Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04636/и |
Дугаар | 4736 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 4736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 48 гудамж, 26 тоотод оршин суух Боржигин овогт Цанжидын Пунцаг /РД: ЛЮ56032396/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Пунцаг, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Пунцаг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ц.Пунцаг би 1973 оны 07 сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын Конторт бетон арматурчны ажилд орж 1990 оны Барилга Угсралтын Контороос ажлаас халсан тушаал, Шарга пүүс болж шилжүүлсэн тушаал байхгүй тул 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Барилга угсралтын конторт ажиллаж байх хугацаандаа 1977, 1978 онуудад цэрэгт явсан, Цэрэгт явсан тухай бичгийг Нийгмийн даатгалд өгчихсөн байгаа тул авч ирээгүй. Барилга угсралтын конторт орсон тушаал, Шарга пүүсээс ажлаас халагдсан тухай тушаал байхгүй байгаа тул үүнийгээ л тогтоолгох хүсэлтэй байна. Цэрэгт явсан хугацааг тогтоолгох шаардлагагүй “гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Пунцаг нь 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Дорнод аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3051 дүгээр шийдвэрээр уг Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Цанжидын Пунцаг /РД: ЛЮ56032396/ мөн болохыг тогтоосон байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар талд “Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторын даргын 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар тушаалаар Мэргэжлийн дагуу Бетон арматурчинаар авч ажиллуулав”, “Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторын даргын 1974 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тушаалаар Цэргийн албанд тэнцсэн тул үүрэг ажлаас нь чөлөөлөв”, 8-9 дүгээр талд “Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторын даргын 1977 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 153 дугаар тушаалаар Цэргээс халагдаж ирсэн тул сантехникийн бригадад туслах ажилчнаар томилон ажиллуулав”, “Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторын даргын 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тушаалаар Барилга угсралтын контор татан буугдсан учир Барилгын туслах ажлаас чөлөөлж Шарга пүүсийн мэдэлд шилжүүлэв”, 10-11 дүгээр талд “Сүхбаатар аймгийн “Шарга” пүүсийн захирлын 1991 оны 01-р сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалын хавсралт №3-аар “Шарга” пүүсээс барилгын гуравдугаар ангийн мэдэлд шилжүүлэв”. 12-13 дугаар талд “Сүхбаатар аймгийн “Шарга” пүүсийн барилгын гуравдугаар ангийн даргын 1991 оны 01 сарын 16-ны 03 дугаар тушаалын хавсралт №1-ээр Барилгын гуравдугаар ангид мужаан нимгэн төмөрчнөөр авч ажиллуулав” гэж бичигдсэн байна.
Мөн ББМҮ-ийн яамны харьяа Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Мужаан” мэргэжлийн үнэмлэх, 1983-1986 оны бригадын хамт олны хамт авахуулсан гэрэл зураг хэрэгт авагдсан байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Шүүхэд дуудагдсан гэрч С.Сугар “...Бид 1973 оноос Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторт 1993 он хүртэл хамт ажиллаж байсан. Дотоод засал чимэглэл хийдэг байсан. Ц.Пунцаг мужаан хийдэг байсан, тухайн үед олон төрлөөр ажилладаг байсан. Ц.Пунцаг намайг 1974 онд барилгын ТМС төгсөөд ирэхэд ажиллаж байсан. 1993 он хүртэл хамт ажиллаж байгаад Шарга пүүсээс хамт ажлаас чөлөөлөгдөж байсан ” гэж мэдүүлжээ.
Шүүхэд дуудагдсан гэрч Д.Чулуун “: Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт хамт ажиллаж байсан. Би барилга угсралтын конторт 1976 онд ажилд орсон, бид 1993 онд хамтдаа ажлаас чөлөөлөгдсөн. Би засал чимэглэл хийдэг байсан, Ц.Пунцаг бетон арматурчин мэргэжлээр ажиллаж байсан” гэж мэдүүлжээ..
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Цанжидын Пунцаг /РД: ЛЮ56032396/-ийг 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчинаар, 1977 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын сантехникийн баригадад туслах ажилчин, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл “Шарга” пүүсэд мужаан, нимгэн төмөрчнөөр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР