| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0095/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/92 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 1938002470139 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.М-,
Шүүгдэгч М.М- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ дугаар багийн нутагт эр, эмийн хардалтаас шалтгаалан хохирогч Б.Б-ийг гараар цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ дугаар багийн нутагт хохирогч Б.Б-ийг гараар цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М.М-баяр бид хоёр нэг танихгүй айлд очоод... архи ууцгаагаад 20 цагийн үед тэр айлаас гарсан. Тэр айлаас гарч ирээд М.М- намайг хамт уусан найз нартайгаа хий хардаж “чамайг надаас салах юм бол би чамайг алаад өөрийгөө алчихаж чадна шүү, лалар, янхан минь” гэх мэт хараалын үгсээр намайг хэлж, доромжилж, гудамжинд зодсон ... Миний нүүр лүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Дараа нь элэг рүү маань гараараа цохисон, элэг рүүгээ гараараа цохих үед би эвхэрээд газарт унасан, намайг газарт унасан байх үед үснээс маань үсдэж нэлээд хэсэг газарт чирсэн, үсдэж чирж байхдаа хөлөөрөө дээрээс маань дэвсэж байсан ... би түүнийг намайг зодохоо болих үед хашааны сүүдэр дагаж зугтаасан гэх мэдүүлэг, /хх-ийн 13-17 дугаар тал/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Б.Б- миний төрсөн дүү байгаа юм...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед ... гаднаас Б.Б- дүү маань цус нөжтэйгөө холилдсон байдалтай орж ирсэн ... хэнд зодуулсан талаар асуухад “М.М-д зодуулсан” гэж хэлж байсан ... Би М.М-г нэг их сайн танихгүй ... зүүн талын нүд нь овойгоод хавдчихсан, толгойны оройн хэсэг язраад хавдчихсан, үсийг нь самнахад тус тугаараа унаж байсан, мөн хөл гар нь нилэнхүйдээ хөх алаг болчихсон, хувцас хунар, царай зүс нь нилэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан .. гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23- дугаар тал/
Шүүгдэгч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч Б.Б-ээс уучлалт гуйж түүнтэй эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/
Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тархины баруун талын дагзанд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, тархи доргилт, баруун зүүн алимны салст бүхий гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун шууны дотор доод хэсэгт үүссэн сорви бүхий гэмтэл нь хуучин гэмтэл байсан учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай: ...Б.Б-ийн биед тархины баруун талын дагзанд цус хуралт, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун зүүн алимны салст, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, нурууны зүүн дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэгт цус хуралт, баруун дээд зовхи, зүүн хацар. хамрын зүүн хэсэг, баруун өвдөг, баруун сарвууны гадна хэсэг, баруун алганы дотор хэсэг, эрхий хурууны 1-р үенд зулгаралт, баруун бугалганы гадна дунд хэсэг. баруун шууны дотор доод хэсэгт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Б.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч М.М- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ дугаар багийн нутагт хохирогч Б.Б-ийг эр, эмийн хоорондын харилцаа, хардалтын улмаас гараар цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.М-ы гэмт үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулав.
Шүүгдэгч М.М- нь хохирогч Б.Б-тэй харилцан тохиролцож, түүнээс уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 1938002470139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г гурван зуун цагийн хугацаагаар /Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн гадна тохижилтод/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938002470139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР