Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 657

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019        04          23                                  2019/ШЦТ/657  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бод холбогдох эрүүгийн 1906 00237 0368 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин
мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганц бие, Баянзүрх дүүргийн
дугаар 12 дугаар хороо, Жанжины 11 дүгээр гудамж 232 тоотод оршин суух, урьд
эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, УК94052033 регистрийн дугаартай, Боржигон овогт А.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 11-232 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Пүрэвдуламыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00237 0368 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч А.Б нь эхнэр С.Пүрэвдуламын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Пүрэвдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

А.Бтой 2011 онд танилцаад 2012 оноос цуг амьдрах болсон бөгөөд 4 настай, 3 настай 2 хүүхэдтэй. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А.Б хол явах гэж байгаа явахаасаа өмнө чамтай уулзчихаад явъя гэсэн. Би танил Баярцэцэгийн гэрт байж байхад 13 цагийн орчим А.Б хүрээд ирсэн. Тэгээд тэнд бид хоёр утаснаас болж маргалдсан. Тэгээд тэр айлаасаа гараад А.Бын авга ахын гэр болох Жанжины 11-232 тоотод орсон. А.Б гэрийн хаалгыг цоожлоод гараараа миний толгой руу 4-5 цохьсон. Тэгээд газар унагаж байгаад үснээс чирээд байсан. Тэгэж байхдаа миний өмсөж явсан куртгийг урчихсан. Би утсаараа ээжийгээ дуудсан тэр хооронд А.Б хутга гаргаж ирээд ална гээд байсан. Би танил Баярцэцэгийн гэрт байхад Баярцэцэгийн утсан дээр байсан бичлэгээс болж бид хоёр маргалдсан юм. Ер нь бол хардалтын улмаас болж зодсон. Бас намайг зодож байхдаа үсээ шараар будлаа гээд байсан. Надтай уулзахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А.Б архи уухаараа агсам зантай. Намайг өмнө нэг удаа зодоод 2018 онд баривчилгаанд явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч П.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өдрийн 13 цагийн үед ирэхэд А.Б салсан эхнэр Пүрэвдуламын хамт манай гэрт ирчихсэн байж байсан. Тэр хоёр гал тогооны өрөөнд муудалцаад маргалдаад эхэлсэн. Би жижиг өрөөнд хүүхдээ хөхүүлээд байж байсан. Тэгсэн А.Б Пүрэвдуламыг зодоод эхлэх шиг болсон. Намайг гал тогооны өрөө рүү ороход А.Б Пүрэвдуламыг үсдчихсэн алгадаад, цохиод байсан. Би яг хэдэн удаа цохиж алгадсаныг санахгүй байна. А.Быг болиоч гэхэд миний үгэнд орохгүй байсан. А.Б ямар ч байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Манай гэрт ирэхдээ урд өдөр нь архи уусан гээд ярьж байсан. Намайг харахад А.Б Пүрэвдуламыг үсдчихсэн нүүр рүү алгадаад, цохиод байсан. Пүрэвдуламыг газар унахад нь бөгсөн хэсэг рүү нь өшиглөж байсан. Пүрэвдулам уйлчихсан үс нь сэгсийсэн хацар нь улайчихсан, хавдчихсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 407 дугаартай:

С.Пүрэвдуламын биед тархи доргилт, хоёр талын чамархай болон зүүн зулайн ар хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/,

 

Шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр салсан эхнэр Пүрэвдуламтай 11 цагийн орчим авга ах Батболдын гэр буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 11-232 тоотод уулзсан. Би Пүрэвдуламтай түүний гэр утсан дээрх нэг залуутай караокед дуулж байгаа бичлэгээс болж маргалдсан. Тэгээд маргалдах явцдаа толгой руу нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд Пүрэвдуламыг газар унасан байхад нь хөл рүү нь 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-6/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /хх-ийн 62/, хорооны тодорхойлолт /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Бын гэр бүлийн хамааралтай эхнэр С.Пүрэвдуламын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч А.Бод ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт А.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ