай “Цаст-Интекс" ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 24-нд “Хүнс, ундаа, тамхины бөөний худалдааны” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байна. “Цаст-Интекс” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Хяналт шалгалтын актын төлбөр 17,901,300 төгрөгийн, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 937,560 төгрөгийн, нийт 18,838,860 төгрөгийн өртэй байгаа бөгөөд татварын өрийг барагдуулахаар 2014 оны 06 дугаар сарын 20-нд 24140621004 тоот мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлж, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2413214410/03 тоот мэдэгдэх хуудсаар Голомт, Худалдаа хөгжил, Хаан банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан.

Захирал Б.Бат-Аюуш нь УБЕГ-ын лавлагаагаар БЗД, 18-р хороо 13-р хороолол, 27/3 байр, 408 тоот гэсэн хаягтай боловч 18-р хорооны тодорхойлолтоор уг хаягт амьдардаггүй болохыг тодорхойлсон. Татвар төлөгчийн бүртгэлийн картанд БЗД-ийн 18-р хороо, 13-р хороолол 14-287 тоот гэсэн хаягтай боловч 18-р хорооны тодорхойлолтонд бүртгэлгүй байна. Б.Бат-Аюуш нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул “Цаст-Интекс” ХХК болон түүний захирал Б.Бат-Аюушийг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Цаст-Интекс” ХХК болон түүний захирал Б.Бат-Аюушийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн 20268 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Цаст-Интекс” ХХК-д холбогдох 18,838,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг “хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

          Иймд, “Цаст-Интекс” ХХК болон түүний захирал Б.Бат-Аюушийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан “Цаст-Интекс” ХХК /Регистрийн дугаар 5401305/  болон тус компанийн захирал Батхуягийн Бат-Аюуш /РД:ЧМ83082114/-ийг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар, гуравдугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР