Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00863

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00863

 

хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/00656 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх ХХК нь ххххх ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20/41 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу хххх ХХК нь 48 тн арматурыг 1 тн-ыг нь 1,670,000 төгрөгөөр тооцож нийлүүлэх ба ххххх ХХК урьдчилж 15,000,000 төгрөг төлж, дараагийн бараа хүлээн авахаас өмнө 6,042,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний 2.2.1-т зааснаар худалдан авалт хийх бүртээ арматурын төлбөрийн 60 хувийг урьдчилан төлж, 40 хувийг дараагийн бараа авахаасаа өмнө төлөх үүрэгтэй байсан.

1.2. Худалдан авагч нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 46,820,120 төгрөгийн арматур авсан тухайн барааны тээврийн хөлс 350,000 төгрөг болсон. Эндээс 15,000,000 төгрөгийг төлж үлдэх 31,820,120 төгрөгийг төлөөгүй болно.

1.3. Гэрээний 2.2.2-т заасны дагуу алданги хоног тутамд 0,3 хувь байх ба алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 50 хувиар тооцоод 15,910,060 төгрөгийг нэхэмжилж байна. Нийтдээ үндсэн төлбөр болон алдангид хариуцагчаас 47,730,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. хххх ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын тендерийн ажилд зориулагдсан тул төлбөр тооцоог орж ирэх хугацааг харгалзан шүүх хурлын явцад бүрэн тайлбар өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4. 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ххххх ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххх ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 396,601 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 396,601 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Өмгөөлөгч ххххх би тус хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй ххххх ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал болсон 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10:00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч хххххд холбогдох хэрэгт хохирогч хххххийн өмгөөлөгчөөр оролцсон. Гэтэл шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон талаар холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүхийн зүгээс хязгаарлаж, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, хуралдааныг үргэлжлүүлсэн нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломж нөхцөлийг шүүх хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.2. Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд шүүх тус нотлох баримттай танилцах боломжит хугацаа олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.9-д зааснаар нотлох баримттай танилцах хугацаа өгөөгүй, хариуцагчийн өмгөөлөгчид тухайн баримтыг үгүйсгэх, мэтгэлцэх боломжийг олгоогүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т дэх хэсгүүдэд заасан хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхэд зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ххххх ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххх ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч ххххх нь шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

 

5. Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч хххх ХХК-ийг төлөөлж ххххх, нөгөө талаас хариуцагч ххххх ХХК-ийг төлөөлж захирал ххххх харилцан тохиролцон нар байгуулан, гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч хххх ХХК нь хххххд ххххх ХХК-д холбогдох иргэний хэрэгт компанийг төлөөлж, эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-4/

 

6. Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ Нэхэмжлэгч 47,730,180 төгрөгийн нэхэмжлэлээсээ 15,910,060 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Хариуцагч 31,820,120 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна. Хариуцагч нь 31,820,120 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор буюу дараах графикийн дагуу төлнө. Үүнд, 2024 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27,820,120 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны ххххххххххх данс руу шилжүүлж төлнө гэсэн нөхцөлийг тусгасан байна.

 

7. Дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар үйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй тул хариуцагчаас төлсөн 317,051 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/00656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч хххх ХХК нь 47,730,180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 15,910,060 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ххххх ХХК нь 31,820,120 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор буюу дараах графикийн дагуу 2024 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27,820,120 төгрөг, нийт 31,820,120 төгрөгийг нэхэмжлэгч хххх ХХК-ийн Хаан банк дахь ххххххххххх данс руу тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,051 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД