Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 656

 

 

 

 

 

 

 

 

    2019        04         23                                  2019/ШЦТ/656

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч М.З,

хохирогч, шүүгдэгч М.З,

шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.З, М.З нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01414 0718 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М.З,

М.З,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.З нь 2019 оны 02 дутаар сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел нэртэй бааранд иргэн М.Зг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.З нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел нэртэй бааранд иргэн М.Зыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.              

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.З, М.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч М.З нь хохирогч М.Згийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.З нь хохирогч М.Зын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Түнел дээр байрлах Камел бааранд эхнэр Оюунтуяа, эгч Энэрэл, дүү М.З, дүү Саруул нартай орсон. Биднийг бүжиглэж байхад М.Зыг нэг эмэгтэй бөгсөөрөө шахаад оролдоод байхаар нь бид суусан. Дараагийн ая дээр гарч бүжиглэж байхад нөгөө эмэгтэй газар унасан. Яаж унасныг мэдэхгүй. Тэгтэл цагаан цамцтай нэг эмэгтэй М.Зыг чи муу манай найзыг унагачихлаа гээд хэрүүл болоод ая зогсоод барны ажилтан ингэж болохгүй гэхээр нь ширээ ширээндээ суусан. Дахиж ая яваад бид бүжиглэх гэтэл цагаан цамцтай эмэгтэй манай эхнэр Оюунтуяаг хоргоогоод хэрүүл өдөөд байхаар нь Энэрэл барменыг дуудаж болж байгаа зүйлийг хэлээд тооцоогоо хийгээд гарсан. Гараад явж байхад цагаан цамцтай эмэгтэй манай эхнэрийн үснээс татаад унагасан. М.З салгах гэж байхад цаанаас нэг залуу ирээд М.Зыг шууд цохиод авсан. Тэгэхээр нь би чи яагаад миний дүүг цохидог юм бэ гэж хэлээд бариад автал гаднаас 3-4 залуу орж ирээд нэг залуу нь шууд миний нүүр рүү цохиод намайг газар унагаасан. Би газар унахад миний дээрээс цохиод байсан. Эхлээд цохисон залуу миний нүүр рүү цохисон. Тэгээд л миний дээрээс хүмүүс цохиод байсан. Би хэн хэн цохисоныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

 

Хохирогч, шүүгдэгч М.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...эхнэрүүд болох 4 эмэгтэйг Камел бааранд оруулчаад бид 4 цаг орчмын ирсэн. Би баар руу шууд орсон ба бусад нь гадаа тамхи татаад үлдсэн. Бааранд нөгөө хэдийгээ хайтал Болор-Эрдэнэ нэг эмэгтэйтэй маргалдаж байсан. Тэр хүн нь Болор-Эрдэнийг алгадаад авахаар нь би салгасан. Тэр үед хамт явж байсан 2 залуу нь шууд надруу дайраад миний нүдрүү нэг удаа цохисон. Тэр үед би нүдээ дараад доошоо тонгойход миний дээрээс цохиод байсан. Би хэн цохиод байсныг бол хараагүй бөөндөө байсан. Намайг цохихоо болихоор нь би дээшээ өндийж хараад нэгийг нь 2-3 удаа цохисон. Яг хэнийг цохисоноо санахгүй байна. М.Згийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67/,

 

Шүүгдэгч М.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Сансарын Камел бааранд бүжиглэж байхад танихгүй охин  намайг цохиж аваад эсвэл шүргээд байсан. Тэгэснээ гэнэт намайг алгадаж аваад  өөрөө газар унасан. Уг охиныг өмөөрч нэг охин ирсэн боловч маргалдаад сүртэй юм бололгүй дууссан. Би ах Золбоод юу болсон талаар хэлээд тооцоогоо хийгээд гарч байхад бэр эгчийг цагаан цамцтай охин үсдээд дарсан. Намайг очоод салгахад шатан дээрээс өндөр залуу нүүр рүү цохиод авсан. Би буцаагаад нүүр рүү нь цохисон. Тэгээд бөөн бужигнаан болсон. Намайг М.З гээд өндөр залуу эхлээд цохьсон. М.Зын хохиролыг барагдуулна. М.Зын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

Гэрч Ш.Нямзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай баараар үйлчлүүлж байсан 2 хэсэг хүмүүсийн хооронд болсон явдал нь нэг эмэгтэй нөгөө хүмүүс дээр очоод архи авмаар байна. Бүжгээр тулъя гээд байсан. Үүнээс болж маргалдсан ба зодолдоогүй. Харин сүүлд нь нөгөө ширээний хүмүүс нь гарах гэж байхдаа нөгөө бүжгээр тулъя гээд байсан хүмүүс рүү салаавч гаргатал нэг эмэгтэй гүйж ирээд нэг эмэгтэйг нь үсдээд авсан. Нүдний шилтэй, арай өндөр биетэй залуу нэг залуутай зодолдсон. Бусад хүмүүс огт зодоон хийгээгүй салгасан. Ингэж байхад цагдаа орж ирээд салгасан. Салаавч гаргасан талаас 2 эрэгтэй, эсрэг талаас 1 эрэгтэй зодолдсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2661 дугаартай:

М.Зын биед зовхинд зүсэгдсэн шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн
эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд
үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 30/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2640 дутаартай:

М.Згийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун, зүүн, чамархайн хуйх, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч М.Згийн өргөдөл /хх-ийн 4/, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч М.Зын өргөдөл /хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.З, М.З нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт /хх-ийн 36-40/, М.Зын дансны хуулга /хх-ийн 48-50/, зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.З, М.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.З, М.З нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Зын хохирогч М.Згийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч М.Зын хохирогч М.Зын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нотлох баримтаар хохирогч М.З нь 128.000 төгрөг, хохирогч М.З нь 8.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Энэ хохирол нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт шууд учирсан хохирол байх тул шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэв.

Хохирогч нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад нотлох баримт /хэрэгт хавсаргаагүй/-ыг бүрдүүлэж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохиролыг шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.З, Боржигон овогт Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З, М.З нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З, М.З нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зоос 128.000 төгрөг гаргуулж хохирогч М.Зд, шүүгдэгч М.Заас 8.000 төгрөг гаргуулж хохирогч М.Зд тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.З, М.З нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.З, М.З нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, шүүхэд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З, М.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ