Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00850

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00850

 

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00710 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8,000,000 төгрөг, засварын ажлын хөлс 186,000 төгрөг, нийт 8,186,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хххххтай 036 тоот түрээсийн гэрээг байгуулж барилгын өргөх шатыг 10 хоногийн хугацаатай буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр хүлээлгэн өгсөн.

1.2. Түрээсийн гэрээний 4.1-т заасан хугацаа дуусахад ххххх нь барилгын өргөх шатыг буцааж өгөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа шаардлага тавьж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төхөөрөмжөө авсан. Тухайн үед өргөх шатны цахилгаан тоноглолын хайрцаг нь эвдэрсэн байсан.

1.3. Хариуцагч талаас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ачигч лифт, түрээс, барьцааны төлбөрт нийт 1,900,000 төгрөг, талууд гэрээний хугацааг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан, энэ өдрийг хүртэл хугацааны төлбөр 720,000 төгрөг төлсөн.

1.4. хххххт шатыг гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн боловч гэрээний хугацаа дууссанаас хойш буцааж өгөөгүй. Манай талаас шатаа авах шаардлагыг удаа дараа гаргасан. Хариуцагч шаардлагыг хүлээж аваагүй. Шатыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ххххх гэх хүний жолооч ххххгээр дамжуулан авсан.

Манай тал ххххх гэх хүнтэй гэрээ байгуулаагүй. ххххх гэрчээр мэдүүлэг өгөхдөө хххххыг тухайн шатыг ажилдаа ашигласан гэх мэдүүлэг өгсөн.

1.5. Иймд түрээсийн гэрээний дагуу хххххаас шат ашигласан хугацааны төлбөр болох 8,000,000 төгрөг, өргөх шатны цахилгаан тоноглолын хайрцгийн эвдрэлийг засуулсан ажлын хөлс 186,000 төгрөг нийт 8,186,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тухайн үед гэрээ байгуулсан хүн нь ххххх боловч өргөх шатыг бодитоор хүлээн авч ашиглаагүй, буцаан хүлээлгэн өгсөн хүн нь ххххх гэх хүн байгаа.

2.2. Уг маргааны жинхэнэ хариуцагч нь ххххх биш гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч хххххгийн мэдүүлгээс үзвэл өргөх шатны түрээсийн төлбөрт 3 удаагийн төлөлт хийсэн гэж хэлсэн. Өргөх шатыг авч ашигласан хүн нь ххххх тул хариуцагч энэ түрээсийн төлбөрийг хариуцахгүй.

2.3. Нэхэмжлэгч тал хххххгээс шатыг хүлээж авсан баримтыг гаргаж өгсөн нь шатыг ххххх ашиглаагүй, харин ххххх ашигласан гэдэг нь тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххаас 3,140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,046,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххаас улсын тэмдэгтийн хураамж 65,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тал хувиар бууруулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өргөх шатыг шилжүүлэн өгөхийг ямар байдлаар шаардаж байсан нь тодорхойгүй, өөрийн зардлаар шатыг буцаан авах оролдлого үйлдэл хийгээгүй гэж үзсэн.

4.2. Хариуцагч гэрээнд заасан газар ашиглалгүй хөдөө аваачиж ашигласан гэдгийг гэрч ххххх мэдүүлэхдээ хххххаар ахлуулсан хувь хүмүүсээр 9 м өндөр 20 м урт төмөр карказ гагнуулахаар 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. хххххурьдчилгаа 5,000,000 төгрөгийг аваад ажлын талбайдаа очсон боловч ажлыг эхлүүлээд буцаад Улаанбаатар хотод ирсэн. Учир нь манай хүмүүст хотод ажил гарсан хэцүү байна. урьдчилгаа мөнгөөр хоол идсэн гэж хэлсэн нь түрээсийн гэрээнд заасан газар ашиглаагүйг болох нь тодорхой байна.

4.3. Хариуцагч хххххын утас руу мессеж бичиж сануулж байсан талаар гар утсанд үзлэг хийлгэсэн бөгөөд энэ баримтыг шүүх үнэлээгүй нэхэмжлэлийн шаардлагаас 5,046,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хор арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого нөхөн төлүүлэх үүрэгтэй байхад анхан шатны шүүх үнэн зөвөөр үнэлээгүй.

4.4. Мөн цахилгаан тоноглолын хайрцгийн эвдрэлийг засуулахад гаргасан зардал болох 186,000 төгрөгийг нотолсон засварын ажлын хөлс төлсөн 106,394 төгрөгийн багаж худалдан авсан талаарх төлбөрийн баримт, зарлагын баримт, өргөх шат хүлээлгэж өгсөн өгсөн болон хүлээн авсан зураг, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шат хүлээлцэх акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ямар гэмтэл, хэзээ үүссэн, тухайн гэмтэл түрээсийн гэрээний хугацаанд үүссэн болох нь тогтоогдохгүй байна. Талууд акт үйлдээгүй тул анх ямар шинж чанарын эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, тухайн гэмтэл, эвдрэл хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор үүссэн болохыг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн.

4.5. Гэрчээр түрээсийн төлбөр болон сунгалтын төлбөрийг хийсэн ххххх оролцуулсан тухайн үед ххххх хөдөө зэвсэгт хүчний спорт заалны төмөр карказ гагнах ажил хийж байгаад дундаас нь хаяад хот руу явсан, шатаа хулгайд алдсан тухай мэдсэн даруйд оффис руу нь жолоочоор явуулсан тухай мэдүүлсэн. Нэхэмжлэгч энэ талаар шүүх хуралдаанд хариуцагч ххххх нь гэрээнд заасан газар ашиглаагүй өргөх шат авъя гэх сануулга удаа дараа сануулж байсан. Очиж авах талаар гэрчийн мэдүүлэг, хэрэгт хавсаргасан баримтуудыг анхан шатны шүүх үнэн зөвөөр үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хангаагүй үлдээсэн 5,046,000 төгрөгийг хариуцагч хххххаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. ххххх нь ххх ХХК-д төлөх төлбөр байхгүй. Дээрх түрээсийн гэрээнд ххххх гарын үсэг зурсан боловч ххххх захирал төлнө гэж хххххын нэрээр гэрээ байгуулсан. ххххх хариуцагч биш юм.

5.2. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээгээр хүлээн авсан шатыг ххххх ашиглаагүй. ххххх ашиглаж спортын заал барьсан. Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг ххххх нэг ч төлбөр төлөөгүй. ххххх нь төлөх үүрэгтэй учир өөрийн данснаас төлбөр мөнгийг шилжүүлж төлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хоронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж хэлцэл хийсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан. хххх гэрчийн мэдүүлэгтээ талуудын хооронд 27,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар мэдүүлсэн. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч хххххт холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8,000,000 төгрөг, засварын ажлын хөлс 186,000 төгрөг, нийт 8,186,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...бичгийн гэрээнд гарын үсэг зурсан боловч түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй, ...түрээсийн төлбөрийг ххххх төлсөн, ... өргөх шатыг бодитоор ашиглаагүй, шатыг ашиглаж, буцаан хүлээлгэн өгсөн хүн нь ххххх тул хариуцахгүй... гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. ххх ХХК, ххххх нар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 036 дугаартай Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ххх ХХК нь SJY0,5-8 маркийн барилгын өргөх шатыг 10 хоногийн хугацаагаар, түрээслэгч хххххт түрээслүүлэхээр шилжүүлэх, ххххх нь өргөх шатыг зориулалтын дагуу гэрээгээр тогтоосон хугацаанд түрээсийн төлбөрт нэг хоногийн 90,000 төгрөг, нийт 900,000 төгрөг төлөх, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.30 минутаас хоцроолгүй түрээслүүлэгчид хүлээлгэж өгөх, тогтоосон хугацааг хэтрүүлэн төхөөрөмжийг буцааж өгөөгүй бол түрээсийн төлбөрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан үргэлжлүүлэн хоногийн түрээсийн мөнгөн дүнгээр тооцон түрээслүүлэгчид төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /хх-8/

4. Дээрх гэрээний хугацааг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, түрээсийн төлбөрийг 720,000 төгрөгөөр харилцан тохиролцжээ. /хх-8/

 

5. Анхан шатны шүүх ххх ХХК болон ххххх нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

5.1. Учир нь талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуульд шаардлагад тус тус нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул өргөх шатыг би ашиглаагүй, хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

6. Гэрээний дагуу ххх ХХК нь түрээсийн зүйл болох SJY0,5-8 маркийн барилгын өргөх шатыг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн, ххххх нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс мөн сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 1,620,000 төгрөг, барьцаанд 1,000,000 төгрөг, нийт 2,620,000 төгрөгийг ххх ХХК-ийн захирал ххххххын ХААН банк дахь ххххххххххх дугаарын данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбар, гэрч хххххгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх3-4/ Уг гэрээний төлбөрийг гэрч ххххх төлсөн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон боловч талууд гэрээнд түрээслэгч нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххххх нь түрээсийн төлбөр төлөх үүргийг гэрч хххххгээр гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

 

7. Хариуцагч ххххх нь гэрээний 4.1-д заасан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.30 минутаас хоцроолгүй түрээслүүлэгчид хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч ххх ХХК түрээсийн зүйл болох өргөх шатыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буцааж авсан болох нь шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч хххххгийн мэдүүлэг, өргөх шат хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-28,56-59,66-67/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоосон атлаа хариуцагчийн хохирол нэхэмжилсэн шаардлагын талаар дүгнэлт хийхдээ тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэгч өөрийн зардлаар авах үйлдлийг хийгээгүйгээс төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж буруу дүгнэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

8. Талууд гэрээний 4.3-т А тал /түрээслэгч/ гэрээгээр тогтоосон хугацааг хэтрүүлэн төхөөрөмжийг буцааж өгөөгүй бол түрээсийн төлбөрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан үргэлжлүүлэн хоногийн түрээсийн мөнгөн дүнгээр тооцон Б талд /түрээслүүлэгч/ төлнө гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийн Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасантай нийцэж байна. Иймд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй тул түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх ёстой байсан 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс буцааж авсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 98 хоногийн хохирол тооцвол 8,820,000 /98х90,000/ төгрөг байна. Үүнээс барьцааны төлбөрт төлсөн 1,000,000 сая төгрөгийг хасч, 7,820,000 төгрөгийг хариуцагч хххххаас гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК-д олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан зарлагын болон төлбөрийн баримт зэргийг үндэслэн өргөх шатны цахилгаан тоноглолын хайрцгийн эвдрэлийг засуулахад 186,000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэх боломжгүй байна. /хх36-37/ Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах хуулийн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00710 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3,140,000 гэснийг 7,820,000 гэж, 5,046,000 гэснийг 366,000 гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 65,190 гэснийг 140,070 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,686 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД