Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00851

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00851

 

ххххХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/00493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххд холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн түрээсийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. "ххххх" ХХК нь ххххтай 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр СТГ2302-51 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 312-318 дугаар зүйл, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт, 6-10 дугаар зүйл болон бусад холбогдох заалтыг тус тус үндэслэн байгуулсан.

1.2. "ххххх" ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж, санхүүгийн түрээсийн зүйл болох 1 ширхэг шинэ БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн SHAANXI SHACMAN F300 маркийн шар өнгийн LZGJLJV4XNX005839 арлын дугаартай тээврийн хэрэгслийг Санхүүгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6, 9 дүгээр зүйлийн 9.2.1, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг болон бусад холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтыг үндэслэн ххххы эзэмшил, ашиглалтад шилжүүлж өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

1.3. Гэтэл түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.4, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т заасныг тус тус удаа дараа зөрчиж талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангийн төлбөр, даатгалын хураамж, тээврийн хэрэгслийн татвар, түрээсийн зүйлийн техник үйлчилгээний төлбөрийг төлөх үүргээ 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш одоог хүртэл санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, түүний хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.

1.4. "ххххх" ХХК нь ххххы төлбөр төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг хүлээн авч түрээсийн төлбөрийг хойшлуулж, боломжит хугацаа удаа дараа олгосон, мөн "ххххх" ХХК-аас Авлага барагдуулах албаны албан бичиг хүргүүлж гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч одоог хүртэл төлбөрийн үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлж барагдуулаагүй,

1.5. Түүнчлэн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор түрээсийн зүйлийг "ххххХХК-ийн төв агуулахад авчирч өгөхийг шаардсан боловч хариуцагч хххх нь 380,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хүнд даацын машин механизмыг эзэмшил, ашиглалтдаа 2023 оны 3 дугаар сард хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл түрээсийн үндсэн төлбөрийг төлөлгүй, манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж байна.

1.6. Иймд Санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.3, 5.2.8, 8.1.2, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.9, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч ххххаас түрээсийн зүйл болох 1 ширхэг БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн SHAANXI, SHACMAN F3000 маркийн (улсын 38-92 УНР, арлын LZGJLJV4XNX005839), тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч "ххххх" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад буцаан түр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие "ххххх" ХХК-аас 2023 оны 3 дугаар 13-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 1 ширхэг SHAANXI SHACMAN F300 маркийн тээврийн хэрэгслийг авсан. Тус тээврийн хэрэгслийг ашиглаж буй гол нөхцөл нь тээврийн хэрэгсэлээр нүүрс тээвэр хийж олсон орлогосоо төлбөрийг төлөх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тооцсон байсан. Гэрээ байгуулснаас хойш "ххххх" ХХК-аас Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу авч ашиглаж буй тээврийн хэрэгсэлийн төлбөрт 2023 оны 3 дугаар сард 30,000,000 төгрөг төлж гэрээний үүргийг гүйцэтгэсэн.

2.2. Миний бие энэхүү гэрээг байгуулахаас өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 17-нын өдөр ххххх ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээгээр ххххх хххххх компанийн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын талбай хүртэл тогтоосон маршрутаар нүүрсийг тогтоосон хугацаанд тээвэрлэхээр тохиролцсон байсан. Гэтэл "ххххх" ХХК-ийн тээвэрлэлтийн ажил ххххх хххххх компанийн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор доголдож хуваарьт ачааг тогтоосон хугацаанд тээвэрлэх боломжгүй болсон.

2.3. Мөн хххххх ХК-аас ч тээвэрлэлтийн зөвшөөрөл олдоогүй тул нүүрс тээвэрт явж чадаагүй болно. Улмаар тээвэр хийх боломжгүй байгаа нөхцөл байдлыг "ххххх" ХХК-ийн манай гэрээг хариуцсан ажилтанд удаа дараа мэдэгдсэн бөгөөд 10,000,000 төгрөгийн төлбөр төлж, гэрээний хугацаа, болон нөхцлийг өөрчлөх талаар мөн тээврийн хэрэгслийг хэвийн ашиглах хугацааг сунгаж өгөх хүсэлтийг өгч байсан.

2.4. Миний бие "ххххх" ХХК-тай байгуулсан 2023 оны 3 дугаар сарын13-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх талаар хариуцлагатай хандаж ирсэн оролдлогын үр дүнд нүүрс тээвэрлэлтийн гэрээг цаашид үргэлжлүүлэн явуулах гарцыг олж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болоод байна. Түүнчлэн гэрээний хугацаа болон нөхцөлд дахин тодотгол хийж, харилцан нэмэлт өөрчлөлт оруулснаар талуудын гэрээний зорилгыг хангах боломжтой гэж үзэж байгаа тул алдагдал, алдангийг тооцон гэрээг шинэчлэн байгуулж ажиллах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэг, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан ххххаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SHAANXI SHACMAN F300 маркийн LZGJLJV4XNX005839 арлын дугаартай тээврийн хэрэгсэл түр гаргуулахыг хүссэн ххххХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххххХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Шүүхээс Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан ххххаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SHAANXI SHACMAN F300 маркийн LZGJLJV4XNX005839 арлын дугаартай тээврийн хэрэгсэл түр гаргуулахыг хүссэн ххххХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч ххххХХК нь хариуцагчаас одоог хүртэл гэрээний төлбөрийг бүрэн хүлээн авч чадаагүй, өөрийн өмчлөлийн түрээсийн техникийг түрээсийн төлбөр төлөөгүй шаптгааны улмаас буцаан авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалтай байхад шүүхээс Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэрхэн үнэлж, үндэслэсэн нь тодорхой бус нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан хуулийн заалт бүрийг баримталсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, салаа утгагүй байвал зохих боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн хянаж үзээгүй гэж үзэж байна.

4.3. Шүүхээс Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг үндэслэх хэсэгт үндэслэсэн, мөн манай ххххХХК нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцаан авах нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч хуулийг буруу тайлбарлаж, манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.4. Манай компани нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан СТГ2302-51 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.3, 5.2.8, 8.1.2, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.9, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4 дэх заалтад заасны дагуу өөрийн өмчлөлийн түрээсийн зүйлийг буцаан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ххххаас Санхүүгийн түрээсийн гэрээний түрээсийн зүйл болох 1 ширхэг БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн SHAANXI, SHACMAN F3000 маркийн 38-92 улсын дугаартай, аралын LZGJLJV4XNX005839 дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ххххХХК-ийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Хариуцагч хххх нь ххххХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж байх үед ххххх хххххх ХК-ийн нүүрсний сонсгол, компанийн бүтэц өөрчлөгдөх, эрх хүлээн авах бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор нүүрсний тээвэрлэлтийн асуудал нэг хэсэг зогсонги байдалд орсон. Үүнтэй холбогдуулан тухайн үед хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудлыг ххххХХК-д мэдэгдэж байсан. ххххХХК 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 187,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хүү, алданги тооцох нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй. Зөвхөн гэрээний зүйлээ буцааж авъя гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь ххххХХК-ийн өмчлөлийн хөрөнгө учраас өөрөө хэдийд ч очиж авах боломжтой, шүүхэд нэхэмжлэл гаргаад байх шаардлагагүй зүйл. Анхан шатны шүүх хуралдаан болох үед нэхэмжлэгч, хариуцагч тал санал нэгтэйгээр хоорондоо эвлэрье, буцааж авахгүй, нэгэнт үйл ажиллагаа чинь сэргэсэн учраас гэрээний үүргээ биелүүлээд явах боломжтой юм байна гэдэг байр суурьтай оролцсон. Тийм учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ххххХХК нь хариуцагч ххххд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн түрээсийн зүйлийг түр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болж байгаа, гэрээний хугацаа болон нөхцөлд дахин тодотгол хийж, харилцан нэмэлт өөрчлөлт оруулснаар талуудын гэрээний зорилгыг хангах боломжтой гэж үзэж байгаа тул алдагдал, алдангийг тооцон гэрээг шинэчлэн байгуулж, ажиллах хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргажээ.

 

3. Талууд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр СТГ2302-51 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ххххХХК нь 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн түрээсийн хүүтэй, БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн, LZGJLJV4XNX005839 арлын дугаартай, Shaanxi SHACMAN F300 маркийн чирэгч толгой, CIMC /Qingdao/ маркийн LJRCI12389N6006447 арлын дугаартай, чингэлэг тээвэрлэх зориулалттай чиргүүл, CIMC /Qingdao/ маркийн LJRCI12386N6006423 арлын дугаартай, зориулалттай чиргүүл, CIMC /Qingdao/ маркийн LJRCI12382N6006385 арлын дугаартай, холбогч зэрэг тээврийн хэрэгслийг ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч хххх нь 2024 оны 3 дугаар 10-ны өдрийг хүртэл сар бүрын 10-ны өдөр түрээс болон хүүд 30,000,000 төгрөг, нийт 359,411,393 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-7-10/

Гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээсийн зүйл болох 1 ширхэг БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн, LZGJLJV4XNX005839 арлын дугаартай, Shaanxi, SHACMAN F300 маркийн чирэгч толгой буюу тээврийн хэрэгслийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлсэн, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээс 187,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаангүй.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Харин талуудын маргаж буй үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5.1. Талууд гэрээний 7.1.2-т Түрээслэгч түрээсийн үндсэн төлбөр, түүний хүүг гурван удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авахаар харилцан тохиролцсон нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасантай нийцжээ.

5.2. Хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрээгээр тогтоосон хугацаанд түрээсийн төлбөр болон хүү төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч ххххХХК нь түрээсийн зүйл болох БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн, LZGJLJV4XNX005839 арлын дугаартай, Shaanxi, SHACMAN F300 маркийн /чирэгч толгой/ тээврийн хэрэгслийг хариуцагч ххххаас түр буцаан авахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах уг хуулийн зохицуулалтад нийцнэ.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/00493 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ххххаас БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн, LZGJLJV4XNX005839 арлын дугаартай, Shaanxi, SHACMAN F300 маркийн /чирэгч толгой/ тээврийн хэрэгслийг түр буцаан гаргуулж нэхэмжлэгч ххххХХК-д олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ххххаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД