Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00852

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00852

 

хххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/00726 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх УТҮГ-т холбогдох,

 

ххххх УТҮГ-ын захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххх миний бие 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ххххх Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хангамж үйлчилгээний албанд мэргэжилтнээр ажилд орсон. Энэ хугацаанд үүрэгт ажлаа алдаа дутагдалгүй, идэвх санаачлагтай хийж ирсэн. 2023 оны 08 дугаар сард манай байгууллага бүтцийн өөрчлөлт хийж Хангамж үйлчилгээний алба нь Аж ахуй үйлчилгээний хэлтэс болж улмаар хэлтсийн дарга шинээр томилогдсон.

1.2. Шинэ дарга нь аж ахуйн ажил болон худалдан авах ажиллагааны талаар ойлголтгүй, ажлын туршлагагүй байдлын улмаас удаа дараа үл ойлголцол үүсэж, ажлын байранд орилж хашгирах зэрэг ажлын байрны дарамт үзүүлсэн. Энэ тухай байгууллагын захирал болон холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно.

1.3. Иймд миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болж улмаар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас гарах өргөдөл өгсөн. Өргөдөл гаргасан өдрөө Хэлтсийн даргад мэдэгдэж ажил хүлээлцэх тухай хэлэхэд тушаал гарахаар шийднэ гэсэн. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан, ажлаа хүлээлгэж өгөөрэй гээд тушаалын хуулбарыг өгсөн. Тушаалыг хартал 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байх ба 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байсан.

1.4. ххх би Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх зөрчигдсөнийг үл харгалзан өөрийн хүсэл зоригийн хэлбэртэй боловч ажлын байрны дарамтаас болж ажлаас гарах өргөдөл гаргасан байтал хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа энэ үед ажилтны эрх, үүргийг үл тоомсорлож, ажил олгогч өөрт давуу байдлыг бий болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.5, 83.6 дахь заалтуудыг зөрчсөн шийдвэрийг гаргаж улмаар ажил хүлээлцээгүй гэсэн үндэслэлээр цалин хөлс, амралтын мөнгийг олгоогүй барьцаалсан. Иймд байгууллагын Б/156 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. хххгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, ххххх Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.10, 12.1.5-д заасан заалтуудыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн.

2.2. ххх нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдөлдөө ажлаа дуусгавар болгон гарах хугацааг тодорхой бичээгүй мөн өөрийн биеэр тодорхой хугацааг бидэнд хэлж, мэдэгдээгүй учраас цалин бодогдож, тасалбар болгосон хугацаагаар буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн.

2.3. Аж ахуйн үйлчилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрүүдийн цагийн тооцоогоо 10 дугаар сарын 20-ны өдөр бүтнээр гаргаж өгсөн. Манай байгууллага нь ажилтан, албан хаагчдынхаа цалинг бодохдоо тухайн сарын 1-15-ны өдрийн ажлын хоног, 16-31-ний өдрийн ажлын хоног хэмээн хувааж урьдчилан бодож, сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд олгодог. хххгийн 10 дугаар сарын цалинг бүтэн хоногоор бодож, 25-ны өдөр олгосон. Иймд хххд ажилласан хугацааны цалинг бүрэн олгож чөлөөлсөн тул цалингийн тооцоо байхгүй болно.

2.4. ххххххг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн харьяалах нэгжийн дарга хххх ажилтандаа танилцуулахыг зөвлөж, хүргүүлсэн ба тухайн өдөр ххх нь өрөөндөө буюу ажлын байрандаа байгаагүй тул тушаал тухайн өдөр танилцуулагдаагүй. Ийнхүү хххгийн ажлаас чөлөөлөх тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасны дагуу ажлаа хүлээлгэн өгөх үүргийг хүлээхгүй байх онцгой шалтгаан болохгүй бөгөөд ажлаа хууль тогтоомжийн дагуу хүлээлцсэн тохиолдолд 1 өдрийн цалинг тооцож олгох боломжтой байсан.

2.5. 2023 оны 11 дүгээр сарын цалин дээр хххгийн ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг бодож, байгууллагын дансанд өглөгөөр бүртгэсэн байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаа ажил хүлээлцэх актын дагуу хүлээлцсэн тохиолдолд олгоход бэлэн байгаа болно. хххгийн ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан эрүүл мэнд, нийгмийн даатгал нь цахимжсан учраас ажилд орох үед нь аваагүй, цахим лавлагааг авсан учир хүлээлгэн өгөх шаардлагагүй болно.

2.6. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/38 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталж, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаар тушаалаар ххххыг Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаар томилсон. хххх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ авсан бөгөөд худалдах авах ажиллагааны талаар ойлголтгүй, ажлын туршлагагүй гэдэг нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ххххх УТҮГ-т холбогдох ххххх УТҮГ-ны захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэгч хххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ххх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч талын гаргасан тайлбарт ажлын байрны дарамтын талаар дурдаагүй бөгөөд эсрэг тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд энэ талаар гомдол гаргаж байсныг, гомдлын дагуу арга хэмжээ аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтыг зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг зөрчиж цалин хөлс болон ээлжийн амралтын мөнгийг барьцаалсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4, 10.6 дахь заалтууд хэрэгжүүлээгүй болно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. ххх нь гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн байна. Ажлын байрны дарамт байгаагүй. Ажлын шаардлагаар Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон ххххх тайлбарлахдаа зарим ажлын шаардлага тавихад ххх хүлээн зөвшөөрдөггүй, үүнээс бол хоорондоо үг зөрөх төдий асуудал байсан гэж хэлдэг.

5.2. Мөн нэхэмжлэгч гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.5 дахь заалтыг зөрчсөн гэж дурдсан. Тушаал дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, хууль тогтоомжийн хүрээнд гарсан. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасныг зөрчсөн гэж байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд цалин хөлсний тооцоо байхгүй гэдгийг нотлох баримтаар нотолсон. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр томилогдоод 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөгдөх хүртэлх ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө нь ажлаа хүлээлцээгүй орхиж явснаас шалтгаалж олгогдоогүй. Хариуцагч байгууллагаас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 431,842 төгрөгийг хххгийн данс руу шилжүүлж ээлжийн амралтын тооцоог дуусгасан. Иймд цалин болон ээлжийн амралтын ямар нэгэн тооцоо байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.             Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2.             Нэхэмжлэгч ххх нь хариуцагч ххххх УТҮГ-т холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн, ажлын байрны дарамт үзүүлж ажлаас чөлөөлөөгүй... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3.             ххх нь ххххх УТҮГ-тай 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Аж ахуйн үйлчилгээний хэлтэст Хангамж, үйлчилгээний мэргэжилтэний албан тушаалд томилогдон ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-41-48/

 

4.             Ажил олгогч нь ажилтаныгаргасан хүсэлтийг үндэслэн захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаартай тушаалаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хххг Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн хангамж, үйлчилгээний мэргэжилтэний албан үүргээс нь чөлөөлжээ. /хх-4/

Дээрх тушаалыг ххх нь эс зөвшөөрч, шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5.1. Нэхэмжлэгч нь ...Ажлаас чөлөөлсөн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг зөрчиж цалин хөлс болон ээлжийн амралтын мөнгийг барьцаалсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4, 10.6 дахь заалтууд хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

5.2. ххх нь ххххх УТҮГ-ын захиргаанд миний бие 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хангамж үйлчилгээний албанд мэргэжилтнээр ажилд орсон. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон учир өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. /хх13/ Уг хүсэлтийг ажил олгогчоос ажлын байрны дарамт үзүүлсэний улмаас шалтгаалан гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

5.3. Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаартай тушаал болон нэхэмжлэгч хххгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй боловч дээрх үйл баримтад талууд маргаангүй учир тэдгээрийн тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

6. Хариуцагч байгууллага нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь нэхэмжлэгч хххгийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймээс нэхэмжлэгч хххгийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасантай нийцэж байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй нь Б/156 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэрийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хххд танилцуулж, 10 дугаар сарын цалин хөлсийг тооцож олгосон болох нь талуудын тайлбар, цалин олгох хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-49-54/ Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4, 10.6 дахь заалтууд хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг зөрчиж цалин хөлс болон ээлжийн амралтын мөнгийг барьцаалсан гэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд ажил олгогч нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амралтын мөнгө болох 431,842 төгрөгийг хххгийн данс руу шилжүүлж, тооцоог дуусгасан гэсэн тайлбар гаргасан тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/00726 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД